Top StoriesУлс төрийн мэдээ

Сонгуулийн нюансууд оны өмнө: Нэр дэвшигчид ажлаа өгч, тойрог томсгох бол II.01-нээс өмнө хэлэлцэнэ

Он дуусахад 20 хоног, УИХ-ын ээлжит сонгууль болоход зургаан сарын хугацаа үндсэндээ үлдлээ.

Хэдийгээр ил тод сонгуулийн, тэр дундаа нэр дэвшигчдийн асуудлаар улстөрчид, эрх баригчид дуугарч эхлээгүй байгаа ч цөөнгүй зүйлийг цаг хугацааны хайчинд оруулах үе юм.

Нэгт, нэр дэвшихээр горилох хүмүүс оноос өмнө эрхэлж буй албан тушаалаа хүлээлгэн өгөх ёстой. Үүнд тойргоос болон жагсаалтаар нэр дэвшигчид адил багтана.

Тодруулбал,

29.4.Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна:

29.4.1.төрийн жинхэнэ албан хаагч;

29.4.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан;

29.4.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал гэж заажээ.

Нэмэлт өөрчлөлтөөр, 29.7-д гэхэд “Тойрог болон жагсаалтад зэрэг  нэр дэвшиж болохгүй” гэсэн заалтыг нэмсэн байна. Гэхдээ 29.4-т ямар нэгэн байдлаар тус заалт тойрог, жагсаалтаар нэр дэвшигчдийн аль алинд хамаарна, эсхүл нэгэнд нь л үйлчилнэ гэж ялгамжилсан агуулгаар өөрчлөгдөөгүй байгаа юм.

Тэгэхээр, “Нэр дэвшигч нь...” гэсэн ерөнхий тодотголын хүрээндээ, жагсаалтаар нэр дэвшигчид ч мөн төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан, эсвэл төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирлаар ажиллаж буй бол нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгөх ёстой болж байна.

Энэ үүднээсээ жагсаалтад багтах нэрс энэ ондоо багтаж тодрох ч шаардлагатай болж байгаа юм.

Хоёрт, сонгуулийн хуулийг сонгууль болохоос нэг жилийн өмнө өөрчилж болохгүй.

Мөн сонгуулийн тухай хуульд одоо ямарваа нэмэлт өөрчлөлт, засвар оруулах боломжгүй. Өдгөө гишүүд томсгосон тойргоор сонгууль явуулах хэрэгтэй гэсэн санааг ганц нэгээр дуугарч эхэлсэн.

Дотоод тохироо, яриа хэлэлцээрүүд хөшигний ард өрнөсөөр байгаа нь мэдээж.

Тодруулбал, 82 дугаар зүйл, "Сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах" хэсэгт:

82.1.Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно гэж заажээ.

Одоо нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүй тул шинээр батлагдсан энэ хуулийн зохицуулалтын хүрээн дор л сонгууль явагдахаас гарцаагүй нөхцөл байдал үүсэв.

Гуравт, парламентыг дутуу гишүүдтэй хэвээр дуусгана. Зарим гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хөндөхгүй байх магадлалтай.

Мөн УИХ-ын 76 гишүүнээс хэд хэдэн суудал хоосон хоцорсон.

Нүүрсний асуудлаар Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ хотын дарга болоод Х.Нямбаатар нар гишүүн биш болсон. Тэднээр төлөөлүүлж буй иргэд энэ хугацаанд өөрсдийн гэсэн төлөөлөлгүйгээр энэ парламентын хугацааг дуусгах нь.

Тодруулбал, хуулийн 77.3-т "Орон гарсан Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй" гэж заажээ.

Уг нь хуучин зургаан сар гэсэн заалттай байсан. Харин нэмэлт өөрчлөлтөөр нэг жил болсон бөгөөд үүнийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэхээр байгаа юм. Он гартал нөхөн сонгууль явагдах боломжгүй.

Нөгөө талаар, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг ял авсан ч давж заалдах шатны шүүхэд хандаагүй л байна. Угтаа бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх нөхцөл үүссэн ч энэ асуудлыг УЕП-оос оруулж ирэхгүй байгаа.

Авчиг парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахаас зургаан сарын өмнө мөн л тэдний эрх зүйн байдлыг хөндөхгүй байх магадлал үүсээд байна.

Дөрөвт, тойргийг томсгох бол асуудлыг хоёрдугаар сарын 1-нээс өмнө тохирно

Мөн өдгөө томсгосон тойргоор сонгууль явуулах саналыг хэд хэдэн УИХ-ын гишүүн эрт дуугарч эхлээд байна. Томсгосон тойрог гэдэг нь, тодорхой тойрогт гурваас илүү, хүн амын тоонд нь уялдан олон нэр дэвшигчтэй байлгах юм.

Энэ талаар хуулийн 2 дугаар зүйл, "Сонгуулийн тойрог байгуулах" хэсэгт:

12.1.Улсын Их Хурал ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө сонгуулийн тойрог /цаашид "тойрог" гэх/-ийг байгуулна.

Иймд сонгууль эхлэх жилийн хоёрдугаар сарын 1-нд тойргийг байгуулах нь.

Ингэхдээ "Сонгуулийн тойргийг байгуулахдаа аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно" гэж заасанд үндэслэх юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-10 15:49

Бэнзээнгүй МАНгарууд ялагдах нь тодорхой

Холбоотой мэдээ

Back to top button