Ямар хоол хийх вэ. Эсвэл хэн хоол хийх вэ
Хамгийн содон чулуудаар тоглодог байсан
Хамгийн содон туузаар гэзгээ гоёдог байсан
Хамгийн содон үлгэрийг яриулдаг байсан
Хамгаас содон амьдарна! гэж өөртөө андгайлдаг байсан...
(Ц.Хулан)
Хамгаас содон амьдарна гэж андгайлаагүй ч битүүхэндээ итгэдэг охин явлаа. "Хэзээ ч гэрийн авгай болохгүй!" гэж эмээгийнхээ, ээжийнхээ эгэл амьдралыг чамлах мэт том дуугарч ч байлаа. Тийн итгэж асан багынхаа нүдээр өнөөдрийн өөрийгөө харвал хэдий дээд боловсрол эзэмшиж, хэрдээ таарсан хөдөлмөр эрхэлж буй ч гэлээ ихэнхдээ л ямар хоол хийх тухайгаа бодсоор харьдаг дундаж амьдралтай, дунд эргэм насны ээж болж орхижээ. Жирийн л сайхан амьдрал хэмээн сэтгэл тэнүүн явах ч "илүү дээр" жирийн сайхнаар амьдарч болох ч байсан мэт сэтгэгдэнэ.
Үндэсний статистикийн хороо болон МУИС-ийн судлаачдын мэдээлснээр бол монгол эмэгтэй хүний дундаж наслалт 76, анхны хүүхдээ төрүүлэх дундаж нас 22, төрүүлэх хүүхдийн тоо гурав, гэрийн ажилд зарцуулах хугацаа өдөрт ойролцоогоор 4.6 цаг аж. Эдгээр өгөгдөлд үндэслэн хэдэн тоо бодъё л доо. Монгол эмэгтэй би насанд хүрснээс хойших 58 жилийн амьдралынхаа 20 жил орчмыг унтаж, зургаагаас есөн жил орчим хүүхэд асрах чөлөөгөө эдэлж, 97,152 цаг буюу 11 жил гаруйд нь гэрийн ажил хийх нь ээ! Түүнчлэн дөрвөн жилд нь бакалаврын боловсрол эзэмшихээр суралцсан гэж үзвэл хөдөлмөрлөх (өөдрөгөөр төсөөлбөл эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах) хугацаа нь 13-16 жил ажээ. Хамгийн содон амьдрах хүсэл хийгээд бодит байдал хоорондын зөрүү энэ. Магадгүй гурван хүүхдээ асрахын тулд карьераа түр хойш тавьж, найман жил “гэртээ суусан”-ыхаа ард 40 гарсан хойноо пуужингийн хөдөлгүүрийг шинэ түвшинд хүргэсэн Ивонн Брилл гэх эмэгтэйн түүхийг давтаж юун магад, гэхдээ юу л бол! Оронд нь үлдэх 16 жилийнхээ овоо хэдэд нь орон гэр, үр хүүхэд, хоол унд буюу ахуйгаа бодно гэдэгтээ мөрийцөхөд ч бэлэн байна.
Ямар хоол хийхийг хэн шийдэх вэ?
- Ямар хоол хийх вэ?
- Юу ч яах вэ? Өөрөө л мэд.
