Top StoriesЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээЭдийн засгийн тойм, анализ

Ипотекийн зээл төрд шилжинэ: Хүүг 6% болгож, урьдчилгаанд НДШ-ийг хадгалах хувилбар

Ипотекийн зээлийн хөтөлбөр манай улсад хэрэгжиж эхлээд хэдийн 10 жилийн нүүрийг үзлээ. Энэ хугацаанд 110 гаруй мянган өрх уг зээлд хамрагдаж, 87 хувийг нь МИК худалдан авч, үнэт цаасжуулсан байдаг. Зах зээлд ипотекийн зээлийн нийт үлдэгдэл нь 6.7 их наяд төгрөгтэй тэнцэж буй нь манай улсын энэ жилийн улсын төсвийн нийт зардлын 30 хувьтай тэнцэнэ.

Дээрх үзүүлэлт бол өндөр тоо. Учир нь арилжааны банкуудын гаргаж буй дөрвөн зээл тутмын нэг нь ипотекийн зээл байдаг билээ.

Орон сууцжуулах, санхүүжүүлсэн түүхэн үечлэлийг ерөнхийд нь гурав ангилж үздэг. Үүнд,

1960-1990 он:

  • Социализмын үед орон сууцжуулах ажлыг томоохон хот сууринуудад төр засгаас хийж байсан.
  • 1960-аад он гэхэд 2.4 м2 орон сууцтай байсан ба үүнд 87 мянган айл өрх амьдрах хүчин чадалтай байжээ.
  • 1987 онд дундаж цалин 500 төгрөг байсан тухайн үед 15 жилийн хугацаатай 10-15 мянган төгрөгийн хэмжээтэй амины орон сууцны зээл олгох ажил хэрэгжүүлсэн.

1991-2012 он:

  • Зах зээлийн эдийн засагт шилжсэний дараах шилжилтийн үед 40 мянган айлын орон сууц барихаар төлөвлөсөн.
  • 2003 онд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр арилжааны банкнуудаар дамжуулан анхны орон сууцны зээл олгож эхэлсэн.
  • Тухайн зээл нь 7.5 жилийн хугацаатай жилийн 16-20 хувийн хүүтэй, хязгаарлагдмал тоогоор олгосон байдаг.

2013-2022 он:

  • Тухайн үеийн Засгийн Газар, Монголбанкнаас Хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн орон сууцны зээлийн хөтөлбөрийг 2013 онд хэрэгжүүлж эхэлсэн.
  • Хөтөлбөр эхлэхдээ найман хувийн хүүтэй, нийгмийн даатгал төлдөг байх гэх мэт үндсэн нөхцөлүүдийг тавьсан.
  • 2013-2022 оны хугацаанд УБ хотод орон сууцны 120 мянган айл өрхийн орон сууц буюу нийт орон сууцны 60 хувь баригдсан. (Нийт 187 мянган айл өрхийн орон сууц баригдсан)
  • 2013 онд эхэлсэн хөтөлбөр нь ОУ-ын жишгийн дагуу орон сууцны санхүүжилтийн тогтолцоогоор явж ирсэн ба 2017 оноос эхэлж зээлийн эргэн төлөлтөөр дараагийн шинэ зээлүүдийг олгодог болсон.

-Найман хувийн зээлийг зургаа болгох иргэдийн хүслийг улс төрд ашиглах нь-

Ипотекийн зээлд хамрагдсан 110 орчим мянган өрхийн 90 хувь нь найман хувийн зээлд хамрагдан байдаг. Найман хувийн зээлийн дараагаар 2020 оны хоёрдугаар хагасаас зургаан хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн нь иргэдийн дунд өөр нэгэн асуудлыг үүсгэсэн. Энэ бол найман хувийн хүүтэй зээл авсан иргэд зургаан хувь болгох хүсэл юм.

