Эдийн засгийн ярилцлага

Б.Лакшми: Дундаж давхаргын тодорхойлолт манай улсад байхгүй

Эдийн засагч Б.Лакшмитай цаг үеийн нөхцөл байдал болон манай улсын эдийн засгийн зарим сэдвийн хүрээнд ярилцлаа.

-Зах зээлд мөнгөний эргэлт байхгүй байна-

-Цагаан сарын үеэр зах зээлд мөнгөний нийлүүлэлт их байсан хэмээн салбарынхан ярьж байна. Энэ нь баярын дараа мөнгөний эргэлтэд хийгээд эдийн засгийн салбартаа сөрөг нөлөөг үзүүлнэ гэж харж байгаа. Мэргэжлийн хүний хувьд мөнгөний нийлүүлэлт нь зах зээлдээ хэрхэн нөлөө үзүүлдэг талаар тайлбарлаж, ярилцлагаа эхлүүлье?

-Мөнгөний нийлүүлэлт нь төгрөгийн ханштай нягт уялддаг. Мөн төгрөгийн үнэ цэн үргэлж буурч байдаг. Үнэ цэн нь буурна гэдэг бол эдийн засгийн өсөлтийн үед өнөөдрийн 100 төгрөг, маргаашийн 100 төгрөгтэй тэнцэхгүй гэсэн үг юм. Энэ тооцооллыг зах зээлтэй нь уялдуулж байж, Монголбанкнаас зах зээлд мөнгө нийлүүлдэг.

Хоёрдугаарт, Цагаан сарын баярын өдрүүдэд шинэ мөнгө нийлүүлж буй нь хуучин мөнгөн дэвсгэртээ татаж буй үйл явц юм. Арилжааны банкнууд хуучин дэвсгэртүүдийг цуглуулж, Монголбанканд тушаадаг. Тэгэхээр хуучин мөнгөн дэвсгэртүүдийг зах зээлээс цуглуулах үйл явц гэж харах хэрэгтэй.

Гуравдугаарт, урьдны жилүүдтэй харьцуулахад энэ жил зах зээлд нийлүүлсэн мөнгөний нийлүүлэлт харьцангуй нэмэгдсэн. Энэ нь бодлогын хүүтэй уялдуулж харахад зах зээлд эргэлдэж буй мөнгөн дэвсгэрт нь бага байгаатай холбоотой. Бодлогын хүү өнөөдрийн байдлаар 13 хувьтай байгаа. Бодлогын хүү өндөр байгаа нь банкууд хангалттай хэмжээний зээл гаргаж, эдийн засагт тэр хэмжээний мөнгө эргэлдэхгүй байна.

-Зах зээлд мөнгөний эргэлт байхгүй байна гэдгийг олон нийт хүмүүсийн гар дээр мөнгө ирэхгүй байна гэж ойлгох нь бий?

-Тэгж бодож болохгүй. Бодлогын хүү өндөр байгаа нь эдийн засаг муу байгаагийн шинж. Хоёрдугаарт, арилжааны банкнуудын олгож буй зээл багасдаг. Энэ нь аж ахуйн нэгжүүд тодорхой хэмжээний зээлийг авч бизнестээ хөрөнгө оруулснаар эдийн засгийн цусны эргэлтийг бий болгодог байсан явдал багасаж байгаа гэсэн үг. Үүнийг дагаад ажлын байр буурч, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид багасаж эхэлнэ. Энэ нь зах зээлд мөнгөний эргэлт байхгүй байна гэсэн үг.

-Манай улсад өрхийн орлогыг тооцож чаддаггүй-

-Эдийн засгийн цусны эргэлт зогсонги байдалд орох нь дундаж давхаргаа үгүй хийж буйтай адил гэх юм. Үнэхээр бодит байдалд дундаж давхаргынхан багассан хэрэг үү?

-Дундаж давхарга гэдгийг манай улсад тодорхойлсон тодорхойлолт байхгүй. Одоогоор энэ давхаргад дунджаар гурав орчим сая төгрөгийн цалинтай, тодорхой хэмжээнд өөрийн амьдралаа авч явж чадаж байгаа хүмүүсийг тодорхойлж байна. Гэвч энэ нь эргэлзээтэй.

Дундаж давхаргынхан яагаад багасаж байна вэ гэвэл нэгт, төгрөгийн ханшийн сулрал юм. Гурван сая төгрөгийн өрхийн орлоготой байтал үүндээ авч буй бараа бүтээгдэхүүний тоо багасаж байгаа нь амьдралын чанар буурсны нөлөө юм. Хоёрдугаарт, хүүхдийн мөнгөний асуудал. Дундаж давхаргынхан хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулж, хадгаламж үүсгэж байсан. Гэтэл хүүхдийн мөнгөнөөс тухайн өрх хасагдаж буй явдал нөлөө үзүүлж байна.

