Хятадын архины үйлдвэр зах зээлд шинэ амжилт тогтоолоо

Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй архи үйлдвэрлэгч компани Хятадын хөрөнгийн зах зээлд шинэ дээд амжилт тогтоожээ. “Квэйчоу Моутай” компанийн нэгж хувьцааны үнэ Шанхайн хөрөнгийн бирж дээр 1,001 юань ($145) хүрч арилжаалагдсан аж.
2005 онд Хятад улс хөрөнгийн зах зээлээ өөрчлөн шинэчилснээс хойш хувьцааны үнэ нь 1,000 юаний босгыг давсан анхны компани болжээ. Квэйчоу Моутай компанийн хувьцааны үнэ 69 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 1.25 их наяд юань ($180 тэрбум) боллоо. Энэ үнэлгээгээрээ Хятадын нийт нээлттэй компаниудаас зургаад жагсаж байна.
Хятадын баруун өмнөд Гуйжоу мужийн хотын нэр болох Моутай нь улсдаа хамгийн нэр хүндтэй архины брэнд гэнэ. Моутайг Хятадын үндэсний сархад хэмээн албан ёсоор зарлаж, ёслолын арга хэмжээ, хүлээн авалтуудад өргөнөөр хэрэглэдэг. “Johnie Walker” брэндийг эзэмшигч “Diageo” компанийг 2017 онд зах зээлийн үнэлгээгээр гүйцэж түрүүлснээр “Квэйчоу Моутай” нь дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй архины компани боллоо.
А.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.