НИЙГЭМНийгэм мэдээ

Эрх баригчдын багийг хуу татаж буй дөрвөн үг

-Понзи, койн, сугалаа, бартер цэцэглэсэн нь иргэдийн амьдрал доройтож буйн илрэл-

20 жилийн өмнө бол гарчигт бичсэн дөрвөн нэр томъёоноос сугалаанаас бусдыг нь тодорхой хүрээнийхэн л мэдэхээс ард нийтээрээ гадарладаггүй байв.

  • Понзи схем гэдэг нь өндөр хүү амалж, сүүлд авчирч өгсөн хүний мөнгийг эхэлж мөнгө өгсөн хүмүүст тарааж өгөх замаар их хэмжээний хөрөнгө хуримтлуулаад оргон зайлдаг санхүүгийн луйвар.
  • Бартер гэдэг нь бараа солилцоо гэсэн үг. Зоосон, цаасан мөнгө гараагүй байх үед ноёлж байсан хэлбэр. Малчин хүн махаа ногоочинд ногоогоор “тулна”, талхчин хүн оёдолчинд талхаа нийлүүлээд хувцас авч өмсөнө гэх зэргээр хэрэгцээгээ хангахыг хэлдэг.
  • Сугалаа бол ойлгомжтой, хонжвор амладаг. Гэхдээ манайд өөрийн бараа бүтээгдэхүүнээ зарж худалдах хэрэгсэл болон ашиглагдаж байна. Худалдаж авах хүн байхгүй болохоор хүмүүс сугалаа зарлаж, ашиг ч харахгүйгээр зүгээр л юмаа зарж байна.
  • Койн бол ерөнхийдөө төлбөрийн хэрэгсэл, мөнгийг орлох боломжтой гэж үздэг ч манайд хөрөнгө оруулалт татах хэлбэрээр явчихсан.

Дээрх дөрөв нь бэлэн мөнгө ховор хомс болж, иргэдийн боловсрол, амьжиргаа маш муудаж, шунал оюун ухааныг давсан үед хүчээ авдаг.  

Тэгвэл сүүлийн гурван жилд дээрх дөрөв дөрвүүлээ зэрэг цэцэглэлээ. Энэ бол ерөөсөө л иргэд мөнгөгүй болж байгаагийн шинж.

Монголчууд 2008 оны сонгуулийн дараа юу болсныг мартаагүй байх. Эрх барьж байсан МАН санал хураалт болохоос өмнөх хэдэн сард бүх зүйл сайн сайхан байгаа мэтээр ухуулга хийж, үнэхээр ч тийм байгаа юм шиг санагдаж байж билээ. Гэтэл санал хураалт болсны маргааш нь шахуу банкууд зээлээ хааж, Төв банк бодлогын хүүгээ нэмэн, бэлэн мөнгө нүдний гэм болсон. “Бартер”, “Лизинг” гэсэн үгс тэр үед л танил болсон байх. Тэр ч байтугай лизинг нь урьдчилгаагүй, хүүгүй байв.

Эрх баригчид ирээдүйгээсээ зээлээд идчихсэн байх тэр үед дэлхийн эдийн засгийн хямрал хавсайдаад монголчуудыг тэгж доошоо ороход хүргэсэн.

Нөхцөл байдал хүнд байгааг мэдэж байсан хэрнээ сонгууль өнгөртөл эдийн засгийг хүчээр барьж байсныг нь бодохоор төрийн эрхэнд байсан нөхдүүдийг үзэн ядсан ч багадахаар. Монголчууд өс санаж чаддаггүй ард түмэн юм л даа.

Санаж байгаа бол, 2004-2008 оны зургадугаар сар хүртэл монголчууд үнэндээ туйлсан. Алт, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байж, орлого нэмэгдсэн учир эрх баригчид эдийн засгийг тэлэх бодлого баримтлах болсон билээ. Халамж ч сайжирч, хэрэгтэй хэрэггүй хөтөлбөрт мөнгө зарах болсон.

