Гадаад мэдээДЭЛХИЙ

2023 оны тойм, дэлхий: Газын зурвас, хиймэл оюун ухаан, Barbenheimer

Удахгүй 2024 он гарах гэж байна. Израил-Хамасын дайнаас авхуулаад хиймэл оюун ухааны технологи гэх мэт 2023 оныг тодорхойлсон үйл явдлуудын тойм бичиж хүргэе.

БНХАУ хилээ нээв

Дэлхийн хоёр дахь хамгийн том эдийн засагтай улс тэг ковидийн бодлогын хүрээнд 2020 оны гуравдугаар сарын 28-ний өдөр хилээ хаасан. Үүнээс гурав гаруй жилийн дараа буюу 2023 оны нэгдүгээр сард хилээ нээж гаднын улс орнуудаас хүмүүс хүлээн авч эхэлсэн юм.

Тэг ковидийн бодлогоос залхсан БНХАУ-ын иргэд 2022 оны арван нэгдүгээр сараас арван хоёрдугаар сарын хооронд томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал хийсэн билээ. Тус бодлогын улмаас олон Хятад иргэд гэртээ хоригдож, зарим тохиолдолд энгийн хэрэгцээний бараа бүтээгдэхүүнээ авч чадахгүй байсан.

Хилээ хаасан тул БНХАУ-ын эдийн засаг 2022 онд 3 хувиар л өссөн. Энэ нь сүүлийн 50 гаруй жилд үзэгдээгүй бага өсөлт байжээ. Ард иргэдийн эсэргүүцэл, эдийн засгийн өсөлт удааширсан тул Хятадын албан тушаалтнууд нэгдүгээр сард хилээ буцааж нээсэн юм.

Орос-Украины дайн

2022 оны хоёрдугаар сард дэлхий нийтийг цочирдуулж эхэлсэн Орос-Украины энэ онд хоёр дахь жилийнхээ нүүрийг үзсэн. Арван хоёрдугаар сард ил болсон АНУ-ын тагнуулын албаны тайланд дайн эхэлснээс хойш ОХУ-ын 315 мянган цэрэг нас барсан эсвэл шархадсан гэж тооцоолсон байна.

Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам энэ сард Украины 380 мянган цэрэг нас барсан эсвэл шархадсан гэж мэдээлсэн юм. Харин “New York Times” АНУ-ын албан тушаалтнуудаас тодруулга аван Украины 70 мянган цэрэг нас барж, 100-гаас 120 мянган цэрэг шархадсан гэж наймдугаар сард мэдээлсэн билээ.

Хятадын тагнуулын бөмбөлөг

2023 оны нэгдүгээр сарын 8-наас хоёрдугаар сарын 4-ний хооронд БНХАУ-аас гаралтай агаарын бөмбөлөг АНУ-ын газар нутгийн дээгүүр ниссэн. Хоёрдугаар сарын 4-ний өдөр АНУ-ын Нисэх хүчний сөнөөгч онгоц тус бөмбөлгийг Өмнөд Каролина мужийн ойролцоо буудаж унагаасан юм.

Энэ явдлын дараа Хятадын тагнуулын бөмбөлөг АНУ-ын нутаг дэвсгэр дээр нэг сарын турш нисэж байхад яагаад арга хэмжээ аваагүй вэ гэх асуудал яригдах болсон. Пентагон тус бөмбөлгийг анх илрүүлээд ажиглалтын бөмбөг гэж тодорхойлсон.

Харин БНХАУ-ын Засгийн газар энгийн иргэний хөөргөсөн бөмбөлөг замаасаа гарсан явдал гэж мэдэгдсэн юм. АНУ-ын албан тушаалтнуудын мэдээлснээр бөмбөлөг дээр антен гэх мэт харилцааны дохио хүлээн авах чадвартай төхөөрөмжүүд тээвэрлэж явжээ. БНХАУ үүнтэй ижил агаарын бөмбөлгийг 40 гаруй орны дээгүүр нисгэж байсан юм.

