Who is Who?ДЭЛХИЙ

Гүрж, Украины авлигыг цэгцэлсэн цуутай эр

Тусгаар тогтносон бүрэн эрхт улс Ерөнхий сайдаараа өөр улсын иргэнийг ажиллуулна гэж таны санаанд багтаж байна уу. Хэрвээ энэ үнэн бол тэр уригдаж залагдаад байгаа хүн нь мэдлэг чадвар хэтийдсэн итгэл даах нэгэн байсан байж таарна гэсэн бодол өөрийн эрхгүй орж ирж байгаа биз. Тэгвэл эх орондоо Ерөнхийлөгчийн сэнтийд заларч, хожим өөр улсад Ерөнхий сайдаар ажиллах шахаад хотын даргын суудал дээр залагдаж очсон содон намтартай нэгэн улс төрчийг танилцуулж байна.

Жижиг улсын том улстөрч

Гүрж бол дэлхийн улс төр, эдийн засагт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг том гүрэн биш. Дэлхийн хөгжингүй улсуудад “ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан, одоо ч нөлөөнөөс нь бүрэн гарч чадаагүй улс” гэсэн имижтэй, дотооддоо бол социалист системээс зах зээлийн нийгэмд шилжих гэж оролдож байгаа, эдийн засгийн хүчин чадал, хөгжлийн түвшин нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Киргиз, Узбек, Беларусь зэрэг улсаас дээрдэхгүй, жирийн л нэг улс байлаа. Гэвч “Сарнайн хувьсгал”-аас хойш Гүрж улс олон улсын тавцанд бие даасан, жинхэнэ улсын дайтай улс болж гарч ирсэн.

Энэ хувьсгалтай зэрэгцэн Голландад сургууль төгсөж ирсэн, будаг нь ханхалсан шинэ боловсон хүчин Михайл Саакашвилийн нэр дэлхийн улс төрийн ертөнцөд тодоор сонсогдох болсон юм. Урьд өмнө наадамд зодоглож байгаагүй бөхийг монголчууд бид “залуу бөх” гэж нэрлэдэг. Хэнд ч танигдаагүй ийм залуу бөх наадамд зодоглож, тэр тусмаа түрүүлэх тохиолдол маш ховор. Тэгвэл дэлхий дахинд Михайл Саакашвилигийн улс төрийн карьерийн өсөлтийг яг үүнтэй зүйрлэх хурдаар өсөн дэвшсэн юм.

Дунд сургуулиас “Сарнайн хувьсгал” хүртэл...

М.Саакашвили 1967 оны өвлийн хамгийн урт шөнө тохиохоос нэг хоногийн өмнө Гүржийн Тбилиси хотноо сэхэтэн айлд төржээ. Эцэг Николоз Саакашвили нь Тбилисийн нэгэн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил хийдэг байсан бол ээж Гиули Алсания Тбилисийн Их сургуульд багшилдаг байжээ. Михайлыг дөрвөн настай байхад эцэг нь гэр бүлээ хаяж одсон аж.  Тэрбээр 1984 онд буюу өөрчлөл байгуулалтын салхи сэвэлзэж эхлээд байсан түүхэн цаг хугацаанд Тбилисийн 51 дүгээр дунд сургуулийг төгсөөд Киевийн Их сургуулийн Олон улсын харилцааны факультетад элсэн оржээ.

Нэг бус хэвлэлд түүнийг эсэргүүцлийн ажиллагаа явуулсан учир сургуулиа төгсч чадалгүй хөөгдсөн хэмээн бичдэг ч өөрөө энэ талаар ярихаас зайлсхийдэг. “Перестройка” бүрэн утгараа хэрэгжиж, станууд биеэ даасны дараа тэрбээр АНУ-ыг зорьж, Колумбийн Их сургуулийг хуульч мэргэжлээр төгсчээ. Үүнээс өмнө 1989-90 онд хугацаат цэргийн алба хаагаад амжиж. Дараа нь Страсбургийн Их сургуульд хууль ч мэргэжлээ “хүний эрхийн хуульч” болгон гүзгийрүүлсэн байна. 

“Батганын толгой”-ноос “Барын толгой” болсон

Түүний тухай М.Саакашвили бол “Сарнайн хувьсгал”-ыг эхлүүлтлээ тархиа цэнэглээд л, бусдыг дагуулах их авьяасаа хав дараад л Голландад байгаад байсан хүн, нэг ёсондоо бараг л гэнэт гарч ирэгч гэсэн яриа дэлхийд их тархсан. Гэхдээ мань хүн амьдралынхаа арван хэдэн жилийг суралцаж өнгөрөөсөн нь үнэн боловч завсраар нь Норвег, Итали, Америкийн Patterson, Belknap, Webb & Tyler зэрэг дэлхийд алдартай хууль зүйн товчоодод ажиллаж байсан юм. Эдгээр товчоод нь Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудад дөнгөж хүчээ авч эхэлж байсан газрын тос болон байгалийн хий олборлох төслүүд дээр хамтардаг байжээ.

Улс төрд ч харьцангүй эрт буюу 1996 оноос орж ирсэн. 1995 онд найз Зураб Жваниягийнхаа дуудлагаар нутагтаа хөл тавьсан тэрбээр дараа жил нь андынхаа тэргүүлдэг Гүрж иргэдийн зөвлөл” намаас Парламентын гишүүнд нэр дэвшин ялалт байгуулжээ. Улмаар 1998 оноос Парламентад намынхаа нэртэй фракц байгуулан даргаар нь ажиллах болсон байна. 

