Top StoriesЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн ярилцлага

Д.Амартүвшин: "ONDO Space"-ийг сансарт хөөргөхийн тулд дөрвөн хиймэл дагуул бүтээж, хоёроор нь туршилт хийсэн

МУИС-ийн эрдэмтэд 2017 онд “Mazaalai” нэртэй ажиглалт, судалгааны хиймэл дагуулыг хөөргөж Монгол Улс задгай сансарт анхны хиймэл дагуулаа амжилттай байршуулсан байдаг. Эл явдлаас долоон жилийн дараа “ONDO Space” компанийн монгол залуус өөрсдийн бүтээсэн анхны арилжааны хиймэл дагуулыг энэ сарын 05-ны өдөр амжилттай сансарт байршууллаа. Түүхэн энэ явдлыг тохиолдуулан тус компанийн Технологи хариуцсан захирал Д.Амартүвшинтэй ярилцлаа.

-“ONDO Space” хиймэл дагуулаа хөөргөж, Монгол Улсын сансрын салбарын түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал өрнөлөө. Энэ амжилтыг бүтээсэн танд, бас хамт олонд нь баяр хүргэе.

Цаг үе нь "Starlink” нам орбитын интернэт сүлжээ Монголд нэвтрэх болсонтой давхцаж байгаа тул иргэд нэг үйл явдал мэтээр ойлгож байж мэднэ. Үүнээс ямар ялгаатай юм бэ гэдгээр ярилцлагаа эхэлье.

-Баярлалаа. Бид өнгөрсөн гуравдугаар сарын 5-ны өдөр арилжааны “ONDOSAT-OWL-1" болон “ONDOSAT-OWL-2” гэсэн хиймэл дагуулуудаа сансрын нам орбитд хөөргөлөө. Бидний хөөргөсөн хиймэл дагуул нь юмсын интернет гэгддэг жижиг төхөөрөмжүүд болон аж үйлдвэрлэлд өргөн ашиглагддаг электрон төхөөрөмжүүдээс интернет сүлжээ ордоггүй газраас төрөл бүрийн мэдээллийг авах зориулалттай хиймэл дагуул байсан.

-Үүнийг ач холбогдол нь яг юу вэ?

-Маш олон ач холбогдолтой. Нэгд, Монголын инженерүүд маань эх орондоо технологийн бүх түвшинд нь  өөрсдөө 100 хувь бүтээн сансарт гаргаж байгаа нь маш том бахархал болж байна. Хоёрт, эдийн засаг, технологийн салбарт өндөр ач холбогдолтой. Учир нь Монгол Улсын өргөн уудам нутгийн 30 хүрэхгүй хувьд интернет сүлжээ нэвтэрсэн байдаг. Үлдсэн 70 хувийн нутагт ямар нэг төхөөрөмжөөс мэдээлэл авах боломжгүй байдаг. Энэ өргөн уудам нутагт цаг уурын эрсдэлтэй нөхцөл байдал, хил орчмын зөрчил, гал түймэр, гэмт хэргийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний мэдээллийг авах боломжтой хамгийн эхний гарц шийдлийг бидний хөөргөсөн хоёр хиймэл дагуул маань үзүүлэх ач холбогдолтой. Эхний хөөргөсөн хоёр хиймэл дагуул маань дээрх технологийн туршилтуудад ашиглагдахаар бүтээгдсэн. Технологио туршаад цаашид сайжруулах зүйл байвал сайжруулаад явна. Мөн илүү олон болгох зорилготой байна.

-Олшруулаад нийт хэдэн хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Нийт 176 орчим хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байгаа. Олон байх тусмаа нэг газар дээгүүр давтан өнгөрөх хугацаа ихэсдэг. Бидний зорьж байгаа нь нэг минутад дэлхийн хаана ч байсан мэдээлэл хүлээн авах бүрэн боломжтой болгоно.

-176 хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байна гэлээ. Үүнийг хөөргөх төлөвлөгөөт хугацаа хэдийг хүртэл товлогдсон бэ?

-2022 оны арваннэгдүгээр сарын төлөвлөгөөгөөр ойрын таван жилд 176 хиймэл дагуул хөөргөнө гэж төлөвлөсөн. Бид энэ төлөвлөгөөгөө эхлүүлээд хоёрыг нь туршчихлаа. Шийдэл маань найдвартай ажиллаад эхэлбэл цааш нь олныг хөөргөх процесс богино хугацаанд явна. Хамгийн гол зүйл нь бидний хөөргөсөн хиймэл дагуул маань найдвартай ажиллаж байна уу гэдэг нь маш чухал.