Хиймэл оюун ухаан

Энэ жил олон нийт хиймэл оюун ухааны хэрэглээ өргөн хүрээнд ашиглах болсон. Үүнийг “OpenAI” компанийн гаргасан, асуултад хүн шиг хариулж чаддаг ChatGPT нэртэй чатбот эхлүүлсэн билээ.

“OpenAI” компани ChatGPT чатботоо 2022 онд танилцуулсан ч энэ оны эхний саруудад олны анхаарлын татаж эхэлсэн юм. Тус чатботыг хэрэглэхийн тулд бүртгүүлэх ёстой байдаг. Хэрэглээнд гарснаасаа хоёр сарын дараа ChatGPT-д 100 сая гаруй хүн бүртгүүлж, хэрэглэж эхэлсэн юм.

Ингэснээр тус чатбот хамгийн хурдан хугацаанд 100 сая хэрэглэгчтэй болсон аппликейшн болжээ. Бусад сошиал аппуудтай харьцуулбал TikTok хэрэглээнд орсноосоо есөн сарын дараа, Instagram 2 гаруй жилийн дараа 100 сая хэрэглэгчтэй болсон.

ChatGPT өндөр амжилт үзүүлсэн тул “Microsoft” компани хоёрдугаар сард “Bing Chat” нэртэй хиймэл оюун ухаант чатботоо танилцуулсан. “Bing Chat”-ийг танилцуулсны дараагийн өдөр “Google” компани “Bard” нэртэй чатботоо хэрэглээнд гаргасан юм.

Хэд хэдэн томоохон банк дампуурсан

Энэ жил АНУ-ын “Silicon Valley Bank”, “Signature Bank”, “Silvergate Bank” болон Швейцарын “Credit Suisse” банк дампуурсан. Эдгээрээс хамгийн их хөрөнгөтэй нь “Silicon Valley Bank” байсан юм.

“Silicon Valley Bank” нь 1983 онд байгуулагдсан, энэ жилийн гуравдугаар сард дампуурлаа зарлахаас өмнө АНУ-ын 16 дахь хамгийн том банк байжээ. Тус банк ихэнхдээ технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг старт-ап компаниудыг санхүүжүүлэх чиглэлээр ажилладаг байсан аж.

АНУ-ын Холбооны хадгаламжийн даатгалын корпорац (FDIC) мэдээлснээр “SVB” 2022 оны эцэст 209 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байжээ. Тус компани хэд хэдэн шалтгааны улмаас дампуурлаа зарласан. Гэхдээ хамгийн том шалтгаан нь харилцагчид нэг зэрэг их хэмжээгээр бэлэн мөнгө авах болсон явдал.

Гуравдугаар сарын 8-нд 1.75 тэрбум ам.долларын капитал босгосноо зарласан. Үүний дараа сошиал платформууд дээр тус банкийг капиталын хомстолд орсон байж магадгүй гэх яриа явж эхэлсэн юм. Ингэснээр харилцагчид их хэмжээгээр бэлэн мөнгө авч эхэлсэн байна.

Нэг өдрийн дараа буюу гуравдугаар сарын 9-нд “SVB”-ийн хувьцаа 60 хувиар унажээ. Албаны хүмүүс тус банкны үйл ажиллагааг гуравдугаар сарын 10-ны өдөр зогсоож, АНУ-ын ХОлбооны хадгаламжийн даатгалын корпорацад (FDIC) шилжүүлж өгсөн юм.

Цар тахал дууссаныг зарлав

ДЭМБ тавдугаар сарын 5-ны өдөр коронавирусийн цар тахлыг дэлхий дахины эрүүл мэндэд заналхийлсэн эрсдэл байхаа больсон гэдгийг зарласан. Тавдугаар сард коронавирусийн өдөрт бүтгэгдэх халдварын тоо цар тахлын оргил үед буюу 2021 оны нэгдүгээр сард 100,000 байснаас энэ жилийн дөрөвдүгээр сард 3,500 болж буурсан аж.

