Top StoriesСПОРТЯрилцлага

Т.Ганзориг: Олимпын аварга төрүүлэх зорилготойгоор бизнесмэний замналаа дасгалжуулагчаар сольсон

Монголын боксын спортын шилдэг клубүүдийн нэг бол яах аргагүй “Ихэр бээлий”. Байгуулагдаад долоон жил л болж буй ч амжилтаараа улсдаа тэргүүлэх болсон энэ клубыг үүсгэн байгуулагч, дасгалжуулагч нь Түндэвийн Ганзориг гэж эрхэм байдаг. Монголын боксын их гэр бүлд сэтгэлийн дуудлагаараа орж ирэн, өнгө жавхаа нэмж яваа түүнтэй хөөрөлдсөнөө хүргэж байна.

ИХЭР ХҮҮГЭЭ БЭЛГЭДЭЖ, ТӨРӨЛХ ДҮҮРЭГТЭЭ “ИХЭР БЭЭЛИЙ” КЛУБЭЭ БАЙГУУЛСАН

-“Ихэр бээлий” клуб, Т.Ганзориг дасгалжуулагчийг спортын хүрээнд танихгүй хүн ховор байх. Шавь нарын тань гаргасан амжилт багшийгаа, клубээ таниуллаа шүү дээ. Гэхдээ манай сайтыг спортын бус хүрээнийхэн бас уншдаг. Тиймээс эхлээд уншигчдадаа таныг танилцуулъя.

-Намайг Түндэв овогтой Ганзориг гэдэг.  Багадаа боксоор хичээлэж байсан. Спортоо эрт орхисон болохоор амжилт, гавьяа шагнал бол байхгүй. Гэхдээ боксыг мэднэ. 2012 оноос ОУХМ Д.Төрбатын “Ширэн бээлий” клубт гурван жил туслах дасгалжуулагчаар ажиллаж байгаад 2015 онд “Ихэр бээлий” клубээ үүсгэн байгуулсан.

-Аливаа аж ахуй эхлүүлэхэд санхүүгийн эх үүсвэр зайлшгүй хэрэгтэй. Та мэдээж клуб байгуулахдаа энэ бүхнийг тооцож, төлөвлөсөн байх. Сэтгэлийн хөөрлөөр гүйж ороогүй нь тодорхой?

-Би Сүхбаатар дүүргийн унаган хүүхэд. Энэ дүүрэгтээ төрж өсөөд, ажил хөдөлмөр эрхэлж, одоо хүртэл амьсдран сууж байгаа. Тиймээс дүүргийнхээ хүүхдүүдтэй ажиллая, амьжиргааны түвшин доогуур байсан ч сэтгэл, зүтгэлтэйг нь дэмжиж тулаад юманд хүргэчихье гэсэн миний өөрийн бодол байсан юм. Одооны энэ клубүүд чинь аймаар үнэтэй шүү дээ. Манайх бол бараг төлбөр байхгүй.  Өөрөө тарчигхан айлын хүүхэд, энэ байдлаасаа болоод спортоо тууштай хөөж чадаагүй. Долдугаар ангиасаа эхлээд эцэг эхдээ туслах гээд ажил хөдөлмөр хийгээд явчихсан. Тэгээд ерөнхийдөө ажил хөдөлмөр хийж яваад амьдрал аятайхан тэгшрээд ирэхээр боксын дасгалжуулагч болно гэсэн мөрөөдөл байсан. Удахгүй биелүүлэх боломж ч гарсан.

Хоёр ихэр хүүтэй болж, тэд маань 2012 долоон нас хүрч боксоор хичээллэж болохоор болоод ирлээ. Ажил амьдрал ч тэгширсэн. Ингээд Д.Төрбат багшийн “Ширэн бээлий” клуб дээр бэлтгэл хийж эхэлсэн юм. Тэгээд “Ер нь дасгалжуулагчийн ажлаа эндээсээ эхэлчихье” гээд, хийж байсан бизнес, бүх юмаа орхиод дасгалжуулагч болох, клуб байгуулах энэ ажил руу “ханцуй шамлаад” орчихсон, одоо хүртэл ажиллаад явж байна.

