ДЭЛХИЙНийгмийнСонин хачин

Нярайн эндэгдлийг огцом бууруулах боломж

-Финланд улс нярайн эндэгдлийг багасгасны гол нууц-

НЭМГ-ын гаргасан судалгаагаар манай улсад нялхсын эндэгдэл 2020 онд 1000 амьд төрөлтөд 12, 2021 онд 10.9 байжээ. Энэ нь нялхсын эндэгдэл багатай улсуудаас даруй гурав дахин өндөр үзүүлэлт юм. Нярайн эндэгдэл тухайн улсын хөгжлийн түвшинтэй нягт уялдаатай байдаг ч энгийн аргаар багасгах боломж бий.

Бид энэ удаад хүүхдийг эхний гурван сараа давж, "хүн" болоход хамгийн чухал нөлөө үзүүлэх аргыг бодож олон, амжилттай хэрэгжүүлсэн Финландын туршлагыг хүргэж байна. Манай улс энэ туршлагыг бүх эхчүүдэд биш гэхэд, эндэгдэл ихтэй зорилтот бүлэгтээ чиглүүлж чадвал огцом бууруулах боломжтой санагдана.

Финландын төрөх эмнэлгүүд хүүхэд төрүүлсэн ээж болгонд бэлэг өгдөг. Шинээр мэндэлсэн иргэнд нь зайлшгүй хэрэгцээт бүтээгдэхүүнийг багтаасан “Хүүхдийн хайрцаг”-ийг тэдэнд төрөөс үнэгүй өгдөг юм.

Baby Box Co. (Baby Box Co.)

Олон жилийн өмнө “The Magazine” сэтгүүл энэ сэдвийг хөндөж, Скандинавын хойгийн энэ улс нярайн эндэгдлийг бараг үгүй болтол бууруулж чадсаныг олон нийтэд таниулсан түүхтэй. Нийтлэл 18 сая хүнд хүрч уншигдсанаас хойш дэлхий нийт “Хүүхдийн хайрцаг” гэх энэ энгийн атлаа гайхамшигтай ач тустай эдийг мэддэг болжээ.

Финландын хувьд, “хүүхдийн хайрцаг”-ны уламжлал нь бүр 1930-аад оноос эхтэй. Шинээр ээж болсон эмэгтэйчүүд яг одоогийнх шиг хайрцгийг бусад хэрэгцээт зүйлсийн хамт улсаас үнэгүй авдаг байв. Хайрцганд хүүхдийн живх, цээживч, даавуун өлгийнөөс гадна халуун хэмжигч, угж, жижиг гудас бий.

Хамгийн гол нь, хайрцгийг ор болгон ашиглаж болдогт ач холбогдол нь оршиж байжээ. Дэлхийн ихэнх оронд нярай хүүхдүүд эхтэйгээ хамт унтдаг. Гэтэл нярай хүүхэд өвчлөх, цаашлаад эндэх гол шалтгааны нэг нь томчуудтай хэт ойр байх явдал аж.

Барууны орнууд хүүхдээ төрсөн цагаас нь тусдаа орон дээр унтуулдаг нь цаанаа учиртай байжээ. Финланд улс үүнийг хамгийн түрүүнд мэдэж, өөрсдийн арга хэмжээг авсан байж. Өнөөдөр 1000 төрөлтөд тохиолдох нярайн эндэгдлийн хэмжээ Энэтхэгт 38, ӨАБНУ-д 34, АНУ-д зургаа, Их Британи, Канадад дөрөв байна.

Харин Финландад хоёр байгаа нь эндэгдэл хамгийн багтай улсаас хоёр дахин бага гэсэн үг юм. Хүүхэд эцэг эхээ сонгодоггүй. Судалгаанаас харахад, дуу гэр бүлд мэндэлсэн хүүхэд нярайн эндэгдэлд өртөх магадлал илүү байгаа нь батлагджээ. Өөрөөр хэлбэл, орчны ариун цэврийн байдал нөлөөлдөг байна. “Хүүхдийн хайрцаг” ашиглах нь вирусын халдвар авах эрсдлийг багасгадаг.   

