Сурвалжилга, НийтлэлЧөлөөт нйитлэлч

Постмодернизмын дараах МЕТАМОДЕРНИЗМЫН тухайд

Метамодернизм гэсэн шинэ үзэл санааны тухай ойлголт сүүлийн арав гаруй жилд урлаг, утга зохиолд орж ирэх болов. Үгийн гарлаар нь мөшгин хөөвөл мета гэх үг нь эртний Грекийн метаксис гэх үгнээс үндэстэй бөгөөд Герман Америк гаралтай, орчин үеийн улс төрийн философич Эрик Войголины тодорхойлолтоор бид оршихуйн хоёр хязгаарын хооронд мөнхийн хэлбэлзэл, савлагаан дунд /in-betweenness/ оршин буй тухай хэмээн тайлбарлажээ. Оршихуйн хязгаарын талаар орчин үеийн философич Велан тун сонирхолтой дэлгэрүүлэн жишээлсэн нь метамодернизмын үзэл санааг ойлгоход илүү тусална. Тэрээр, хүмүүс бид: 

нэг ба олон

мөнх ба цаг хугацаа

эрх чөлөө ба хувь тавилан

зөн совин ба ухамсар

эрсдэл ба аюулгүй байдал

хайр ба үзэн ядалт гэх мэт эсрэг тэсрэг оршихуйн дунд ямагт хэлбэлзэн оршиж байдаг ч шинжлэх ухаан, урлаг, философи, соёлоор нэгдмэл болдог гэжээ. Харин орчин цагт бид интернет, технологийн хөгжлийн энэ үед бодит амьдрал болон виртуал ертөнц гэсэн хоёрдмол байдлын дунд хэлбэлзэн оршиж амьдарч байгаа нь мета үеийнхэн гэх ойлголтыг гаргахад хүргэж байна. 

1975 онд зохиолч, судлаач Масуд Заварзаде Америкийн уран зохиолд гарч ирж буй соёлын сонирхолтой, шинэ чиг хандлагыг тодорхойлохдоо метамодернизм гэх үгийг анх ашигласан нь өнөөдрийн бидний эл дэлгэрүүлэн ойлгохоор хичээж буй үзэл санааны эхлэл болсон байна. Тэгэхээр дээрх ойлголтуудыг нэгтгээд харвал урлагийн хөгжил шилжилтээс шилжилтийн хооронд өрнөдөг бол метамодернизм шилжилт хооронд савлаж буй тэр оршихуйг тодорхойлно. 

МОДЕРНИЗМ, ПОСТМОДЕРНИЗМЫГ ҮЛ ҮГҮЙСГЭХ НЬ

20-р зууны сүүлд дэлхийн түүхийн төгсгөл, сүйрлийг тунхаглан зарлаж, өмнөх үзэл санаануудаа эрс үгүйсгэн гарч ирсэн постмодернизм нь деконструкци, хоржоон даажаан, даган дуурайх, релативизм, нихилзмээр тодорхойлогддог. Энгийндээ бол

Модернизм – Шинийг бүтээ! Түүхийг өөрчилцгөөе!

Постмодернизм – Шинэ юм гэж байхгүй!  Бүх зүйл утга учиргүй!

Метамодернизм – Магадгүй бүх зүйл зөвхөн хар цагаан биш байх. Дунд нь ямар нэг зүйл байж л таараа!

Метамодернизм нь постмодернизм болоод түүнээс өмнөх модернизмын үзэл санааг үгүйсгэсэн бус хар зөнгөөрөө урлагт бий болж буй үзэл санаа юм. Учир нь өнөөгийн нийгмийн соёлд хүний өөрийгөө илэрхийлэх хүсэл, бүтээлч ахиц дэвшил, үнэн бодит байдал руу тэмүүлэх чин эрмэлзэл хүчтэй нөлөөлж байна хэмээн нийгэм судлаачид тайлбарлах болов. Иймд үүнд тулгуурласан шинэ үзэл санаа нь өөрөө метамодернизм бөгөөд итгэл найдвар, романтизм, бүх юмсын үнэн байдлыг ойлгон таних тухай ч гэж үздэг. Гэхдээ энэ нь бид модернист үзэл суртлын гэнэн байр суурь луу эргээд унаж байсан гэсэн үг биш бөгөөд метамодернизм бол модернизм болон постмодернизмын дунд хэлбэлзэн буй буюу пендулум шиг хоёр туйл руу савлахад дундаас нь төрж буй тэрхүү мэдрэхүйн ойлголтыг хэлнэ. Нэг тийш савлахдаа итгэл найдвараас идэвхгүй байдал руу, хэтийдсэн мэдлэгээс гэнэн байдал руу, нинжин сэтгэлээс хайхрамжгүй байдал руу, хүсэл тэмүүллээс ажрашгүй тогтуун руу хүрэх буюу алинд ч нь үл хамаарах атлаа аль алинаас нь хүртэж, илүү сайжирч, аливаа зүйлийн утга учрыг танихад чиглэгддэг. Урлаг судлаачдын хувьд метамодернизм бол эцсийн зорилгод заавал хүрэх тухай биш гэсэн нь хамгийн товч тайлбар билээ. 

