Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэхийг 63,000 хүн дэмжээд байна

Иргэд, олон нийт "D-parliament" цахим системийн санал асуулга цэсээр дамжуулан хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, олон нийтийн анхаарал татсан асуудлаар санал хүсэлтээ илэрхийлж, цахим өргөдөл гаргах боломжтой. Тэгвэл 10-р сарын 18-ны өдөр иргэн Р.Цэндсүрэнгийн оруулсан цалинтай ээжийн 50,000 төгрөгийг нэмэх хуулийн төсөл санаачлах өргөдлийг одоогийн байдлаар 63055 хүн дэмжиж, цахим гарын үсгээ зуржээ.

Тодруулбал иргэн Р.Цэндсүрэн өргөдөлдөө "Цалинтай ээж гэж нэрлээд байгаа 50,000₮-өөр өнөөдөр 30 хоногийн ядаж 7 хоногт нь хэрэглэх памперс эсвэл 1 сав хүүхдийн нэмэлт сүү ч авч хүрэхгүй байна.
Хамгийн чухал, нэр хүндтэй, улс орныхоо ирээдүйг өсгөж байгаа энэ л үед нь ээжүүдийг хүүхдээ эрүүл өсгөхөд, тэднийг хөгжүүлэхэд, зөв сайхан хүмүүжүүлэхэд санаа амар байх хэмжээний цалин олгоосой гэж хүсэж байна. Өнөөдөр нэг гэр бүлээс хоёулаа ажиллаад ажиллаад ч ийм үнийн өсөлттэй, өргөн хэрэглээний бараа материал үнэтэй, өрх бүр зээлтэй ийм нийгэмд дундаж түвшинд л арай гэж амьдралаа авч явж байхад хүүхдээ өсгөөд гэртээ нэг нь суучихаар амьдралын түвшин бүр л хүнд болж байна.
Сэтгэл санаа амар нялх хүүхдээ хараад суух нөхцөлгүй болоод л ээжүүд хүүхдээ үлдээгээд л бушуу ажилдаа орох шаардлагатай болно, ямар нэг юм хийж өрхийн санхүүдээ нэмэр болохгүй л бол хэцүүднэ. Тэгээд нялх хүүхдээ үлдээгээд ажилдаа орлоо гэхэд ханиад томуу тусна, өвдөнө хавдана эм тариа, эмнэлэг домлого, харах хүн олох, гэмтэж бэртэх, эндэх гээд зөндөө эрсдэл бий болно.

Бусад гаднын улс орон шиг ээжүүд нь энэ сайхан жаргалтай байх үедээ хүүхдэдээ зөв иргэн байх суурийг тавих боломж олгож, нэмж өгөөч хэмээн өргөдөл гаргаж байна. Нийгмийн даатгал төлдөг байсан хэмжээнээс нь хамаараад үе шаттайгаар цалинг нэмж олгохыг хүсэж байна" хэмээжээ.
Хэрэв та цалинтай ээжийн 50,000 төгрөгийг нэмэх хүсэлтийг дэмжиж байвал ЭНД дарж саналаа өгөөрэй. Санал авч дуусах хугацаа: 2023.11.17 17:32 цаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.