-Дасгалжуулагч болно гэдгээ Д.Төрбат багшид хэрхэн дуулгаж байсан бэ. Гаръя гэхэд яаж хүлээж авав?

-Би “Ширэн бээлий”-д анх орохдоо л багштай нэг юм тохирсон юм. “Багш аа, би гурван жилийн дараа өөрийн клубээ байгуулна аа. Тэр болтол би танаас цалин нэхэхгүй, харин та надад мэддэг чаддаг бүхнээ зааж туслаарай. Би танаас туршлага судлаад залгамж халаа чинь болж явья” гэж.

-Зөв, зөв. Тэгэхээр, байгууллага шинээр үүсгэнэ гэдэг сайхан, бас сонирхолтой ажил байдаг. Клубээ байгуулж байх үеийн “адал явдлаас” тань сонирхьё?

-Тусдаа гарах цаг дөхлөө гэж бодсон үеэсээ эхлээд Сүхбаатар дүүргийнхээ нутаг дэвсгэрээс клуб ажиллуулчихмаар объект хайж эхэлсэн. Тэр үед надад бие даасан объект барих бэл байгаагүй. Тиймээс газар газрын СӨХ-ийн дарга нартай уулзаж их явсан юм. Ерөнхийдөө гайгүй подвал олж түрээслэх санаатай.

Олимп дэлхийн олон аварга подвалийн клубээс төрсөн түүх бокст байдаг юм. “Мэргэшсэндээ биш, мэрийсэндээ” гэж миний дуртай үг ч бий. Ингэж явахдаа “Манай хөрш” СӨХ-ийн дарга Р.Байгальмаа гэдэг эгчтэй уулзсан. Эднийх Монгол III сургуулийн Зүүн талд байхшилтай. Подвалиудаа “Авто плаза”-гийн сэлбэгийн наймаачдад агуулах маягаар түрээслүүлээд овоо мөнгө олчихдог газар байсан л даа.

Би тэр үед үнэнээ л хэлсэн, “Хүүхдийн төлөө ажил хийе. Хэдэн хүүхдийг гараас нь хөтөлж яваад хүсэл мөрөөдөлд нь хүргээд өгчихье. Та надад нэг өрөө гаргаад өгчихөөч” гэж гуйсан. Тэгэхэд Р.Байгальмаа эгч “Хүүхдүүд чинь мешок, хана нүдэхээр оршин суугчид уурлах байх даа” гэсэн ч өрөө гаргаж өгсөн юм. Жижигхээн, 7-8 хүүхэд бэлтгэл хийхэд багтдаггүй шахам өрөө. Бокс хөлийн ажиллагаатай, орон зай шаарддаг спорт шүү дээ.

-Тэгэхээр, одоо байгаа байрыг тань харвал,  явцын дунд томруулжээ?

-Тийм. Тэр жижиг өрөөндөө нэг жил бэлтгэл хийгээд, шагнал медаль ч аваад эхлэхээр нь нөгөө эгчтэйгээ дахиж уулзлаа. Тэр өрөө маань нэг том заалны модон ханаар тусгаарласан нэг хэсэг байсан юм. Тэгээд эгчтэй уулзаад “За эгч ээ, таны үүсгэн байгуулалцсан клуб чинь амжилт гаргаад эхэлчихлээ. Одоо жаахан томруулмаар байна. “Энэ модон тусгаарлалтыг чинь аваад бид өөрсдөө тохижуулъя” гэсэн. Ингээд одоо манай клубын бэлтгэлийн том заал маань гарч ирсэн түүхтэй.

Тэндээ нэг жил болсон чинь амжилт бүр дээшилж, медаль хананд багтахаа болиод, багийн цомтой болж, мэргэжлийн ринг байх шаардлагатай болсон. Эгч маань ч орж ирэх болгондоо хардаг болчихсон, “Цом нэмэгдэв үү, медаль маань нэмэгдэв үү” гэдэг болчихсон байсан. Их сайхан сэтгэлтэй, Орос школтой гоё хүн л дээ. Ингээд ринг тавьчихмаар өөр нэг өрөөг нь гуйсан. Дараа нь дүүш, “00” хийх өрөө гэх мэтээр томроод явсан л даа. Тохижилтоо хүүхдүүдтэйгээ нийлээд өөрсдөө хийсэн. Мөнгөөр түрээсэлдэг байсан өрөөнүүдээсээ татгалзаад клубээ сайжруулахын төлөө зүтгэл гаргасан Р.Байгальмаа эгчдээ баярлаж явдаг.