80, 90-ээд оныхон Симпсоныхон, South Park гэх мэт эгдүүцэм ёжлол, постмодерн даажаантай цувралаар угжигдаж өссөн бол метамодернд хэтийдсэн ёгтлол, комедигоос илүүтэй юмсын далд уг чанарыг танин мэдэх, мэдэхийн тулд мэдрэхүйн гоо зүйгээр дамжуулан тэрхүү даажаантай атлаа дур булаам байдлыг илүү бүтээлчээр харуулахыг зорьдог байна. Өөрөөр хэлбэл цаг үеийнхээ үзэл санаануудын дунд “хэлбэлзэн орших” нь аливаад шуудхан харъяалагдах гэж яарахгүй, юмсын үнэн байдлыг эрэлхийлэхийн тулд ийн орших нь хүний мөн чанарын илрэл хэмээн хүлээн зөвшөөрөх бөгөөд хоёр туйл руу унах бус харин ч тэнцвэрийг хадгалах хэлбэр хэмээн метамодернизмд үзнэ. Орчин үеийн кино урлаг болон дүрслэх урлаг, утга зохиолд метамодерн үзэл санааны амин чанар болох мэдрэхүйн гоо зүйн илэрхийлэмжийг бүтээлчээр нэвтрүүлж байна хэмээн урлаг судлаачид ярьж бичих болсон. Ингэхдээ хэд хэдэн уран бүтээлч, зохиолч, найруулагчийн бүтээлийг эш татсаны дотор Америкийн кино уран бүтээлч Уэс Андерсоныг онцолжээ. 

УЭС АНДЕРСОНЫ ГОО ЗҮЙН ИЛЭРХИЙЛЭМЖ БА МЕТАМОДЕРНИЗМ

Уэс Андерсоны киноноос нямбайлан деталчилсан урлагийн болоод мэдрэхүйн гоо зүйн элементүүдийг олж харж болно. Хөгжим, зураг авалт, тансаг өнгө, дүрслэлүүдийг нь анхаарч үзэхгүй байхын аргагүй билээ. 

Тэгш хэм 

Уэс Андерсоны киноны хэл бол тэгш хэм юм. Киноны ерөнхий үйл явдлууд үргэлж төв цэгт төвлөрөх бөгөөд баруун зүүн талын орон зай үргэлж жигд, ижил байхаар зурагладаг нь үзэж буй үзэгчдэд зөв харьцааны зохиролоор гоо зүйг хүргэж  буй явдал. Тэгш хэмийг кинондоо ашигладаг Стэнли Кубрик, Питер Грийнавэй, Уит Стиллманыг ч мөн энд дурьдаж болно. Гэхдээ мэдээж эртний Грек, Сэргэн мандалтын үе, классицизм болон бусад эрин үеийн тэгш хэмийн зарчимгүйгээр энэ хүртэл урагшилж, яригдахгүй байсан билээ. Уэс Андерсоны тэгш хэмт арга нь түүний үзүүлэхийг хүсэж буй түүхүүдийг илүү бодитой болгодог. Төгс хэм бол найруулагчийн харуулахыг хүсэж буй төгс гоо зүйг эрэлхийлсэн үзэл санаатай нь яв цав нийцдэг. 

Өнгө тавилт

Андерсоны бүтээлүүдийг үзвэл түүнийг үнэхээр өнгөөр наадагч гэж болно. Түүний ашигладаг онцгой өнгүүд киноноос киноных нь хооронд бараг л өөрчлөгддөггүй. Канарын бялзуухай шиг шав шар, цусан улаан, оюу ногоон гэх мэт өнгөний зохирлыг тэр үргэлж кинондоо өвөрмөцөөр тусгаж чаддаг.

