Top StoriesХөрөнгийн, Крипто зах зээлЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн ярилцлага

Байр суурь: Банкуудын IPO-ийг гадаадын хөрөнгө оруулагчид сонирхож буй ч эрсдэлтэй цаг үед хийж байна

Системийн таван банкны гурав дахь банк болох Хаан банк IPO-ийн урьдчилсан захиалгаа аваад удаагүй. Эхний өдрөө 102 хувийн биелэлттэй байсан нь өмнөх хоёр банкаасаа дутахааргүй амжилттай үзүүлэлт билээ. Гэсэн хэдий ч "Голомт банк" болон "Төрийн банк" ХК-ийн хувьцааны ханш уналттай байгаа. -Хаан банк"-ийг тэдний эгнээнд нэгдэх вий гэх болгоомж хөрөнгө оруулагчдын дунд бий. Нөгөө талаараа банкуудын IPO амжилттай байгаа нь хөрөнгийн зах зээлд эерэг үр дүнгүүдийг үүсгэнэ хэмээж буй.

Одоо IPO-ийн захиалгаа аваагүй системийн хоёр банк үлдлээ. Тэд бол "ХАС" болон "Худалдаа хөгжлийн банк" юм. Системийн таван банк энэ оны эхний хагас гэхэд хуулийн дагуу IPO-оо зарлаж дууссан байх ёстой билээ. Тэгвэл Хөрөнгийн бирж, Монголын банкны холбоо болон эдийн засагчид банкуудын IPO-д ямар байр суурьтай байгаа талаар хүргэе.

Х.Алтай: Хаан банкны IPO-д гадаадын хөрөнгө оруулагч орж ирж байгаа

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай дараах байр суурийг илэрхийлэв.

-IPO хийсэн эхний хоёр банкны хувьцааны ханш уналттай байгаа. Тогтворжих төлөв бий юү?

-Хөрөнгийн зах зээлийн тухайн нөхцөл байдлаас шалтгаалж хувьцааны ханш хэлбэлздэг. Урьдчилан таамаглах боломжгүй зүйл шүү дээ. Системийн эхний хоёр банкны хувьцааны ханш өсөх үү, буурах уу гэдгийг зах зээлийн нөхцөл байдал хийгээд эдийн засгийн орчныг анзаарч, судалж, анализ хийж байж мэдэх боломжтой. Мөн тухайн байгууллагын орлого, зардал, ашиг гэх мэтээс шууд хамааралтай.

-Олон нийт банкны хувьцаа худалдаж авах нь зах зээлдээ ямар нөлөөллийг үзүүлэх вэ?

-Хөрөнгийн зах зээл дээр гарч буй бүтээгдэхүүний чанар нэг үеэ бодвол сайжирсан. IPO бол санхүүгийн зах зээлийн нэг бүтээгдэхүүн. Тиймээс хөрөнгийн гэлтгүй эдийн засгийн зах зээлд маш том нөлөө үзүүлнэ. Олон нийт үүнийг худалдаж авч буй нь тухайн байгууллага, компанийг санхүүжүүлж буй хэлбэр. Тэгэхээр банкны IPO худалдаж авч буй нь тухайн банкийг санхүүжүүлж байгаа гэсэн үг.

Банк гэдэг бол хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байдаг хэсэг. IPO хийснээр банкны харилцагч байсан бол эзэмшигч болж хувирах юм. Банкдаа итгэж олон жил үйлчлүүлснээр хувьцааг худалдан авах сэдэл, итгэл төрдөг. Энэ нь эргээд хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагчдыг нэмэх хөшүүрэг болох юм.

-Банкууд яагаад IPO зарлаж буйгаа ч ойлгохгүйгээр хуулийн дагуу гэх шахалтаар хувьцаагаа олон нийтэд санал болгож буй мэт харагдаж байна л даа?

