Top StoriesНийгмийнНийгэм мэдээ

М.Баярмаа: Хүүхдээ хардаг ээжүүд бусдаас хоцорч байна гэх бодлоо толгойноосоо авч хаях хэрэгтэй

М.Баярмаа хоёр хүүхдээ хараад гэртээ сууж байх хугацаандаа өөрийн туршлагаас үүдэн эмэгтэйчүүд, ээж нарт амрах цаг маш бага байдгийг ойлгож, тэдний ажлыг хөнгөвчлөхөөр хөлдөөсөн хоолны бэлдэц үйлдвэрлэгч “Happy family” өрхийн бизнесээ найзтайгаа хамтран эхлүүлжээ.

Бизнесээ эхлүүлснээр тэр төрсний дараах сэтгэл гутрал, нийгмийн амьдралаас өөрийгөө хоцорч байна гэх бодлоосоо хэрхэн салж чадсан талаараа, цаашид ижилхэн зовлон туулж буй ээжүүд эмэгтэйчүүдэд туслах бодолтой явдгаа ярилаа.

-Бизнесээ хэрхэн эхлүүлсэн талаар яриагаа эхэлье?

-Хоёр хүүхдээ төрүүлээд том хүүгээ сургуульд орох хүртэл зургаан жил тасралтгүй гэртээ суусан. Байнга л хүүхдүүдийнхээ хоол ундыг бэлдэж, гал тогоонд эргэлддэг ажилтай. Хамгийн их хийдэг байсан зүйл минь ясны шөл гаргаж, шүүж, царцаах байсан юм. Хийсэн ясны шөлөө, эсвэл хоол бэлдээд дөнгөж төрсөн найзууддаа явуулахаар найзууд маань “Маш их таалагдсан, дахиад бэлдээд явуулаач” гэдэг байсан. Сэтгүүлч мэргэжилтэй ч мэргэжлээрээ ажиллая гэхээр хүүхэд харах хүнгүй, хүүхдүүддээ цаг гаргах боломжгүй болчих тул цагт баригдахгүйгээр хувиараа юм хийж үзье гэж бодсон. Гэрийн эзэгтэй нар ээжүүд гал тогооны хэсэгт л хамгийн их цагийг өнгөрөөдөг тул тэр цагийг нь хэмнээд, эрүүл, эко амин дэмтэй бүтээгдэхүүн гаргая гэж шийдээд адилхан гэртээ суудаг найз дээрээ очоод хоёулаа энэ ажлыг жаахан өргөжүүлээд ажиллаад үзэх үү гэдэг санал тавихад найз маань дуртай зөвшөөрсөн.

-Нийт хэдэн төрлийн бүтээгдэхүүн гаргаж байна, ижил төрлийн бусад бүтээгдэхүүнээс юугаараа онцлог вэ?

-Үхэр, хонины махтай бууз, хонины махтай гурван өнгийн сонголттой банш, үхэр, тахиан махтай бөөрөнхий мах, ногоон, шар өнгийн хоёр төрлийн зутан, 16 цаг буцалгасан булууны ясны шөл, гүзээний шөл, шар будаа хонины хавиргатай шөл, бантан, буталсан овьёос зэрэг бэлдцээр дөрвөн төрлийн багц гаргаж байгаа. Бүх зүйлээ гараар хийдэг. Давс, сонгиноос өөр ямар ч нэмэлт амтлагч ашигладаггүй яг л гэрийн хоол шиг. Мөн өдөр болгон шинээр хийгдэж хүргэдэг гэдгээрээ онцлог.

-Бизнесээ эхлээд хэдий хугацаа өнгөрч, хэр амжилттай явж байна вэ?

-Бизнесээ өргөжүүлж эхлээд зургаан сар болж байна. Байнгын хэрэглэгчидтэй болсон. Нийт хэрэглэгчдийн маань 50-70 хувь нь манай бүтээгдэхүүнийг тогтмол авдаг, мөн 30-40 хувь нь бусдад бэлэглэхээр захиалга өгдөг. Хоолны бизнесээс зөвхөн ашиг харж ажиллах хэцүү. Тиймээс багцын хүргэлтдээ нэмэлтээр дөнгөж төрсөн ээжүүдэд урам өгөх захидал болон яг хэрэгцээт бүтээгдэхүүнийг нь бэлэглэдэг. Энэ сард жишээлбэл 10 ширхэг хүүхдийн живх дагалдуулж бэлэглэж байгаа. Ээжүүд манай бүтээгдэхүүнийг аваад хоол хийх цагаа хэмнээд, гэртээ аз жаргалтай кофегоо уугаад нэг өдөр ч гэсэн амарч, жоохон ч гэсэн баяр жаргалтай мэдрэмжийг аваасай л гэж бид хүсдэг.

