Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: 70 настай Б.Бямбасүрэн таван үед уламжлагдаж ирсэн эд зүйлсээрээ “Гэр үзмэр” байгуулжээ

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын өндөр настан Б.Бямбасүрэн гэргий Н.Одсүрэнгийн хамт сумандаа гэр үзмэр нээжээ. Өдгөө 70 насны босгыг алхаж яваа буурайнууд юм.  Тэд өвөг дээдсээс буюу таван үеэс нь уламжлагдан ирсэн эд өлгийн зүйлс болоод өөрсдийнхөө эдэлж хэрэглэж байсан зүйлсийг ариглан гамнаж, цуглуулж ирсэн байна. Нутаг хошууныхаа ард иргэд, болоод хүүхэд багачуудад танин мэдүүлж яваа талаар нь олзуурхан сурвалжлан хүргэж байна.

-ӨНГӨРӨГЧ ДОЛДУГААР САРД “ГЭР ҮЗМЭР”-ИЙНХЭЭ ҮҮДИЙГ НЭЭЖЭЭ-

Энэ оны долдугаар сард гэр үзмэрийнхээ үүдийг нээжээ. “Гэр үзмэрээ гурван сарын өмнө нээсэн боловч 1970 оноос эхлэн түүх дурсгалын ховор нандин эд зүйлсээ цуглуулсан” хэмээн яриа дэлгэх буурай бол Б.Бямбасүрэн гуай юм. Тэрбээр гэргийтэйгээ хамтран олон жил бодож, төлөвлөж явсан зүйлээ энэ жилээс л хэрэгжүүлж эхэлсэндээ туйлын баяртай байгаагаа бидэнтэй хуваалцлаа. Б.Бямбасүрэн буурайн гэр бүлийнхэн эцэг, эх өвөг дээдсээсээ уламжлагдан ирсэн зүйлсийг маш сайн хадгалж, хамгаалж иржээ.  

Түүнчлэн өөрсдийнхөө амьдралын турш буюу насан туршдаа хэрэглэсэн зүйлсийг нэмж хадгалан, арвижуулах болсон байна. Харин одоо Монгол орны өнцөг булан бүрээс сонин содон зүйлс хадгалуулах хүсэлтэй хүмүүсээс ч эд зүйл авч, цуглуулгаа баяжуулж байгаа аж.

Тэрбээр “Үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээе гэсэн бүхнийг л цуглуулж ирсэн. Тэгээд нэр төрөл нь олшроод ирэхэд нь нутгийн хүмүүс төдийгүй Монголын ард түмэндээ үзүүлж сонирхуулъя гэдэг бодол төрж билээ. Ингээд насан туршдаа ханилсан хань маань гэр үзмэр байгуулъя гэдэг санааг анх гаргаснаар, түүнийг нь бид гэр бүлээрээ дэмжин хэрэгжүүлсэн. Саяхнаас бус нилээн эрт дээр төлөвлөж байж, хэрэгжүүллээ шүү” хэмээсэн хуучилсан юм. 

-ХОЁР ӨРӨӨ БАЙШИНД 200 ГАРУЙ НЭР ТӨРЛИЙН ҮЗМЭР ДЭЛГЭН СОНИРХУУЛЖ БАЙНА-

Б.Бямбасүрэнгийнх нийт 200 гаруй нэр төрлийн үзмэр цуглуулжээ. Тэд хоёр өрөө байшинд үзмэрүүдээ дэлгэсэн байна. Байшингийн гол эсгийн гэрийн хана дугуйлан босгож, гэрт байгаа мэтээр тохижуулан янзалсан аж. Гэрийнхээ голд тулга тулж, дээр нь тогоо тавиад л яг л айл шиг харагдахаар үзмэрүүдээ тохижуулсан гэлээ. Мөн авдар, ор, хоолны тавиур зэргийг байршуулжээ.