-Банк олон нийтийнх болсноор шинэ түвшинд очиж байна. Хэдийгээр хуулийн дагуу ХК болж буй мэт харагдавч эцсийн дүндээ банкууд хувьцаагаа арилжаалж, хөрөнгийн зах зээл рүү орж ирэх ёстой байсан. Иргэд сайн дурын үндсэн дээр хувьцаа худалдан авдаг. Тэд хувьцаанаас ногдол ашиг хүртэх боломжтой юм. Ингэснээр иргэд зөвхөн хадгаламжийн хүүгээр мөнгөө өсгөхгүйгээр бусад эдийн засгийн салбарт мөнгөө өсгөх боломжтойг ойлгоно. Тэр дундаа хөрөнгийн зах зээлд. Хадгаламжийн хүүгээр мөнгөө өсгөж болох ч урт хугацаандаа хөрөнгө оруулалт хийж, ногдол ашгаар мөнгө өсгөх аргад суралцахад ихээхэн үүрэг гүйцэтгэнэ.

Монголын томоохон аж аухйн нэгжүүд хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалдаг. Банкууд өөрсдөө монголын томоохон аж ахуйн нэгжүүд юм. Тиймээс тэднийг даган шинэ хөрөнгө оруулагчид ихээр орж ирж, энэ салбар тэлнэ. мэдээж хэрэг эхний хагас жилийн хугацаанд бүх банк IPO зарласнаар эдийн засгийн өсөлт нэмэгдэх хүлээлттэй байгаа энэ жилийн өсөлтөд нөлөөлж чадна гэж бодож байгаа. Эерэг үр нөлөө ихтэй. Одоогоор урьдчилсан тооцоо байхгүй байна. Энэ салбар богино хугацаанд хувьсаж байдаг гэдгийг санах хэрэгтэй.

-Гадаадын хөрөнгө оруулагчид банкны IPO-д орж ирэв үү?

-Дотоодын хөрөнгө оруулагчид их бий. Дийлэнхийг бүрдүүлж буй нь гарцаагүй. Гадаадын хөрөнгө оруулагчид ч сонирхож байгаа юм билээ. Хаан банкны IPO дээр гадаадын хөрөнгө оруулагчид орж ирж байгаа гэх мэдээлэл бий. Юутай ч банкуудын хувьцаа хөрөнгө оруулагчдыг цаг ямагт татаж байгаа.

Л.Амар: Дэлхийн хөрөнгийн зах зээл хямралтай байгаа үед 20 хувьд хүрэх нь амаргүй

Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар хөгжингүй орнуудын эдийн засаг суларч, банкууд нь дампуурч, хөрөнгийн зах зээл нь хямралтай байгаа энэ үед 20 хувьд хүрнэ гэдэг нь амаргүй гэх байр суурийг илэрхийлэв.

-Олон нийтийн зүгээс банкуудыг хүүгүй мөнгө татахын тулд хөрөнгийн зах зээлд нэгдэж байгаа гэх хардлага бий. Өөрсдийн хөрөнгө нь жил бүрийн тайланг харахад нэмэгдсэн тооцоотой байгаа шүү дээ?

-Хөрөнгийн болон зээлийн гэх хоёр зах зээл бий. Хөрөнгийн зах зээлийн хөгжил сул байсан. Уг зах зээлийг дэмжих, банкуудын нээлттэй ил тод байдлыг бий болгох үүднээс төрөөс шахаж хийж байгаа зүйлийн нэг нь банкуудын IPO юм. Тэгэхээр хуулийн дагуу л банкууд IPO хийж байгаа хэрэг. Тэгэхээр ямарваа нгэн байдлаар хардах гэж буй бол төрийг нь хардах нь зүй биз.

-Системийн таван банкны гурав дахь буюу Хаан банк хувьцааныхаа урьдчилсан захилгаа авч байгаа. Анхдагч зах зээлд гарах үед нь өмнөх хоёр банк шигээ ханш нь унах вий гэх хүлээлт иргэдийн дунд бий?

-Хувьцааны үнийг олон улсын мэргэжлийн байгууллагуудаар тогтоолгож байгаа. Зах зээл дээрээ хувьцааны ханш унаж, өсөж байдаг. Зарчим нь тийм. Хоёр банк IPO хийсний дараа олон улсад болон улс төрийн томоохон савлагаа үүссэн. Үүний нөлөө л харагдаж байгаа. Эдийн засгийн сэргэлттэй, банкуудын ашиг орлого сайн байгаад, аудитын тайлангууд нь гарч байгаа энэ үед хувьцааны ханш хэлбэлзэж буй нь хэвийн үзэгдэл гэж бодож байна.

