Ц.Амаржаргал: “The HU” хамтлагийн Чингис хаан одон хүртэхдээ өмссөн дээлийг урласан
Монгол үндэсний өв, соёлоо дөрвөн үеэрээ уламжлан түгээн дэлгэрүүлж яваа Ц.Амаржаргалтай ярилцлаа. Мэргэжил, сонирхол бүх зүйл минь нэг учир хийж байгаа зүйлдээ үргэлж сэтгэл хангалуун байдаг гэх тэрбээр эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж буй “The HU” хамтлагийн Чингис хаан одон хүртэхдээ өмссөн дээлийг урласан нэгэн. Монгол дээл хувцас урлахаас гадна эсгий гутал, ширэм ширдэг үйлдвэрлэгч хөдөлмөрч бүсгүй аж.
"Amur Fashion" брэндийн Фэйсбүүк хуудастай ЭНД ДАРЖ танилцаарай.
-Өөрийгөө танилцуулаач та. Хэзээнээс яагаад монгол дээл, хувцас оёж урлах болов?
-Намайг Ц.Амаржаргал гэдэг. Би Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрж өссөн. Намайг бага байхын л ээж маань байнгын юм оёод сууж байдаг, аав, өвөө минь гар урлал хийдэг хүмүүс байсан нь надад их нөлөөлсөн. 5, 6-р ангиасаа ээждээ тусалж товч, шилбэ хадаж эхэлсэн. Тэгээд сонирхолдоо хөтлөгдөн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Үндэсний их сургуулийг 2000 онд Ардын урлаг судлаач, дүрслэх урлаг хөдөлмөрийн багш, уран хатгамалч мэргэжлээр төгссөн. Тухайн үед үндэсний хувцас, гутал, гар урлал, эсгий урлал, сийлбэр гээд үндэсний гэсэн тодотголтой бүхий л зүйлийг заалгаж байсан. Монгол бичгийг дөрвөн жил заалгасан тул нэлээн сайн мэддэг. Тэр маань ч амьдралд маш их хэрэг болдог. Дипломын ажлаа эсгий урлал, гар урлалын чиглэлээр хамгаалсан. Сургуулиа төгсөөд Дэлхийн зөн, МерсиКор зэрэг олон улсын байгууллагад багшаар ажиллаж байсан.
-Амур дэлгүүрээ нээсэн түүхээсээ хуваалцаач та?
-2010 онд Амур салоноо үүсгэн байгуулсан. Хувцас маань бол “Амур” нэрээрээ явдаг. Энэ нэрийг өгсний учир нь миний нэр монгол бичгээр бичихэд Амуржиргал гэж бичигддэг. Оюутан байхдаа курсийн ажлын даалгавраар өдөн үзэг хийхдээ дээр нь “Амур” гэж сийлбэр хийж байсан. Бас нэрийнхээ “гал” гэсэн үеийг нь бас галын дөл өөдөө гэдэг утгаар сийлбэртээ дүрсэлж оруулсан. Тэрийгээ яг салоныхоо логог болгосон. Хүмүүс, ялангуяа гадаад хүмүүс бол “Танайх хуримын хувцас хийдэг юм уу, хайрын бурхан Амурын нэртэй юм байна” гэдэг. Тэгээд тэр нь бас гоё санагдаад нэг үе хос дээл их гаргадаг байсан.
Дээл хувцас улирлын чанартай учир захиалгагүй зогсох ч үе байдаг. Тэр үед нь эсгий урлалаа хийх зэргээр энэ ажлаа орхилгүй авч явсандаа би баярладаг.
Эсгий урлалаа бол нэг хэсэг хийхгүй орхичихсон байж байтал ковидын үеэр манай нэг үйлчлүүлэгч охин маань “Гадуур эсгий урлалаар хөөрхөн углаашууд хийгээд байна. Гэхдээ их үнэтэй юм аа. Та заавал тэр үнэтэй эсгийгээр нь биш арай хямдаар нь боломжийн үнээр эсгий углааш хийгээд үзээч” гээд санал тавьж байсан. Тэгээд хэд хэдэн эсгий углааш туршаад хийж үзтэл хүмүүст их таалагдсан. Захиалга ч их орж ирээд, ковидын ч үе байсан болохоор эсгий урлал руугаа шамдаж ороод ковбой загвартай эсгий гутал, эсгий пүүз гаргасан. Монгол гутлын уллагаа дээрээ суурилаад төрөл бүрийн загвараар гутлаа гаргадаг. Гутлын хатуу уллагааг нөхөр маань бэлдэж хийдэг. Гутал маань “Ганган ээтгэр” гэдэг нэртэй. Энэ брэндээ нөхөр маань дангаараа хариуцаж явахаар зорьж байгаа. Манай нөхрийн ээж, ээжийнх нь дүү нар бүгд монгол гутал хийдэг хүмүүс байдаг.
