ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

2023 онд дэлхийн эдийн засаг яах вэ: Хөгжингүй, хөгжиж буй, буурай бүгд хямрах төлөвтэй

-Урт хугацааны төлөвлөгөөнд ч өөрчлөлт оруулах, 2023 оны дэлхийн эдийн засгийн таамаг-

Хөгжингүй улсууд бага, хөгжиж буй нь дунд, буурай нь ихээр хямрах дэлхийн эдийн засаг  

НҮБ энэ оны дэлхийн эдийн засгийн төлвийг тоймлосон илтгэлээ гаргажээ. Илтгэлд, Украины дайн, түүний шууд үр дагавар болох хүнс, эрчим хүчний хямрал, цар тахлын нөлөөгөөр үүссэн стагфляци /Үйлдвэрлэлийн бууралт, үнийн өсөлттэй зэрэгцэх үзэгдэл/, өрийн хямралаас үүдэлтэйгээр 2023 он нь сүүлийн хэдэн арван жилийн хамгийн хүнд, өсөлт буурсан жил байх болно гэсэн байна. Тодруулбал, дэлхийн хэмжээнд ДНБ-ий өсөлт 1.9 хувьтай байх бөгөөд өндөр хөгжилтэй, хөгжиж буй, дорой буурай улсууд бүгд адилхан хямарч байгаа нь асуудлын шийдлийг хүндрүүлж буй гэнэ.

Гэхдээ буурай эдийн засаг тай улсуудад хамгийн хүндээр туаж буйг тодотгоод, энэ нөхцөл байдал нь “Өмнө нь хэзээ ч авч хэрэгжүүлж байгаагүй шийдвэртэй арга хэмжээнүүдийг авахыг шаардаж байна” хэмээн онцолжээ.   

“Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-ийг биелэлтийг худлаа болгож мэдэх хэтийн төлөв

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттерриш үүсээд буй, угтаж буй нөхцөл байдлыг “Одоо бидний өмнө тулгараад байгаа нөхцөл байдал бол баялгийн хуваарилт, тэгш байдал гэх мэт, богино хугацаанд санаа зовоодог ч төсөв хэмнэх гэх мэт уламжлалт арга хэрэглээд давчихдаг байсан хүндрэлүүд биш.  Урьд өмнө хэзээ ч байгаагүй ийм цаг үе мөн ижил, урьд өмнө хэзээ ч байгаагүй арга хэмжээ авахыг шаардаж байна” хэмээн онцолжээ.

Тэрхүү арга хэмжээ дотор НҮБ-ын бүх гишүүдийн хамтын, нэгдсэн хүчин чармайлтаар бий болсон “Тогтвортой хөгжлийн зорилт”-ыг өөрчлөх асуудал ч орж байгааг тэрбээр онцолсон байна.

Өөрөөр хэлбэл, Тогтвортой хөгжлийн зорилтыг илүү боловсронгүй болгохыг оролдох ч хугацаа нь хойшлох магадал байгаа аж.

Том жижиггүй хямарч буй нь хүндрэлийн гол шалтгаан

Стагфляци хөгжингүй болон хөгжиж буй орнуудад бүгдэд нь заналхийлж байгааг илтгэлд онцгойлон дурдсан. Шууд хэлбээгүй ч гэсэн дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон АНУ, Европын холбоо, бусад хөгжингүй эдийн засаг стагфляцийн өмнө хүчин мөхөсдөж, дайнтай холбоотойгоор санхүүгийн хүндрэлд орж буй буй нь тэдний буулган дор байдаг буурай эдийн засгуудэад ирэх ачааллыг улам нэмэх гэнэ.

Дэлхий дээр эмх замбараагүй, дайн байлдаантай байдал ноёлох тусам чангардаг зүй тогтолтой ам.долларын ханш чангардгаараа чангарч байгаа нь хөгжиж буй орнуудын төсөв, өрийн дарамтыг улам нэмж байна. Дэлхийн Төв банкуудын 85 гаруй хувь нь инфляцийн дарамтыг намжааж, эдийн засгийн уналтаас зайлсхийхийн тулд 2021 оны сүүлчээс эхлэн мөнгөний бодлогоо чангатгаж, хүүгээ дараалан нэмэгдүүлсэн. Бодлогын хүү дэлхийн дунджаар 10 орчим хувьд хүрсэн нь ойрд байгаагүй өндөр үзүүлэлт байв. Илтгэлд энэ үзүүлэлтийг 2023 онд 6.5 хувьд хүрч буух төлөв байгаа гэсэн ч баттай би, мөнөөх л тодорхойгүй байдал буюу Украины дайны өрнөлтэй “уяжээ”.