-Гадаадын хөрөнгө оруулагчид манай улсын банкны IPO-г хэр сонирхож байна?

-Гаднын хөрөнгө оруулагчид манай улсад Оюу толгой, эсвэл уур уурхайн салбараас өөрөөр төдийлөн хөрөнгө оруулдаггүй. Банкны салбар бол харьцангуй гадныхны сонирхлыг татах салбар боловч дэлхийн улс орнуудын нөхцөл байдал хүнд байна. Хөгжиж буй орноос хөгжингүй улс руу хөрөнгийн урсгал чиглэж байна. Хүүгийн түвшин тухайн улсуудад нэмэгдэхээр хөгжиж буй улсуудаас мөнгө урсах нөхцөл байдалтай байгаа. Тиймээс гаднын хөрөнгө оруулагчид монголын зах зээлд хөрөнгө оруулах нь сул.

Банкуудын IPO-д дотоодын хөрөнгө оруулагчид түлхүү оролцож байна. Хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах сонирхол нэмэгдсэнд банкуудын хувьцааны эрэлт өссөн. Эхний өдрөөсөө л захиалгаасаа давж биелж байна. Тиймээс нэмэлт хөрөнгө оруулалтыг татах боломж нэмэгдэнэ гэж таамаглаж байгаа. Хөрөнгийн зах зээлд ийм том тоглогчид орж ирснээр бүтээгдэхүүний чанар, тоглогчид нэмэгдэнэ.

-Банкуудын IPO-г одоо хийж буй нь хэр цагаа олсон бол?

-Эдийн засаг эргээд сэргэж буй үед банкуудын IPO-г хийж буйд одоогоор банкуудаас гомдол санал ирээгүй. Харин 20 хувийн хязгаарт хүрэх гэх асуудал бий. Аливаа этгээд дангаараа болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээнд хязгаар тогтоож, тухайн банкны гаргасан нийт хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байх зэрэг зохицуулалтыг тусгаж өгсөн.

IPO хийхдээ банкууд 5-20 хувиа гаргаж байгаа. Нэг хувьцаа эзэмшигч нь 20-оос хэтрэхгүй болгож өөрчлөх, нэлээд том хөрөнгө татах үйл ажиллагаа бий. Үүнийг хойшлуулахгүй бол болохгүй. Энэ жил тэр зорилтдоо хүрнэ гэдэг нь амаргүй. Хөгжингүй орнуудын эдийн засаг суларч, банкууд нь дампуурч, хөрөнгийн зах зээл нь хямралтай байгаа энэ үед 20 хувьд хүрнэ гэдэг нь амаргүй зорилт.

Б.Лакшми: Зах зээл дээр 20 хүртэлх хувиа арилжаалж чадахгүй бол төр оролцоно гэх заалт бий. Нөхцөл байдлыг харсан ч банкны IPO хийхэд тохиромжгүй үе

Албаны хүмүүс дээрх байр суурьтай байгаа бол эдийн засагч Б.Лакшми цаг хугацааны хувьд төдийлөн оновчтой бус үе хэмээн тодорхойлов.

-IPO хийсэн банкуудын хувьцааны ханш эхнээсээ уналттай байна. Банкууд IPO хийх зөв цаг үе мөн үү?

-IPO хийх цаг үе нь оновчгүй байсан гэж бодож байна. Учир нь хүмүүсийн худалдан авах чадвар буурсан, хоёрт, IPO хийхдээ урьдчилж хяналтын механизмаа сайжруулах шаардлагатай байсан гэж бодож байна.

Учир нь IPO бэлтгэл, гаргах, дараах үе гэх гурван ангилалд авч үзвэл бэлтгэл ажил нь өргөн хүрээнэд хууль, санхүү гэх мэт төрөл бүрийн хүмүүс банкуудын тайланг авч, судалж, үнэлгээ хийж, хэр хэмжээний хувьцаа гаргах, ямар үнэтэй байх гэх мэтийг тооцдог. Үүний үндсэн дээр хувьцааны ханшийг тогтоодог.