-Амжилт гаргахад бэлтгэл хийх орчин нөхцөл чухал байдаг шүү?

Орчин бүрдүүлж, клубын дайтай болж авсан 2017 оноос хойш манайх тэмцээнүүдэд багийн дүнгээр хоосон хоцорч бараг үзээгүй дээ. Би 2018, 2019 онд Боксын холбооны шилдэг дасгалжуулагч болсон. 2020 онд манай нэрэмжит тэмцээнээс өөр нэг ч тэмцээн болоогүй. Нэгдүгээр сарын 20-доор тэмцээнээ хийж, ням гарагт шигшээ тулаанууд болоход даваа гарагаас нь анхны хөл хорио тавигдсан байдаг.

ДУРТАЙ АЖЛАА ХИЙНЭ ГЭДЭГ АЗ ЖАРГАЛ

-Ноднин Залуучуудын ДАШТ-ээс Монголын багийн хоёр медалийг хоёуланг нь таны шавь Э.Сүхбат, А.Хулан нар хүртсэн?

-Монголын боксоос Залуучуудын ДАШТ-ий анхны медалийг 2006 онд ОУХМ З.Энхзориг агсан авсан байдаг. Ер нь залуучуудын ДАШТ бол хамгийн чанга тэмцээн байдаг юм. Ноднин Келсигийн дэлхийн аваргад тоглож байсан олон залуу одоо улсдаа жингийнхээ №1 болсон байна. Тэр тэмцээнд гэхэд олимпын эрхээ авчихсан тамирчид маш олон байсан. 

-Э.Сүхбат мөнгөн медалийн төлөө тоглолтод ОХУ-ын тамирчнаас давуу байсан ч ялалтыг нөгөө талд өгчихсөн. Тэр тулааны талаар юу хэлэх вэ?

-Би ер нь “Шүүгчид хийлгэчихлээ” гэдэг үгэнд маш дургүй. Хийх боломж гаргасан, өрсөлдөгчөө ялж чадаагүй болоод л хийлгэж байгаа шүү дээ. Сүүлийн үед тэмцээн үзээд явж байхад бүр жаахан 10, 11 настай хүүхдүүд хүртэл “Хийлгэчихлээ” гэж ярьдаг болж. Өдий жаахан насандаа ингэж ярьж, сэтгэж байгаа хүүхэд том болохдоо хичнээн сайжрах вэ.

Э.Сүхбатын тухайд, давуу тоглосон нь үнэн. Тэр тэмцээнд 1000 ам.доллар төлөөд шүүгч нарын шийдвэрт эсэргүүэл бичих эрх нь нээлттэй байсан. Гэхдээ заргаа алдвал төосөн мөнгөнөөсөө хэд дахин давсан өндөр торгуультай байсан юм.   

-Та сүүлийн үед өсвөр, залуучуудын шигшээ багт ажиллаж байна. Энэ насны ангилалд шавь нарын тань гаргаж байгаа амжилт  үүнд нөлөөлсөн байх?

-Тийм ээ. Би 2019 онд Монголд болсон Ази тивийн АШТ-д залуучуудын шигшээ багтай анх ажилласан юм. Тэгэхэд залуучуудын УАШТ-д манайхаас дөрвөн хүүхэд түрүүлж, Азийн АШТ-д оролцох эрх авсан нь нөлөөлсөн. Сүүлд Баян-Өлгийгөөс Асхарын Жандос гэж хүү нэмэгдэж, манай клубээс таван хүүхэд Азийн АШТ-д тоглож байв. Тэгэхээр тамирчдын амжилт нөлөөлсөн. Тэр тэмцээнээс Монголын баг найман хүхэл медальтай салсны гурвыг нь манай Жанаргуль, Жандос, Маргад-Эрдэнэ нар авсан. 