Албан ёсны үзүүлэлтээс харвал Ковид-19-ийн хүндрэлийн улмаас долоон сая хүн ковидийн улмаас нас барсан. Гэвч ДЭМБ-ын дарга Тедрос Адханом Гербейюс нас барсан хүмүүсийн тоо албан ёсны үзүүлэлтээс гурав дахин их, 20 гаруй сая байх магадлалтай хэмээжээ. Тэрээр мэдэгдэл хийхдээ “Өчигдөр Онцгой байдлын хороо 15 дахь удаагаа хуралдаж, коронавирусийн цар тахлыг дэлхий дахиныг хамарсан эрүүл мэндийн тулгамдсан асуудал биш болсныг зарлахыг зөвлөсөн” гэж хэлсэн юм.

Вагнерын бослого, Пригожины үхэл

Зургаадугаар сарын 23-ны өдөр Вагнер хувийн цэргийн компани Москвагийн эсрэг бослого гаргаж дэлхийн нийтийг гайхшируулсан явдал болсон. Тус бүлгийг үүсгэн байгуулагч Евгений Пригожин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Валерий Герасимовыг хүчтэй шүүмжлээд байсан юм.

Пригожин тэднийг зэвсэгт хүчний үйл ажиллагаа амжилтгүй байгаад буруутай хэмээж ОХУ-ын газар нутгийг Украинд өгсөн гэж зэмлэсэн байна. Пригожин Вагнерын бослогыг дайны талбарт ОХУ-ын Батлан хамгаалах яам Вагнер бүлэг рүү халдсаны “хариу” хэмээж, Шойгу, Герасимов нарыг өөрт нь хүлээлгэж өгөхийг шаардсан.

Зургаадугаар сарын 24-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин телевизээр үг хэлэхдээ Вагнерыг эх орноосоо урвасан хэмээн буруутгаж, бослогыг нухчин дарахаа амласан юм.

Оросын газар нутаг дээр иргэний дайн гарахад тун ойртсон байхад эцсийн мөчид Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Вагнер болон Кремлийн хооронд тохиролцоог зуучилсан билээ. Лукашенкогийн зуучилсан хэлэлцээний дагуу Кремль Пригожинийг өршөөж, Вагнер бүлгийн гишүүдийг ОХУ-ын Зэвсэгт хүчинд элсэх боломжийг бүрдүүлж өгсөн.

Бослого гарсны дараа Путин Пригожинийг үнэхээр зүгээр өнгөрөөх үү гэх асуулт хүмүүсийн анхаарлыг татах болсон. Тэгтэл наймдугаар сарын сүүлээр Пригожиний сууж явсан онгоц Твер мужийн Куженкино тосгоны ойролцоо осолдсон билээ.

Шинжилгээгээр Пригожин тус онгоцонд сууж явсан гэдэг нь тогтоогдсон. Барууны орны албан тушаалтнууд түүний үхэлд Путин оролцсон гэж бодож буйгаа илэрхийлсэн юм. Тухайлбал АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Юу болсныг сайн мэдэхгүй байгаа ч гайхаад байх зүйл алга. Путиний оролцоогүй ОХУ-д болдог зүйл гэж ховор. Гэхдээ яг юу болсон гэдгийг хэлэх хэмжээний мэдээлэл алга” гэж хэлсэн.

Мөн АНУ-ын Холбооны мөрдөх товчооны дарга Билл Бурнс Пригожинийг нас барахаас өмнө “Би туршлагаасаа харахад Путин өш хонзонгоо заавал авдаг хүн, Пригожин цаашдаа шийтгэлээс мултарч чадвал би гайхна” гэж хэлж байсан юм.

“Barbenheimer”

Энэ оны онцлох кинонууд бол маргахын аргагүй “Barbie”, “Oppenheimer” хоёр билээ. Тэдгээр кино долоодугаар сарын 21-ний өдөр зэрэг нээлтээ хийж, тэр даруйдаа хит болсон.

“Barbie” болон “Oppenheimer” кинонуудын нийгэмд үзүүлсэн хүчтэй нөлөөг “Barbenheimer” гэж нэрлэж эхэлсэн юм. Кинонууд нэг өдөр нээлтээ хийсэн нь тэдгээр уран бүтээлүүдийг хооронд нь өрсөлдүүлэх бус тус бүрийнхээ орлогыг нэмэгдүүлэхэд тусалсан гэж үздэг.

