Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

CNA: Монгол Улс эдийн засгаа уул уурхайн салбараас тэлж, төрөлжүүлэхийг зорьж байна

“Channel News Asia” агентлаг Монгол Улс эдийн засгаа уул уурхайгаас бусад салбарт төрөлжүүлэхээр ажиллаж байгаа талаар нийтлэл бичжээ. Тус нийтлэлийг орчуулж хүргэе.

Монгол Улс уул уурхайн салбараас тэлж, эдийн засгаа төрөлжүүлэхийг зорьж байна. Тус улс ОХУ-аас БНХАУ-руу барих шинэ хийн хоолойн дамжих зам болох боломжтой гэж шинжээчид үзэж буй. Мөн аялал жуучлал, сэргээгдэх эрчим хүчний салбарт ч хөгжих нөөц бололцоо байгаа.

Одоогийн байдлаар уул уурхай нь Монголын эдийн засгийн амин сүнс, дотоодын нийт бүтээгдэхүүний дөрөвний нэгийг нь бүрдүүлдэг. Монгол өргөн уудам газар нутагтай, жилийн 300 хоногт нарлаг тул үүнийг ашиглан тус улсын засгийн газар орлого олох талаар анхаарч эхлэв.

Энэ талаар “Dezan Shira & Associated” фирмийн үүсгэн байгуулагч Крис Девоншир-Эллис “Монгол Алс Дорнод, Япон, БНСУ магадгүй БНАСАУ мөн Барууны орнууд , Казахстаны зах зээлтэй холбоотой. Хэрэв бодлогоо зөв гаргаж чадвал Монголын хувьд их том боломж үүссэн” гэж хэлжээ.

Тэрбээр нэмж хэлэхдээ “Алс Дорнодын улсуудаас Монгол хамгийн бага зөрчилдөөнтэй. Бусад бүх улсууд нь хилийн маргаан үүсгэсэн. Монголд тийм асуудал байхгүй. Тийм учраас геополитикийн хувьд байр сууриа сайн тавьж чадсан” хэмээсэн юм.

Дэд бүтцийн хөгжлийн ашгаас хүртэх нь

Монголын дэд бүтцийн ихэнх нь БНХАУ-руу уул уурхайн экспортоо нэмэгдүүлэхэд чиглэсэн. Тус улсын нийслэл Улаанбаатарт ОХУ-аас БНХАУ-руу явдаг төмөр зам бий.

Тэгвэл уул уурхайн экспортоо Хятад руу зөөвөрлөх шинэ галт тэрэгний замыг ердөө есөн сарын дотор барьжээ. Монгол дахь зарим бизнесүүд шинээр тавигдсан төмөр зам, авто зам гэх мэт дэд бүтцийн хөгжлөөс ашиг хүртэж буй. Энэхүү дэд бүтцийн хөгжлийн зарим нь БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын үр дүн.

Тухайлбал Монголын хүнс үйлдвэрлэгч ТЭСО групп БНХАУ-ын 1.4 тэрбум хүн амтай зах зээл рүү нэвтэрч, энэ оны наймдугаар сараас зайрмагаа экспортолж эхэлсэн.

Энэ нь тус компанийн Хятадын зах зээлд нэвтэрсэн анхны туршлага нь биш юм. Есөн жилийн өмнөөс ТЭСО хуурай сүүгээ хил давуулан экспортолж эхэлсэн байна.

ТЭСО группийн гүйцэтгэх захирал С.Болор “Орчин үед, дэд бүтэц хөгжсөнөөр бүтээгдэхүүн бүрийг тээвэрлэх үнийг бууруулдаг. Энэ нь тухайн бүтээгдэхүүний дотоодын болон олон улсын зах зээлд өрсөлдөх боломжийг нээж өгдөг” гэж хэлэв.

Гэхдээ шинэ зах зээлд хөл тавихад бүтээгдэхүүнийг боловсруулах, түгээхээс гадна олон бэрхшээлийг даван туулах хэрэгтэй гэж нэр нэмж хэллээ. Тэрбээр “Бид хэдхэн бизнес аялал хийгээд зах зээлийг бүрэн ойлгож чадахгүй. Баримт дээр суурилсан олон судалгаа явуулж байгаа ч зах зээлийн мөн чанарыг ойлгохын тулд зөв түншүүд олох шаардлагатай. Энэ нь маш том ажил” хэмээсэн юм.

Эрээн: “Бүс ба Зам” санаачилгын хувьд чухал хот

БНХАУ-Монголын хилийн хамгийн том хуурай газрын боомт бол Эрээн хот. Тус боомтоор хил дамнасан худалдааны 70 орчим хувь нь дамждаг. Энэ оны эхний долоон сарын байдлаар Эрээнээр дамжсан ачааны хэмжээ 10 сая гаруй тонн давж, өмнөх оны мөн үеэс 70 орчим хувиар нэмэгдсэн байна.

Эрээн нь гурван улсын бүтээхээр тохиролцсон эдийн засгийн коридорын нэг. Ийм учраас “Бүс ба Зам” санаачилгын хувьд ач холбогдол өндөр, ОХУ-БНХАУ-Монголын худалдааг хөнгөвчилдөг хот юм. Мөн тус хотыг аялал жуулчлалын бүс болгохоор зорьж байгаа.

Хоёр талтай

Зарим бизнес эрхлэгчид дэд бүтэц нэмэгдэж байгаа нь хоёр талтай гэдгийг нэмж онцлов. Эрээний оршин суугч Гуо Шиаоли “Монголчууд шууд Гуанжу дахь үйлдвэрүүд рүү явдаг болсон. Эрээн тэдний хувьд дайраад өнгөрдөг хот болж хувирсан” гэжээ.

Энэ талаар ӨМӨЗО-ны Нийгмийн шинжлэх ухааны академийн “Бүс ба Зам” судалгааны хүрээлэнгийн захирал Фан Лижюнь ярихдаа “Одоо үед Манжуур болон Эрээн хоёрт өөрчлөлтийн асуудал тулгараад байгаа. Өмнө нь хил дамнасан худалдааг эдгээр хотуудад хийдэг байсан” гэв.

Тэрбээр нэмж хэлэхдээ “БНХАУ-Европын төмөр зам ашиглалтад орсны дараа Хятадын төвийн бүсээс олон бүтээгдэхүүнийг шууд тээвэрлэх болсон. Өвөрмонгол зөвхөн бараа дамждаг газар болж хувирсан” хэмээжээ.

Эх сурвалж: Channel News Asia

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button