Top StoriesСПОРТ

Энэ жилийн түрүү, Улсын заан Б.Бат-Өлзий гэж хэн бэ: Цол нь багадсан бөх

XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн шинийн нэгэнд зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд найм давж түрүүлсэн Монгол Улсын заан Баярхүүгийн Бат-Өлзийг уншигчдадаа танилцуулж байна.

-Бухал чирж бяр суусан бага нас-

Б.Бат-Өлзий заан олон ястны өлгий Ховд аймгийн Зэрэг сум, Баатарын нурууны өвөр бэл, Бураа багийн нутагт 1992 оны зургаадугаар сарын 8-ны өдөр Баярхүүгийн ууган хүү болж мэндэлжээ. Дороо гурван дүүтэй.

Ховд аймгийн Алтай, Үенч, Манхан, Зэрэг сумд захчин ястнууд нутагладаг. Эрт дээр үеэс улс орныхоо хил хязгаарыг сахин суудаг түүхтэй хөдөлмөрч зоны нэгэн эд эс болон төрж, тэр л хүмүүсийн дунд ажил хөдөлмөрөөр хүмүүжин өсөж өндийжээ. Хангай нутгийн бөхчүүд мод цагаалж, адуутай ноцолдож бяр тэнхээ суудаг бол Б.Бат-Өлзий зааны хувьд өвс хадлан авах ажил бие бялдрын хүмүүжилд нь голлон нөлөөлсөн гэдэг.

Намагтай голын хөндийгөөс хадлан бэлтгэдэг, хаяур /шимээсэг/-аар хадаж хараахан сураагүй Бат-Өлзий шагайгаар татсан, зарим газартаа өвдөгцөө шавар дундуур бухал чирсээр эр бие чангарч, бяр тэнхээ суусан гэдэг.

Өөрөө энэ тухайгаа “Аав өвсөө хадна, би бухалдаад, уснаас нь мөрөөр чирч гаргаад хатааж, баглаад тэмээгээр ачна. Олон жил аавыгаа дагаж хадлан хийсэн дээ. Таван тэмээгээр ачлаа гэхэд хоёр хүн чинь өдөрт 2-3 удаа ачдаг. Зай нь ойрхон 5-6 км ч ажиллагаа бол их шүү дээ” хэмээн дурссан нь бий.

Заан маань багын биерхүү хүүхэд байжээ. Дөрвөн настайдаа морь унаж сурсан ч найман нас хүрээд л хурдан мориноос хасагдсан. Жин нь долоо, наймдугаар ангийн хүүхэд шиг болчихсон гэхээр хэр биерхүү байсан нь мэдэгдэх биз ээ.

-Хүчтэнүүдийн өлгий Чандмань сумаас анхны цолоо хүртэв-

Эр бие өсөж, чангарсан Б.Бат-Өлзий бөх болох итгэл өвөрлөн 2008 онд “Аварга” БТДС-д суралцахаар хотод анх орж иржээ. Аймгийн төв ч орж үзээгүй шахуу жаахан хүүд тухайн үед хот хүрээ газар учрыг нь олж чадамгүй олны хөлийн газар санагдаад нутаг буцчихаж байсан гэнэ. Очиход аав нь “За миний хүү бөх болж чадахгүй юм чинь малаа малла” гээд нэг жил мал хариулж гэртээ байсан аж.

Дараа жилийнх нь хавар Зэрэг суманд нь барилдаан болоход анх орж барилдаад наймд үлдэж, сумын заан Бөхболдод унасан нь түүний томчуудын барилдаанд зодоглосон анхны тохиолдол байв. Тэрхүү барилдааны дараа “Чандмань суманд шилдэг 32 бөхийн тойргийн барилдаан болно. Сум сумаас шигшигдсэн хоёр, хоёр бөх өрсөлдүүлж цол олгоно” гэсэн зар гараар аавынхаа төрсөн дүү Батбилэгийн шохой ачсан, суудалгүй фургон машинд сумынхаа бусад бөхчүүдийн хамт суун Чандмань сум руу гарч байжээ.