Учир нь үзэгчид нэг өдөрт тэдгээр кинонуудыг үзэж эхэлсэн юм. Үүнээс гадна “Barbie” болон “Oppenheimer” кинонууд дээр ажилласан жүжигчид нэг өдөрт тус хоёр киног үзэх чалленж үүсгэн, үзэгчдийг уриалсан байна.

Нээлтээ хийсэн цагаасаа хойш тус хоёр кино дэлхийн бокс оффисоос нийтдээ 2.3 тэрбум ам.долларын ашиг олжээ. “Barbie” 1.4 тэрбум ам.долларын орлого олсон бол “Oppenheimer” 900 сая ам.долларын ашиг төвлөрүүлсэн юм.

“Oppenheimer” кино кино наадмуудын 200 гаруй шагналд нэр дэвшиж 82-т нь ялалт байгуулжээ. Харин “Barbie” 126 удаа нэр дэвшиж 36 шагнал хүртсэн байна.

Месси АНУ-ын лигт шилжиж, Алтан бөмбөгийн шагнал хүрсэн

Аргентины шигшээ багийн ахлагч, домогт Лионель Месси 2022 онд Хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлсэн билээ. Харин тэрбээр энэ жил карьерынхаа шинэ хуудсыг эхлүүлэн АНУ-ын мэргэжлийн хөлбөмбөгийн лигт тоглох болсон.

Месси тавдугаар зургаадугаар сарын 7-ны өдөр “Inter Miami” клубт элсэх зорилготой буйгаа мэдэгдсэн юм. Тус клубийн эзэмшигчдийн нэг нь алдарт Дэйвид Бекхам билээ. Месси элсэх зорилготой гэдгээ мэдэгдсэнээс нэг сарын дараа буюу долоодугаар сарын 15-ны өдөр “Inter Miami”-тэй гэрээ байгуулсан.

Тэрбээр “Inter Miami” багийн төлөөх анхны тоглолтоо “Cruz Azul” багийн эсрэг хийсэн юм. Тоглолт 1:1 онооны харьцаатай байхад Месси нэмэлт цагт гоол оруулж багтаа ялалтыг авчирсан. Түүний анхны тоглолтыг Ким Кардашиан, Серена Уильямс, ЛеБрон Жеймс, Дэйвид Бекхам гэх мэт олны танил эрхмүүд үзэж сонирхсон юм.

Мөн Месси энэ жил Алтан бөмбөгийн шагналыг хүртэж, тус цомыг найман удаа гардан авсан цорын ганц хөлбөмбөгчин болсон. Тус цом нь хөлбөмбөгийн ертөнц дэх хамгийн нэр хүндтэй, үнэ цэнтэй шагналуудын нэг билээ.

Жин бууруулах эм

Дэлхий даяар 650 сая гаруй хүн таргалалтын нэгдүгээр түвшинтэй. Энэ нь тэдний биеийн жингийн индекс 30 кг/м2-аас их гэсэн үг. ДЭМБ-ын ангиллаас харвал БЖИ 25-аас 29.9 байх нь илүүдэл жинтэйд тооцогддог.

Таргалалт нь зарим улсуудын хувьд тулгамдаад байгаа асуудал мөн. Ийм учраас вегови гэх биеийн жин бууруулах үйлдэлтэй эм дэлхийн улс орнууд, ялангуяа барууны орнуудад анхаарал татах болсон юм.

Вегови эм нь глюкагон төст пептид-1 (GLP-1) нэртэй рецепторыг идэвхжүүлдэг үйлдэлтэй. Тус рецепторыг идэвхжүүлснээр цусан дахь сахрын хэмжээ буурч, илүү хурдан цадсан мэдрэмж төрүүлдэг байна. Веговиг анх чихрийн шижин хэв шинж 2-оор оношлогдсон хүмүүст зориулж бүтээсэн юм. Гэхдээ АНУ-ын Хүнс эмийн захиргаа тус эмийг таргалалтын эмчилгээнд ашиглах зөвшөөрөл 2021 онд олгожээ.

