Ерөнхий сайд ба Илон Маск: “Старлинк”-ийг хяхах тушаалыг жилийн дараа цуцлах нь
Тусгаар улсын Засгийн газрын тэргүүн олон улсын харилцааны хүрээнд өөр орны төрийн өндөр албан тушаалтантай л албан ёсны уулзалт, яриа хэлэлцээр хийдэг жишиг бий.
Харин хоёр өдрийн өмнө манай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхийн тэрбумтан, “Тесла” компанийн үүсгэн байгуулагч Илон Масктай цахимаар уулзлаа. Олон улсын харилцааны реалист үзэл баримтлалаар бол “Тогтсон дүрэм гэж байхгүй”. Илон Масктай ийн “дүрэм эвдэж” уулзах болсон үндсэн шалтгаан нь мэдээж “Старлинк” интернэт сүлжээг Монгол Улсад нэвтрүүлэх тухай асуудал юм. Нөгөө талаар Засгийн газрын тэргүүн өөрөө улс орноо төлөөлөн дэлхийн хэмжээний бизнес эрхлэгчтэй уулзалт хийсэн нь эерэг жишгийг ч үүтгэл болов.
“Старлинк”-д зориулж хоёр хууль өөрчилнө
Цахим уулзалтын маргааш Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийх үеэрээ хэд хэдэн анхаарал татах өнцөг дурдлаа. Үүнд,
- “Старлинк”-ийг заавал газрын станц байгуул гэж шаардах нь утгагүй.
- Татварын хөнгөлөлт үзүүлэх хэлбэрээр үйл ажиллагаа явуулах боломжийг нээнэ.
- Үүний тулд хоёр ч хуульд өөрчлөлт оруулна.
- Тодруулбал, А ба Б хоёр зөвшөөрлийг заавал хоёр тусдаа компани авдгийг болиулна. Нэг үгээр “Старлинк” А, Б зөвшөөрлийн хоёуланг нэг компани дээрээ авах боломжийг бүрдүүлнэ гэснийг тодотгож болох юм.
“Старлинк” Монголд салбар компаниа байгуулсан нь 2022 оны гуравдугаар сар.
Өөрөөр хэлбэл жил тойрсон ч дэлхийн олон оронд үйл ажиллагаагаа тэлсээр буй хүчирхэг компани ийн хүлээгдмэл байдалд шилжсэн нь анхаарал татдаг. Харин анх компаниа байгуулсны нь нэг сарын дараа БШУ-ы сайд Л.Энх-Амгалан (Тухайн үед ЦХХХ-ы сайдын үүргийг хавсран гүйцэтгэж байсан) “Монгол Улсад нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл батлах тухай” тушаалыг баталсан билээ.
“Старлинк”-д зориулсан тушаал: Газрын станц байгуул, монгол компаниудаас түрээсэл
Ямар тушаал вэ гэхээр,
- Газрын станц байгуулж, интернэтийг нь Монголоос хангах
- Холболтын төхөөрөмжөө Монголын компаниудаар дамжуулах, эсвэл өөрсдөө салбараа нээх гэсэн хоёр анхаарал татах зүйлтэй.
“Старлинк” нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашигладаг, өмнө нь Монголд ийм чиглэлийн компани байгаагүй тул эл тушаал нь шууд Илон Маскт чиглэсэн шинжтэй харагддаг.
Ерөнхийд нь ойлгомжтой тайлбарлавал, “Старлинк” хэрэвзээ үйл ажиллагаа явуулна гэвэл,
- Заавал газрын станц байгуулна
- Интернэт сүлжээгээ Монголдоо тусгай зөвшөөрөл авсан компаниудаас түрээсэлж хэрэглэх шаардлагатай болсон гэсэн үг.
Атал Монголд интернет сүлжээгээ түрээслэх эрхтэй дөрвөн компани бий нь,
- УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн “Жем нет”
- Р.Ганзориг захиралтай "МТ нэтворкс"
- Д.Дагвасүмбэрэл захиралтай "Мобиком нэтворкс"
- Болон төрийн өмчит "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХК юм.
Өөрөөр хэлбэл,
Харин өдгөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Илон Масктай уулзсаны дараа дээрх тушаалын эсрэг нөхцөл байдлыг үүсгэх тохироонд хүрсэн байна.
Өөрөөр хэлбэл, А ба Б тусгай зөвшөөрлийг “Старлинк” өөрийн компанид авах боломж бүрдүүлнэ гэсэн нь заавал интернэт сүлжээг бусдаас түрээслэх шаардлагагүй болгох агуулгатай.
