АНУ, ОХУ-ын Гадаад хэргийн сайд нар Украинд дайн эхэлснээс хойш анх удаа уулзлаа

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Украины дайн эхэлснээс хойш анх удаа уулзжээ. Тэд Энэтхэгт болж буй “Их 20”-ийн бүлгийн уулзалт дээр өчигдөр таарч, албан бусаар хэсэгхэн хугацаанд ярилцсан байна. Энтони Блинкен энэ үеэр Сергей Лавровоос Украинд хийж байгаа дайнаа зогсоохыг шаардсан гэж ВВС агентлаг мэдээлэв. Тэрбээр мөн ОХУ-д баривчлагдаад буй цэрэг Пол Уиланы асуудлыг хөнджээ.
“Би С.Лавровт өнгөрсөн долоо хоногт НҮБ-аас гаргасан тогтоолын талаар олон зүйл ярьсан. Тэрхүү тогтоолын төслийг батлх санал асуулгад оролцсон олон улсын Гадаад хэргийн сайд нар энд ирснийг дурдаж, дайныг дуусган, асуудлыг дипломат арга замаар шийдэх ёстойг сануулсан. Мөн зэвсэглэлийг бууруулах гэрээндээ эргэж орохыг ятгасан” гэж Э.Блинкен уулзалтын дараа болсон хэвлэлийн хурал дээр ярьсан байна.
Тэрээр С.Лавровтой уулзаж, хэвлэлийн бага хурал хийснийхээ дараа Женев дэх НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлтэй цахимаар холбогдож, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин яриа хэллцээр хийх сонирхолгүй байгаа” талаар мэдэгдсэн аж.
ОХУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова уулзалт болсныг баталсан ч өөр тайлбар хийгээгүй гэж ВВС мэдээлжээ.
Мария Захарова харин энэ талаар хийсэн мэдэгдэлдээ “Энтони Блинкен “Их 20”-ийн үеэр С.Лавровт "алхангаа ярилцах” санал тавьсан нь дайныг дуусгах дипломат арга зам эрэлхийлж байгаа мэт дүр эсгэх, дэлхий нийтэд энэ талаар хүчин чармайлт гаргаж байгаа мэт харагдах гэсэн пи ар гэдэгт итгэлтэй байна. ОХУ яриа хэлэлцээр хийх, уулзалт товлохоос хэзээ ч татгалзаж байгаагүй” гэсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.