Тэрхүү хоёр өрөө “Гэр үзмэр”-т байхгүй юм гэж үгүй. Тогоо, шанага, түмпэнгүүд маш олон хэлбэрээрээ бий. Лам хуврагуудын нэрмэл хийж байсан вааран савнууд, 60, 70-аад онд Монголд үйлдвэрлэж байсан шаазан эдлэлүүд, усны модон пуулуу, зэс домбо, Ленин болоод Д.Сүхбаатар жанжины баримал, мөнгөний авдарууд, оёдлын машин, радио, аргал янгирын эвэр, толгой гээд л байхгүй юм гэж байхгүй аж.  

Хамгийн сонирхолтой нь даавуу, даалимба гараагүй буюу хэрэглэхээс өмнөх үеийн бугын арьсан эдлэл хадгалдан байна. Энэ талаар Б.Бямбасүрэн хэлэхдээ “Монголчууд даавуунаас өмнө мал, ан амьтны нэхий эдлэл хэрэглэдэг байж. Тухайн үед хэрэглэгдэж байсан маш нимгэн элдсэн бугын арьсан эдлэл байгаа юм. Энэ бол ихээхэн ховор эд дээ” гэсэн юм.

Мөн сүүлийн үед хүмүүс “Гэрт дэмий байлгаж байснаас, эртний эдлэлийг муутгаж байснаас танайд нэрийг нь дээр нь бичүүлээд хадгалуулчихъя” гэх хүмүүс хандах болжээ.  Ийм зүйлсийг дуртайяа хүлээн авч гэр музейдээ хадгалдаг гэв.

-“300-400 ЖИЛИЙН НАСТАЙ ҮЗМЭР Ч БИЙ, МАНАЙ УДМЫН ТАВАН ЭМЭЭГИЙН ГАР ДАМЖСАН ЗҮЙЛ ХАДГАЛАГДАЖ БАЙНА”-

-Хамгийн эртнийх нь хичнээн зуун жилийн настай үзмэр хадгалагдаж байна вэ. Хэнээс, хэрхэн өвлөгдөж ирж байсныг манай уншигчдад сонирхуулбал?

-Манай музейд 300-400 жилийн өмнөх үзмэр хадгалагдаж байгаа. Таван эмээгийн гар дамжсан цай нүддэг модон уур бий. Бүр ёроол нь цоорчихсон ч хадгалагдсаар иржээ. Мөн эцэг эхийн маань эдэлж хэрэглэж байсан эмээл их л урт настай. 100 гаруй жилийн өмнөх усны сав, ширмэн тогоо, гуулин данх бий. Дорнодын Буриадын арван литрийн багтаамжтай том данх байгаа шүү. Тэр их гайхалтай эд. Нилээдгүй дээр үеийнх шүү.

-Зарим хүмүүс сайн дураар эртний эд зүйлээ авч ирж хадгалуулдаг гэсэн үү?

-Тийм ээ. Сайн дураараа авч ирснийг нь дуртайяа хүлээн авдаг. Зарим нь “Фейсбүүкээс таны тухай мэдээлэл харсан. Баяр хүргэе, сайхан үзмэрүүд их байна” гээд ховор сонин зүйл өөрсдөө авч ирж өгдөг шүү. Түүнээс гадна бид бас олон аймгаар явж цуглуулга хийдэг юм. Өнгөрөгч зун Говь-Алтай аймгийн зарим сумдаар явсан. Мөн Ховд, Баян-Өлгий аймгуудаар явж сонирхол татахаар зүйлсийг цуглуулан үзмэрээ баяжуулсан. Баян-Өлгийн Казак иргэдийн, Ховдын олон ястнуудын хэрэглэж байсан эд өлгийн зүйл ч манай музейд ирсэн. Ирэх жил бид зүүн аймгуудаар явах бодол бий. Мөн Архангай, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар зэрэг төвийн аймгуудаар ч явна гэж бодож байгаа.

-Эртний эдлэлүүдийг хадгалах асуудал маш чухал. Элэгдэж муудахаас сэргийлэн хадгалах горим баримталж байгаа юу. Хэрхэн хэвээр нь хадгалж байна вэ?

