Сурвалжилга, Нийтлэл

Гадаадын жишээ: Сонгуулийн үеийн медиа болон сошиал сүлжээ

2024 оны УИХ-ын сонгуульд нийтээрээ хэрхэн хандаж, оролцох вэ гэсэн олон талт ойлголтуудыг иргэдийн зүгээс болон иргэний нийгмийн байгууллагуудаас гаргасаар байна. Тэгвэл олон улсад хэвлэл мэдээллийн байгууллагууд ямар үүрэг рольтой оролцдог талаарх судлагааны материал болон мэргэжлийнхний дүгнэлтийг сонирхцгоое.

СОНГУУЛИЙН ҮЕИЙН МЕДИА, ТӨСӨӨЛЛӨӨС ЗӨРСӨН НЬ

АНУ-ын түүхэн дэх хамгийн өрсөлдөөнтэй сонгуулийн нэгд зүй ёсоор багтдаг 2016 оны тус улсын ерөнхийлөгчийн сонгууль хэвлэл мэдээллийн байгууллагууд болон сошиал сүлжээний өргөн цар хүрээг хамарч байв. Хэвлэл мэдээллийн томоохон сувгууд болох Fox news, CNN, MSNBC, ABC, New York Times, CBS, NBS болон чөлөөт хэвлэлүүд мөн Фэйсбүүк сүлжээ сонгуулийн мэдээллийн хамгийн том талбар болсон юм. Сонгуулийн үеэр хэвлэлүүд нээлттэй болон watchdog-ын үүргээ умарталгүйгээр оролцсон гэж нэг хэсэг нь үзэж байхад нөгөө талд хэт нэг талыг барьсан гэсэн шүүмжлэл ч мөн байсан юм. Сонгуулийн үеэр нийт сонгогчдын 19 хувь нь Fox news мэдээллийн сайт, сувгаас мэдээллээ авсан бөгөөд CNN сувгаас нийт сонгогчдын 13 хувь нь сонгуулийн талаарх мэдээллийг авсан байна. Үүн дотор Трампын сонгогчдын 40 хувь нь Fox news-ээс мэдээлэл авсан бол, Клинтоны сонгогчдын ердөө 3 хувь нь Fox news-ээс мэдээллээ авсан байна. Г

эхдээ судлагааны дүнгээс анзаарвал Дональд Трампын сонгогчид нэг мэдээллийн эх сурвалж дээр дийлэнх нь төвлөрсөн бол Хиллари Клинтоны  сонгогчид илүү олон мэдээллийн эх сурвалжид тулгуурлаж мэдээллээ авсан төдийгүй Фэйсбүүкийн сүлжээнээс мэдээлэл авсан хувь нь Трампынхаас нэг хувиар өндөр буюу 8 хувь байжээ. Сонгогчид мэдээллийн эх сурвалжаа сонгож буй хамгийн том шалтгаан нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллага улс төрийн ямар үзэл баримтлалыг дагадаг, мөн мэдээллийг хэрхэн боловсруулж буй, хэр нээлттэй, ил тод зэрэг шаардлагуудыг харгалздаг байна. Тухайн редакц, сэтгүүлч улс төрийн сонгуульд аль нам, нэр дэвшигчийг зарлаж буйгаа, кампанит ажилд нь ямар байдлаар оролцохоо ил тод зарласан нь сонгогчдын мэдээлэл авах байдалд хамгийн ойлгомжтой, цэгцтэй хариулт болдог байна. Гэхдээ сонгуулийн үр дүнгийн дараах судлагаанаас харахад барууны болон зүүний үзлийг дэмждэг хэвлэл мэдээллүүдийн нэвтрүүлж буй мэдээллүүд хоорондоо эрс ялгаатай байсан гэжээ. Мөн Fox news консерватив үзэлтнүүдийн дунд илүү өндөр хандалттай гарсан байна. Хамгийн сонирхолтой нь судлагаанд хамрагсдын сонголтоос харахад нэр дэвшигчдийн найдвар тавьсан хэвлэл мэдээллийн сувгууд тэдний сонгогчдын хамгийн чухал эх сурвалж болж чадаагүй аж. Өөрөөр хэлбэл мэдээ бүтээдэггүй атлаа Фэйсбүүк сүлжээ хоёр талын сонгогчдын дунд хамгийн тэнцвэртэй мэдээллийн эх сурвалжаар нэрлэгдсэн бөгөөд нийт сонгогчдын 8 хувь нь эх сурвалжаараа нэрлэсэн байна. Үүн дээр NBC, CBS хоёр нэр дэвшигчдийн талаар хамгийн тэнцвэртэй мэдээллийг хүргэж чадсан хэмээн дүгнэгдсэн нь нэр дэвшэгчдэд төдийгүй хэвлэл мэдээллийн байгууллагуудад тун хачирхалтай үр дүнг харуулсан байна. Энэ нь уншигчид илүү хэрсүүжиж, аль нэг намын үзэл суртал шингээгүй, редакторын болон редакцийн өнгө аяс цухалзаагүй бодит факт дээрээс үндэслэн түүврийн аргаар өөрийн мэдээллийг олж авч буйн нэг жишээ гэж хэлж болохоор.