-Хөдөө орон нутгаас тамирчид танай клубт ирэх дуртай байдаг гэж сонссон?

-Хөдөө орон нутгийн хүүхдүүдийн хамгийн том асуудал нь хотод ирж, оюунтан болох байдаг. Энэ үедээ “Аль клубт орвол намайг аятайхан хүлээж авах бол, намайг хөгжүүлэх бол” гэж бодож сонголт хийдэг байхгүй юу. Манайд сүүлийн үед орон нутгаас тамирчин ирэх нь эрс нэмэгдсэн. Би ч ирсэн тамирчдыг цаашаа гэдэггүй. Хүний өөрийн гэж ялгадаггүй. "Өлсөж байна уу, цангаж байна уу, хүнтэй үеэрхэж байна уу, дурлаж байна уу, хэн нь хэдэн цагаар гар утас үзэж тархи толгойгоо ядраагаад байна вэ. Амьдрал ахуй, хоол унд нь ямар байна" гэж санаа тавьдаг.   

-Таны яриаг сонсоод байхад тамирчдынхаа төлөө сэтгэлтэй юм. Ярилцлагын эхэнд бас “Хийж байсан бизнесээ орхиод боксын клуб байгуулсан“ гэж өгүүлсэн. Дасгалжуулагч болохыг үнэхээр хүссэн юм байна гэж бодож байлаа?

-Би бол заал руу орохдоо үргэлж баяр хөөртэй байдаг. Ажил хийж байна, зовж байна гэж хэзээ ч боддоггүй. Хүн дуртай юмаа хийгээд, амжилт олж байна гэдэг юутай ч зүйрлэхгүй сайхан юм. Клубээсээ Монгол улсдаа олимпын аварга төрүүлж өгөх зорилгоо биелүүлтлээ зүтгэх болно.

“ИХЭР БЭЭЛИЙ” БОЛ ЦЭВЭР БОКСЫН КЛУБ БИШ, ТЭНД БОКСООС ГАДНА АМЬДРАЛЫН УХААН ЗААДАГ

-Амжилтын үзүүрээс атгаад ямар бодол төрж байв?

-Ер нь хүүхэд ямар ч спортоор хичээллэсэн бэлтгэл жигдэрч амжилт гаргатлаа 2-3 жил болдог юм. Шууд амжилт гаргаад эхэлнэ гэж байдаггүй. Гурван жил гэдэг маань яахав, жаахан ахисан түвшин рүү л орж байгаа юм. Анхан шат гурван жил, ахисан түвшин 4-6 жил, мэргэжлийн гээд цаашаа явдаг. Тийм болохоор эхний жилд ганц хоёр медальтай, тэр нь хүрэл байх жишээтэй л байсан. Гэхдээ миний хувьд бол маш том шагнал шүү дээ. Тулааны спорт чинь их хатуу чанга.

Хоёр дахь жилээсээ хүүхдүүд маань ч хөөрхөн жигдрээд ирсэн, тэмцээн уралдаанд ч их орсон. Жилд 2-оос доошгүй хөдөө орон нутагт цугларалтад гарч, тэмцээн хэсэж, ерөнхийдөө бэлтгэл сургуулилтад нь их сайн анхаарсан.

-Ганзо багш шавь нараа бэлтгэхдээ ямар зарчим баримталдаг вэ?

-Хүүхдүүд бэлтгэл сургуулилт хийж болно, гэхдээ тэдний цаана нь ар гэрийн амьдрал гэж юм байдаг. Спортын хүүхдүүд чинь хамгийн гол нь ардаа санаа зовох зүйлгүй, гэр орон нь амгалан тайван, бас хоолтой ундтай байх ёстой. Миний одоо энэ гаргаад байгаа амжилт бол их мундаг боксын дасгалжуулагчдаа биш гэж би ойлгодог юм.