Гуравдугаарт, валютын, тэр дундаа ам.долларын хадгаламж өсөж байгаа явдал нь төгрөгийн ханшийн сулралд нөлөөлж байгаа. Иргэдийн төгрөгт итгэх итгэл нь суларч байгаа юм.

Дөрөвдүгээрт, өрхийн орлогыг тооцож чадахгүй байгаа явдал нөлөө үзүүлж байна.

-Өрхийн орлогыг тооцож чадахгүй байна гэдгээ дэлгэрүүлбэл?

-Нэг айл өрхөд машин, байр байгаа бол хүүхдийн мөнгөнөөс тухайн айлыг хассан. Гэтэл тухайн айл байр, машины зээлтэй, хэдэн хүүхэдтэй амьдарч байгаа, өрхийн орлогоосоо зээлээ төлөөд гар дээр хэдийг авч байгаа гэх мэтийг нарийвчлан тооцох хэрэгтэй юм. Ингэхдээ уг айлын орлого нэг хүнд хэчнээн төгрөгийг зарцуулдаг вэ гэдгийг тооцох шаардлагатай. Энэ мэт тооцоолол хийхгүйгээр байртай, машинтай зэргээр бүртгэж авангуутаа хүүхдийн мөнгөнөөс хасна гэдэг нь буруу зүйл.

-Дотоодын нийт бүтээгдэхүүн өсөх нь өрхийн орлого өсөхөд нөлөө үзүүлнэ хэмээн яриад байгаа. Шууд нөлөө үзүүлэх боломжтой юу?

-ДНБ өсөх нь өрхийн орлогод шууд нөлөө үзүүлэхгүй. Орж буй орлогыг хэрхэн зарцуулах, хэр бүтээмжтэй байх нь нөлөө үзүүлнэ. Уул уурхайн экспорт нэмэгдсэнээр валют нэмэгдэж, төгрөгийн ханш чангарна. Төгрөгийн ханшийн тогтвортой байдал нь инфляц, бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжиж, бидэнд нөлөө үзүүлэх юм.

Хоёрдугаарт, ажлын байрууд бий болно. Татвар, АМНАТ, НДШ, ХХОАТ гэх мэтээр эдийн засагт нөлөө үзүүлдэг. 2011-2012 оны хооронд ДНБ хоёр оронтой тоотой өссөн. Төсөв ч алдагдал ихтэй, том байв. Хүн бүр эдийн засаг тэр хэмжээний сайхан байх мэт төсөөлж байсан. Орлогоороо хуримтлал үүсгэхгүйгээр байнга “цацаж” байв. Энэ үед инфляц ч өсөж, хоёр оронтой тоотой байсан юм. Тэгэхээр зах зээлийн өсөлтийг нь инфляц идсэн гэсэн үг.

-Шаталсан татварын бодлого өрхийн орлоготой уялдах ёстой-

-Тэгвэл өрхийн орлогыг нэмэхийн тулд бид хэрхэх ёстой вэ?

-Нэгдүгээрт, хүн амын өсөлтөө хүн ам зүйн өсөлттэйгөө холбож өгөх ёстой. Сангийн сайд шаталсан татвар гэх зүйлийг тайлбарласан.

Сангийн яамнаас хэрэгжүүлэх гэж буй уг бодлогын хувьд судалж, харвал манай улсын хувьд утгагүй бодлого гэж тодорхойлно. Утгаар нь хэрэгжүүлээгүй. Шаталсан татварын бодлого өрхийн орлоготой уялдах ёстой байдаг.

Тухайлбал, АНУ-ын хувьд найман төрлийн шаталсан татвартай. ХБНГУ-ын хувьд зургаан төрлийн шаталсан татвартай байдаг. ХБНГУ-ын хувьд эхнэр нөхөр хоёр татварын шатлалын ангиллаа сонгодог. Аль өндөр цалинтай нь төлөх татварын шатлалаа өндөр сонгож, нөгөөх нь багыг нь сонгох гэх мэт. Жишээ нь, нөхөр /эхнэр/ нь бага авдаг бол нэг буюу хамгийн доод шатлалыг сонгож, эхнэр /нөхөр/ нь өндөр авдаг бол дундаж буюу гурав гэх шатлалыг сонгож болно. Ийм нөхцөлд гар дээр ирж буй мөнгөн төгрөг нь нэмэгддэг.