Гэр бүл бүрд ойр ойрхон давтагддаг л харилцан яриа. Голцуухан эхнэр асууж, нөхөр хариулна. Асуугчийн хувьд өдөр бүр өөрөөсөө асуудаг асуулт. Хариулагчийн санал болгосон “Ямар ч яах вэ? Өөрөө л мэд” хэмээх тэрхүү хоол амт шимтэй, өчигдөр уржигдрынхаас өөр бөгөөд гэр рестораноор үйлчлүүлэгчдийн яг тэр өдөр идмээр байсан хоол байх учиртай. Ингээд “тогооч” хэн ямар хоолонд дуртай дургүй, хөргөгчид ямар хүнс бий, дэлгүүрээс юу юу нэмж авах, өчигдөр ямар хоол хийсэн тухай бодож эхэлнэ дээ. Гэхдээ энэ бол хүүхдүүдийн хувцас цэвэрхэн эсэх, гутал нь багадсан, багадаагүй, даалгаврыг нь хэрхэн хийлгэх, өглөө ганц нэг ханиах шиг болсон, бага дээр нь дарж авах сан, амин дэмийг нь уулгасан бил үү, байрны мөнгө төлөх болж байна шүү гэх мэтийн дор дор нь шийдвэл зохих жижиг сажиг буман бодлынх нь зах зух нь төдий. Хугацаа тулсан, яаралтай, ач холбогдол нь гэр бүлийн гишүүн бүр нэн чухал даалгавруудынхаа ердөө ганцыг л хамт шийдэх гэж оролдоод тодорхойгүй хариулт сонсох нь тэр. “Хамт хийчихье, хоолоо хийж байна, гадуур идчихье ээ” гэх мэтийн тодорхой бөгөөд ачаалал хуваалцах маягийн хариулт ирвээс сүрхий том асуудал шийдсэн мэт хуурмаг мэдрэмж төрөхийн шалтгаан энэ.
Үүнийг харин олон улсад “сэтгэл зүйн ачаалал” хэмээн нэрийдэх болжээ. Онолын үгээр бол гэр бүлийн гишүүдийн хэрэгцээг тодорхойлж, тэрхүү хэрэгцээг хангах хувилбарыг олох, шийдвэр гаргах, үйл явцыг хянах үүргийг хэлж буй. Толгойд өрнөдөг буюу бодох ажил учраас махан биеийн хөдөлмөр шиг цагаар хэмжиж болдоггүйд хамаг учир бий.
Хэн хоол хийх вэ?
“…Салбар бүрийн технологи биеийн хөдөлмөрийг хөнгөвчлөх чиглэлд хөгжиж яваа агаад гэр орны ажил ч энэ бүхний нэгээхэн хэсэг гэдгийг хүмүүс хүлээн зөвшөөрч үл чадна. Айлын эзэгтэйгийн хувиар гэртээ сууснаас хойш тэрээр гэрийн ажлын талаарх иймэрхүү туйлшрал түгээмэл болохыг анзаарав. Зарим нь “гэртээ зүгээр суух”, зарим нь “ахуйгаа хариуцах” мэтээр янз бүрээр нэрийдэх ч энэ бүх ажлын мөнгөн үнэ цэнийг тооцох гэж хэн ч оролддоггүй билээ. Ямар нэг зүйлийг мөнгөөр үнэлэх л юм бол хэн нэгэн төлөх үүрэгтэй болдгоос тэр биз ээ…”
/”1982 оны Ким Жи Ён”/
Хувийн түүхээс хальж, хөдөлмөрийн насны иргэдийн амьдралыг зураглахын тулд 42 настай, дээд боловсролтой, бага ангийн багш ажилтай, дөрвөн хүүхдийн ээж, сумын төвд хашаа байшинд амьдардаг Н-с өдөр бүрийн хэмнэлийг нь асуувал "Өглөө босонгуутаа галаа түлнэ, цайгаа чанана, өглөөний унд бэлдэнэ. Багыгаа цэцэрлэгт нь хүргэж өгөөд ажилдаа очно. Ажлын ачаалал мэдээж их, эрт тарвал хоолоо хийнэ, үгүй бол нөхөр юм уу том охин хоолоо хийнэ. Хагас сайнд өдөржингөө хувцсаа угааж, дундуур нь хоол цай гэсээр таардаг юм. Хотын байрны айлуудтай адилгүй нь хувцас угаахын тулд усаа халаана, угаалгын машинаар угаасан хувцсаа гараар зайлна, угаадсаа