Хүүхэд болгон дээр эцэг эхтэй нь харьцдаг. Санхүү мөнгөн дээр нь чадах бол өөрөөсөө гаргаад, чадахгүй бол хүн амьтан гуйгаад, ер нь над дээр ирсэн хүүхдийг “Юмаар дутаахгүй юм сан” гэж л эхнээсээ үздэг. Ар гэр, нийгэм, эдийн засгийн талаас нь. Өөрөө тарчигхан амьдрал үзсэн учраас тэр байдлаас нь гаргачихья гэсэн зарчмыг эхэлж барина. Ёс суртахууны их сайхан хүмүүжил олгохыг хичээнэ. Дээр нь өөрийн чаддаг зураг, гар урлалыг заана.

Би өөрөө сүрлэн наамалч, сийлбэрч, зураач. Амьдралаа энэ хоёр гараараа бүтээсэн учраас гартаа жаахан уртай гэж өөрийгөө боддог юм. Тиймээс хүүхдүүддээ зураг бол зураг, сийлбэр бол сийлбэр сургадаг. Гутлаа яаж оёхыг хүртэл заана. Хүүхэд болгонтой эхнээсээ ингэж л ажиллаж явдаг.  Одоо над дээр эхнээсээ байсан хүүхдүүд 6, 7 жил болчихсон. Нарийн боовчин, зураач, гар урчид болж, амьдралтайгаа залгасан байна.

-Боксоос гадна өөр сургалтууд бас явдаг гэсэн үг үү?

-Энэ клубт ирж хичээллэсэн хүүхэд болгон боксчин болох албагүй. Харин амьдралын жаахан дөртэй, хэр баргийн юманд шантраад, сөхрөөд уначихдаггүй, даваад, даваад гарах тэнхээтэй хүн болгохыг хичээдэг юм. Ирээдүйн амьдралд нь хэрэг болох болов уу гэж бодоод...

Энэ олон жилийн урсгалд чинь хүүхдүүд “За багш аа, би ийм мэргэжилтэй боллоо, тийм мэргэжилтэй боллоо” гээд л явцгаадаг. Гэхдээ амьдралын явцад энэ мэргэжил чинь унана, босно. Ийм үед хөл алдахгүй, шантрахгүй, сэлгэх, гаргаад хэрэглэчих чадвартай байна гэдэг чухал. Энэ утгаараа “Ихэр бээлий” бол яг цэвэр боксын клуб биш.

Асуусан болгонд нь хариулж, чаддаг бүхнээ заахыг л хичээдэг. Энэ бүхний дүнд хүүхдүүдийн маань толгой нь сайхан ажиллаад, хөдөлмөр амьдралын чиг шугамыг ойлгосондоо л спортод үлдсэн хүүхдүүд нь амжилт гаргаж байгаа гэж боддог.

-“Ихэр бээлий” клубын үнэт зүйл, зарчим юу вэ?

“Нийт нь нэгний төлөө, нэг нь нийтийн төлөө” гэсэн зарчимтай. Хүүхдүүд маань эв нэгдэл сайтай. Нэгэнд нь асуудал гарлаа гэхэд л бүх клубээрээ, эцэг эхийн зөвлөлөөрөө оролцож байдаг. Тухайн хүүхдийн тэр нэг жижигхэн шалтгаан, асуудлыг дотроо ярилцаад шийдчихнэ. Ер нь нэг иймэрхүү юман дээр их ажилладаг юм.

-Тэгвэл бусад клубүүдээс ялгагдах онцлог нь?  

-Яг спортоороо явна, тамирчин болно гэсэн хүүхдүүдээ тусад нь бэлтгэдэг. Тийшээ шууд орохгүй, дотроо бас олон шалгууртай. Ер нь би хүүхэд ирэхэд нь л эцэг, эхээс нь асуудаг юм. “Энэ спорт хэцүү шүү, бэрхшээл их шүү. Нэг орой нүд нь хөхөрчихсөн, хацар нь хавдчихсан, хамар нь муруйчихсан, гар хуруу нь тулчихсан, шүд нь хөдөлчихсөн, бүр уначихсан ч очно. Энэ бүхнийг та нар тэсэх үү, двах уу. Санхүү зардал их гардаг. Яг ийм үе ирвэл та бүхэн туслалцаа үзүүлэх үү. Энэ хүүхдүүдийн ирээдүйн төлөө дэмжиж чадах уу” гэх мэтээр сайн ярилцаж ойлголцдог.