Анх 2006 онд Өвөрхангай аймгаас хот руу орж ирээд өөрийн гаргасан бүтээгдэхүүний загвараа хүнд алдаж байсан. Тэгж өөрийн гаргасан бүтээлдээ оюуны өмчийн эрх авах ёстойг ойлгосон.
Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй охинтой. Тиймээс эсгий урлалаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хараад гэртээ байдаг ээж нартай хамтарч хийдэг.
Гутлаа хувцас, дээлээсээ тусад нь брэнд болгож хөгжүүлэхгүй бол би ганцаараа бүгдийг зэрэг хийгээд явах боломжгүй. Тиймээс манай дээр хоёр, гурван жил ажиллаад туршлагатай болсон хүмүүст “Ганган ээтгэр” брэндийг хөгжүүлж хариуцан тусдаа цех байгуулах боломжийг олгохоор төлөвлөж ажиллаж байна.
-Дөрвөн үеэрээ үндэсний урлал хийж байна гэлээ?
-Мэдээ орох цагаас л ээж минь дээл оёод сууж байдаг хүн байсан. Ээжийн маань аав бол төмрөөр ч, модоор ч бүтээл урладаг, хийж чадахгүй юм гэж байхгүй их уран хүн байсан. Энд, тэнд хаягдсан зүйлийг цуглуулж ямар нэг юм болгодог их аж ахуйч хүн байсан. Өвөөгийн маань ээж уран Саранхүү гээд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат хүн байдаг. 90 нас гартлаа сийлбэр хийж байсан гэж би сонсож байсан. Хөцөө өөрөө элдээд дээл хувцсаа хийчихдэг, дээр нь сийлбэр хийдэг хүн байсан. Аав маань ч гэсэн биднийг багад зуны байшингаа өөрөө барьж байсан. Одоо миний энэ сууж байгаа ширэм, ширдгийг аав, ээж хоёр маань оёсон. Эрэгтэй хүмүүс эмэгтэй хүнээс илүү нямбай оёж, хатгадаг юм билээ. Тэр нь жишээлбэл манай ааваас харагддаг. Аав маань ээжээс ч илүү нямбай оёдог.
-Сүүлийн үед хүмүүс үндэсний хувцсаа өмсөх чиг хандлага эргээд сэргэж байна уу?
-Нэг үе манайхан үндэсний хувцсыг зөвхөн Цагаан сар болон баяр наадмаар л өмсөх ёстой гэж боддог байсан. Одоо бол харьцангуй өдөр тутамдаа өмсөөд сурчихсан. Тиймээс ч зах зээлд эрэлт нэмэгдэж байгаа тул манайх үйлдвэрлэлээ өргөжүүлж эхлээд байна. Хийсэн хувцсаа би өөрөө өмсөж л сурталчилгаагаа хийдэг. Монгол хүмүүсийн монгол үндэсний хувцсаа өмсөхөд үлгэрлэх нь өөрөө миний үүрэг. Гэр бүлийнхэн, ойрын хамаатан садан маань бүгд миний урласан хувцсыг өмсдөг. Зөвхөн баяр ёслолоор биш өдөр тутамдаа өмсдөг байхад нь би үлгэрлэхийг хичээдэг. Тиймээс ямар нэг байдлаар монгол үндэсний элемент оруулсан хувцас урлах нь миний хобби. Энэ сонирхлынхоо дагуу л компаниа улам өргөжүүлж, хөл дээр нь босгох гээд л явж байна.
-Нэг захиалгын дээл хийхэд дунджаар хэдий хугацааг зарцуулдаг вэ?
-Захиалгын дээл бол тухайн дээлээсээ шалтгаалаад 10 хоног хийх ч үе бий. Дэлгүүр дээр худалдаалж буй энгийн дээлийг бол хоёр цагийн дотор оёдог.
-Ихэвчлэн Хүннү захтай дээл урладаг харагдаж байна. Дээлийн тань онцлог юу вэ?
-Хүмүүс ихэвчлэн Хүннү захтай дээл сонирхдог. Дээр нь Хүннү зах суулт сайтай, биед их тухтай байдаг. Мөрөн дээрээ залгаатай дээл хөдөлгөөн хязгаарладаг тул биед тухгүй байх нь бий. Тиймээс хүмүүст эхлээд Хүннү захтай дээлээ санал болгодог. Гэхдээ тухайн хүн маань босоо захтай дээл хийлгэе гэвэл босоо захтай дээл ч хийдэг.
-Түүхий эд, материалаа хаанаасаа авдаг вэ?
-Эсгий урлалын хувьд үйлдвэрийн эсгийг авч хэрэглэдэг. Адилхан л хонины ноосоор хийсэн. Өмсөхөд дулаахан, угаалгын машинд угааж болдог, дээр нь их бөх чанартай байдаг. Ширмэлийн эсгийгээ Эрдэнэтийн үйлдвэрээс авдаг. Хувцас, дээлийн материалын хувьд торгоноос илүү даавуун дээр ажиллах дуртай. Даавуу илүү эдэлгээ удаан, угааж арчихад ч хялбар тул голцуу л даавуу сонгож авдаг.