асгана, хувцсаа дэлгэнэ, хурдан хатаахын тулд галаа өрдөнө гээд ажиллагаа их. Том хүүхдүүд маань гэр цэвэрлэж, түлээ хагалж, хашаа хороо цэвэрлэж, усанд яваад дэмтэй. Бүтэн сайнд халуун усны газар дугаарлах гэж том ажил бий. Багуудаа усанд оруулах гээд хэдэн цаг хүлээх үе ч бий. Ер нь гэрийн ажил гэдэг чинь дуусгая гэж бодохгүй л бол хэзээ ч дуусдаггүй ажил шүү дээ" гэв. Харин 39 настай, дээд боловсролтой, цахилгааны инженер ажилтай, таван хүүхдийн аав, Улаанбаатар хотод, орон сууцанд амьдардаг Б-н хувьд “Өглөө хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд ажилдаа явна. Орой болон амралтын өдрүүдээр хувиараа халтуур хийдэг. Гэр бүлээ авч явах, ипотекийн зээлээ төлөх зэрэгт ганц хүний цалин хүрэлцэхгүй. Эхнэрээ ажилдаа эргэн ортол ийм хэмнэлээр амьдрах болов уу. Хүүхдээ зөөх, хааяа амрахаараа хоол хийх, долоо хоног бүр хүнсээ цуглуулахаас бусдаар гэрийн ажилд оролцож амждаггүй” ажээ.
Эчнээ танил амьдрал биз? Бидний амьдрал, ялангуяа хөгжиж буй эсхүл буурай хөгжсөн гэх тодотголтой орнуудын иргэдийн амьдрал хэдэн зууны өмнөхөөс угаалгын машин, тоос сорогч, будаа агшаагч, цахилгаан зуух, лангуу дүүрэн нөөшилсөн хүнс зэргээс өөрөөр ахуйн түвшиндээ огцом өөрчлөгдөөгүй мэт. Идэх, өмсөх, дулаацах, идүүлж, өмсүүлэх, дулаацуулахын төлөөх буюу бараг л “амьд бай, байлгах”-ын төлөөх хөдөлмөрт ялангуяа эм хүйстэн нь амьдралаа зарцуулсан хэвээрээ.Шалтгааныг томьёолох, томьёолоод зогсохгүй шийдэхээр оролдож буйн жишээ гэвэл сүүл үед шинэ тутам сонсогдож буй “асрахуйн эдийн засаг” гэх ойлголт байж магад. Мөнөөх ар гэрийн их ажил төдийгүй тэдгээрийг зохицуулахын тулд хөврөх их бодол хүртэл асрахуйн эдийн засагт хамаарах ажээ. Юун түрүүнд үүнийг хөдөлмөр гэж тооцох, хөдөлмөр учраас мөнгөн үнэлгээтэй болгох, үнэлж буй учраас эдийн засгийн бодлогын нэг хэсэг гэж үзэх ёстой болно. Эдийн засгийн утгаар үнэлнэ гэдэг нь гэрийн ажил хийж буй эхнэртээ (нөхөртөө) цалин олгох тухай бүдүүн баараг ойлголт биш байж таарна.
Үндсэндээ асрахуйд хамаарч буй бүх хөдөлмөрийг олж харах, ойшоож хайхрах, хүлээг зөвшөөрөх, улс орны бодлогын түвшинд тооцоолох, дэд бүтцийг “барих” ёстой болжээ. Тухайлбал, хэчнээн ч жил юм ярьсаар буй ясли, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настныг асрах үйлчилгээг албан ёсны ажил, үйлчилгээ, эдгээр чиглэлд хувь хувьсгалын нөөцийг бүрэн ашиглахаас өгсүүлэн хийх ажил их. Одоохондоо жир иргэдийн хувьд гэр бүлийнхээ хэн нэг “асрахуйн” үүрэгтэй гишүүний хөдөлмөрийг олж харах, ойлгох, хуваалцах, хувь хүнийхээ үүднээс хөгжин дэвших, миний л адил хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэлтэй хүн гэдгийг нь санах л чухал байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш чух�##� сэдвийг хөндөж дугарчээ. Баярл�##�аа