Ингээд нийт ирсэн хүүхдийг 100 хувь гэж тооцоход 10 орчим хувь л байх, яг энэ шалгуурт нийцсэн “Та л амьдралыг нь шийд, энэ хүүхэд бол боксын спортгүй байж чадахгүй, үүнгүйгээр амьдрал нь явахгүй юм аа” гэсэнтэй нь тусад нь ажилладаг байхгүй юу. Хөдөлгөөний дутагдалд орсон, гар утсанд жаахан донтчихсон хүүдүүд нь тусдаа. Боксыг ерөнхийдөө хобби маягаар байлгадаг, “Би эмч болно”, “Би багш болно” гэсэн хүүхдүүд байна. Сайн бокс тоглодог эмч байж болно шүү дээ. Ийм хүүхдүүдтэй бас тусад нь ажиллана. Ерөнхийд нь хэлэхэд, хүүхдүүдээ ийм гурван хэсэгт хуваагаад тус, тусад нь хөтөлбөр гаргаж ажилладаг.

Ноднин ДАШТ-ээс медаль авсан Э.Сүхбат, А.Хулан эд нар бол ерөөсөө л эцэг эх нь надад хариуцуулаад өгчихсөн, өөрсдөө ар талд нь бат сууж байдаг, олимп, дэлхийн аварга болно гэсэн мөрөөдөлтэй хүүхдүүд байгаа юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-05 09:31

ЭНЭ ЖАГСААЛД БӨХЧҮҮД БОКСЧИД НЭГДВЭЛ МӨН. ИХ ГОЁ ОО. МОНГОЛ ЧУУДЫН БИЁ БЯЛДАР БОЛ НЭГ МОНГОЛ 1О ХУЖААТАЙ ТЭНЦЭН ШҮҮ МОНГОЛ ЭРЧҮҮД БИЁ БЯЛДАРААРАА ДЭЛХИЙД ГАЙХАГДАЖ БАЙГАА ШҮҮ

Зочин
Зочин
2022-12-05 09:33

Одоо нэмэргүй болсон байн�##�ээ!!! Анх гайгүй байсан!!! Яахаараа удхаараа монголчууд мөнгө хөөгөөд чанараа хаядаг байнаа!!!

Зочин
Зочин
2022-12-08 19:37
Reply to  Зочин

Chi bol shirheg shavgui belen goimoncin l baiga umhii amlasan nohoi chaddgiin bol ner ustaigaa fc haygaaraa biceerei bugs doloodog huhdug g###g l baigaa shuu

Зочин
Зочин
2022-12-08 19:24
Reply to  Зочин

Hutsna biz muu belen goimon min

Зочин
Зочин
2022-12-05 09:34

Amjilt husey

Зочин
Зочин
2022-12-05 09:35

Амжилт хүсье. Хөөрхөн шүү

Зочин
Зочин
2022-12-05 10:00

Ajliin ondor amjilt husey

Зочин
Зочин
2022-12-05 10:09

Zorilgodoo zaawal hureerei

Зочин
Зочин
2022-12-05 10:30

Chadnaaaa bur tom amjilt husey

Зочин
Зочин
2022-12-05 12:04

Мундаг дасг�##�жуулагч шүү. Заав�##� олимпийн аварга төрүүлээрэй амжилт

зочин
зочин
2022-12-09 20:11

Мундаг сэтгэлтэй дасг�##�жуулагч шүү амжилт хүсэе
Одоо цагт хүний хүүхдийг өөрийн хүүхэд шигээ санаж хайрлаж ирээдүйд нь бэлтгэх сэтгэлтэй багш дасг�##�жуулагч нар ховор шүү ихэнх нь л мөнгө мөнгө бас дахин мөнгө гэдэг болсон

Зочин
Зочин
2022-12-10 14:19

Би ихэр бэлий кулбыг олимпмйн аврага төрнөө гэдэгт бат итгэлтэй байдаг гөнзо багшад амжилт хүсий

Холбоотой мэдээ

Back to top button