Түүнчлэн “Заавал газрын станц байгуулна” гэсэн зүйл заалтыг ч буцаасан хэмээн ойлгогдож байна.
Сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нар оролцсон нь
“Старлинк” Монголд орж ирэх сургаар, дэлхийн хэмжээнд хөлөө олсон компанийг “Манайхыг түрээсэл” гэсэн хандлагаар шахах, өөрсдийн үйл ажиллагаанд эерэг нөлөө авчрах процесс ийн өрнөсөн гэлтэй.
Тухайлбал, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан өөрөө энэ салбарт олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй “Юнител”, “Юнивишн”-ий толгой компани болох “MCS”-ээс угшилтай.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн улс төрийн нөлөөлөл ч үүнд орж ирсэн дүр зураг харагддаг.
Угтаа “Старлинк” дэлхийн аль ч улсад үйл ажиллагаа явуулахдаа бүс нутгийн интернэтийг нь ашиглаж байгаа юм. Ийм ч учраас зөвхөн “Манай зөвшөөрөлтэй компаниудаас түрээсэл”, “Газрын станц байгуул” гэсэн нь тулгалт гэж харагддаг.
ЦХХХ-ы сайд Н.Учрал өчигдөр мэдээлэл хийхдээ “Малчид өөрсдөө төхөөрөмжөө худалдаж аваад, хиймэл дагуулын интернэтэд холбогдох бүрэн боломж байхад бид заавал газрын станц байгуул гэж шаардах нь утгагүй” хэмээн дурдсаныг энд тэмдэглэе.
Нэг талаас, гадаадын зөвхөн нэг томоохон компанийг улсдаа нэвтрүүлэхийн тулд татварын хөнгөлөлт үзүүлэх, хоёр ч хуульдаа өөрчлөлт оруулах шийдвэрт хүрсэн нь шүүмжлүүштэй л хэрэг.
Гэхдээ үүний цаана, өмнө нь улс төр, бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхлоор тавигдаж ирсэн тулгалтыг буцаасан процессыг дээрх байдлаар харж болно.
Сэтгүүлчийн тэмдэглэл:
Монгол Улсыг яв явсаар зөвхөн Улаанбаатар хотоор төсөөлөх хандлага бидэнд, өөрсдөд ч суужээ. Авчиг хөдөө орон нутгийн ихэнх бүс нутаг интернэт битгий хэл үүрэн телефоны сүлжээнд холбогдож чадаагүй хэвээр байгаа. Энэ хэсэгт өөрсдийн одоогийн нөөц боломжид тулгуурлан интернет сүлжээг нэвтрүүлнэ гэвэл боломж бололцоо бүрхэг. Хэдийгээр “Үүргийн сан” байгуулж, энэ агуулгаар компаниудад төр татаас олгож байгаа ч энэ нь хангалтгүй гэдгийг Н.Учрал сайд онцлов.
Нөгөө талаар Илон Маскийн сүлжээ Монголд амжилттай нэвтрэх нь олон талаар давуу тал үүсгэх юм.
Аливаа томоохон шинэчлэл зүг алхахад дотоодын улс төрөө дийлдэггүй тогтсон хандлагыг бид уул уурхайн салбараас олонтой харж ирсэн. Яв явсаар тусгаар улсын Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүн нь өөрөө нохойд барьдаг мод лугаа адил адаг сүүлдээ оролцдог жишиг тогтох нь ээ.
Нэн ялангуяа энэ кэйсийн хүрээнд, Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын гишүүн, сайд нь өөрөө "Старлинк"-ийг хяхах тушаалд гарын үсэг зурсан нь анхаарал татдаг.
Далимд, нам орбитын хиймэл дагуул ашиглах чиглэл бүхий “Ондо” ХХК ч энэ хугацаанд бусад монополь компаниудын шударга бус өрсөлдөөнтэй нүүр тулж байгаа. Тусгай зөвшөөрөл авсны нь дараа бусад үүрэн телефоны оператор компаниуд харилцан холболт хийж өгөх хуультай. Гэвчиг “Ондо” үйл ажиллагаа явуулаад мөн л жил тойрсон хойно эл холболт хийгдээгүй байгаа. Үүнээс үүдэж “Ондо”-гийн сүлжээ тасалддаг, дата нь уддаг асуудал бий болоод буй.
Үндэсний үнэ цэнээ өндөрт өргөх гэвч үндэсний компаниуд нь өөрсдөө зах зээлийг сулладаггүй хандлага энэ салбараас ил тод харагдах болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.