Тиймээс ч ипотекийн зээлийн хөтөлбөр бол улстөрчдийн сонгуульд ашиглах боломжтой томоохон сэдвүүдийн нэг. Үүний хамгийн том жишээ бол Шадар сайд С.Амарсайхан. Тэрбээр ипотекийн найман хувийн зээлийг зургаан хувь руу буулгах бүрэн боломж байгааг зарласнаас хойш хэдийн нэг жилийн хугацаа өнгөрлөө.

Шадар сайд С.Амарсайханы хэлсэн үг биеллээ олбол 100 орчим мянган өрхийн гар дээр үлдэх мөнгө нэмэгдэнэ. Тухайлбал, найман хувийн ипотекийн зээлтэй иргэн сар бүр 500 мянган төгрөг төлж байсан бол зургаан хувь болсноор 100 мянган төгрөгөөр буурах юм.

Шадар сайд найман хувийн зээлийг зургаан хувь болгох бүрэн боломжтой хэмээн мэдээлснээс хойш хагас жил хүрэхгүй хугацааны турш энэ ажлыг шалавлуулж байсан хэдий ч нүүрсний хэрэг гарсны дараагаар мартагдсан.

Гэвч саяхан болсон ипотекийн зээл олгохдоо арилжааны банкууд нэг хувийн шимтгэл авдаг нь хууль бус хэмээн шүүхийн шийдвэр гарсны дараагаар гэнэт л эл сэдвээ барин гарч ирэв.

Одоогоор найман хувийг зургаа болгох асуудал мартагдсан дууль болоод буй нь энэ. Наймаас зургаан хувь руу шилжихэд тодорхой хэмжээний зардал гарна. Харин энэ зардлыг хаанаас, хэрхэн шийдвэрлэх асуудлыг шийдэж чадаагүй нь хамгийн гол агуулга юм. Урьдчилсан байдлаар тооцоолоход найман хувийг зургаан хувь болгосноор үүсэх хоёр хувийн зөрүү мөнгө нь 350-500 орчим тэрбум төгрөг шаардагдана хэмээн Монголбанк тооцоолсон.

Энэ зардлыг бонд эзэмшигчид буюу Монголбанк болон арилжааны банкууд үүрэхээр нөхцөл байдал үүссэн. Тэгэхээр бонд эзэмшигчдийн энэхүү зардлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг нь асуудал болсоор өнөөдрийг хүрлээ. Эцэст нь долоодугаар сарын 1-нээс ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэхээр ажлын хэсэг ажиллаж байна.

-Цаг үеэ олоогүй зөв шийдэл буюу НДШ-ийн хоёр хувийг ипотекийн урьдчилгаанд хуримтлуулах нь-

Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд НДШ-ийн хоёр хувийг нэрийн дансандаа хуримтлуулж, ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрөө төлдөг болох агуулгыг тусгасан талаар мэдээлсэн билээ.

Угтаа бол эл агуулга нь тун чиг зөв. Эдийн засгийн талаасаа бодолцож үзвэл бусад улс орны хувьд улсын томоохон сангуудад тулгуурлаж, эдийн засгаа хөгжүүлдэг тогтолцооны хэлбэр юм.

Манай улс шиг хуримтлал бий болгож чаддаггүй, НДШ-ийнхээ хариуд бүрэн гүйцэд нийгмийн үйлчилгээ авч сураагүй, мөн сангуудтай холбогдох хэргүүдийн улмаас иргэдийн итгэл үнэмшил алдагдсан энэ үед сонгуулийн сурталчилгаанд ашиглаж буй мэт харагдана.

Нөгөө талаасаа сангуудын суурь тогтолцоо нь гажуудсан, хөрсөн дээрээ буулгаж чадаагүй үед эл агуулгыг хуульд тусгасан нь хэр судалгаа, шинжилгээнд тулгуурласан, ямар үндэслэлтэйгээр хоёр хувь хэмээн тогтоосон нь тодорхойгүй.

Хоёр хувь хэмээн үзэхэд нэг сая төгрөгийн цалинтай иргэн 10 жилд 500-600 мянган төгрөгийн хуримтлалтай л болно гэсэн үг. Үүнд хүү тооцогдох эсэх, эл мөнгийг мөнгөний эргэлтэд оруулсны дараагаар иргэдэд ямар өгөөж өгөх эсэх талаарх мэдээлэл хомс байгаа нь олон нийтийг төөрөгдүүлж буй.

