Top StoriesНИЙГЭМЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Ипотек: Монголбанкнаас Засгийн газарт шилжихэд 14 хоног үлдлээ. Цаашид хэрхэх вэ

Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн бодлогын дагуу энэ оны эхний хагаст ипотекийн хөтөлбөрийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэхээр болсон. Ердөө хоёр долоо хоногийн хугацаа үлджээ. Энэ хугацаанд зээлийн хөтөлбөр цаашид хэрхэх талаарх мэдээлэл бүрэн гүйцэд тодорхой болоогүй байна.

Угтаа бол урт нэрт хуулийн хүрээнд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Засгийн газарт шилжүүлэхээр болсон хэдий ч хэрхэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүсэж, улмаар энэ оны эхний хагаст шилжүүлэхээр болсон.

-Ипотекийн зээлийн хөтөлбөрийг БХБЯ-ны дэргэд харьяа нэгж байгуулж, үйл ажиллагааг үргэлжлүүлнэ-

Тэгвэл эл асуудлын хүрээнд Сангийн болон Барилга хот байгуулалтын яам, Монголбанк тэргүүтэй тал талын оролцоотой ажлын хэсэг бий болжээ. Үүний хүрээнд орон сууцны хөтөлбөрийг Барилга, хот байгуулалтын яамны дэргэд харьяа нэгж байгуулах аж.

Энэ талаар Барилга, хот байгуулалтын яамнаас тодруулахад "Ажлын хэсэг бүхий л боломжит хувилбарыг судалж байгаа. Санхүүжилтийн эх үүсвэрийг хэрхэх, хуулийн тогтолцоонд нөлөөлөх эсэх, зээл гаргалтад сөрөг үр дагавар байгаа эсэхийг судалж байна. Одоогийн ипотекийн хөтөлбөрийн тогтолцоо нь сайн бүрдсэн. Суурь ч сайтай. Тиймээс эргэн төлөлтөөрөө дараагийн зээлийг гаргах байдлаа хэвээр хадгална.

Эдийн засаг тогтвортой болвол зээлийн хүү аяандаа буурах биз. Тухайн нөхцөлд зээл гаргах явц асуудалгүй байна. Харин зээлийн хүү өндөр байх тусам ипотекийн зээлд хамрагсад багасдаг. Зээлийн хөтөлбөрийг Монголбанкнаас Барилга, хот байгуулалтын яамны харьяа мэдэлд очно хэмээн олон нийт бодож байна. Яам 100 хувь дур мэдэн шийдвэр гаргахгүй. Тэгэх ч боломжгүй. Бид зээл олголтын энэ том тогтолцоог өөрчлөхгүй" хэмээв.

-Дэлхийн улс орон зээлийн хөтөлбөрөөр сангийн тогтолцоог давхар хөгжүүлдэг-

Ипотекийн зээлийн хөтөлбөрийг зөвхөн манай улсад хэрэгжүүлдэггүй. Энэ бол ямар ч улсын хөгжлийн бодлоготой холбогддог чухал хөтөлбөрийн нэг юм.

Банкны салбарт олгодог дөрвөн зээл тутмын нэг нь орон сууцны зээл байдаг. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 110 гаруй мянган өрх ипотекийн зээлд хамрагдаж, орон сууцтай болжээ. Улмаар ипотекийн зээлийн үлдэгдэл нь зах зээлд 6.7 их наяд төгрөгт хүрээд буй. Манай улсын төсвийн нийт зардлын 31 хувьтай тэнцэхүйц хэмжээний мөнгө гэсэн үг юм.

Их хэмжээний мөнгөний эргэлттэй уг зах зээлийг үргэлжлүүлэн авч явахын тулд улс орон бүр орон сууцны санхүүжилтийн компани буюу мэргэжлийн байгууллага оролцож, санхүүжилтийн тогтолцоог тасралтгүй хангаж ажилладаг байна.