Мөн хүүхдийн тооноос хамаарч татвараас хөнгөлөх нь ч бий. Хүүхдийн мөнгө өгөхөөс гадна татвараас чөлөөлснөөр хүн ам зүйн өсөлтөө өсгөх бодлоготой уялдаж байгаа юм. Илүү олон залуу хүн төрж, хүн ам  нь өссөнөөр ирээдүйд эдийн засгийн өсөлтөд үр өгөөжтэй байдаг. Хүүхдийн тоо өсөх тусам давхар бүрийн ангиллаар татвараас чөлөөлөгдөх жишээтэй.

Энэ мэт уян хатан татварын бодлоготой байдаг. Манай улсын хувьд 10 сая төгрөгөөс дээш цалинтай иргэд нэмэлт татвар төлж хохирч байгаа бол 10 хүртэлх сая төгрөгийн цалинтай иргэд ижил татвар төлж байгаа нь ойлгомжгүй. Хэрэв үнэхээр шаталж байгаа бол хоёр сая хүртэлх цалинтай иргэний татварыг багасгах хэрэгтэй шүү дээ. Шаталсан татвар гэх ойлголт манайд ойлгомжгүй байна.

Эцэст нь хэт их халамжийн бодлогоо больж, хүмүүсийн ажиллах нөхцөлийг сайжруулах хэрэгтэй. Ингэхийн тулд шаталсан татвараа уялдуулах хэрэгтэй юм. Жишээлбэл, олон хүүхэдтэй ээжүүдийн НДШ-ийг багасгаж болно. Таван хүүхэд гаргасан эмэгтэй НДШ-дээ бага мөнгө өгсөн бол тэтгэвэрт гарах үедээ хоёр хүүхэдтэй ээжтэй ижил хэмжээний тэтгэвэр авдаг тогтолцоо байх боломжтой. Үүний шалтгаан нь тухайн таван хүүхэд нь том болсны дараа улсдаа татвар өгч, ажиллах хүчин болсноор эдийн засгийн үр өгөөжөө гаргаж буй хэрэг. Үгүй бол залуу хүмүүсийн тоо багасаж, хэт олон хөгшин хүнтэй болвол Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаа доголддог. Залуу хүн багасах тусам тус сангийн орлого нь багасдаг. Тиймээс залуу хүмүүсийг ажлын байртай болгох хэрэгтэй.

-Ээжүүдийн талаар дурдсаных хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийн тоо эрчүүдээсээ бага байгаа шүү дээ?

-Үүний шалтгаан нь нөхөн үржихүйтэй холбоотой. Улмаар ээжүүд гэртээ суудаг. Нэгдүгээрт, хүүхэд харах үйлчилгээ хөгжөөгүйтэй дээрх явдал холбоотой. Цэцэрлэг, хүүхэд харах газрууд хангалттай хэмжээнд байдаггүй. Хоёрдугаарт, агаарын бохирдолтой холбоотой байдаг. Өвлийн саруудад хүүхдүүдийн өвчлөл нэмэгддэг тул ихэвчлэн ээжүүд хүүхдээ хариуцаж, асардаг. Энэ нь хөдөлмөрийн зах зээлд байгаа эмэгтэйчүүдийн тоо бага багасдагтай холбоотой.

Тиймээс хүүхэд харах үйлчилгээг уян хатан системтэй байлгах хэрэгтэй. 09-18 цаг хүртэл ажилладаг социалист систем цэцэрлэгт байсаар. Өглөө 09.00 биш 08.00 цагт өгөх боломжтой байж болно. Эсвэл 11.00-14.00 цагийн хооронд хүүхэд хардаг үйлчилгээ байх боломжтой. Мөн орой 20.00 цаг хүртэл ажилладаг, хоёр ээлжний гэх мэт. Энэ мэтээр хүүхэд асрах, цэцэрлэгийн багшийн орон тоо нэмэгдэх зэрэг зохицуулалтыг хийдэг байж болно. Товчхондоо бид зах зээлээ дагасан уян хатан системтэй байх хэрэгтэй.

-Монголд аж үлйдвэржилт хөгжихгүй байгаа шалтгаан нь авлига болон төрийн албаныхны хүнд суртал юм-

-Хөдөлмөрийн зах зээл, ажлын байрны талаар дурдсаных, манай улсад яагаад аж үйлдвэржилт хөгжихгүй байна вэ?