Дахин хэлэхэд агуулгын хувьд оновчтой хэдий ч зохицуулалт, эрх зүйн орчин, тухайн мөнгөн хөрөнгийн аюулгүй байдал гэх мэт олон асуудлын зангилаа огтоос тайлагдахгүй байгаа юм.

-Ипотекийн зээлийн санхүүжилт ба сан-

Бусад улс орны ипотекийн зээлийн тогтолцоо хөрөнгийн зах зээлд тулгуурласан байдаг. Ингэхдээ хөрөнгө оруулагчдын хамгийн том тоглогч нь улсын томоохон сангууд байдаг билээ.

Иргэн банк санхүүгийн байгууллагаас тодорхой шалгуур нөхцөлийг ханган ипотекийн зээлийг авдаг байна. Үүний дараа тухайн банк санхүүгийн байгууллагын олгосон ипотекийн зээлийг орон сууцны санхүүжилтийн мэргэжлийн компани багцлан худалдан авч, хөрөнгийн зах зээл дээр урт хугацаат бонд/үнэт цаас болгон хөрөнгө оруулалтын томоохон сангууд, тэтгэврийн сан, хеджийн сан гэх мэт хөрөнгө оруулалтын компаниудад худалдаж, эргээд банкууд шинэ зээл олгох орон зай нь үүсэх байдлаар олон улсад зохицуулсан байдаг.

Хөрөнгө оруулагчдаас нь дурдвал,

  • Хөрөнгө оруулалтын банк
  • Даатгалын компани
  • Тэтгэврийн сан
  • Хеджийн сан
  • Төвлөрсөн хөрөнгө оруулалтын сан
  • Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын сан юм.

Манай улсад Тэтгэврийн, Ирээдүйн өв хийгээд Үндэсний баялгийн сангаар ипотекийн зээлийг санхүүжүүлэх боломжтой.

Гэсэн хэдий ч энэ мэтээр иргэдэд болон эдийн засгийн салбарт шаардлагатай сангуудын асуудлыг эртхэн шийдэж чадвал ипотекийн зээлийн хөтөлбөр Засгийн газарт шилжиж байгаа үед илүү олон иргэн уг хөтөлбөрт хамрагдах боломж нэмэгдэнэ.

2019 оноос хөндөж ирсэн Үндэсний баялгийн сангийн хуулийг одоог хүртэл шийдвэрлэсэнгүй. Тэтгэврийн сангийн шинэчлэл ч мартагдлаа. Сангуудын мөнгөн хуримтлалыг эдийн засгийн эргэлтэд хэрхэн оруулж буй нь ч тодорхойгүй. Энэ мэт нийгэмд тусгалаа өгөх өндөр ач холбогдол бүхий сэдвүүд алдагдаж, одоогоор шийдвэрлэх шаардлагатай чухал агуулга нь ирэх жилийн сонгууль болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2023-06-21 09:04

8 huviin zeelee 6 bolgoosoi.

Зочин
Зочин
2023-06-21 17:53

Эргүү минь чи харин битгий улс төржөөд бай .шүүх дээр очоод гацсан гээд риад бгаа

Зочин
Зочин
2023-06-22 11:41

Ipotikiin zeel awchmaar bdg p###a olon shalguuraa boliochee s#a

Зочин
Зочин
2023-06-24 14:02

Ипотекийн зээл дэндээ олон ш�##�гууртай эргэн төлөх чадварыг хараад болоошдээ 30 хувиа яаж олсон нь ямар хамаатай юм бэ мэдээж юмаа зарсан ах дүүс тус�##�сан гэх мэт л бгаашдээ

Зочин
Зочин
2023-08-19 20:51

Ipotek zeel hednees hewiin olgoj ehleh we? ene talaar todorhoi medeelel beltgeed ogooch. bayrlalaa

Холбоотой мэдээ

Back to top button