-Яг үнэн. Ийм зүйлсийг хэрхэн, яаж хадгалах вэ гэдэг асуудал бидний хувьд маш чухал юм. Төмөр гуулин савнуудыг тавиур дээр ил байрлуулсан. Харин бусад зүйлсийг шилэн хоргонд байршуулчихсан байгаа. Нар, салхи, тоос шороонд өртүүлэхгүйгээр л хамгаалж байна.

-Гэр үзмэрээ өдөр бүр нээдэг үү, нүд нээм сонирхолтой эдлэлүүдийг хичнээн төгрөгөөр үзэж сонирхох боломжтой вэ. Үнийн хувьд?

-Өдөр бүр л нээдэг. Манай Хүрээмарал сумынхан төдийгүй, явуулын хүмүүс, гадаадын  жуулчид хүртэл ирж сонирхдог юм. Анх нээгдэхэд сумын засаг дарга дотоодын буюу орон нутгийнхаа хүмүүсээс 2000 төгрөгийн төлбөр авч үзүүлж байх санал гаргасны  дагуу такс авч байгаа юм. Жуулчдад бага зэрэг нэмүү үнээр үзүүлдэг. Зуны турш хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Ялангуяа наадмаар манай үзмэрүүдийг сонирхохоор зорьж ирсэн хүмүүс их байсан. Манай сумын сургууль Түүхийн хичээлийнхээ хүрээнд сурагчдаа нэгдсэн журмаар авч ирж “Гэр үзмэр” үзүүлэхээр болж байна лээ. Сургуулийн сурагчид байтугай 30 гаруй насны залуус мэдэхгүй зүйлс манайд олон бий дээ.

-Танай ховор содон үзмэрүүдээс худалдаж авъя гэж санал тавьж байсан тохиолдол гарч байв уу?

-Одоохондоо тийм санал тавьж байсан тохиолдол байхгүй.

-“БИД 70 ГАРСАН Ч УРЛАГ, СПОРТЫН ТЭМЦЭЭНД ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОЖ ЗАЛУУЧУУДЫГ УРИАЛДАГ ЮМ”-

Б.Бямбасүрэн залуу бага насандаа багш мэргэжил эзэмшиж, боовсролын байгууллагад 40 жил ажиллан 2010 онд тэтгэвэртээ гарчээ. Орос хэлний багшаар 20 гаруй жил, Хүрээмарал сумын сургуулийн захирлаар 20 гаруй жил ажилласан байна.

2012 онд нутгийн зон олны сонголтоор сумын Засаг даргын албыг дөрвөн жил хашсан аж. Теннис, гар бөмбөг, тэшүүр, бокс  зэрэг спортуудаар хичээллэн Улсын цол зэрэг хүртэж явжээ. Сум орон нутагт зохион байгуулагддаг урлаг соёл, спортын арга хэмжээнд одоо ч идэвхитэй оролцдог тухайгаа дурдсан юм. Б.Бямбасүрэнтэй насаараа ханилсан гэргий Н.Одсүрэн нь эмч мэргэжил эзэмшин, сумынхаа эмнэлгийн байгууллагад насаараа ажиллажээ. “Өдгөө 70 гарчихсан ч бид хоёр нийгмийн идэвхитэй хүмүүс. Урлаг спортын тэмцээнүүдэд идэвхитэй оролцдог. Залуучуудыгаа уриалдаг юм” хэмээн хуучлах нь хичнээн цовоо цолгиун.  

Тэд дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн нь өдгөө бүгд эзэмшсэн мэргэжилдээ үнэнч, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулан зүтгэж яваа залуус аж. Тэд хуульч, биеийн тамирын багш, Солонгос хэлний багш, Аудитын ахлах шинжээчээр ажиллаж байгаа юм.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-02-03 03:17

Secure Bentyl Find Internet Quick Shipping Overseas http://abuycialisb.com - Buy Cialis Propecia Pas Cher 2011 tadalafil cialis from india Acheter Xenical En Ligne Pas Cher

LesOrdiff
LesOrdiff
2020-02-04 11:55

Propecia Mujeres http://cialisjh.com - Cialis Viagra Cialis Erbe cialis 5mg Amoxicillin 875

Холбоотой мэдээ

Back to top button