-Эдийн засгийн төрөлжилт хангалттай биш байгаа нь импортын инфляцыг дагуулж байдаг. Хэрэглээний нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ импортлож байгаа. Хэрэв дотоод хэрэгцээгээ хангах чадамжтай бол экспортлох боломжтой бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж гаргах хэрэгтэй. Монголд аж үйлдвэржилт хөгжихгүй байгаа хамгийн том шалтгаан нь авлига юм. Үүний дараагаар төрийн албаныхны хүнд суртал нөлөөлдөг.

Үйлдвэрлэл эрхлэхийн тулд газар авч, дэд бүтэц байгуулах хэрэгтэй. Гэтэл газар олдохгүйгээс гадна, олдсон байлаа ч дэд бүтцээ өөрөө тавих шаардлага үүснэ. Үйлдвэрээ барьж, тоног төхөөрөмжөө авахын тулд санхүүжилт хэрэгтэй. Үйлдвэр барьж ажиллуулах нь шат шатандаа асар их зардалтай. Бүтээгдэхүүнээ гаргахын тулд хүний нөөц, түүхий эд, эргэлтийн хөрөнгө гэх мэт зардал нэмэгддэг.

Гэтэл төрөөс үүнийг дэмжих бодлого хангалттай байхгүй нь үйлдвэржилт хөгжихгүй байгаа шалтгаан юм. Нэмэлтээр барилгын зөвшөөрөл, эрүү ахуй, хяналтын бичиг цаас шаардлагатай гэх мэтээр тухайн байгууллагаа дэмжихээс илүүтэй саад болдог зүйлс байгаа. Ийнхүү авлига нэмэгддэг.

Үйлдвэрүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх боломж бололцоо байдаг. Аливаа зүйл тал талын юмстай холбоотой. Тухайлбал, өдрийн цагаар манайд эрчим хүчний хэрэглээ нэмэгддэг. Харин оройн цагаар багасдаг. Та яагаад гэж бодож байна?

-Шөнийн цагаар эрчим хүч ашиглах үйлдвэр, байгууллага манайд байхгүй шүү дээ?

-Тийм ээ. Гаднын улс орон шиг гурван ээлжээр ажиллах үйлдвэр манайд байхгүй. Тиймээс оройн цагт хэрэглэж чадахгүй эрчим хүчээ хоёр хөрш рүүгээ урсгадаг. Үйлдвэрлэлийн системийг хөгжүүлж байж ажлын байр, өрхийн орлого нэмэгдэнэ.

-Үйлдвэрлэл хөгжсөн улс байсан бол одоо бидний эрин үе ч байж болохоор байлаа?

-Тийм шүү. Үйлдвэрлэгч улсын хувьд төгрөгийн ханш сулрах нь давуу талтай. Манай улсын хувьд хямд үнээр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлоно. Хямд үнээр гадагшаа зарж байгаа болохоор орж ирж буй ам.долларын орлого нь өндөр байх боломжтой байсан.

-Бидний төсөөлсөн хэмжээний нүүрсийг БНХАУ авах эсэх нь эргэлзээтэй-

-Энэ жилийн эдийн засгийн төлөв байдал хэрхэх вэ?

-Нэгдүгээрт, цар тахлын хоёр жилийн хугацаанд эдийн засаг хүнд байлаа. Хоёрдугаарт, хил гааль хаалттайгаас гадна геополитикийн асуудлууд үүссэн. Эдгээр зүйлсээс бид сургамж авч, улсын төсөв батлахдаа реформ, өөрчлөлт хийгээгүй. Нэг талаасаа их хэмжээний зарлага байгаа бол тэр хэмжээний орлого олох хэрэгтэй. Энэ жилийн улсын төсвийн зарлага нь их. Тиймээс ч бид өөдрөг төсөөлсөн байх магадлалтай.

Монгол Улсад болгоомжтой харах нэг зүйл бий. Эдийн засагт түүхий эдийн экспорт чухал нөлөө үзүүлдэг тул дэд бүтцийн тодорхой хэмжээний гарцуудыг бий болгосон. Хараахан БНХАУ-тай төмөр замуудаа холбоогүй ч дотоод талаасаа гарцуудаа бий болгосон юм. Эрсдэлтэй асуудлууд ч бий.

Бидний бий болгосон гарцаар тэр хэмжээний түүхий эдийг манай улсаас авах уу, үгүй юү гэх асуудал байгаа. Хоёрдугаарт, сүүлийн жилүүдэд нүүрстэй холбоотой болгоомжлол бий. Манай улсаас авах нүүрс нь үнийн хувьд Австралийнхтай харьцуулах боломжтой эсэх. Учир нь Австралийнх усан замаар тээвэрлэдэг болохоор хямд, манайх төмөр замаар тээвэрлэдэг тул үнэтэй. Тэр ч утгаараа манай улсын нүүрсийг өрсөлдөх чадвартай байж чадах уу гэдгийг бодох хэрэгтэй юм.

