Гадаад мэдээДЭЛХИЙ

Женни: Би Женнигийн, Женнитэй төстэй уран бүтээлүүд дээр ажиллаж байгаа

Өмнөд Солонгосын алдарт “BLACKNPINK” хамтлагт 2016 орны наймдугаар сард дебютээ хийж байсан. Тухайн үед тэд “YG Entertainment”-тэй долоон жилийн гэрээ байгуулсан юм. Тэгэхээр энэ жилийн наймдугаар сард “BLACKPINK”-ийн гишүүдийн хийсэн гэрээ дууссан гэсэн үг.

Тус хамтлагийн дөрвөн гишүүнээс зөвхөн Rose гэрээгээ сунгасан гэх мэдээ Өмнөд Солонгосын сайтуудаар явах болсон. Үлдсэн гурван гишүүн болох Jisoo, Lisa, Jennie нар өөр агентлаг хайж, хамтлагийн үйл ажиллагаанд жилийн зургаан сарыг л зарцуулдаг болно гэх мэдээлэл явж эхэлсэн билээ.

Jennie Сөүл дэх тоглолтын төгсгөлдөө “Бид BLACKPINK хэвээрээ байх болно” гэж хэлсэн нь хамтлаг тарахгүй, хамтдаа уран бүтээл гаргана гэх итгэлийг фенүүдэд нь төрүүлсэн юм. Гэвч хамтлагийн Лиса 50 тэрбум воны гэрээ “YG Entertainment”-тэй хийхээс татгалзсан гэх яриа гарсан билээ.

Үүнээс гадна “News1” сайт даваа гарагт /2023.09.25/ Жисү болон Жэнни хоёрыг карьераа ганцаарчлан хөгжүүлэхийн тулд өөр энтертайнмэнтуудтай холбоо тогтоосон гэж мэдээлсэн юм.

Женни мөн Сөүлд тоглолт хийхээсээ өмнө “Harper’s Bazaar Korea” сэтгүүлд ярилцлага өгөхдөө ганцаарчилсан карьераа хөгжүүлнэ гэсэн утгатай зүйл ярьжээ. Тус ярилцлагыг уншигч та бүхэндээ орчуулж хүргэе.

-Та саяхан “Bazaar” болон “Jacquemus” брэндийн ковер зураг авалтад орсон. Ямар хувцас нь хамгийн таалагдсан бэ?

Өөрөө өмсөх дуртай брэндийн хувцастай зургаа авхуулах нь хөгжилтэй бас таатай байлаа. Надад мөр нь задгай цагаан топ хамгийн их таалагдсан. Тэр хувцсыг өмсөөд тэнгэрийн зурагтай фоны урд зураг авхуулахад яг л үүл өмсөж байгаа юм шиг санагдсан.

-Таны “Jacquemus” брэндтэй үүсгэсэн харилцааг Саймонгүйгээр төсөөлж боломгүй. Та хоёр яаж танилцав?

Анхны уулзалтаа маш сайн санаж байна. Хэдий анх удаа уулзаж байгаа ч Саймон надтай их эелдэг харьцсан, ярилцах тусам бие биеэсээ нийтлэг зүйлсийг олж харсан. Бид хоёул шинэ зүйл туршиж үзэх дуртай. Сорилт бэрхшээлээс айдаггүй талаараа адилхан. Бид хоёр бол шинэ хөгжилтэй зүйл хайж байгаа хүмүүс.

-Та 34 орны томоохон цэнгэлдэх хүрээлэнгүүдээр 11 сарын турш аялан тоглолт хийсэн. Финалын тоглолтоо Сөүл хотод хийхээр төлөвлөж байгаа. Энэ урт хугацааны аялан тоглолтыг амжилттай дуусгах эрч хүчийг хаанаас авсан бэ?