-“The HU” хамтлагийн дээлийг оёдог гэж сонссон?
-“The HU” хамтлагийн гитар, бүс гээд арьсан тоноглолыг хийдэг Гансүх гээд найз маань намайг ямартай ч санал болгосон, сонгох сонгохгүйг нь мэдэхгүй байна гэж анх хэлж байсан. Тэгээд нэг өдөр хамтлагийн ахлагч нь манайхыг сонгохоор болсноо хэлсэн. 2019 онд анх гадагшаа тоглолтоор явахад нь зориулж улаан шаргал дээл урлаж өгч байсан. Тэр дээлийг маань Чингис хаан одон хүртэхдээ өмссөн. Тухайн үедээ нийгмийн сүлжээгээр “The HU” хамтлагийн дээлийг “Хуяг” брэнд урласан гэж андуурч ойлгож байсан. Хамтлагийн гол дөрвөн гишүүний дээлийг би урлаж, хөгжимчдийн дээлийг “Хуяг” брэнд урласан. Тэгээд найзууд маань “Хүмүүс буруу ойлгоод байна, чи урласан гэдгээ хэлээч ээ” л гэцгээж байсан ч надад тэгж өөрийгөө зарлаад, нэгэнт тодорхой үнэн зүйлийг батлах гэж явах нь шаардлагагүй санагддаг.
-Өөрийн урласан гутал, даашинзаар гоёод сууж байна. Хувцасны шүүгээний тань хэдэн хувийг таны урласан хувцас эзэлдэг нь сонирхол татлаа?
-Дотуур хувцас болон гадуур өмсдөг үслэг хувцас л европ. Бусдаар ихэнх хувцас маань өөрөө урласан үндэсний загвартай хувцас байдаг.
-Монгол ахуйтайгаа илүү ойр хүн байх амьдралын хэв маяг ямар вэ?
-Би багадаа хөдөө мал дээр өссөн хүн учраас дээр нь мэргэжил маань ч холбоотой учраас хэчнээн хот руу орж ирсэн ч үндэсний соёл, монгол ахуйгаасаа хазайдаггүй. Хүүхдүүд маань ч цагаан идээ, таван цул идэх дуртай. Найз нөхдөө ирэхэд нь би гэртээ заавал зөөхий байлгадаг. Хайлмаг хайлж өгдөг. Монгол архи халааж өгдөг.
-Таны хамгийн ойрын хугацаанд хийхээр төлөвлөж буй ажил?
-Цагаан сарын бэлтгэл нөр их ажил байгаа. Мөн аялал жуулчлалд зориулсан “Хорум” брэндээ гаргахаар бүтээгдэхүүнүүдээ урлаад, бэлтгэл ажлаа хангаад явж байна. Хархорин хотын түүхэн дурсгалт газруудыг даавуун алчуур, нөмрөг дээр зурж, гаргаж байгаа. Хавар жуулчид ирэхээс өмнө, цагаан сарын дараа гаргахаар төлөвлөж байна. Хүн ер нь үнэхээр хийхийг хүссэн зүйлийнхээ төлөө зоригтой л байх ёстой юм билээ. Би өр тавих дургүй, зээл авахгүй ээ, надад зээлийн хэрэг байхгүй л гэсэн бодолтой явдаг байсан. Гэхдээ тэгж явахаар нэг л урсгалаараа, байгаадаа л сэтгэл ханаад илүү өсөж, хөгжих боломжгүй болчихдог. Үйлдвэрлэл хөгжүүлэхэд зээл маш их хэрэгтэй юм билээ. Жуулчдад зориулсан хувцсыг олноор үйлдвэрлэхийн тулд санхүүгийн тодорхой сорилтой тулгарсан тул Төрийн банкнаас санхүүгийн дэмжлэг авсан. Түүгээрээ даавуунд нь өөрийнх нь мэт хууларч арилахааргүй зургийг шигтгэж оруулдаг шинэ тоног төхөөрөмж авсан.
-Яагаад Төрийн банкийг сонгосон бэ?
-Төрийн банк Ногоон зээлдээ бизнес эрхлэгчдийг, ялангуяа эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжсэн тусгай заалтуудыг ихээр оруулсан байсан. Дээр нь хүү маш бага, хугацаа урт зээлүүдтэй. Зээл авахаас эхлээд авсны дараа ч маш их санаа тавьж дэмжиж тусалж, байнгын зөвлөгөө өгдөг тул бусад бизнес эрхлэгчдийг ч гэсэн сонирхоод үзээрэй гэж зөвлөмөөр байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цаг их иддэг ажил даа. Нэг л бүтээгдэхүүн гаргахад их цаг хөдөлмөр зарцуулна. Тиймээс хүмүүс гоё оёдог хүнээр юмаа хилгүүлж буй бол сайн төлөх л хэрэгтэй. 2-т бас матери�##� их чух�##�.