Мөнгөө үрсэн, юу ч үгүй болгосон. Байдал хүндэрч эхлэхэд ямар нэг аргаар тэсч байгаад сонгууль өнгөрөөх аргыг сонгосон. Төв банкинд хүртэл нөлөөлж, бодлогын хүүгээ нэмэгдүүлэх шийдвэрийг нь хойшлуулж байсан ч байж мэднэ. Энэ бол иргэдийг хууран мэхэлсэн, цаашилбал төрийн эрхийг хууль бусаар авсан гэж үзэж ч болохоор хэрэг байлаа. Ийм л юм болсон.

Тэгвэл, ойрноос тэр үед оччихсон мэт санагдах болов. Ерөнхий сайдаасаа эхлүүлээд “Бүх юм сайн, сайхан болно. ДНБ хоёр дахин нэмэгдэнэ” гэж ярьж байгаа ч тэр нь 2025 онд. Сонгуулийн дараа. Өнөөх л улиг болсон мэх шиг. (Нарийн яривал ДНБ нэмэгдэнэ гэдэг нь бид Хятад руу хоёр дахин их нүүрс гаргана гэсэн үг болохоос иргэдийн амьдрал сайжирна гэсэн үг биш)6

Гэтэл амьдрал дээр иргэдийн амьжиргаа уруудан доройтож байгааг илтгэх дам шинж тэмдгүүд илэрсээр.

Эрх баригчдын өөрсдөө өмссөн, ард түмэнд бас өмсүүлж тархийг нь угаах гэж ядаж буй худал хуурмагийн багийг энэ дөрвөн үг хуу татаж байна.

Зарын сонинуудад өнөөх “бартер” гэгч үг олноороо гараад ирлээ. Нийтийн сүлжээгээр дүүрэн сугалаагаар юм зарч байгаа хүмүүс. Хэвлэлийн хурлууд нь койны хохирогчид. Худалдааны байгууллагууд борлуулалтаа эрчимжүүлэхийн тулд хүүгүй, урьдчилгаагүй лизингийг санал болгох болов.

Товчхондоо, эрх баригчид яаж ч сайхан амалсан амьдрал дээр иргэдийн худалдан авах чадвар муудаж, компаниуд хаалгаа барьж байна. Тэр хэрээр ажилгүйдэл нэмэгдэж, ядуурал газар авсаар. Гэтэл эрх баригчид таг чиг, цаагуураа бол Тавантолгойг булаацалдаж маргалдаад л байгаа сурагтай.

Харин хуулийнхан шалтгаантай бус үр дагавартай тэмцэлдэж дүр эсгэсээр цаг хугацааг өнгөрүүлж, эрх баригчдыг сонгууль руу нь дөтлүүлж явна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-01 07:48

Яг тийм шүү

Зочин
Зочин
2023-03-01 09:22

Ёстой ингэж бичдэг сэтгүүлч байгаад баярлаж байна

Зочин
Зочин
2023-03-01 09:42

МАН бидэнд 100 жил ШИЛНИЙ цаанаас чихэр долоолгож ,улс орны ХӨГЖИЛ нь бусад улс орны хөгжилтөөс 100 жилээр хоцорсон нь түүхэн үнэн.

Үг үйлдэл нь зөрөөд л...
Үг үйлдэл нь зөрөөд л...
2023-03-01 12:21

Ард иргэнддээ гэж байгаад сайхан шийдвэр гаргаснаа өглөө үдэшгүй сурт##члаад л намын мэргэн бодлого шийдвэр гээд л тархи угааж байгаад нөгөө маза##ай баавгай ч бил үү, ЖДҮ ч гэх шиг нэртэй фонд сондоо зээлээ мээлээ гаргаад л бсан. Гэтэл нөгөө түмэн олны амьдр## дээшлэв үү гэтэл эрх баригчид өөрсдөө улам баяжиж дээшлээд тэрбум тэрбумаар нь аваад л нөгөө гайгүйхэн болгоод бсан түмэн олны амьдр## дордоод юу вэ??? Энэ чинь нөгөө яриад бдаг ард түмэн бол цагаан цаас гэдэг нь юм бнааа.... Аль болохоор худлаа гоё ярьж очков авч дахин сонгогдох аргаа эрэлхийлж байгаа царай нь....

Холбоотой мэдээ

Back to top button