Траектор зураг авалт

Андерсон үндсэн тэгш хэмт хөдөлгөөнгүй зураг авалтаасаа гадна тараектор зураг авалтын арга барилыг ашигладаг. Энэ нь камер киноны гол дүрийг дагах байдлаар хийгддэг бөгөөд найруулагчийн энэхүү арга барил нь жүжигчнийг нээх боломж олгодог. Ингэхдээ орон зайн тэгш хэмийг огт алдагдуулахгүйгээр, үйл явдлыг жигд түвшинд харуулж чаддаг байна. Энэ нь жүжигчин үйл явдалд хөтлөгдөж байхад цаана байгаа объектууд ч гэсэн үзэгчийн анхаарлаас гардаггүй байх, дүрийн сэтгэл хөдлөл орчин нөхцөл орон зайтайгаа ямагт сүлэлдэж байхыг харуулах онцгой техник юм. Яг л театрын жүжиг үзэж буй мэдрэмжийг үзэгчдэд төрүүлдэг бол нөгөө талд жүжигчдэд ч мөн театрын тайзан дээр буй мэт санагдуулах аж. Уэс Андерсон тайзны жүжиг найруулахыг мөрөөддөг хэмээн хэлж байсан ч хараахан хэрэгжүүлээгүй л байна. 

Slow motion

Түүний кинонд энэхүү техник маш бага ажиглагддаг. Киноны оргил хэсэгт дүрүүдийн баатарлаг явдал эсвэл романстай байдлыг илүү тод томруун болгохын тулд slow motion техник ашигладаг бол эргээд киноны даажаантай хэсэг болоод эмгэнэл, инээдмийг харуулахдаа хурдлуулах байдлаар тэнцвэрийг нь хадгалдаг хэмээн Андерсон тайлбарладаг. 

Кино хальсандаа үнэнч хэвээр

Уэс Андерсоны кино урлаг яаж ч хөгжсөн өөрийн үндсэн өвөрмөц хэв маягаа хадгалж, хальсны кинондоо үнэнчээр яваа Куэнтин Тарантино, Кристофар Нолан, Пол Томас Андерсон зэрэг кино урлагийн хүлэг баатруудын нэг билээ. Тэр “Moonrise Kingdom” кинондоо 16 мм-ийн форматыг ашигласан нь түүний хувьд үзэгчдэд харуулахыг хүссэн кино урлагийн гоо зүйн тухай ойлголтыг нь ямар ч дижитал камер төгс илэрхийлж чадахгүй. 

Дээрээс тольдох зураг авалт

Андерсоны киноны хамгийн дуртай зураг авалтын нэг элемент нь үзэгдэл болоод объект руу дээрээс доош чиглэсэн байдлаар хөдөлгөөнгүй зураг авалт юм. Энэ нь нэг талаасаа үзэгчдийг кинондоо шууд татан оролцуулах боломжийг бүрдүүлдэг бөгөөд үйл явдлын уур амьсгалыг хөндлөнгөөс мэдрэх бус дүрийн оронд өөрийгөө мэдрэх бодит орон зайг зураглаж харуулдаг байна. Харин нөгөө талаасаа үзэгчид киноны нарийвчилсан жижиг деталиудыг илүү анзааран таашааж, тэдгээрийн гоо сайхныг олж мэдрэх нь Андерсоны гоо зүйн фетишист байдалд нь өгч буй хариу үйлдэл юм. 

Фетишизм буюу хувцас, иж бүрдлүүд болон хэрэгслүүд

Уэс Андерсон бол фетишист. Түүний киноны хувцас хэрэглэл болон дүрүүдийн ашигладаг эд зүйлсийг бүтээж байгаа байдал нь Стэнли Кубрик болон Лучино Висконти нарын дайны хэмээн зүйрлэж болохуйц. Андерсон кинондоо хэзээ ч жижиг хэрэглэлүүдийг мартдаггүй. Түүний кинонууд бүхэлдээ дур булаам иж бүрдлүүд, жижиг хэрэгслүүдээс бүрдсэн байх бөгөөд нэгэн кино шүүмжлэгч хэлэхдээ түүний киноны төгсгөлд “Даруйхан, дахиж үзээрэй” гэх шиг мэдрэмж төрдөг хэмээн хэлжээ. Үнэхээр ч анзаарамгүй өнгөрч боломгүй гайхалтай чимхлүүр ажлуудыг бид алгасаж өнгөрөөсөн байвал тун ч харамсалтай. Гэхдээ энэ бүхэн дан ганц таашаагдахад зориулагдаагүй. Учир нь гадаад ертөнц бол дотоод ертөнцийн илрэл учир эдгээр жижиг деталиуд болоод хэрэгслүүд нь дүрийн дотоод байдлыг илэрхийлэхэд үүргээ гүйцэтгэдэг гэсэн үг. Үүний сонгодог жишээ нь The Royal Tenenbaums кино нь бөгөөд зөвхөн хувцас загвар, эд зүйлсээр тогтохгүй өрөөнүүдийн дотоод интерьер заслуудын авцалдаагүй шийдлүүд нь тэдний доторх сэтгэл зүйн төлөв байдал болоод гэр бүлийн хямралыг нь харуулдаг. Хувцас загварын тухайд Андерсоноос өнгөрсөн үе рүү тэмүүлэх байдал ажиглагддаг. 20-р зууны аль ч цаг үеийн холимгоос бүрдсэн хүүхдэрхүү гэмээр өнгөлөг байдлуудаас нэг л хэв шинжийн загварыг бүрдүүлж гаргаж чаддаг. 1930-аад оны маягийн “Grand Budapest Hotel” болон 1960-аад оны хэв маягаас санаа авсан “Мoonrise Kingdom”-ыг энд нэрлэж болно. Хэдий тийм ч гэлээ Андерсон хэт нэг шинжид баригддаг гэж ойлгож болохгүй юм. 