Чандманьд очоод, цол ер бодогдоогүй тул чөлөөтэй барилдсаар дөрөвдүгээр байрт орж, сумын заан хэмээх анхны цолоо хүртсэн. Ховд дотроо бөхийн өлгий гэж яригддаг, олон хүчтэнтэй газраас анхны цолоо хүртсэндээ заан маань сэтгэл өег байдаг юм билээ. Гэр рүүгээ утас цохиж, баярт мэдээгээ дуулгахад ээж нь тэсгэлгүй уйлан хайлан баярлаж, аав нь найр хийж өгсөн нь сайхан дурсамж үлдээжээ.

Сумын заан Б.Бат-Өлзий /2009 он/

Цол авч итгэл төрсөн тэрээр дахин хот явж суралцах хүсэл төрсөн ч аав нь зөвшөөрсөнгүй. Харин аавынх нь төрсөн дүү н.Батбилэг бусад ах дүүс нь итгэл хүлээлгэж, сургалтын төлбөрийг нь зохицуулснаар “Шонхор” биеийн тамирын дээд сургуульд оюутнаар ирж байжээ.

Хоёрдугаар курсээсээ эхлээд “Бөхийн өргөө”-д болсон барилдаануудад гарч, туршлага хуримтлуулж эхэлсэн. “Унаж давах нь гол биш, удаан барилдах нь л сайхан байсан” гэж тэр үеэ дурссан нь бий. Камерт их өртдөг, тэр хэрээрээ хөдөө байгаа аав, ээждээ харагдах магадлал өндөр тул том цолтонтой таарахыг хүсдэг. Даваа өгсөх тусам том цолтонтой таарах боломж нь нэмэгдэх учраас илүү сайжрахын тулд бэлтгэл сургуулилтаа улам эрчимтэй хийж байв. Тус сургуулийг 2013 онд төгссөнөөс хойш түүний бөхийн амжилт нь ид гарч эхэлсэн байдаг.

2013 оны Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Цэргийн начин", мөн ондоо Ховд аймгийнхаа баяр наадамд зургаа давж шөвгөрөн "Аймгийн харцага" цол хүртсэн тэрээр дараа жил нь Ховд аймгийн баяр наадамд аймгийн харцага Б.Тайванд өвдөг шороодон үзүүрлэж "Аймгийн заан", Орхон аймгийн баяр наадамд аймгийн заан Д.Бадамгараваар найм даван түрүүлж аймгийн арслан" цол хүртсэн юм.

-Төрийн наадамд амжилтын дээжтэйгээ золгосон жилүүд-

Аймгийн харцага цолтойгоосоо “Бөхийн өргөө”-нд дээгүүр үзэж эхэлсэн түүнийг бөх сонирхогчид анзаарч, итгэл хүлээлгэж эхэллээ. Улсын наадам барилдаж, цол авах бэлтгэл жил, жилээр жигдэрч эхлэв. Б.Бат-Өлзий 2016 оны улсын наадамд улсын начин Л.Нямсүрэнгээр дөрөв, улсын начин Б.Амарзаяагаар тав, аймгийн арслан Д.Анараар зургаа даван шөвгөрч "Монгол улсын харцага" цол хүртсэн. Харцага цолтойгоор заан, арслангийн дайны амжилт үзүүлэх онц жилүүд ийнхүү эхэлсэн байдаг.

Сар шинийн барилдааны үзүүр түрүүнд даян аварга Н.Батсуурьтай барилдаж байна /2023.II.20/

Тэрбээр 2019 оны АХ-ын 98 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Б.Отгонбаатараар дөрөв, аймгийн арслан Б.Бат-Амгалангаар тав даван шөвгөрч, 100, 101 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Ч.Эрдэнэсайханаар дөрөв, улсын начин Б.Ганхуягаар тав, аймгийн заан Э.Энх-Амгалангаар зургаа, улсын харцага Н.Золбоогоор долоо давж Монгол улсын заан цол хүртээд байна.

-Цол нь багадсан бөх-

Бөх хүнд цол багадна гэж байдаггүй. Ямар ч бөх цолдоо таарсан, дүүрэн сайхан барилдаан үзүүлж гэмээ нь түмэн олондоо дурсагдан үлддэг жамтай. Гэхдээ Б.Бат-Өлзий харцагын хувьд арай өөр. Тэрбээр улсын наадмыг орлон зохиогдсон том барилдаанд түрүүлсэн ч "улсын арслан" цолоо авч чадаагүй юм.