Манай улсын хувьд энэ хөтөлбөрийн суурийг Малайз, Солонгос, Филиппин, АНУ тэргүүтэй улс орны орон сууцны санхүүжилт, ипотекийн зээлийн системд суурилж, бий болгосон. Тодруулбал, хөрөнгийн зах зээлд суурилсан байдлаар.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд иргэнд банк санхүүгийн байгууллагаас тодорхой шалгуур нөхцөлийг хангаж, ипотекийн зээлийг олгодог. Банк, санхүүгийн байгууллагаас олгосон ипотекийн зээлийг ороон сууцны санхүүжилтийн мэргэжлийн компани багцлан худалдан авч, хөрөнгийн зах зээл дээр урт хугацаат бонд, үнэт цаас болгон хөрөнгө оруулалтын тэтгэврийн, хөгжлийн гэх мэт сангуудад худалдаж, эргээд банкууд шинэ зээл олгох орон зай нь үүсэх байдлаар зохицуулсан байдаг билээ.

Манай улсын хувьд сангууд үүрэг оролцоо багатай. Гэсэн хэдий ч зээлийн хөтөлбөрийн суурь тогтолцоо нь муу биш. Өнөөдрийг хүртэл банкуудын олгосон ипотекийн зээлийг МИК хянаж, худалдан авч, үнэт цаас болгон хоёрдогч зах зээлд арилжаалж, банкуудад дараагийн эх үүсвэрийг гаргаж өгдөг.

-Арилжааны банкуудад он гарснаас хойш 700 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт иржээ-

Зээлийн хөтөлбөрийн одоогийн тогтолцоо ч хангалттай сайн. Эргэн төлөлтөөрөө дараагийн зээлийг санхүүжүүлж явах бүрэн боломж ч бий. Зогсож, зогсоож болохгүй, харин хөгжүүлэх хэрэгтэй хөтөлбөр.

Учир нь Монгол Улсын хүн амын насны бүтцээс харахад 20 хүртэлх насныхан нийт хүн амын 39 хувийг эзэлж байна. Дунд болон урт хугацаандаа энэ нь өндөр үзүүлэлт.

Хүн амын тоо өсөхийн хэрээр амьдралын орчин сайжрах шаардлагатай бөгөөд үүнийг дагаж олон төрлийн эрэлт үүсдэг. Тиймээс ч ипотекийн зээлийн эрэлт огтоос буурахгүй. Харин зээл авагчдын тоо л буурах эрсдэл бий.

Албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар Монголбанкнаас Засгийн газарт хөтөлбөрийг шилжүүлэх ажил бүрэн дуусаагүй байгаа тул баттай мэдээлэл өгөх боломжгүй гэх тайлбарыг хэлж буй. Гэсэн хэдий ч зээл гаргалтыг одоогийн өндөр түвшинд хадгалах арга замыг эрэлхийлж буйгаа онцолж байна.

Энэ он гарснаас хойш арилжааны банкуудад нийт 700 орчим тэрбум төгргийн зээлийн хүсэлт иржээ. Цаашид ч эрэлт нь өссөөр байх уг тогтолцоог хэрхэн хадгалж үлдэх, зээл гаргалтын хэмжээг бууруулахгүй байхад ямар арга хэмжээ авахыг хүлээх л үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-06-14 09:14

Ипотекийн зээлийн ачаар маш олон з�##�уус орон гэртэй болсон доо

Зочин
Зочин
2023-06-14 17:33

Самраад дуусах нь дээ.

Зочин
Зочин
2023-06-15 08:49

alert("hey")

Зочин
Зочин
2023-06-15 15:08

Нэн даруй татан буулга

Зочин
Зочин
2023-06-15 18:47

Mongol bank sain ajiillasan. Xaana mungu baigaa gazar ruu ZG dairaad baix yum. ZG oroltsoxoor boloxgui bolno doo. Zeeliin San gedeg shig

Холбоотой мэдээ

Back to top button