Хамгийн том эрч хүч минь Блинкүүд (шүтэн бишрэгчид). Дэлхийн өнцөг булан бүрээс Блинкүүд маань хайр сэтгэлээ илгээсний ачаар бид аялан тоглолтоо аюулгүй дуусгаж чадсан гэж бодож байна. Мартагдашгүй, нандин дурсамжуудыг хором мөч бүрд бий болгож өгсөн Блинкүүддээ үргэлж талархаж явах болно. Аялан тоглолтоо Сөүлд дуусгаж буйдаа баяртай байна. Солонгост хийх хамгийн том тоглолт учраас Блинкүүдэд маань таалагдана гэж найдаж байна.

-Том тайзан дээр дуулсны дараа уран бүтээлчдэд ямар өөрчлөлт гардаг вэ?

Миний хувьд маш их эрч хүчтэй болдог. Их хүлээлттэй байсан “Coachella”-г дуулсныхаа дараа надад маш их талархах сэтгэгдэл бас агуу зүйл бүтээсэн юм шиг мэдрэмж төрсөн. “Coachella” бол миний багаасаа дуулахыг хүсэн мөрөөдөж ирсэн тайз. Мөрөөдлөө ийм олон хүний өмнө биелүүлж чадсан болохоор сэтгэл маш их хөдөлсөн.

-Та “Youtube” дээр байршуулдаг влогуудаараа дамжуулж өдөр тутмын амьдралаа үнэнээр нь харуулсан. Та влогууддаа ресторанаар зочилж байгаа эсвэл зураг авалтын үед тайзны ард юу болж байгаа талаар оруулдаг нь миний сонирхлыг татав.

Влог бол миний өдөр тутмын амьдралыг шууд харуулдаг учраас энгийн харагддаг байх. Цар тахал эхэлснээс хойш шүтэн бишрэгчидтэйгээ биечлэн уулзахад хүндрэлтэй болж ирсэн. Тийм учраас надад өөрийгөө илүү нөхөрсөг, тухтай байдлаар харуулах хэрэгтэй болсныг влог гүйцэтгэж өгсөн. Би одоо ч гэсэн өөрийнхөө зургийг авах болгондоо сандарч ичдэг.

-Би дэлгүүрээс дахиад нэг малгай авах уу, үгүй юу гэж бодож байснаа санадаг юм. Тийм учраас тань шиг өөрт байгаа зүйлтэй ижилхэн юм авахдаа санаа зовдог хүмүүс надад дотно санагддаг. Өдөр тутамдаа хувцаслахдаа та өөрийн гэсэн дүрэм баримталдаг уу?

Хамгийн чухал зүйл бол тэр өдрийн мэдрэмж. Би ихэнхдээ хувцсаа хаашаа явах, юу хийх, хэдэн цаг болж байгаагаас хамаарч сонгодог. Гэхдээ бас юу өмсөхийг хүсэж байгаагаас хамаарна. Ямар зүйл өмсөхөө мэдэхгүй байгаа өдрүүддээ зүгээр л энгийн юм өмссөн нь дээр гэж бодож байна.

-Өдөр тутмын амьдралаа тогтмол видео дээр буулгаж авна гэдэг нь таны хувь ямар утгатай вэ?

Өдрийн тэмдэглэл шиг зүйл гэж боддог. Тэр өдрийн тухай үгээр илэрхийлж чадахгүй мөчүүдийг дүрс хэлбэрт буулгаж, дараа нь зургаа хараад эргэн дурсана.

-Саяхан Dua Lipa-гийн хөтлөн явуулсан “BBC” агентлагийн подкаст дээр та хатуу бэлтгэл сургуулилтын үеэр өөрийнхөө мөн чанарыг алдахгүй байх нууцын талаар ярихдаа “Хамт ажилладаг хүмүүсийнхээ сэтгэлд нийцэхийн тулд өөрийгөө алдах ёсгүй” гэж хэлсэн. Энийг та цаг хугацаа өнгөрч, туршлага хуримтлуулахын хэрээр ухаарсан уу?