Зөвхөн Финландын Засгийн газраас хэрэгжүүлдэг байсан “Хүүхдийн хайрцаг” хэрэглэгч орны тоо нэмэгдэхийн хэрээр ашиг орлого сайтай бизнес болж хувирчээ.

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям, Кембрижийн гүнгийн авхай Кейт нарыг анхны хүүхдээ хүлээж байх үед Финландын Засгийн газар “Хүүхдийн хайрцаг” бэлэглэсэн явдал олон нийтийн анхаарлыг татсан. Тэгвэл яг энэ үйл явдлын дараа гурван фин залуу “Хүүхдийн хайрцаг”-ийг дэлхийн нийтийн хэрэглээ болгохоор үйлдвэр байгуулжээ.

АНУ-д хоёр ээж мөн яг энэ чиглэлээр үйлдвэрлэл явуулж эхэлсэн байна. Нярайн эндэгдэл ихтэй ӨАБНУ-д ч энэ чиглэлийн бизнес хийх сэргэлэн нөхдүүд гарч ирсэн байна.

АНУ-д 1000 амьд төрөлтөд ногдох нярайн эндэгдлийн тоо 2013 онд 7.1 гэсэн үзүүлэлттэй байв. Харин Техас мужийн Форт Уорт хотын дөрвөн төрөх эмнэлэгт “Хүүхдийн хайрцаг” хэрэглэж эхэлснээс хойш хоёрхон жилийн дотор 5.9 болж буурсан гайхалтай үр дүнг үзүүлжээ.

Барууны орнуудад төрөлт харьцангуй бага тул 600 иж бүрдэл хайрцаг л нэг төрөх эмнэлгийн сарын хэрэглээнд хангалттай хүрдэг аж.

“Бидний гол зорилго нярайг эхтэй нь хамт унтуулахгүй байх явдал юм. Энэ зорилгыг “Хүүхдийн хайрцаг” хангаж чадаж байна. Нярайн эндэгдэлд ахуй голлох нөлөө үзүүлж байсныг бид одоо ойлгосон” гэж хүүхдийн эмч Дайан Дэйли Кук ярьж байна. Үр дүн нэгэнт ийм өндөр гарсан учир Форт Уорт хотын захиргаа ойрын хоёр жилд дахин 36 мянган ширхэг “Хүүхдийн хайрцаг”-ийг тараахаар төлөвлөжээ. Австралийн Виктория, Канадын Альберта муж мөн 2015 оноос энэхүү хөтөлбөрийг туршилтын журмаар хэрэгжүүлж эхэлжээ.

“Хүүхдийн хайрцаг”-ны түүх

-1933 оноос анх олгосон.

-1938 он. Эхчүүдэд жирэмсэн, төрсний тэтгэмж өгч байх хууль батлахдаа орлого багатай эхчүүдэд “Хүүхдийн хайрцаг” олгож байхыг давхар хуульчилжээ. Ингэснээр төрсөн бүх эхчүүдийн 2/3 нь хүүхдийн хайрцаг авах эрхтэй болсон байна.   

-1940-өөд он. Олон гэр бүл орон гэргүй болж хоцорсон Дэлхийн II дайны хүнд бэрх жилүүдэд ч энэ тогтолцоо тасалдалгүй үргэлжилж байв.

-1949 он. Орлогоор ялгаварласан хэсгийг хуулиас хасч, жирэмсний хяналтад хамрагдсан бүх ээжүүдэд нэг ижил өгч байхаар болжээ.

-1957 он. Хүүхдийн даавуунаас гадна бэлэн хувцас өгдөг болов.

-1969 он. Нэг удаагийн живх нэмэгджээ.   

-1970-аад он. Эрүүл мэндийн жижиг зөвлөгөөг хамт хийдэг болсноор ээжүүд угаахад хялбар, цагаан өнгийн хувцас өмсөх болов.

-2006 он. Хөхөөр хооллолтыг дэмжих үүднээс угжийг хасчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button