Гуравдугаарт, БНХАУ бидний төсөөлж буй хэмжээгээр нүүрс авах уу гэдэг нь өөр асуудал. ОХУ БНХАУ руу төмөр замаа барьсан тул манайхнаас илүү нүүрсийг тус улсаас экспортлох боломжтой. Тиймээс бид эдийн засгийн өсөлтөө болгоомжтойгоор төсөөлөх хэрэгтэй.

-Бид хуримтлуулдаг бус үрдэг ард түмэн-

-Эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх бидний алдаатай зүйлийг та юу гэж хардаг вэ?

-Богино хугацааны амжилтдаа баярлаж, ташуурдаг явдал. Эдийн засаг сайн байх үед нөөцөө бүрдүүлэхгүйгээр бүх мөнгөө үрдэг. Бид хуримтлуулдаг бус үрдэг ард түмэн. Дээрээ улсын төсөв нь ч тийм, доороо ард иргэд ч ийм. Тэгэхээр өөрсдөө сургамж авч, хуримтлал бий болгож, өөр өөрсдийн нөөц бүрдүүлэх шаардлагатай.

-Нөөц бүрдүүлэхийг та том хэмжээнд ярьж байна уу, жижиг хэмжээнд ярьж байна уу?

-Шат шатандаа хуримтлалтай болох хэрэгтэй. Хүний хөгжил, Ирээдүй өв сан гэх мэт санг улсын хэмжээнд байгуулдаг ч хангалттай хэмжээнд хуримтлал байхгүй. Хуримтлал гэдэг нь сар бүр иргэн өөрийн цалингаас тодорхой хэмжээний мөнгийг хуримтлуулж, хадгалах нь урт хугацаанд өгөөжтэй. Бид бага мөнгө хэмээн голдог. Гэтэл сар бүр хуримтлуулснаар бидэнд асар их боломж бий болдог. Бага мөнгө хэмээн голж байгаа бол хуримтлуулаад л орхих хэрэгтэй. Урт хугацаанд хүү нь бодогдож байдаг юм.

-Хадгаламжийн хүү 11, инфляц 12, бодлогын хүү 13 хувьтай байна. Энэ үеэр мөнгөө хадгалах нь хэр оновчтой юм бэ?

-Төгрөгийн хадгаламж буурч, валютын хадгаламж өссөн талаар өмнө нь дурдсан. Тооцоолол хийж үзвэл төгрөгийн хадгаламжийн хүү өндөр байсан ч валютын хадгаламжтай байх нь давуу талтай. 50 ам.доллар хадгалахад 10 жилийн дараа 6000 ам.доллар болсон байх жишээтэй. 50 ам.доллар хадгалаад мартахад л дараа нь хэр их мөнгө болсон байхыг бодоод үзээрэй.

Хүүхдийн мөнгөн дээр ч энэ хамааралтай. Хүүхдийн мөнгийг аваад зарцуулж буй эсвэл хуримтлал үүсгэж байгаа эсэх нь эдийн засагтаа шууд нөлөө үзүүлдэг. Үүнийг бид дунд болон ойрын хугацаа гэдгээр нь харах хэрэгтэй. Жишээлбэл, мөнгөө аваад хүүхдэдээ хоол хүнс, хувцас авч өгч байгаа бол ойрын хугацаанб нөлөө. Харин мөнгөө аваад хуримтлал бий болгож байгаа бол мөн л зах зээлдээ нөлөө үзүүлдэг. Тиймээс хүүхдийн мөнгөн дээр иргэн бүрд боломжийг нь олгох ёстой.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-11 04:08

Женко луйварчин Төмөр зам гацаасан нь Монгол улсыг ёстой нэг хорлож чаджээ ! Муу Женко үхвэл таарна !

Зочин
Зочин
2023-03-11 09:07

Дундаж давхарга гэж юуг хэлэх бэ.Би өөрөө амьдарч ядан байж 3 дүүгээ амьжиргааг нь з##гуулж авч явааг дундаж давхарга гэх үү .эсвэл хагарч цадт##аа идчихээд бусдыг орхих нь дундаж давхарга уу.МАН минь ээ надад хэлээд өгөөч ээ.Та нараар удирдуулаад 100 жил болов. Эргээд харсан чинь 100 жилийн хоцрогдол байжээ

Холбоотой мэдээ

Back to top button