УЛС ТӨРУлс төрийн мэдээЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Ипотек: Төр өөртөө авахыг санаархсан ч үл бүтсэн тогтолцоо

Ипотекийн зээл олголт есдүгээр сараас хэвийн үргэлжилнэ хэмээж байсан ч хангалтгүй байна. Тэр дундаа хэдэн сарын турш уг зээлийг хүсэх иргэд, үүн дотор залуу айл өрхүүдийн цуваа нэмэгдсээр. Харин арилжааны банкуудын зээл олголт зах зээлийн эрэлтийг хангаж чадахгүй байгаа юм.

Ийм хэмжээний эрэлт үүсэх болсон хоёр үндсэн гол шалтгаан бий.

Нэгт. Цар тахлын улмаас зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй, царцаасан нь өдгөө дараагийн зээл горилогчдыг тоог багасгасан.

Хоёрт. Арилжааны банкуудын IPO-той холбоотойгоор зээл гаргалтын тоог бууруулсан явдал.

Эхний ээлжинд зээлд хамрагдсан иргэдийн эргэн төлөлтөөр дараагийн зээлүүдийг санхүүжүүлдэг циклтэй уг тогтолцоо бол олон улсын жишиг бүхий зөв тогтолцоо. Гэсэн хэдий ч цар тахлын хүнд үеийг давахын тулд Засгийн газар Монголбанкнаас мөнгө зээлж, ипотекийн зээлд тус байгууллагыг татан оролцуулж байсан.

-БХБЯ ипотекийн зээлийг авах бэлтгэлгүй-

Харин өдгөө Засгийн газраас хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах ёстой, олон улсын эл жишгийг манайх хөрсөнд бүрэн гүйцэд суулгасан хэмээн бодсон ч үгүй байв. Тодруулбал, Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэх бэлтгэл ажлыг хангахаар ажлын хэсэг одоог хүртэл ажиллаж байгаа. Өнгөрсөн жил Засгийн газарт ипотекийн зээлийг шилжүүлэх асуудлыг УИХ-аас Монголбанканд гаргасан. Барилга, хот байгуулалтын яамны харьяанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл төр одоогоор уг асуудалд бууж өгсөн. Тиймээс ч Засгийн газар бус Монголбанк ипотекийн зээлийг хадгалж байгаа. Одоо Монголбанк гар бие орохгүй ч хөндлөнгийн зохицуулагч хийнэ. Ямартай ч зах зээлийн зарчмаараа ипотекийн зээл цааш үргэлжлэх юм. Барилга, хот байгуулалтын яам ч одоохондоо учраа олохгүй байгаагаас гадна сонгууль өнгөртөл уг асуудлаас хэсэгтээ "гараа татах" биз ээ.

-Монголбанкнаас гаргасан журам зээл авагчдын тоог бууруулах уу-

Гэвч зөв мэт харагдах асуудалтай зүйл бий болсон нь Монголбанкнаас гаргасан журам. Тодруулбал энэ сарын буюу аравдугаар сарын 2-ны өдөр Монголбанкнаас гаргасан журамд орон нутагт олгох ипотекийн зээлийн дээд хэмжээг 150, Улаанбаатар хотод 200 сая төгрөг болгож, нэмэгдүүлсэн явдал. Орон сууцны үнэ өссөн үед энэ бол зөв үйлдэл. Харин эсрэгээрээ зээлийн хэмжээ нэмэгдсэнээр зээл авч чадах иргэдийн тоо буурна. Шалтгаан нь санхүүжилт.

Ийн 2-ны өдөр батлагдсан уг журам өчигдөр буюу 3-ны өдрөөс албажин, хэрэгжиж эхэлсэн. Харин арилжааны банкууд өөрсдийн төсөвт тулгуурлаж, зээлийг гаргана гэсэн үг.

Жилдээ 600 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээл гарч байвал орон сууцны хөтөлбөрийг хэвийн хадгалагдаж байна гэж үздэг. Үүнээс 350 орчим нь эргэн төлөгдөж буй зээлийн хэмжээ. Харин бидэнд тогтвортой хадгалахын тулд 250 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлсэн.

Ямар ч нөхцөлд санхүүжилт дутаж буй уг асуудлыг Монголбанк гаргаж чадахгүй. Тиймээс Дэлхийн банк, эсвэл Нийгмийн даатгалын сангаас гаргуулахаар ажлын хэсэг судалж байгаа.

-Нийгмийн даатгалын сан болон багц хуулийн нөлөө-

Бусад улс орны ипотекийн зээл хөрөнгийн зах зээлд тулгуурласан байдаг. Ингэхдээ хөрөнгө оруулагчдын хамгийн том тоглогч нь улсын томоохон сангууд байдаг билээ.

Хөрөнгө оруулагчдаас нь дурдвал,

  • Хөрөнгө оруулалтын банк
  • Даатгалын компани
  • Тэтгэврийн сан
  • Хеджийн сан
  • Төвлөрсөн хөрөнгө оруулалтын сан
  • Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын сан юм.

Гэвч манай улсын сангуудын үйл ажиллагаа доголдсон. Нөгөө талаараа УИХ-ын хаврын чуулганаар НДШ-ийн хоёр хувийг ипотекийн урьдчилгаанд хуримтлуулах асуудал хөндөгдөж байв. Харин одоо орон нутгийг чиглэсэн орон сууцны ипотекийн зээлийн гурван хувийг "гүйлгэх" ажил төрд бий. Учир нь тэд нэгэнтээ Шадар сайд С.Амарсайханы "амны уншлага" болсон найман хувийн зээлийг зургаан хувь болгох боломжгүйгээс гадна ирэх жилийн Улсын төсөвтөө ч орон нутгийг орон сууцжуулах чиглэлд анхаарах учраас тэр.

Дээрх бүгдээс харахад төр уг ипотекийн зээлийн тогтолцооны учрыг нэг л ойлгохгүй байна уу, эсвэл бүхий л салбарын үйл ажиллагаанд оролцохоор санаархаж байна уу. Бүх төрлийн сандаа "гараа дүрсэн" төр ипоткеийн зээлийн тогтолцоонд эргэлдэх мөнгөнд ч "гараа дүрэх" эрсдэл тээж байгаа гэх хардлага ч олны дунд хөвөрсөөр.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button