Хоёр жилийн дараа Ерөнхий сайд Георгий Арсенишвилийн танхимд хууль зүйн салбарыг хариуцан ажиллаж үзсэн ч ганцхан жил болоод сайн дураараа огцорчээ. Ерөнхийлөгч Эдуард Шевардназе болон танхимынхаа нөхдийг авлига хээл хахуульд идэгдсэн, хүнд сурталтай хэмээн буруутгасан юм.

Энэ үеэс тэрбээр “Үндэсний хөдөлгөөн” хэмээх улс төрийн байгууллага үүсгэж орост элэгтэй ханддаг нэр бүхий зүгтгэлтнүүдтэй ил, далд толхилцох болсон бөгөөд дайсантай болохынхоо хэрээр нөхдийнхөө ч тоог нэмж байлаа. “Үндэсний хөдөлгөөн” байгуулагдаад ганцхан сарын дотор 20 мянган дэмжигчтэй болж байсан гэдэг.

2003 оны арван нэгдүгээр сарын 5-д М.Саакашвилигийн удирдсан сөрөг хүчний лидерүүд Тбилисийн төв талбайд цуглан “Сарнайн хувьсгал” хийх үндсийг тавьжээ. Тэрбээр 2004 онд Э.Шевардназег түлхэн унагаж Ерөнхийлөгчийн суудалд заларснаасаа хойш нэг удаа дахин сонгогдсон юм. Гүржийн ард түмэн түүнийг хэрхэн хүндэлдгийг 2007 оны нэгдүгээр сарын 4-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд 96.27 хувийн санал авсан явдал гэрчилнэ.

Оросын нөлөөг эсэргүүцэгч

ОХУ одоо ч гэсэн хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудыг түшмэг улс маягаар загварчлахыг оролдсоор байдаг гэдэг нь хэнд ч тодорхой. Тэд энэ зорилгоо хэрэгжүүлэхээр “ОХУ болон хараат бус орнуудын хамтын ажиллагааны байгууллагын орнууд глобальчлагдах нь” гэх мэтийн нэртэй уулзалтуудын ямар нэгэн байгууллагын нэр дээр захиалан гүйцэтгүүлсээр ирсээр ирсэн. 

Харин М.Саакашвили Ерөнхийлөгч болсноосоо хойш ОХУ-аас илүү АНУ-ыг стратегийн түншээрээ сонгосон нь ихээхэн ухаалаг шийдвэр болж, Гүржийг АНУ-ын Дундад Ази дахь хамгийн гол түнш болгосон. Чухам энэ чадварыг нь Украин улс ашиглахаар түүнийг урьсан юм.

Эх орондоо “ОХУ-тай таарамжгүй харьцаа үүсгэсэн” гэж муугаар хэлэгддэг ч Гүрж улсыг нээлттэй, ардчилсан улс хэмээн танигдахад түүний оруулсан хувь нэмэр зүйрлэшгүй. Украин түүний чухам энэ чадварыг нь ашиглахын тулд П,Порошенкогийн үед урьсан билээ. Хожим П.Порошенкотой муудаж, украин эр түүнийг эх орноосоо хөөсөн ч В.Зеленский Ерөнхийлөгч болсныхоо дараа буцааж авчирсан нь М.Саакашвилийн ажлын туршлага, чадвар зангаргыг харуулсан хэрэг болсон билээ.

Оросууд энэ томилгоог "Шоу" гэж нэрлэдэг ч М.Саакашвили Гүржид авлигатай маш амжилттай тэмцэж байсан туршлагаа Украинд ч үр дүнтэй хэрэгжүүлсэн юм.     

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-11 15:27

Толгой чадвар сайтай хүмүшс анхнаасаа л бак�##�аврын боловсролоосоо шууд сайн сургуульд элсэж орж сур�##�цаж чаддаг

Зочин
Зочин
2023-03-12 19:26

МАНАЙ МОНГОЛД ХОЙД СОЛОНГОСЫН КИМ ЧЕН УГ ЕРӨНХИЙ ПРОКУРООР УРД ХӨРШИЙН СИ ДАРГЫГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ГАНЦХААН ЖИЛ ТАВИАД ЭНЭ НӨХДҮҮД УГААСАА АВИЛГА ХЭЭЛ ХАХУУЛЬ АЛБАН ТУШААЛ ЭХ ОРНОО ХУДАЛДСАН ХЭРЭГ ДЭЭР Л АЖИЛЛАНА ГЭСЭН ГЭРЭЭТЭЙГЭЭР АВЧИРЬЯА.БУЦАХАД НЬ АЗАРГА АДУУ ХОНЬ ҮХЭР ӨГНӨӨ СААКАШВАЛИ БОЛХООРОО ХЭТЭРХИЙ ЗОРИГТОЙ ЖИНХЭНЭ МУЖИК ЦӨС ИХТЭЙ ГҮРЖ ШҮҮ МОНГОЛЫН ТӨР ҮНЭНДЭЭ ЭДГЭЭР САЙН ЖИШЭЭНЭЭС СУРАЛЦАХГҮЙ БАЙНА БҮГДЭЭРЭЭ ХУЛГАЙЧ БОЛОХООР АМАР ЮМ ДАА МОНГОЛ ШИГ ИХ ХУРЛЫХАА ИНДЭР ДЭЭРЭЭС САЛААВЧАА ӨГӨӨД АДИЛХАН ХУЛГАЙЧ БАЙЖ БИТГИЙ ХУЦ ХАМТ ШОРОНГИЙН НААРАНД ЗЭРЭГЦЭЖ ХЭВТИЙ ГЭЖ ОРИЛДОГ ИЙМ ХӨГИЙН ПАРЛАМЕНТТАЙ УЛС ОРОН БАЙНА УУ? ҮЗМЭЭР БАЙНА

Холбоотой мэдээ

Back to top button