Хоёр жилийн хугацаанд, 304 гаруй хүнийг оруулсан судалгаа явуулахад вегови хэрэглэсэн хүмүүсийн биеийн жин нь 15 хувиар буурсан бол хэрэглээгүй бүлэг 3 хувиар л буурсан аж. Мөн гурван жилийн хугацаатай явуулсан шинэ судалгаагаар вегови нь цус харвалт, зүрхний шигдээс болон зүрхний өвчнөөр нас барах эрсдэлийг бууруулдаг гэх үр дүнг үзүүлсэн байна.

Ийм учраас тус эмийг хүмүүс жингээ бууруулах зорилгоор их хэрэглэх болсон юм. Веговиг үйлдвэрлэдэг “Novo Nordisk” компанийн хувьцаа энэ жид 48 хувиар өсөж Европын хамгийн өндөр үнэлгээтэй компаниар шалгарсан билээ.

Израил-Хамасын дайн

Аравдугаар сарын 7-ны өдөр Хамас бүлэг Израил руу гэнэтийн халдлага хийсэн. Израилын засгийн газар халдлагын улмаас 1,400 гаруй хүн нас барсан гэж мэдэгдсэн бол арван нэгдүгээр сард энэ тоог өөрчилж 1,200 орчим болгосон юм.

Халдлагын дараа Израилын засгийн газар Хамас бүлгийн эсрэг дайн зарлаж, газрын хөрснөөс арчиж хаяхаа мэдэгдсэн. Ингээд Израилын арми Газын зурваст агаарын цохилт өгч, хуурай газраар дайралт хийж эхэлсэн. Үүний улмаас 21 мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж Палестины эрүүл мэндийн яам пүрэв гарагт /2023.12.28/ мэдээлжээ.

Аравдугаар сарын 7-ны өдөр халдлага үйлдсэнийхээ дараа Хамас бүлэг 200 гаруй хүнийг барьцаанд авсан юм. Олон долоо хоногийн турш хэлэлцээ явуулсны эцэст Катар улсын зуучлалаар Израил, Хамасын тал түр гал зогсоон, барьцааны хүмүүсийг Израилын шоронд хоригдож буй иргэдээр сольж, Газын зурваст хүмүүнлэгийн тусламж оруулах тохиролцоонд хүрсэн.

Тохиролцооны хүрээнд Израил 240 Палестин иргэн сулласан бол Хамас 105 барьцааны хүнийг хүлээлгэн өгсөн юм.

Сар луу тэмүүлсэн амбиц

Наймдугаар сард Энэтхэг улс сар дээр хөлөг газардуулсан дэлхийн дөрөв дэх орон болсон. Үүнээс гадна тус улс сарны өмнөд туйл дээр газардсан цорын ганц орон болсон билээ.

Тус хөлөг сарны өмнөд туйлаас хүхэр, хөнгөн цагаан, төмөр, кальци, хром, титан, манган, хүчилтөрөгч болон силикон илрүүлсэн юм.Хүхэр байна гэдэг нь ус мөс хэлбэртэй өмнөд туйлд нь оршин байж магадгүйг илэрхийлдэг. Ийм учраас хүхэр илрүүлэх нь ач холбогдол өндөр зүйл. Ус байна гэдэг нь хүмүүс байнгын суурьших боломж бий гэсэн үг.

Энэтхэгийн хөлөг сар дээр газардахаас өмнө ОХУ-ын “Луна-25” хөлөг сар дээр газардах оролдлого хийгээд бүтэлгүйтсэн юм.

Тэднээс гадна Япон улс мөн сар дээр хөлөг газардуулахаар нисгэсэн байгаа. Тус улс есдүгээр сард Танегашима баазаас “SLIM” нэртэй судалгааны хөлгөө “H-IIA” пуужингаар хөөргөсөн. “SLIM” нь түлш хэмнэхийн тулд сар луу удаанаар нисэж, ирэх жилийн хоёрдугаар сар гэхэд очно.

Мөн АНУ, БНХАУ, БНСУ, АНЭУ ирээдүйд сар дээр хөлөг газардуулах зорилготой гэдгээ мэдэгдсэн.

Эх сурвалж: CNN, Reuters, Tech Crunch, Forbes, Visual Capitalist, BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button