Fonts буюу Бичиглэл

Андерсоны өөр нэг фетиш бол яах аргагүй фонт. Тэр зөвхөн киноны гарчиг гэлтгүй зураг авалтууд доторх номын хавтасны бичиглэл, зогсоолын тэмдэглэгээ, сонины гарчиг, байшингууд, хайрцгуудын нэршилд хүртэл маш чухал ач холбогдол өгдөг. Андерсон 1920-онд дизайнер Паул Рэйнерийн зохиосон Futura фонтод өнөөг хэр үнэнч хэвээр. Гэхдээ тэр өөрийн киноны өнгө аяст нийцүүлэн фонтуудаа сонгож, зориулан бичүүлдэг. 

Баатрууд болон дүрүүд

Уэс Андерсоны кино бүр дор хаяж 5-6 дэлхийн хэмжээний одыг тоглуулдаг. Алдартай одуудыг зөвхөн гол дүрд тоглуулаад зогсохгүй туслах дүрд ч тоглуулахыг тэр хүсдэг. Жэйсон Шварцман, Оуэн Вилсон, Билл Муррэй, Эдриан Броди, Виллиам Дафое, Тилда Суинтон зэрэг одуудтай гар нийлж ажиллахаас гадна Андерсоны ертөнцийг хачин жигтэй байдлыг бүтээж чадах өөр алдартай одуудтай /Брус Уиллис, Харвэй Кэйтл, Эдуард Нортон, Гуинит Пэлтроу, Жуд Лау, Жин Хакмэн, Жорж Клуини, Мэрл Стрип/ ч мөн хамтран ажилласан юм. Үүнээс харахад хамаг л том одуудтай хамтран ажиллах нь мөн л түүний фетишизмийн нэг илрэл гэмээр. Түүний киноны баатрууд ихэвчлэн насанд хүрэхийг эрмэлзэх хүүхэд эсвэл хүүхэд хэвээр үлдсэн насанд хүрэгчид байдаг. Андерсон нэг удаа “Миний киноны аль ч дүр миний өөр нэг кинонд орж болохуйц санагддаг” хэмээн хэлсэн нь гайхахааргүй хариулт бөгөөд дийлэнх кинонуудынх нь ерөнхий сэдэв нь гэр бүл рүү чиглэсэн байх нь бий. Ямартай л түүний кинонд тоглосон жүжигчид хэлэхдээ Андерсоны кинонд тоглох нь ахан дүүсээрээ цугласан юм шиг мэдрэмж төрүүлдэг гэжээ. 

Меломаниа буюу хөгжмийн хорхойтон

Уэс Андерсон өөрийн шүтээнүүдийн нэг Мартин Скорсезегийн адилаар хөгжмийн талаарх мэдлэг нь тун өндөр нэгэн. Түүний кинонуудад The Rolling Stones, The Kinks, The Who, Sigur Rós, John Lennon, Francoise Ardi, Joe Dassin, Satyajit Rai нарын болон классик хөгжмийн зохиолчдын/ Beethoven, Erik Satie , Benjamin Britten/ аялгуунууд эгшиглэдэг. Хөгжим бол түүний кинондоо харуулах дүрслэлээс дутахааргүй их. Ялангуяа дүрүүдийн үйлдлийг тодорхойлоход тусгайлан хөгжим дэвсэх нь түүний хувьд киноных нь хамгийн чухал хэсэг болдог. 

Эндээс харвал Уэс Андерсоны уран бүтээлийн онцлог нь хайрцаглагдаагүй, өөрийн хэв шинжид хэт автаагүй, үгүйсгэлгүй, хэтийдсэн егөөгүй бөгөөд тэр мэдрэхүйн гоо зүйг бүтээлчээр, олон янз байдлаар илэрхийлсэн нь орчин цагийн урлагийн нэн шинэ ойлголт болох метамодернист хандлагын бодитой жишээ хэмээн урлаг судлаачид тодорхойлжээ. 

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-07-04 14:33

сайхан юм уншлаа.

Холбоотой мэдээ

Back to top button