-Бүтээгдэхүүнүүдийг нь эмэгтэйчүүд түлхүү авч байна уу, эсвэл эхнэрийнхээ гэрийн ажлыг хөнгөвчлөхөөр эрэгтэйчүүд их захиалж байна уу?

-Би уг нь эхлээд сурталчилгаагаа ээжүүд, эмэгтэйчүүд их ядардаг шүү, эхнэрүүдийнхээ ажлыг хөнгөвчлөөрэй гэдэг агуулгатай хийсэн. Гэхдээ дандаа л эмэгтэй хэрэглэгчид захиалга өгдөг, 20 хэрэглэгчийн нэг нь л эрэгтэй хүн байдаг. Зарим эрчүүд нэг их тоодоггүй байх. Нөгөө талаар эхнэрүүд зохицуулчихдаг юм чинь гэж бодоод захиалгын мөнгийг нь өгчихдөг байх.

-Хүмүүс ямар багцыг нь хамгийн их авч байна?

-Дөнгөж төрсөн ээжүүдэд илүү анхаарал хандуулахыг зорьсон. Учир нь төрсний дараа хүйтэн маханд хүрэхгүй гам барих нэлээн хэцүү байдаг тул шинэ ээжүүдийн ажлыг хөнгөвчилж ясны шөл, зорсон мах, сав агшаах цагаан мөөг, хонины гүзээ зэргийг нэг дороос багцаар нь бэлтгэж гаргасан нь манай хамгийн шинэлэг бүтээгдэхүүн болж, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн. Дөнгөж төрсөн эмэгтэйчүүдэд дааврын өөрчлөлт гардаг. Түүнээсээ болоод сэтгэл зүйн  хувьд өөрчлөлт ордог. Хэн нэгнээс урмын үг авахад маш том урам ордог. Хүнийг баярлуулаад хүнд сэтгэл гаргана гэдэг өгч буй хүндээ ч бас аз жаргал, баяр баясал авч ирдэг. Тиймээс олон хүн найзууддаа бэлэглэдэг болсон.

-Анх өөрөө гэртээ л хийж найзууддаа бэлэглэдэг байснаа илүү олон хүнд хүргэж, бизнес болгоход ямар хүндрэл, өөрчлөлт гарав? Түүнийгээ яаж даван туулсан бэ?

-Өмнө нь буузаа энгийн хөлдөөгчид хийчхээд хөлдөхийг нь хүлээж 4-5 цаг хүлээдэг байсан. Ачаалал их үед бүр 6-7 цагийн дараа л хөлддөг байсан. Хэрэглэгчид буузаа нэхээд залгахаас эхлээд л хамгийн түрүүнд бүтээгдэхүүнийг түргэн хугацаанд хөлдөөх зориулалтын хөлдөөгчтэй болох шаардлагатай тулгарсан. Бөөрөнхий махаа ахиу хэмжээгээр хийх зориулалтын махны машин хэрэгтэй болсон. Мөн сав, баглаа боодлоо олноор нь захиалбал илүү ашигтай байсан. Хүмүүст илүү хүргэж, тусламж дэмжлэг авах гээд хэвлэлд ярилцлага өгсөн чинь Төрийн банкнаас утасдаад “Сурталчилгааны чинь мэдээг үзсэн таалагдлаа. Үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд чинь хамтарч ажиллаж болно. Зээл авах боломжтой, эхлээд сургалтад суугаад мэдээлэл авах уу” гэдэг санал тавьсан. Тэгээд сонирхоод сургалтад нь суухад маш бодитой сургалт байсан. Яг манай онцлогт тохирсон бизнесээ өргөжүүлэх, хэрэглэгчээ татах, санхүүгээ тогтвортой барих, цэвэр ашгаа тооцоолох, эрсдэлээ тодорхойлох  тал дээр маш сайн зөвлөгөө өгсөн. Тэгээд зориглоод Төрийн банкнаас зээл авч шаардлагатай тоног төхөөрөмжөө болон сав баглаа боодлоо олноор нь авснаар бүтээгдэхүүнээ хэрэглэгчдээ илүү түргэн шуурхай хүргэдэг болсон нь маш том давуу тал болсон.

