УЛС ТӨР

Энэ долоо хоногт 2020 оны улсын төсвийг батална

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дарааллыг баталсан байна. Уламжлал ёсоор өнөөдөр /2019.11.11/ буюу даваа гарагт УИХ дахь нам бүлэг, зөвлөлийн хуралдаан болж энэ долоо хоногт хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэнэ.

Харин мягмар, лхагва гарагуудад УИХ-ын байнгын болон дэд хороод хуралдаж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэнэ.

Тухайлбал, Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийх бол Хууль зүйн байнгын хороо Хар тамхи, мансууруулах бодисын хяналт, хууль, эрх зүйн орчны талаарх ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, даргалагчийг томилох асуудлыг хэлэлцэнэ. Мөн УИХ-ын Өргөдлийн байнгын хороо “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох бол Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ.

Энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдааныг лхагва, пүрэв, баасан гарагуудад зарласан байна.

Чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэртэй холбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэн батална. Мөн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийнэ. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх тухай болон Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Харин албан тушаалтнуудыг чөлөөлөх асуудлын тухайд:

Монгол Улс Олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг байгууллагын “Саарал жагсаалт”-д орсонтой холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button