Мэдээж цаг хугацаа, туршлага хуримтлуулахын хэрээр өөртөө илүү итгэлтэй болж магадгүй ч энэ нь миний олон жилийн өмнө өөртөө өгсөн амлалт байсан гэж бодож байна. Олон хүний өмнө өөрийнхөө мөн чанарыг харуулж, өөрийн гэсэн мэдрэмжээ алдахгүй байж л замналаараа тууштай алхана гэдэгт би үргэлж итгэдэг.

-Сандарсан эсвэл сэтгэлээр унасан үедээ та өөртөө хэлдэг эсвэл сануулдаг зүйл юу вэ?

Одоо ч гэсэн энэ асуудал хэцүү хэвээр л байгаа, сүүлийн үед би өөрийгөө байгаагаараа хайрлах хэрэгтэй гэдгээ байнга өөртөө сануулдаг болсон. Ингэж бодохоор юу ч хийсэн миний хувьд хамгийн төгс зүйл болж хувирдаг. Энэ яг л бясалгал шиг, сэтгэл түгшихийг багасгаж өөртөө илүү итгэлтэй болгодог юм шиг санагдсан.

-Энэ жил та Каннын олон улсын кино наадам, Мэт Гала гэх мэт арга хэмжээнүүдэд оролцож олон төрлийн туршлага хуримтлуулсан. Танд ажлын олон санал орж ирэхэд дагаж мөрддөг дүрэм бий юу?

Урьд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй шинэ туршлага байсан. Маш их сандарсан ч хамт олонтойгоо байгаадаа баярласан. Бас шинэ туршлага хуримтлуулах нэг боломж болсон л доо. Заримдаа би ямар нэгэн юм хийхдээ амархан замыг нь өөрийн мэдэлгүй сонгочихдог. Тийм зүйл тохиолдоход би анх яагаад эхэлж байснаа санаж, анхны зорилгоо бодохыг хичээдэг. Ямар нэгэн сорилтоос айлгүй сайн сайхныг бүтээх хүслээ эргэцүүлэн бодох дуртай.

-Би саяхан тантай хамт ажилласан гадаадын хэвлэл мэдээллийн ажилчидтай уулзсан. Тэд таныг маш мэргэжлийн гэж тодорхойлсон. Таны бодлоор “мэргэжлийн чанар” гэж юу вэ?

Жижиг сажиг, бүх деталь зүйлсийг анзаарч сайн уялдаа холбоо бий болгож, хамтдаа ажиллаж буй хүн бүр үр дүн төдийгүй үйл явцад сэтгэл хангалуун байх явдал.

-Та дэбют хийсний 7 жилийн ойн баяраа тэмдэглэсэн. 20 настай Женни болон одоогийн Женни хоёрын хоорондох хамгийн том өөрчлөлт нь юу вэ?

Энэ жилүүд надад уран бүтээлч, хувь хүний хувьд асар их туршлага хуримтлуулах боломжийг олгосон. Ямар нэг зүйлсийг шийдэх эсвэл эргэцүүлэн бодоход хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэн илүү сайн сонголт хийн, алдаа мадагаа багасгадаг. Тэр үеийг бодоход би одоо ертөнцтэй харилцах аргад суралцаж байгаа юм уу даа.

-Та дараагийн цомогтоо ямар үзэл баримтлал, ямар төрөл жанрын дуу бүтээж үзэхийг хүсэж байна?

Би Женнигийн өөрийн, болон Женнитэй төстэй уран бүтээлүүд дээр ажиллаж байгаа. Та бүхэн сонирхоорой.

-“Jacquemus” Женнигийн хувьд юу гэсэн үг вэ?

Үргэлж баяр хөөртэй байлгадаг найз

-Эцэст нь та өнөөдрийн Женниг дүрсэлсэн нэг өгүүлбэр эсвэл үг хэлбэл?

Le’Depart (шинэ алхам).

Эх сурвалж: Blackpink cafe

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button