Конгресс сошиал платформуудын захирлуудыг гарт нь цус наалдсан гэж шүүмжилжээ
АНУ-ын Конгрессын Сенатын танхим томоохон сошиал платформуудтай холбоо бүхий сонсгол эхэллээ. Тус сонсголд “Meta” компанийн захирал Марк Зукерберг, “TikTok”-ийн захирал Шоу Жи, “Discord”-ийн захирал Жэйсон Цитрон, “X” буюу хуучин Твиттерийн захирал Линда Яккарино, “Snapchat”-ийн захирал Эван Спигель нар оролцож байгаа юм.
Сонсголд оролцож байсан сенатор Линдсей Грэм “Ноён Зукерберг та болон бидний өмнө буй компаниуд ийм санаа агуулаагүй гэдгийг мэдэж байна л даа, гэхдээ та нарын гар дээр цус наалджээ. Таны бүтээгдэхүүн хүмүүсийн аминд хүрч байна” хэмээжээ.
Харин сенатор Дик Дурбин Алга болсон, мөлжлөгт өртсөн хүүхдүүдийн үндэсний төвийн тоо баримтаас дурдаж, хүүхдүүд бэлгийн мөлжлөгт өртөх явдал их хэмжээгээр нэмэгдэх болсныг онцолсон байна.
Тэрбээр сонсголын үеэр “Хүүхдүүд бэлгийн мөлжлөгт өртөх нь сэтгэл өвтгөм хэмжээнд нэмэгдэж байгаа нь нэг зүйлтэй холбоотой. Технологийн өөрчлөлт” гэжээ. Сонсголын танхимд олон авран эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ зургийг барьж, тэднийг цахим сүлжээний улмаас хохирсон хэмээсэн юм.
Сенатор Жош Хавли сонсголын дундуур Зукербергийг тэдгээр эцэг эхчүүдээс уучлал гуйхыг шаарджээ. Үүнд Зукерберг тэдгээр хүүхдүүдэд тохиолдсон зүйлд харамсаж буйгаа илэрхийлэн, бусдад тийм зүйл дахиж тохиолдохгүй байх тал дээр ажиллана гэж хариулсан байна.
Хурц ширүүн уур амьсгалтай өнгөрсөн сонсгол дундуур сенаторууд нэгэн баримтыг дэлгэн үзүүлжээ. Тус баримт дунд Зукерберг аюулгүй байдлыг сайжруулахаар 45-аас 84 инженер нэмж ажилд авах хүсэлтээс татгалзсан имэйл байсан юм.
Сенатор Эми Клобушар технологийн салбарт зохицуулалт хангалтгүй байгааг онцолжээ. Тэрбээр “Хэдэн долоо хоногийн өмнө “Boeing” компанийн онгоцны хаалга нислэгийн үеэр салж унасан. Тухайн үед тус загварын онгоцыг ашиглахгүй байх шийдвэрийг хэн ч эсэргүүцээгүй. Тэгвэл бид хүүхдүүд амь үрэгдэж байна гэдгийг мэдсээр байж яагаад эдгээр платформуудын аюулын талаар ижил арга хэмжээ авахгүй байна вэ” гэсэн байна
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.