-Хэрэглэгчдээс хамгийн их ирдэг сэтгэгдэл юу байдаг вэ?

-Өдөр болгон л маш гоё сэтгэгдэл ирдэг. Маш гоё амттай байлаа, яг гэрийн хоол шиг байлаа, хүүхдүүд маань хоол ерөөсөө иддэггүй байсан чинь танай баншийг, танай зутанг л идэж байна баярлалаа, найз маань танай багцыг аваад маш их баярлалаа гэсэн сэтгэгдлүүд их ирдэг. Мэдээж бүх юм дардан байхгүй. Зарим тохиолдолд мах улирлын чанартайгаас үүдэн өөх их байх үед тос ихтэй байна өөхөө жоохон багасга гэсэн санал ч ирдэг. Тэр дагуу аль болох л саналыг нь хүлээж аваад сайжруулаад, засаж залруулаад л явдаг.

-Өрхийн бизнес гэлээ. Тэгэхээр бүгд л гэр бүлийн хүмүүс ажиллаж байна гэсэн үг үү?

-Найзтайгаа хоёулаа захиалгаа аваад, савлагаагаа хийдэг. Хэдий өрхийн бизнес ч гэлээ хүмүүст таалагдах амтыг гаргахын тулд яалтачгүй мэргэжлийн тогооч хэрэг болсон тул нэг тогооч, хоёр бэлтгэгч ажиллуулж байгаа. Хоёр бэлтгэгч маань нэг нь миний дүү, нэг нь манай найзын дүү.

- Хоолныхоо түүхий эд, материалыг хаанаас авдаг вэ?

-Үхрийн махаа Сүхбаатар аймаг дахь хамтарч ажилладаг мах нийлүүлэгчээсээ авдаг. Яг шаардлагатай хэмжээгээр шинжилгээний бичигтэй нь нийлүүлдэг. Бөөрөнхий мах буузны мах хийхэд шөрмөсгүй, зөөлөн, хаягдал багатай мах хэрэгтэй байдаг тул бусад зах дээр зардаг махыг бодвол арай үнэтэй авдаг ч амтны хувьд бол шал өөр байдаг. Хонины махаа Дундговиос авчруулдаг. Бусад түүхий эдээ дуусахаас нь хоёр хоногийн өмнө захаас авдаг.

-Хөлдүү бүтээгдэхүүн тул хүргэлт маш шуурхай очих шаардлагатай байх. Хүргэлтээ яаж хийдэг вэ?

-Хүргэлт бол нэлээд асуудалтай. Зарим хүн хүргэлт хийж байгаад болилоо өөр газартай хамтрахаар боллоо гэх зэргээр явчихдаг учир манайх өөрөө хоёр хүргэгчтэй болоод хүргэлтээ өдөр болгон тогтмол хийдэг.

-Төрсний дараах сэтгэл гутралын тухайд та нэлээн ярьж байна. Тэгэхээр та өөрөө тэр үеэ хэрхэн даван туулж байв?

-Би төрийн албанд өдөр шөнөгүй ажилладаг идэвхтэй амьдралтай байж байгаад жирэмсэн болсноос хойш зургаан жил гэртээ суусан л даа. Эхний хүүхдээ төрүүлсний дараа хүүхдээ хараад л баясаад л ядарч байгаагаа ч мэдэхгүй маш жаргалтай байдаг байсан. Харин хоёр дахь хүүхдээ ойрхон төрүүлсний дараа жин их нэмж таргалсан. Өмнө нь бариу хувцас өмсөөд л үсээ задгай тавиад явдаг байсан надад таргалалт их цочирдом байсан. Үүнээсээ болоод бухимдаад л буцаад идээд л, хүсэхэд хясна гэдэг шиг түүнийгээ хянаж чаддаггүй юм билээ. Стрессээсээ болоод маш их ядарч, нойргүй хонох нь ихсээд л сэтгэл зүйн хувьд маш их өөрчлөлтөд ордог юм билээ. Гэхдээ л өдөржин ажиллаж байгаад орой гэртээ ирж байгаа нөхөртөө уурлаж, хэцүү байдалд оруулахгүй гэхдээ гэрийн ажлаа хийнгээ дуу сонсож, дуугаа аялаад л жаргалтай байхыг хичээнэ, бас хүүхдүүддээ бухимдлаа гаргачихвий гэсэндээ хүүхдүүдтэйгээ тоглож, илүү их анхаарал хандуулдаг байсан.