Зарим судлагааны дүн бүр ч сонирхолтой. Өөрөөр хэлбэл сонгуулийн үеэр аль нэг мэдээллийн сайт, сувгийг огт ашиглахгүй гэж шийдвэрлэн мэдээллийн эх сурвалжаасаа блок хийдэг бол сонгуулийн үед нэг л эх сурвалжаас мэдээллээ авдаг байсан сонгогчдын эзлэх хувь буурч эхэлсэн байна. Трампын мөнгө хаяж сонгуулийн кампанит ажлаа хийлгүүлсэн Breitbart нийт сонгогчдынх нь 1 хувьд л нэрлэгджээ. Харин Трампыг “худалч” гэж цоллон нийтлэл бичсэн The Huffington Post-н редакторын дуулиан мөн л ердөө сонгогчдын 1 хувьд л нэрлэгдсэн байна. Ингээд харвал хэвлэл мэдээллийн байгууллагын сонгуульд үзүүлэх нөлөө хэдийгээр хамгийн их ч гэлээ нээлттэй, ил тод, тэнцвэртэй мэдээллийг дамжуулсан хэвлэлийн байгууллага өөрөө сонгогчдын дунд хамгийн эрэлттэй, үнэ цэнтэй байдлыг бий болгож буйг эндээс ажиглаж болно. Нөгөөтэйгүүр, мэдээллийн хамгийн том эх сурвалж болдог хэвлэл мэдээллийг байгууллагын тэнцвэртэй мэдээллийн хүч алдагдаад эхэлмэгц энэ хэрэгцээг сошиал сүлжээ нөхөх боломжтой гэсэн үг юм.

School of Journalism and Communication-н Agora сэтгүүл зүйн төвийн гүйцэтгэх захирал мөн Hillary Clinton’s Race for the White House: Gender Politics and the Media on the Campaign Trail номын зохиогч Режина Лавренс сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллагууд болон сэтгүүлчид ямар чиг баримжаатай оролцож, ажиллаж болох талаар хэлэхдээ “Ямар нэр дэвшигчийг хэр хэмжээгээр сурвалжлахаа эхлээд тодорхойлох нь сонгогчдод асар том нөлөөлөл үзүүлж чадна” гэжээ.

БАЯЛАГ ИЛЭРЦ БҮХИЙ ДАТА САН

Орчин үеийн сэтгүүл зүйн хамгийн чухал зүйлийн нэг нь сонгогчдод баялаг мэдээллийн сан бүрдүүлж өгөх буюу дата сэтгүүл зүйг хөгжүүлэх юм. Сонгогчид мэдээлэл сайтай байх тусам хуурамч мэдээлэл, хэт нэг талыг барьсан мэдээллүүдээс үндсэндээ зайлсхийж тогтмол урсгалтай, тэнцвэртэй мэдээллийн эх сурвалж руу тэмүүлдэг. Улмаар сошиал сүлжээнээс ч мэдээллийн fact-check хийх чадварт суралцаж, хуурамч домэйн хаягийн мэдээллүүдийг блоклох чадамжтай болдог. Уншигч, сонгогчийг илүү хэрсүү болгоход мэргэжлийн сэтгүүл зүйн үүрэг их.

