Гадаад мэдээДЭЛХИЙНийгмийн

Грекийн галт тэрэгний осол: Хотуудад эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байна

Нийслэл Афин хотоос Салоникаг чиглэн явж байсан зорчигч тээврийн галт тэрэг ачааны галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол Грект болж, гурав хоногийн үндэсний гашуудал зарлаад байна. Энэхүү осолтой холбоотой сүүлийн үеийн мэдээллийг хүргэж байна.

НЭМЭЛТ: /III.2/ 15.10

Ослыг төмөр замд нүүрлэсэн хариуцлагагүй байдалтай холбоотой, хэзээ нэгэн цагт гарах л байсан осол хэмээн үзсэн иргэд эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулж байна. Нийслэл Афин хот дахь "Hellenic Train" компанийн үүдэнд жагссан иргэд эмх журам сахиулахаар ирсэн цагдаа нартай мөргөлджээ. Осол гарсан газрын ойролцоох Салоника, Ларисса хотод мөн эсэргүүцлийн жагсаал болсон байна.

НЭМЭЛТ: /III.2/ 08.56

Аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Амиа алдагсдын тоо нэмэгдсээр 43-т хүрлээ. Гэрчүүдийн мэдүүлэг, аврагчдын тооцооллоор цуваа тус бүрийн эхний хоёр вагон юу ч үгүй эвдэрч, дараагийн хоёр нь галд авсан. Тиймээс хохирогчдын тоо цаашид дахиад нэмэгдэнэ гэдэг мэдэллийг онцгой байдлын албанаас өгч байна.

НЭМЭЛТ: 19:03

Галт тэрэг дотор дахиад 20-25 хүн байгаа гэж ВВС агентлагийн Грек дэх сурвалжлагч Элли Кашоли мэдээллээ.

НЭМЭЛТ: 18:58

Ерөнхий сайд Кириакос Мицотакис ослын газар ажиллаад ийм ослыг дахин давтахгүйн тулд бүхнийг хийх ёстой гэж мэдэгдлээ. Тэрбээр өмнө нь гурав хоногийн гашуудал зарласан юм.

НЭМЭЛТ: 18:08

Украины Ерөнхийлөгч В.Зеленський олон нийтийн сүлжээгээр осол болсон явдалд гүн эмгэнэл илэрхийллээ.

НЭМЭЛТ: 18:08

Афинаас Салоника руу чиглэсэн галт тэрэг нэгд, хонгилоос гарч ирсэн, хоёрт, мөргөлдөх цэг нь тойрог байж таарсан нь алсаас харж, хурдаа хасах боломжийг олгоогүй аж.

Ослын шалтгаан, гэм буруутныг тогтоох ажил эхэлсэн бөгөөд Цагдаагийн байгууллага осол гарсан станцын даргыг дуудаж байцаалт авсан байна. Гэхдээ баривчлах эсэх шийдвэрийг Прокурор шийдэх ажээ.   

НЭМЭЛТ: 16:50

Грекийн Ерөнхийлөгч Катерина Сакелларопулу Молдавт хийх байсан албан ёсны айлчлалаа цуцалж, ослын газрыг зорьжээ.

“Тусламж хэрэгтэй байгаа элэг нэгтнүүдтэйгээ хамт байхын тулд айлчлалаа цуцаллаа” гэж тэрбээр мэдэгдсэн байна. Аврах ажиллагаа үргэлжилсээр, энэхүү үхлийн галт тэрэг дотроос нэг ч гэсэн амь аврахын тулд тэмцэж байгааг тэрбээр онцолжээ.  

НЭМЭЛТ: 15:50

Грекийн Улаан загалмай нийгэмлэг цус хандивлах аяныг яаралтай зохион байгуулж эхэллээ. Аян орон нутгтийн хоёр эмнэлэг дээр явагдаж байгаа бөгөөд иргэд идэвхтэй оролцож байгаа талаар байгууллагын зүгээс олон нийтийн сүлжээнд мэдээлэв.

Нийгэмлэгийн идэвхтнүүд цус хандивлахаас гадна ослын газарт нэмэлт хүч болох, хохирогчдын ар гэрт сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж байгаа аж.  

НЭМЭЛТ: 15:30

Хиймэл дагуулаас авсан ослын газрын зураг. Осол Ларисса хотоос 15 майл буюу 24 км зайд, Темпи хнэмээх засаг захиргааны нэгжийн нутаг дэвсгэрт болжээ. Төмөр зам эндээс Пинейос голын хөндий дэх газар тариалангийн бүсээр дамжин хойд зүгт чиглэдэг байна.

НЭМЭЛТ: 15:12

Грекийн сурвалжлагч Марина Ригу мөргөлдсөн цуваануудын эхний хоёр галт тэрэг юу ч үлдээгүй эвдэрсэн талаар газар дээрээс нь мэдээлэв.

“Аврагчид галт тэрэгний үлдэгдлийг зам дээрээс холдуулахыг хичээж буй ч нөхцөл байдал маш хүнд байгаа нь харагдаж байна. Ослын газарт ирсэн Салоника хотын удирдлагууд албаны шугамаар авсан мэдээлийг дамжуулахдаа хноёр галт тэрэг хоёулаа өөдөөс нь өөр галт тэрэг ирж байгааг мэдээгүй тул маш хурдтай явж байсан. Энэ нь хохирол их гарахад нөлөөлсөн гэж ярьж байна” гэж тэрбээр мэдээлснийг ВВС агентлаг дамжуулав.

НЭМЭЛТ: 14:40

Грекийн Ерөнхий сайд осолтой холбоотойгоор гурав хоногийн хугацаатай үндэсний эмгэнэл зарлалаа. Энэ хугацаанд төлөвлөгдсөн байсан олон нийтийн бүх арга хэмжээг цуцалж, төрийн байгууллагуудын дээр байрлуулсан төрийн далбааг бөхийлгөжээ.

НЭМЭЛТ: 14:20

Осол орон нутгтийн цагаар мягмар гарагийн шөнө гарсан. Зорчигч тээврийн галт тэргэнд 350 хүн байсан бөгөөд амиа алдагсдын тоог эхлээд 32 гэж мэдээлж байсан бол бага багаар нэмэгдсээр 36-д хүрээд байна.

Гэмтэж бэртсэн, түлэгдэгсдийн дунд хүнд хүмүүс байгаа тул амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэсэн мэдээллийг Онцгой байдлын албанаас өгч буй аж. Тус албаны аврагчид ослын газар шөнөжингөө үүрэг гүйцэтгэжээ.

Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button