Top StoriesНийгэм мэдээЯрилцлага

"Мотив"-ын Б.Сайнцогт: Бүгд хүүтэй болсон учир нийлүүлээд хамтлаг болгоё гэж ярьдаг

Уянгалаг, хайрын дуунуудаараа алдартай "Мотив" хамтлаг 15 жилийн ойгоо тэмдэглэж, маргааш буюу 11 сарын 18-ны өдөр "The night with Motive" бие даасан тоглолтоо хийх гэж байна. Энэ нь "Цасан бороо" тоглолтоос нь хойш 10 жилийн дараа хийгдэж буй өндөр ач холбогдол өгсөн томоохон тоглолт гэдгийг онцолж байв. Тиймээс ч хамтлагийн гишүүд анхны тоглолт шигээ ихээр догдолж, сандарч байгаа аж. Тэдний төлөөлөл, "Мотив" хамтлагийн гишүүн Б.Сайнцогттой ярилцлаа.

-2014 оноос хойш уран бүтээлээ хэсэг завсарлаж, хүмүүс "Мотив" хамтлаг тарлаа гэцгээж байсан. Мэдээж гэр бүл, хувийн амьдралдаа илүү анхаарсан байх. Энэ хугацаанд ямар өөрчлөлтүүд гарсан бэ?

-Бүгд гэр бүл, хүүхэдтэй болж их олуулаа боллоо. Хүссэн хүсээгүй хүний амьдрал өрнөж байдаг тул гэр бүлдээ заавал цаг зарцуулах болдог. Аливаа юм өөрөө уналт, босолттой байдаг. Яг л тэр зүйл бидэнд тохиолдож, туулаад гарсан. Хамтлагийн гишүүн Анхаа маань 2015 онд Австрали улс руу сурахаар явсан. Тиймээс бид тухайн цаг хугацааг гэр бүлдээ зориулсан. Гэхдээ удалгүй 2017 онд "Хүндлэл, үргэлжлэл" цомгоо гаргаж, цомгийн баяраа Гэрэлт гудамжнаа залуучуудтайгаа тэмдэглэж байсан. Аль болох л идэвхтэй байхыг хичээдэг.

-Олуулаа болсон гэлээ?

-Ганбаа, Жижигээ, бид гурав нэг, нэг хүүтэй. Анхаа маань нэг охин, нэг хүүтэй. Бүгд нэг хүүтэй болсон тул дөрвөн хүүгээ нийлүүлээд хамтлаг болгочихъё гэж хоорондоо тоглоом хийж ярьдаг юм. Хүүхдүүд маань 11, 12 настай. Тэгэхээр 10 жилийн дараа хүүхдүүдээ хамтлаг болгочихсон явж байж магадгүй л байх /инээв/. Жижигээгийн маань хүү Консерваторийн төгөлдөр хуурын ангид сурдаг. Урлагийн хүн болохоор маш их авьяастай хүүхэд байдаг.

-Гэр бүлд тань урлагийн хүн бий юу?

-Миний мэдэхээр бол аав, ээжийн минь талаас урлагийн авьяастай хүн байхгүй. Тэр утгаараа ч юм уу урлагаар явах замд минь хамгийн том гүүр болсон хүн бол манай ээж.

-Дуучин болохоор шийдсэн түүхээсээ хуваалцаач?

-Багаасаа л урлагт их хайртай хүүхэд байсан юм шиг санагддаг. Цэцэрлэгт байхдаа багт наадам, шинэ жил зэрэг баярын үйл ажиллагаанд их оролцдог байсан. Зургаан настайдаа "Бяцхан тод авьяастан" гэж тухайн үедээ нэлээд нэр хүндтэй тэмцээнд орж дуулаад тусгай байрт орж байв. Тэр үеэс л гэрийнхэн маань намайг урлагт, ялангуяа дуулах сонирхолтойг олж мэдээд, Хүүхдийн ордны дуулаачийн ангид оруулсан. Харшийн сүлд модны наадамд оролцоно гэдэг хүүхэд болгоны хамгийн их хүсдэг зүйл байлаа. Тэр үед өвлийн өвгөн нь МУАЖ Г.Гомбосүрэн гуай, ерөнхийлөгч П.Очирбат байсан. Тийм л гоё цаг үед, мөрөөдлийнхөө орчинд дуунд, урлагт хайртай болсон.