Ажлын байрны өсөлт буурч, ядуурал нэмэгдсэн хэвээр байна

Өнгөрөгч 2022 онд хөгжиж буй орнуудын дийлэнхид нь ажлын байрны өсөлт удааширч, ажил эрхлэлт тогтонги буюу багасах байдал ажиглагдсан. Энэ нөхцөл байдал 2023 онд хэвээр үргэлжилнэ гэж тайланд дурджээ.  

Өсөлт удааширч, инфляци нэмэгдэж, өрийн эмзэг байдал нэмэгдсээр байгаа нь өсөлтийг хязгаарлаад зогсохгүй, өмнө олсон амжилтыг ч ухрааж, өнөөгийн хямралын сөрөг нөлөөг гүнзгийрүүлэх аюулд хүргэж байгаа гэдгтийн тайланд онцлон дурдсан байна. Өнгөрөгч 2022 он гэхэд хүнсний аюулгүй байдлын асуудалтай тулгарсан хүмүүсийн тоо 2019 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдэж, бараг 350 саяд хүрчээ.

Эдийн засгийн сул дорой байдал, орлогын өсөлт удаашралтай байх нь ядуурлыг арилгахад саад болоод зогсохгүй улс орнуудын ТХЗ-д илүү өргөн хүрээнд хөрөнгө оруулах боломжийг хязгаарлан, улмаар зорилтдоо хүрч чадахгүй байх төлөв нэгэнт бий болжээ.

"Хямралууд /Олон тоон дээр хэлжээ/ эмзэг бүлгийнхэнд хамгийн хүндээр тусч байна. Буурайчуудын зовлон ихэнхдээ өөрсдөөс нь шалтгаалдаггүй. Тиймээс дэлхийн хамтын нийгэмлэг хүн төрөлхтний зовлон зүдгүүрээс ангижруулж, бүх нийтийн хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг дэмжихийн тулд хамтын хүчин чармайлтаа эрчимжүүлэх хэрэгтэй” гэж НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ли Жүнхуа онцлон тэмдэглэсэн байна.

НҮБ-ын тайланд 2024 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 2.7 хувь болж нэмэгдэх ч энэ нь Украины дайн өрнөлөөс шууд шалтгаална гэжээ.

Түүхий эдийн үнийн өсөлт Монголыг түшнэ

Дэлхий нийт хямарч, өмнөхөөсөө дордох муу амлалт Монголд ч хамаатай нь мэдээж. Гэхдээ МАА, түүхий эдийн дэлхийн зах зээлийн хажууд оршдог өгөгдөл маань хямралд биднийг арай бага өртөх боломжийг бий болгож байна. Хоёр хөрштэйгөө нягт хямрах нь үүнд маш чухал. Мөн түүхий эдийн үнийн өсөлт бидэнд таатай нөлөөлөх төлөв байна.

2009 оны дэлхийн эдийн засгийн хямралаар Монголыг дампуурлаас “Стэнд бай” хөтөлбөр гэхээсээ илүү ашигт малтмал, түүхий эдийн үнийн өсөлт аварсан билээ. 2900 ам.доллар хүртэл уруудаад байсан зэсийн ханш 2009 оны нэгдүгээр сараас огцом өсч, 10,000 ам.долларт дөхсөн нь “Стэнд бай” амжилттай хэрэгжих, үнэндээ өрөө төлөх боломж бүрдүүлсэн. Түүгээр ч зогсохгүй мөнгө илүү гарч, харамсалтай нь эрх баригчид тэр мөнгөөр “хавтгайрсан“ гэх тодотголтой халамжийн бодлого хэрэгжүүлсэн байдаг.  
Тэгвэл “Муу хүний заяа завагт” гэдэг шиг, олон хямрал давхацсан 2023 онд шинжээчид манай гол нэрийн түүхий эдийн үнэ боломжийн хэмжээнд тогтох таамаг ихэлж буй нь бидэнд таатай сонсогдож байна.
Тодруулбал, экспортын голлох түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд эрх баригчдын төсөөлсөнтэй тэнцүү буюу  илүү тогтох магадлал өндөр байна. Энэ оны төсвийн нийт орлогын 23 орчим хувийг уул уурхайн салбараас орж ирэхээр тооцсон. Дэлхийн зах зээлийн нөхцөл байдал, цаашдын төлөвт дүн шинжилгээ хийсэн судалгааны байгууллагуудын дүгнэлтээс харахад энэ 23 хувь дотроо голлох байр суурь эзэлдэг нүүрс, зэс, төмрийн хүдэр, алтны үнэ тус бүр дээрээ өснө гэж байгаа юм.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-06 11:34

Дэлхий нийтээрээ хямрав## монгол хэрхэх вэ

Зочин
Зочин
2023-03-06 12:24

Ам долларын ханш л хямруулж байна даа

Холбоотой мэдээ

Back to top button