Тухайлбал Английн ВВС сувгийн мэдээллийн сайтад US Election буюу “АНУ-ын сонгууль” нэртэйгээр шинэ талбар үүсгэж 2022 оны 11-р сараас эхлэн 2024 онд болох ерөнхийлөгчийн сонгууль тойрсон мэдээллүүдээр дата сан үүсгэсэн байна. Ирэх сонгуулийн өнгө аяс болоод нэр дэвшигчдийн үзэл баримтлал, шүүмжлэл, таамаг, сонгогчдын мэдлэг рүү чиглэсэн олон нийтлэл сурвалжлагуудыг харж болохоор. Томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд улс төрийн үзэл баримтлал болоод редакцийн бодлогоор сонгуулийн үеийн дүр зурагаа сонгогчдын дунд ингэж л хэдийнэ бүрдүүлдэг байна. Фэйсбүүк сүлжээн дэх албан ёсны хуудсууд нь мэдээллийн холбоос, гарчгаас бүрдсэн байх бөгөөд ямар нэгэн илүүц тайлбаргүй буюу зайлшгүй линкээр үндсэн мэдээлэл рүү ханддаг байдал нь мэргэжлийн сэтгүүл зүйн хэв маягаа хадгалсаар буйн жишээ хэмээн үздэг аж.

Гэхдээ сошиал сүлжээн дэх хэрэглэгчдийн хэрэглээнд хамгийн нийцтэй мэдээллийн хэлбэр нь видео болон инфографик мэдээллүүд багтдаг учраас энэ талбарын сонгогчид руу чиглэсэн баялаг дата санг илүү түлхүү нэвтрүүлэхээс аргагүй. Өөрөөр хэлбэл уламжлалт сэтгүүл зүй орчин үеийн сэтгүүл зүйн тэр дундаа дата сэтгүүл зүйн хэлбэрийг хослуулан хөгжүүлэх нь цаг үеийн шаардлага хэмээн үзэхэд хүрээд буй.

Улс төрийн сонгуульд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нөлөө 2000-аад оны эхэн үед ямар өндөр түвшинд байгаа нь илэрхий болж эхэлсэн гэдэг. Харин 2008 оны сонгуульд Барак Обама сонгогчдын олонхийн саналаар ялахдаа олон нийтийн сүлжээг кампанит ажилдаа ашигласан нь хамгийн чухал нөлөөг үзүүлсэн байдаг. Pew Судлагааны төвийн мэдээлснээр Обамагийн анхны кампанит ажлын үеэр интернет хэрэглэгчдийн 74 орчим хувь нь сонгуулийн мэдээг онлайнаар хайж олж авч байсан нь тухай үед насанд хүрсэн хүн амын 55 хувийг эзэлж байсан үзүүлэлттэй гарсан байна. 2018 онд гэхэд л Техасын сенатын сонгуульд олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд 93 сая ам.долларыг зарцуулсан нь тухайн үедээ сурталчилгааны зардлын рекордыг эвдсэн гэгдэж байв.

Дээрх ганц хоёрхон жишээнээс харахад л сонгуулиар сошиал медиа болоод веб сайтуудын нөлөөлөл мэдээллийн эрин зуунд улс төрийн сонгуульд ямар хүчтэй байр суурьтай байгаагийн илрэл юм.Харин өнөөгийн нөхцөлд сошиал сүлжээ илүү мэргэжлийн сэтгүүл зүйн арга барилуудаас нэвтрүүлсээр байгаа нь хуурамч, хөөсөрсөн мэдээллийг бодит мэдээллээс ялгаж салгах боломжийг сонгогчдод олгосоор байгаа ч төдийлөн хэвлэл мэдээллийн байгуулагуудын орон зайг шахах болоогүй байна. Өөрөөр хэлбэл сэтгүүл зүйн үндсэн арга зарчмуудад суурилсан мэдээллийг сонгогчид мэдээллийн эх сурвалжаараа сонгосоор байгаа цагт хэвлэл мэдээллийн байгууллагуудад улам хөгжингүй, орчин үеийн сэтгүүл зүйн арга туршлагуудыг хурдацтай нэвтрүүлэх шаардлага үүсч буй юм.

Эх сурвалж: https://journalism.uoregon.edu/

https://www.pewresearch.org/

https://www.bbc.com/news

https://online.maryville.edu/

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button