"Цол олгоно, олгохгүй" гэж яригдаж байгаад больсон тэр барилдаан чанар чансаагаараа яах аргагүй улсын наадмын эрэмбэтэй байсан юм. “Цар тахлын” жил /2021 он/-ийн зун наймдугаар сард болсон тус наадамд улсын аварга дөрөв, улсын арслан гурав, улсын гарьд тав, улсын заан ес, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглосон байдаг. Сумын цолтон болон залуу бөхчүүд багтаагүй чансаа өндөр энэ наадамд Б.Бат-Өлзий түрүүлсэн ч “Улсын арслан” цолоо авч чадаагүй. Хэдий цолоо авч чадаагүй ч тэрбээр хэдийнэ энэ эрэмбэд хүрсэн гэдгээ амжилтаараа харуулж яваа.

Чанар чансаагаар улсын наадмын дараа ордог Цагаан сарын барилдаанд хоёр удаа түрүүлсэн, Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит 256 бөхийн чансаа өндөр барилдаанд хоёр дараалан түрүүлсэн, “Бөхийн өргөө”-нд болсон барилдаануудад тогтмол шөвгөрч, үзүүр, түрүүнд хүрч барилдан үзэгч түмнээ баясгаж явна.

Цагаан сарын барилдаанд хоёр түрүүлчхээд аварга болж чадаагүй бөх байдаггүй. Түүхийн зөн совин гэж бий. Заан маань энэ совинг биелүүлж, улсын наадамдаа одтой барилдах хүрэх ёстой цолдоо хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-02-21 13:18

Дүүдээ улсын арслан хэмээх сайхан цол хүртээрэй гэж ерөөе.Миний дүү чаднаа.Заав�##� чадна

Уншигч
Уншигч
2023-02-21 21:20

Амжилт хүсье, гэхдээ жаахан эрэмгий дайчин барилдв�##� ч дараа дараагийн цол ойрхон шүү, хэт удаан зуурч барилддагаа өөрчилөөд хүч түрч уран мэх ур�##�дуулан барилдв�##� аварга цол энүүхэнд, хугацаа бага хийх ажил их байна.

Зочин
Зочин
2023-02-22 08:01

Өгөх ёстой цолыг өгөөгүй юм уу? Яагаад гонгиноод байгаа юм бэ? Бяр чадлаараа цол авч чадахгүй бол найраад авдаг биздээ. Хэн юуг нь хориод байгаа юм бэ?

Зочин
Зочин
2023-02-22 13:25
Reply to  Зочин

Улсын наадамд л даваа авч байж цол авна шүүдээ. Цол багадаа гэж үгүй.

Бадарч тахар
Бадарч тахар
2023-02-22 16:51

Над шиг хар нөхөр байдаг юм ! Гуйж биш гуядаж авна тэр арслан цолыг нь !!

Түшиг
Түшиг
2023-02-23 06:48

Эрүүл энх, Өндөр амжилтыг хүсье.

Зочин
Зочин
2023-02-23 08:22

Чи долоотой харин би долоохонтой гэх гээд байн уу, энэ цол багадаад Хангай,Орхонбаяр хоёрых томдоод байгаамуу

Зочин
Зочин
2023-02-23 20:30

Улсын баяр наадмын тухай хуулиар л улсын цол өгнө. Тэр барилдаанд олон аварга, арслан, заанууд зодоглосон боловч Улсын баяр наадмын бөхийн барилдаан биш болохоор цол олгоогүй.
Заан Б.Бат-Өлзий сайн бөх. Цаашид бэлтгэл ээ сайн хийгээд, тогтмол барилдаад, цэгцтэй, ёс жудагтай байв�##� бөхийн ямар ч дээд цол авах боломжтой байх оо. Энэ туулай жилийн цагаан сараар түрүүлсэнд нь баяр хүргэж, улам өндөр амжилт хүсэн ерөөе!

Түшиг
Түшиг
2024-03-20 08:26

Эрүүл энхийг хүсье.

Холбоотой мэдээ

Back to top button