IPO гаргах үйл явц нь ерөнхийдөө тодорхой байдаг. Харин дараагийн үе нь хамгийн чухал үе юм. Учир нь өөрсдийн үйл ажиллагаа, мэдээ мэдээллийг зохист байдлаар олон нийтэд түгээж байх ёстой. Хоёрдугаарт, дотоод менежмент, эрсдэл, засаглалаа сайжруулах хэрэгтэй. Гуравт, санхүүгийн тайлагнлал нь чухал. Санхүүгийн тайлан нь олон улсын станартын дагуу байх, хугацаа бүрд нь өгч байх ёстой.

Монгол Улсын хэмжээнд аваад үзэхээр эрх зүйн орчинд нь ямар байх ёстойг нарийвчлан зааж өгөөгүй мэт харагдаж байгаа. Эхний үедээ урьдчилсан байдлаар захиалга нь сайн байлаа гэж байгаа боловч тайлангаас эхлээд буруу менежменттэй явснаар хувьцааны ханш нь унах эрсдэл учирч байна.

-Хуулиндаа эхний хагас жилийн дотор банкуудыг IPO хийх ёстой хэмээн заасан. Банкууд хуулиа дагахын тулд л хүчээр IPO гаргаад байгаа юм биш үү гэх хардлага байна л даа?

-Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад системийн таван том банк богино хугацаанд IPO гаргаж буйг буруу гэж харж байгаа. Учир нь санхүүгийн зах зээл дэлхий даяар доголдсон, уналттай, дампуурсан дүр зураглалтай байгаа нь 2007-2008 онд болсон санхүүгийн хямрал болох гэж байна гэх урьдчилсан таамаглалтай байна. Ийм үед Монголд IPO гаргаж буй нь эрсдэлтэй гэсэн үг.

Хэдийгээр Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа ч гэсэн эдгээр банкууд гадаад хөрөнгө оруулагч, тодорхой хэмжээний эх үүсвэртэй. Нэг банк нь дампуурахад л эргээд татах эрсдэлтэй. Мөн цар тахал, Орос-Украины мөргөлдөөн, Хятад хилээ хаасан зэрэг нь эдийн засгийн хүндрэлийг үүсгэснээс улбаатайгаар хойшлуулаад байсан банкны IPO-оо муйхарлаад дайрч хүчээр гаргасан нь банкуудын үйл ажиллагааг доголдуулж, унагаах эрсдэлтэй юм.

Хуульд нэг сонин заалт бий. Зах зээл дээр 20 хүртэлх хувиа арилжаалж чадахгүй бол Монголбанканд өргөдөл өгч, төр авна гэх заалт байгаа. Алагдалтай төсөвтэй, өчнөөн өртэй байгаа төр нь эргээд энэ зах зээлд орж ирэх шаардлага байгаа юу, бодох л асуудал. Тиймээс банкуудын IPO эргэлзээтэй болвол төр оролцоно гэх тодорхойгүй асуудал ч эл сэдвийг дагаж байна.

-Банкуудын IPO эдийн засгийн өсөлтөд хэр нөлөө үзүүлэх вэ?

-Банкуудын IPO эдийн засгийн өсөлтөд томоохон нөлөө үзүүлэхгүй гэж болгоомжилж байна. Таван банкны хувьд зах зээлдд арилжаалж буй хувьцааг нь худалдан авах чадвар нийгэмд хангалттай хэмжээндд байхгүй гэж харж байгаа. Мөн хувьцаа авахын тул өр шир тавих, байраа барьцаалах, зээл авах гэх мэт асуудлыг даамжруулах вий гэх болгоомжлолтой байна.

Нэмж хэлэхэд банкуудын хувьцааг хэн худалдаж авч байгааг анхаарах хэрэгтэй. Дотоодынх үү, гадаадынх уу, хэр хэмжээтэйгээр хувьцааг нь авч байгаа гэх мэт мэдээллүүдийг ил тод болгох хэрэгтэй юм. Ашиг сонирхлын зөрчилтэй хуулийн этгээд худалдаж авсан байвал түүнд борлуулахгүй байх, хувьцааг нь худалдаж авах гэх мэтээр ямар нэгэн байдлаар зохицуулах шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button