-Хамтлагийнхаа гишүүдтэй анх яаж танилцаж байсан бэ?

-Конкурс болохын өмнө СУИС дээр бэлтгэл хийж байхдаа нэгнийгээ харж, зүс мэддэг болсон. Тэгээд 2003 онд бүгд СУИС-ийн эстрад дуулаачийн ангид тэнцэж, нэг ангид ороод танилцаж байсан. Тэр цагаас эхлээд 20 жил нөхөрлөсөн байна. Энэ хугацаанд бид маш олон зүйлийг хамт туулсан.

-Хамтдаа туулсан олон зүйлээс хамгийн гүн хоногшин үлдсэн сайхан дурсамж юу байна вэ?

-Уран бүтээлээ хийж дөнгөж эхлэх үедээ гэр бүл, аав ээж, ах дүү нарынхаа л дэмжлэг, туслалцаагаар дуугаа хийж, фм-үүдээр цомгоо бариад гаргаад өгөөч гээд гуйж явдаг байсан. Тэр үе л их дурсамжтай санагддаг. Түүнээс хойш их сайхан дардан замаар явсаар өнөөдөр 15 жилтэйгээ золгосон байна.

-Нэгнээ маш сайн ойлгодог болсон байх. Гишүүдээ товчоор тодорхойлж хэлбэл?

-Гэр бүлтэйгээ өнгөрүүлдгээс илүү цаг хугацааг бид хамт өнгөрөөдөг. Тиймээс бид дөрөв нэгнийгээ харцаар нь л мэдэж, мэдэрдэг. Мэдээж энэ хугацаанд хоорондоо маргалдаж, нэгэндээ гомдоод тарахдаа хүрч байсан тохиолдол бий. Гэхдээ л нэгнийгээ маш сайн мэддэг учраас ойлгож, уучлаад нөхөрлөл маань улам л гоё бат бэх болсон байна.

Манай Анхаа бол их төлөв даруу, зарчимч хүн тул бид хамтлагийн ноён нуруу гэж хэлдэг. Жижигээ маань их сүр сар, хөдөлгөөнтэй, дандаа л хамтлагаа манлайлж урд нь явдаг. Ганбаа бол хамгийн сайхан сэтгэлтэй, инээд, баяр баясал түгээгч.

-Тэгвэл хамтлагаа бүхэлд нь тодорхойлбол?

-Миний хувьд "Мотив" хамтлаг бол нөхөрлөлийн сайхан үнэ цэн. Өнөөдрийг хүртэл бидний нөхөрлөл дээр л хамтлаг маань тогтож байна. 15 жилийн ой үнэхээр сайхан болчихвол энэ маань бидэнд урам зориг өгч, цаашид 20, 30 жил ч хамт явахыг үгүйсгэхгүй.

-Маргааш болох тоглолт "Цасан бороо" тоглолтоос хойш гараагүй бие даасан том тоглолт болно гэлээ. Хүлээлт хэр байна вэ?

-Яг л олон жилийн өмнөх шигээ догдолж байгаа. Дуулахаас гадна бүжиглээд аль болох л гоё юм үзүүлэхээр хичээж байгаа болохоор бас сандарч байна. Мөн энэ тоглолт дээрээ амьд хөгжмийн тусдаа хэсэг гаргасан. Хүмүүстэйгээ илүү ойртох боломжийг олгодог учраас амьд хөгжимтэй хэсэг маань их гоё болох болов уу гэсэн хүлээлттэй байна.

-Бүжиглэх талаараа тодруулбал?

-"Bigbang" зэрэг Солонгосын том хамтлагууд шиг бүжиглэж мэдээж чадахгүй. Гэхдээ хүмүүсийн сайн мэддэг зарим дуун дээрээ аль болох чадлаараа хичээж, "Backstreet boys", "Westlife" зэрэг хамтлагууд шиг бүжиглэнгээ дуулахаар бэлдсэн.

