Нийгэм мэдээ

Нийслэлийн ирэх оны төсөвт орлогыг 1.9 их наяд, зарлагыг 1.1 их наядаар баталлаа

НИТХ-ын ээлжит XX хуралдаанаар Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцууллаа.

УИХ-аас нийслэлийн төсвийн суурь орлогыг 1,9 их наяд төгрөг, суурь зарлагыг 1,1 их наяд төгрөгөөр баталсан байна. Мөн Улсын төсөвт 230,3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 47,8 тэрбум төгрөг хуваарилахаар баталжээ.

Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг дараах үндсэн чиглэл, бодлогыг баримталж боловсруулав.

  1. Агаар орчны бохирдлыг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулна.
  2. Улаанбаатар хотын нийтийн тээврийн чанар, стандартыг сайжруулан, багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг үйлчилгээнд нэвтрүүлж, авто замын түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх холбоос замуудыг нэмэгдүүлнэ.
  3. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэн, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлнэ.
  4. Өнгөрсөн он жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлж дуусган нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Нийслэлийн 2024 оны төсөвт 2,5 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь 2023 оны батлагдсан төлөвлөгөөнөөс 652.8 тэрбум төгрөгөөр буюу 33,5 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 598,5 тэрбум төгрөгөөр буюу 29,9 хувиар өссөн дүнтэй байна.

Төсвийн төслийн тооцоогоор 2024 онд нийслэлийн төсвийн орлогын 93.1 хувь буюу 2.4 их наяд төгрөгийг татварын орлогоор, үлдэх 6.9 хувь буюу 180.4 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр төлөвлөсөн.

Нийслэлийн 2024 оны төсвийн төсөлд нийт зарлагын

  • 46,3 хувь буюу 1,1 их наяд төгрөгийг урсгал зардалд,
  • 40,3 хувь буюу 964,8 тэрбум төгрөгийг хөрөнгийн зардалд,
  • 3,6 хувь буюу 85,2 тэрбум төгрөгийг дамжуулан зээлийн эргэн төлөлтөд,
  • 0,3 хувь буюу 7,5 тэрбум төгрөгийг хоёр дүүргийн санхүүгийн дэмжлэгт,
  • 9,5 хувь буюу 230,3 тэрбум төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ.

Дүүргүүдийн суурь зарлагыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль болон төрөөс баримталж буй бодлогын хүрээнд хянаж, 2023 оны түвшнээс 45,4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн, 247,8 тэрбум төгрөг байхаар төсвийн төсөлд тусгасан. Мөн төсвийн хөрөнгө оруулалтыг төлөвлөхдөө нутгийн захиргааны 56 байгууллага болон иргэд, аж ахуй нэгжээс 3,4 их наяд төгрөгийн хүсэлт бүхий 912 төсөл, арга хэмжээний саналыг бичгээр болон цахим хэлбэрээр хүлээн авсан байна. Ирүүлсэн саналыг нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлж 983.8 тэрбум төгрөгийн өртөгтэй 214 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төсвийн төсөлд тусгасан аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button