Гадаад мэдээДЭЛХИЙ

Израиль: Түүхэн дэх хамгийн том хямрал намжлаа

-Б.Нетаньяху Шүүхийн хараат бус байдалд халдах оролдлогоо хойшлуулав-

Израиль улсад өнгөрсөн нэгдүгээр сараас хойш үргэлжилсэн Засгийн газар, Шүүх эрх мэдлийн хоорондын тэмцэл Засгийн газар буулт хийснээр өнөөдрөөс намжлаа. Тус улсын хамгийн том үйлдвэрчний эвлэл асуудалд оролцож, өчигдөр буюу даваа гарагт өргөн хүрээтэй ажил хаялт зохион байгуулсны дараа Ерөнхий сайд Б.Нетаньяху Шүүхийн тухай хуульд оруулах өөрчлөлтийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаагаа зарлажээ. Тэрбээр ард иргэдээ хагаралдуулахаас сэргийлэхийн тулд ийнхүү буулт хийж байгаагаа тайлбарласан байна. Гэхдээ санаанаасаа бүрмөсөн буцаагүй, “хойшлуулсан” нь “галыг түр намжаасан” хэрэг болж байгааг шинжээчид сануулж байна. Сөрөг хүчний лидер Яир Лапид энэ удаагийн үйл явдлыг улс оронд нүүрлэсэн хамгийн том хямрал гэж нэрлэсэн юм.

“Хэрүүлийн алим” болсон Шүүхийн тухай хуульд юу гэж заасан бэ

Израильд үүсээд байсан иргэдийн эсэргүүцэл, төр, иргэний талцал Ерөнхий сайд Бениамин Нетаньяху Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Парламентаар хэлэлцүүлэхээр завдаж байгаагаа зарласан нэгдүгээр сарын 4-нөөс эхэлсэн юм.

Хуульд  “Улсын Дээд шүүхийн шийдвэрийг Парламент ердийн олонхын саналаар хүчингүй болгож болно” гэх,  шүүх эрх мэдэл, шүүгчийн хараат бус байдалд шууд халдсан шинжтэй заалт орсон нь тус улсын нийгмийн бараг бүх давхарга, тэр дундаа хүчирхэг цэрэг армийнхны дургүйцлийг төрүүлснээр эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж эхэлжээ.

Б.Нетаньяху хууль өөрчлөх болсон шалтгаанаа “Шүүхүүд эрх мэдлээ хэтрүүлэхийг зогсоохын тулд” гэж тайлбарласан ч иргэд “Ерөнхий сайд буюу өөрийнхөө эрх мэдлийг баталгаажуулах оролдлого хийж байна” гэж үзсэн юм.

Өөрөөр хэлбэл, хээл хахууль авсан, залилан мэхэлсэн, итгэлийг эвдсэн зэрэг үндэслэлээр шалгагдаж буй Б.Нетаньяхуд хариуцлага тооцох, итгэл үзүүлэх эсэх буюу огцруулахад хүндрэл учирна гэж эсэргүүцжээ.

Санаачилсан хүн нь Б.Нетаньяху хэмээх хуулийн байгууллагад асуудалтай этгээд болохоос ерөөс хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал нь шүүх эрх мэдэлд огт халдаж болохгүй гэсэн үзэл бодол ч жин дарж байна.

Үе, үе сэргэж, намжиж байсан хөдөлгөөн өнгөрсөн долоо хоногт эрчимжсэн нь Б.Нетаньяху хуулийн шинэчлэлийг эсэргүүцэж үг хэлсэн Батлан хамгаалахын сайдаа огцруулсантай холбоотой юм. Түүний энэ үйлдэл эрх мэдэлээ хадгалж үлдэх, шүүхийн хараат бус байдалд нөлөөлөхийн тулд хэтэрхий улайрсан гэсэн сэтгэгдлийг нийгэмд төрүүлж, үйлдвэрчний эвлэлүүдийг шийдвэртэй арга хэмжээ авахад хүргэжээ.

Өчигдрийн ажил хаялтад гол, гол нисэх онгоцны буудлаас дэлгүүр, банкнаас өгүүлээд эмнэлэгийн үйлчилгээ хүртэл зогссонд Б.Нетаньяхуг түр буулт хийхэд нөлөөлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button