-15 жилийн хугацаанд нийт хэчнээн уран бүтээл гаргасан байна вэ?

-Хамтын болон гишүүд дангаараа дуулсан 200 орчим дуу, албан ёсны дөрвөн цомог гаргасан. Одоо тав дахь цомог дээрээ ажиллаж байгаа. Шинэ дуунууд цацагдаад эхэлсэн.

-Мотив хамтлаг хайрын дуу ихтэй. Цаашид дууны сэдэв, төрөл жанр өөрчлөгдөх үү?

-Төрөл, жанраа одоо өөрчил гэж хэлдэг хүмүүс бий. Гэхдээ манай хамтлаг уянгын, хайрын, эмо дуунуудаараа танигдсан. Энэ маань бидний онцлог болсон тул гэнэт рок, хип хоп болгох нь хүмүүст тийм ч таатай санагдахгүй байх. Тиймээс цаашдын уран бүтээлээ ч үндсэн урсгалаа барьж гаргана. Гэхдээ монгол үндэсний хөг аялгуу шингээсэн уран бүтээл гаргая гэсэн санаа байгаа.

-Дууныхаа үг, хөгжим дээр ямар хүмүүстэй түлхүү хамтарч ажилладаг вэ?

-Анх хөгжим дээр "Perpect" хамтлагийн Баяраа ах, хөгжмийн найруулагч Жак, Аранзан ах, Гантөр ах зэрэг мундаг хүмүүстэй хамтарч ажилладаг байсан. Сүүлийн үед "B" продакшны залуучуудтайгаа их хамтарч ажиллаж байна. Дууны шүлгийн хувьд манай дуунуудын ихэнхийг нь хамтлагийн маань ахлагч Жижигээ маань бичдэг.

-Ойрын зорилго мэдээж тоглолтоо амжилттай давах байх. Түүний дараа юу хийхээр зорьж байна?

-Тоглолтынхоо дараа үргэлжлүүлэн он гаргаад 21 аймагт тоглолтоо хийж, залуучууд, хүүхдүүдийг урлагт хайртай болгох соёлын үр тарья гэсэн зорилготой байгаа.

"The night with Motive" тоглолтын ерөнхий найруулагчаар Жонон хамтлагийн ахлагч Д.Мөнх-Оргил ажиллаж байгаа бөгөөд тоглолт Зайсан хилл цогцолборт болох аж. 1100 хүний суудалтай тус тоглолтын тасалбар хэдийн борлуулагдаж дуусжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зөөз
Зөөз
2023-11-17 09:40

Хүү нарыг нийлүүлэхээр юу болох вэ? Цуглуулаад хамтлаг болох тухай яриад байгаа бололтой. Одооны з�##�уус эхлээд зөв бичиж, з өв ярьж сурв�##�...

хүннү
хүннү
2023-11-17 11:25

Баяр хүргэе дүү гартаа. Та нарын дууг сонсох дуртай. Би хөгшнөө мэдэхгүй одоо ч гэсэн Ирландын “Westlife”-н Монголын “Мотив”-н дууг сонссоор явна.

Зочид
Зочид
2023-11-17 13:19

Сайнцогт хүүг дуулахаар Демис Руссостой адилхан сайхан цээлхэн хоолойтой хүүг дуулахыг нь сонсох их дуртай. Үнэхээр гайхамшигтай хоолойтой болохоор сонсоход эмээд нь сайхан санагддаг даа. Бүгдээрээ баяр хүргэж байна.

zochin
zochin
2023-11-17 15:54

15 jiliin oin togloltoo xiix gej baigaa MOTIV xamtlagiin uran buteelch zaluus#aa amjilt xusie Ta nariin duulsan olon saixan duunuudiig sonsddog doo

зочин
зочин
2023-11-21 10:52

Хар тамхичид том том яриад л байгаарай

Холбоотой мэдээ

Back to top button