СПОРТ

Улсын заан Б.Бат-Өлзий хоёр дахиа түрүүлж, даян аварга Н.Батсуурь анх удаагаа үзүүрлэлээ

Билгийн тооллын XVII жарны  “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааныг Бөхийн өргөөнөөс текстээр шууд дамжуулж байна.

Хүчит бөхийн барилдаанд улсын даян аварга Н.Батсуурь, аварга П.Бүрэнтөгс, Ч.Санжаадамба,  С.Мөнхбат, О.Хангай тэргүүтэй хүчин 256 бөх авхаалж самбаагаа сорин барилдсанаас тавын даваанд 16 бөх тунаж үлдээд байгаа юм.

Нэмэлт 18.33

XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн шинийн нэгэнд зориулсан хүчит бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харъяат, улсын заан Б.Бат-Өлзий Увс аймгийн Ховд сумын харъяат улсын даян аварга Н.Батсуурийг даван, хоёр дахь удаагаа түрүүллээ.

Нэмэлт 18.15

Б.Бат-Өлзий хоёр дахиа түрүүлэх үү, даян аварга Н.Батсуурь анх удаа түрүүлэх үү?

Улсын заан Б.Бат-Өлзий 2018 оны шороон нохой жилийн барилдаанд улсын харцага цолтойдоо улсын аварга П.Бүрэнтөгсийг улсын арслан цолтойд нь хаяж, түрүүлж байв.Харин даян аварга Н.Батсуурь 2015, 2019 онд их шөвөгт шалгараад тухай бүрт нь түрүү бөхчүүд болох Ч.Санжаадамба, Р.Пүрэвдагва нарт тахимаа өгч байсан юм.

Хоёр бөх өмнө нь хоорондоо зургаан удаа таарч, гурав, гурван удаа давжээ.

Нэмэлт 18.11

Үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан хүчин бөхийн барилдаанд даян аварга Н.Батсуурь, заан Б.Бат-Өлзий нар үзүүр түрүүнд шалгарч үлдлээ.

Нэмэлт 17.57

Монгол Улсын даян аварга Н.Батсуурь Улсын аварга О.Хангайгаар долоо давж, анх удаа түрүү, үзүүр булаацалдахаар шалгарч үлдлээ. Аварга 2015, 2019 онд сар шинийн барилдаанд их шөвөгт шалгарсан нь хамгийн өндөр амжилт нь байв.

Нэмэлт 17.51.

Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа эхэллээ. Долоогийн даваанд улсын даян аварга Н.Батсуурь улсын аварга О.Хангайг амлаж, улсын заан Б.Бат-Өлзий, улсын улсын заан М.Лхагвагэрэл нар туналаа.

Нэмэлт 17.41.

Хүчит бөхийн барилдааны дунд шөвөгт үлдсэн улсын харцага Б.Зоригтбаатар, Н.Золбоо, улсын начин Д.Хүдэрбулга, аймгийн арслан Я.Бумбаяр нарт ЕТГ, Гандантэгчэнлин хийдээс давааны бай шагнал гардуулав.

Нэмэлт 17.37.

Завхан аймгийн Яруу сумын харъяат, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл улсын харцага Батсүхийн Зоригтбаатараар зургаа давж, сар шинийн барилдаанд анх удаа их шөвөгт үлдлээ.

Улсын даян аварга Н.Батсуурь аймгийн арслан Я.Бумбаяраар зургаа давж, энэхүү барилдааны их шөвөгт гурав дахь удаагаа шалгарлаа.

Нэмэлт 17.30.

Улсын аварга Оргихын Хангай улсын начин Доржхандын Хүдэрбулгаар зургаа давж, их шөвөгт үлдлээ.

Нэмэлт 17.27.

Улсын заан Б.Бат-Өлзий улсын харцага Н.Золбоогоор зургаа давж их шөвөгт үлдлээ.

Нэмэлт 17.13.

Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд:

Улсын даян аварга Н.Батсуурь аймгийн арслан Я.Бумбаяртай,

Улсын аварга О.Хангай, улсын начин Д.Хүдэрбулгатай,

Улсын заан Б.Бат-Өлзий улсын харцага Н.Золбоотой таарч,

Улсын заан М.Лхагвагэрэл, улсын харцага Б.Зоригтбаатар нар туналаа.

Нэмэлт 17.12.

Улсын начин Д.Хүдэрбулга улсын арслан Ц.Содномдоржоор тав давж, сар шинийн барилдаанд анх удаа шөвгөрлөө.

Нэмэлт 17.01.

Улсын харцага Н.Золбоо Улсын аварга С.Мөнхбатаар дөрөв давлаа.

Нэмэлт 16:58

Улсын аварга Н.Батсуурь улсын заан М.Өсөхбаярыг давж шөвгийн наймд үлдлээ. Заан аваргыг хөмрөх гээд даасангүй.

Нэмэлт 16.58.

Улсын аварга О.Хангай улсын харцага Ө.Бат-Оршихоор тав давлаа.

Нэмэлт 16:48.

Улсын харцага Б.Бат-Өлзий улсын заан Б.Пүрэвсайханыг давж, шөвгийн наймд шалгарлаа.

Нэмэлт: 16.45.

Улсын харцага Б.Зоригтбаатар улсын арслан Б.Орхонбаярыг, аймгийн арслан Я.Бумбаяр улсын аварга П.Бүрэнтөгсийг өвдөг шороодууллаа. Я.Бумбаяр өмнөх даваанд Архангай аймгийн хашаат сумын харъяат улсын аварга Ч.Санжаадамбыг өвдөг шороодуулсан юм.

Шалгарч үлдсэн бөхчүүдийг цолоор үзвэл:

  • Улсын аварга 4
  • Улсын арслан 3
  • Улсын гарьд 1
  • Улсын заан 4
  • Улсын харцага 2
  • Улсын начин 1
  • Аймгийн арслан 1 байна.

Яг одоо аварга арслан цолтой бөхчүүд ам авч байна.

Тавын давааны ам авсан байдал:

Даян аварга Н.Батсуурь улсын заан Б.Өсөхбаярыг,

Улсын аварга П.Бүрэнтөгс аймгийн арслан Я.Бумбаярыг,

Улсын аварга С.Мөнхбат улсын харцага Н.Золбоог,

Улсын аварга О.Хангай улсын харцага Ө.Бат-Оршихыг,

Улсын арслан Ц.Содномдорж улсын начин Д.Хүдэрбулгыг,

Улсын арслан Э.Оюунболд улсын заан М.Лхагвагэрэлийг,

Улсын арслан Б.Орхонбаяр улсын харцага Б.Зоригтбаатарыг амлаж,

Улсын заан Б.Пүрэвсайхан улсын заан Б.Бат-Өлзий нар туналаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button