Бусад хүмүүс ажиллаж болоод байхад яагаад би болохгүй гэж бодохоор их стрессддэг байсан. Нөхөр маань тогтмол ажил, орлоготой байсан тул санхүүгийн хувьд хүндрэлд ороогүй ч гэсэн өөрийн олдог мөнгө, нөхрөөс аваад хэрэглэдэг мөнгө гэдэг их өөр байдаг юм билээ. Тэгээд би ч гэсэн чадна гэж бодоод л энэ ажлаа зоригтой эхэлсэн маань л их зөв зүйл болсон.

-Бусад ээж, эмэгтэйчүүдийн ажлыг тодорхой хэмжээнд хөнгөвчилж чадсан гэлээ. Гэхдээ та өөрөө хүүхдүүддээ хэр цаг гаргаж байна вэ?

-Хүү маань долоон настай, охин маань дөрвөн настай. Хүү сургуульд, охин цэцэрлэгт явдаг. Өглөө хүүхдүүдээ хүргэж өгчхөөд л ажил дээрээ ирдэг. Найзтайгаа захиалга, савлагааны ажлаа хуваагаад авчихдаг учир айхтар хүндрэл байдаггүй. Хүүхдээ тарах цагаар ажлаасаа гардаг. Орой очоод хоолоо хийгээд л гэрийн эзэгтэйн ажлаа хийж эхэлнэ. Хүүхдүүддээ эрүүл хоол өгч, идэвхтэй хөдөлгөөнтэй байлгаж, эрт унтуулж сургасан. Одоо хоёр хүүхэд маань хоёулаа гараас гарсан.

Гэртээ байх хугацаандаа хүүхдүүддээ сайн анхаарч, зөв дадал хэвшүүлсний үр дүнд өнөөдөр хүүхдүүд маань биеэ дааж сураад ажлаа тайван хийх боломжийг минь олгож байна. Гэртээ хүүхдээ хараад сууж буй ээжүүд өөрсдийгөө бүх юмнаас хоцроод байна гэж боддог. Гэртээ зүгээр сууж байна гэсэн бодлоо толгойноосоо бүр авч хаях хэрэгтэй.

Би жишээлбэл хүүхдээ хараад гэртээ байсан хугацаандаа энэ бизнесээ хийх сэдлээ олоод л өнөөдөр тодорхой хэмжээнд орлоготой болсон байна. Бусад ээжүүдэд ч ийм боломж байгаа.

Адилхан эмэгтэй хүний хувьд ээж болсныхоо дараа бусад ээж нарын зовлонг илүү ойлгож, сэтгэл гутралд орсон, өөртөө итгэх итгэлээ алдаж өөрийгөө дутуу үнэлдэг болсон эмэгтэйчүүдэд туслах ажил л хийхийг хүсдэг болсон гэх М.Баярмаа энэ 11-р сараас эхлэн ээжүүд, эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн асуудлыг хөнгөлөх зорилгоор сар болгон хуульч, өмгөөлөгч, сэтгэл зүйчтэй хамтарсан арга хэмжээ зохион байгуулахаар хэдийн бэлтгэлээ хангаад эхэлсэн талаараа ч ярьж байлаа.

“Happy family”-тэй ЭНД дарж холбогдоорой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сэтгүүлч гэх хогийн гаруудын нэг болсоноос наад ажлаа хийвэл дээрдээ. Хүнсийг үйлдвэрийн орчинд бэлтгэсэн байх ариун цэврийн стандартыг сайн мөрдөх хэрэгтэй

зочин
зочин

Bas дан ногоотой бууз банш хийл дээ. Одоо веган хоолтон их болсон. тэгээд бас утасны хаягаа өг яаж захиалах вэ

Bold
Bold

Baliar buuz sejgiin s#a

Холбоотой мэдээ

Back to top button