УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Байдрагийн УЦС, Унгар луу шууд нислэг, алтай судлалтай спикерийн айлчлалын богц

Унгар УлсынҮндэсний Ассамблейн дарга Көвер Ласлогийн урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус улсад айлчиллаа.


-Байдрагийн голын УЦС-ыг Унгарын тал хөнгөлөлттэй зээлээр эхлүүлнэ-

Айлчлалын богц дахь хамгийн том мэдээ нь Байдрагийн гол дээр усан цахилгаан станц барих төслийг эхлүүлэх байв.

“Байдрагийн усан цахилгаан станц” төслийг Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх саналыг манай талаас тавьсан юм. Харин Унгарын тал төслийг хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх асуудлаар яриа хэлэлцээг эхлүүлэхээ илэрхийлжээ.

Баянхонгор аймгийн Байдраг гол дээр усан цахилгаан станц байгуулах төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан бөгөөд Сангийн сайд Б.Жавхлан энэхүү  баримт бичгийг Унгарын талд хүлээлгэн өгсөн.

Энэ төсөл хэрэгжвэл 30 МВт хүртэлх хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоно. Ингэснээр төвийн бүсийг цахилгаан эрчим хүчний найдвартай хэрэглээг хангах ач холбогдолтой.


-Унгар улс руу шууд нислэг үйлдэнэ-

Айлчлалын хүрээнд Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав.

Ингэснээр 30 жилийн өмнөөс яригдсан Унгар улс руу шууд нислэгтэй болох эрх зүйн орчин бүрдэж байна. Унгар улс болон Зүүн Европийн улсуудад ажиллаж, амьдарч байгаа 30 гаруй мянган монгол иргэн эх орондоо олон орон дамжилгүй шууд нислэгээр очих боломжтой болох юм.

Европын Холбооны улсууд руу зөвхөн Франкфурт, Истанбул чиглэлийн нислэгээр дамжин явдаг манай улсаас зорчих зорчигчдын хувьд аяллын хугацааг богиносгож, нислэгийн зардлыг бууруулах давуу тал бий болж байна.

Манай улс 44 дэх улстайгаа Агаарын тээврийн хэлэлцээр байгууллаа.


-Хоёр улсын УИХ-ын Тамгын газрын ажилтнууд хамтарсан судалгаа хийнэ-

Г.Занданшатар Унгар Улсад Монгол Улсын Их Хурлын даргын хувиар 16 жилийн дараа айлчлал хийж байгаа юм. Энэ хүрээнд хоёр улсын Тамгын газрын ажилтнуудын туршлага судлах солилцооны хөтөлбөр зохион байгуулахаар тогтов. Цаашлаад хууль тогтоох чиглэлээрх хамтарсан судалгаа хийх боломжтой гэж талууд үзжээ.


-“Алтай” судлалыг хөгжүүлнэ-

Айлчлалын бас нэгэн ач холбогдол нь алтай судлалыг хөгжүүлэхэд оршив.

Өнгөрсөн жилийн зургаадугаар сард Монгол Улсын Их Хурлаас Стэнфордын Их сургууль болон Бан Ги Мүн сантай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г анх удаа зохион байгуулсан талаар хөндөв.

Ирэх дөрөвдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо хоёр дахь удаагийн хурал болох аж. Алтай судлалын чиглэлээр эрдэмтдийн оролцсон хуралд УИХ-ын дарга илтгэл тавих юм. Унгарын Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн дэргэдэх Монгол судлалын төвийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд хоёр талын харилцан дэмжлэг чухал юм.

Мөн соёлын өвийн судалгаа шинжилгээ тэр дундаа Монголын археологийн дурсгалыг судлах, сурталчлах чиглэлд дэмжлэг үзүүлж буй. Мөн эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, соёл, спортын чиглэлээрх хамтран ажиллагааны талаар санал солилцов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зохиолч Л.Пүрэвдорж
Зохиолч Л.Пүрэвдорж
2024-03-11 12:48

Бусад бүтээ магадгүй. Харин усан цахилгаан станц бүтэхгүй. Орос юу боллоо гэж цахилгаан станц бариулж Монголыг эрчим хүчний уяанаасаа �##�дана гэж юу байх вэ дээ. Тэгээд Унгараар бариулаад шүү. Манай дарга Орос ганц зандрахад л хоёр өвдөг нь чичирч хормой нь намилздагаа санахгүй сэрүүн зүүдлэж ханахгүй юм даа. Олныг хуурахад олом байх биш дээл гээч юм биз дээ.

Холбоотой мэдээ

Back to top button