Тодруулга: Автобусны маршрутыг шинэчилснээр дамжин сууж, хурдан зорчих боломж үүснэ
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд нийт 110 чиглэлд 1017 автобус үйлчилгээнд явж байна. Үүнийг өөрчилж, нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 74 чиглэлд 1075 автобус үйлчилгээнд явуулахаар автобусны чиглэлийг шинэчлэн төлөвлөөд буй.
Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, гол гудамж замуудаар олон чиглэлийн автобуснууд давхцаж явдгаас үүдэн түгжрэл үүсэж, хүлээлт их болдог гэж үзжээ. Тиймээс гол магистрал зургаан шугамаар нийтийн тээврийн хэрэгслийг нэмэгдүүлж, бусад чиглэлийг тойрог хэлбэрээр холбохоор төлөвлөн богино эргэлтийн 40 чиглэл гаргасан байна.
-Үндсэн зургаан уртын чиглэлд 375 автобус зорчино-
Өөрөөр хэлбэл үндсэн зургаан уртын чиглэлд буюу Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт 375 автобус зорчих бол тойрог болон үндсэн гол, гудамж замуудыг дайран өнгөрөх 40 чиглэлд 494 автобус богино эргэлтээр зорчих аж. Мөн хот орчмын 15 чиглэлд 89 автобус, их багтаамжийн автобус явах боломжгүй буюу хотын захын хорооллуудын таван чиглэлд 25 дунд багтаамжийн автобус явуулахаар төлөвлөжээ.
- М1 чиглэл: Таван шар-Офицеруудын ордон хүртэлх чиглэлд 75 автобус, ойролцоогоор 2-3 минутын давтамжтайгаар нийтийн тээвэрт үйлчилнэ. Эдгээр автобус өөр чиглэлд явахгүй. Эхний автобус ирэхэд араас нь дараагийн автобус 1-2 минут, цаад тал нь гурван минутын давтамжтайгаар зорчигчдоо хүлээж авна.
- М2 чиглэл: Зунжин худалдааны төвөөс урагш явсаар Сүхбаатарын талбайн зогсоол дээр очно. Улаанбаатарын төв талбайн автобусны зогсоолд баруун талаар тойрч ирээд Соёлын төв өргөөний хажуугаар явсаар зогсоол дээр хүмүүсээ буулгаж, баруун талын гарцаар гараад ордон тойроод хойш явна.
- М3 чиглэл: Нисэх-Сүхбаатарын талбайн урд талын уулзвар болох Төв шуудангийн уулзвараар нэвтрээд 20 метр яваад баруун гар тийшээ эргэнэ. Мөн адил машины зогсоол байгаа хэсэг дээр автобусны буудал төлөвлөж байна.
- М4 чиглэл: Шар хадыг хорооллын эцэстэй холбосон хойд тойруугаар явах чиглэл. Мөн ялгаагүй М2 чиглэлтэй огтлолцоно.
- M5 чиглэл: Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээс Дотоод хэргийн их сургуулийн урдуур явсаар Чулуун овоогоор тойрч урагш Нарны зам руу орно. Улмаар Гермес центр ороод буцаад явна.
- М6 чиглэл: Шинэ зуун айл буюу Дүнжингараваас зүүн тийшээ байгуулагдаж байгаа Шинэ зуун айл Монгол тэмүүлэл, 130 дугаар сургуулийн орчимд эцсийн буудлыг нь төлөвлөсөн. Энэ нь Баянмонголын гудамжаар яваад Энхтайваны гүүрэн доогуур ороод ТЭЦ3-ын автобусны эцсийн буудал дээр очно.
-Богино эргэлт хийснээр автобус нэг талдаа бөөгнөрөхөөс сэргийлнэ-
ННТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Т.Үүрийнсолонго "Нийтийн тээврийн шинэ чиглэлийг иргэдийн зорчих урсгал, санал гомдол, судалгаа зэрэгт үндэслэн гаргасан. Хамгийн давуу тал нь богино эргүүлэх буюу хүлээлгийн хугацааг багасгаж байгаа. Жишээ нь Нисэх, Яармагийн чиглэлийн автобуснууд замын ачааллаас болж нэг талдаа гараад ирэхгүй удаж, нөгөө талдаа хүлээлт үүсгэдэг. Богино эргэлт хийснээр автобус нэг талдаа бөөгнөрөхөөс сэргийлж байна гэсэн үг. Нэг автобусаа удаан хүлээж зогсох бус нэг чиглэлийн автобусанд суугаад тэндээсээ дамжин сууж илүү хурдан зорчих боломжийг бүрдүүлж байгаа. М1 чиглэл жишээлбэл 37 зогсоолтой. 75 тээврийн хэрэгсэл 37 зогсоолоос тойрог маягаар зэрэг эх авна. Ингэснээр иргэд автобусанд багтахгүй үлдэх, эсвэл олон хүнтэй шахцалдаж явах нь багасна.
Зорчигчдын эрэлт, хэрэгцээ, дамжин суух нөхцөл боломжоос хамааран эдгээр чиглэлийг өөрчилж, нэмж сайжруулалт хийх бүрэн боломжтой. Шинэ төлөвлөлт учраас иргэдийн санал хүсэлт, шаардлагыг сонсож үе шаттайгаар шинэчилж сайжруулан иргэдийн зорчилт хөдөлгөөнийг сайжруулахад анхаарч ажиллана" гэв.
Автобусны буудлуудын арын самбар дахь чиглэл болон "UB smart bus" аппликэйшнийг шинэчлэх, үнийн тарифыг эцэслэн тогтоох зэрэг зохион байгуулалтын ажлууд бүрэн хийгдэж дуусаагүй байгаа аж.
Нийтийн тээврийн шинэчилсэн 74 чиглэлтэй танилцах бол ЭНД дарна уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.