-Нам орбитод хөөргөсөн байсан. Ер нь хэчнээн орбит давхарга байдаг юм бэ?

-Хиймэл дагуулын өргөн ашигладаг үндсэн гурван орбит бий. Үүнд LEO буюу нам орбит, MEO буюу дунд орбит, GEO буюу геостационар орбит гэх гурван түвшинд хуваагддаг. GEO-ийн өргөн хэрэглээ нь телевизийн үйлчилгээ үзүүлдэг бол дэлхийн гадаргаас 18,000 км өндөрт байрлах MEO-ийн өргөн хэрэглээ нь GPS юм. Харин LEO буюу нам орбитын хиймэл дагуул нь дэлхийн гадаргаас 400-1,500 километрийн зайтай байрладаг.

Жижиг хиймэл дагуул буюу кубсат нь нам орбитын гэж нэрлэгдээд яригдаад байгаа. Энэ нь дэлхийгээс 500 км орчим өндөрт хөөргөгддөг. Нам орбитын хиймэл дагуул нь орбитын өндөрөөсөө хамаараад 90 орчим минутад дэлхийг нэг бүтэн тойрдог. Олон хиймэл дагуулыг өөр өөр орбитоор хөөргөснөөр мэдээллийг богино хугацаанд хүлээж авах, дамжуулах боломжтой болох юм. Үүнтэй ижил 8-16 өөр орбитоор нийт хиймэл дагуулын тоог 176 байхаар хөөргөвөл нэг минутын дотор мэдээллээ авах боломжтой гэж тооцоолсон.

-Хиймэл дагуулын ялгаануудыг тайлбарлахгүй юу? “ONDO Space” нь арилжааны гэдэг тодотголтой юм байна.

-Нэгт, CubeSat ангилалын бидний хөөргөсөн хиймэл дагуул нь хиймэл дагуулынхаа төрөлд жижигдээ ордог. Сүүлийн үед маш эрчимтэй хөгжиж байгаа хиймэл дагуулын төрөл. Ихэнх арилжааны хиймэл дагуулууд CubeSat-ийн технологийг ашиглаж, богино хугацаанд бага зардлаар эдийн засгийн үр ашигтай үйлчилгээнүүдийг дэлхий даяар үзүүлдэг. Дэлхий даяар 2010 оноос эрчимтэй хийгдэж байгаа сансрын технологи юм. Хоёрт, их сургуулиудын судалгааны хиймэл дагуул гэж байдаг. Янз бүрийн технологийн судалгаа, сансрын орчны судалгааг жижиг төрлийн CubeSat-аар дамжуулж хийдэг. Гуравт, Засгийн газрын болон бусад төрлийн уламжлалт холбооны хиймэл дагуулууд бий. Гол ялгаа нь сансарт гараад ямар үйлчилгээ үзүүлэх зорилгоос хамаарч өөр өөр байдаг.

-Та бүхэн хиймэл дагуулаа “Шар шувуу I, II гэж нэрлэжээ. Энэ нь тогтмол нэршил үү?

-Хиймэл дагуулуудыг бид “Сансарт нисэж байна” гэж бид ярилцдаг. Ихэнх олон улсын хиймэл дагуулууд шувууны нэртэй байх элбэг. Зарим нь зөгийний нэртэй ч байх нь бий. Ямар нэг нисдэг амьтны нэрээр өргөн нэрлэгдэг талтай. Бид шар шувуу буюу олон улсад дуудагдаж болох хувилбараар Owl гэж нэрлэсэн. Дуудахад богино бас хялбар. Шувуун дундаа ухаалаг, хараа сайтай, бас онцгой шувуу учраас энэ нэрийг сонгосон.

-Монгол Улсын хиймэл дагуулыг өөрсдөө бүтээж, бүх үйл ажиллагаагаа хариуцан хөөргөсөн цөөхөн улсын нэгээр тооцогдож байна-

Гэрэл зургийг О.Улсболд

-“Шар шувуу I, II” дагуул 97.5 градусын хазайлттайгаар сансарт байршиж байгаа гэж тодотгожээ. Энэ хазайлтын онцлог юу вэ?

-Ямар орбитын өндөрт, ямар өнцгөөр хазайж дэлхийг тойрох вэ гэдэг нь тухайн хиймэл дагуул сансарт ямар тойрог замаар эргэлдэх гол хэмжигдхүүн болдог. Үүнийг “Space X” компани урьдчилан  тодорхойлсон байдаг. Энэ хазайлт болон орбитийн өндөр нь өөр өөр байх ч боломжтой.

-Two-Line элементээ аваагүй байгаа гэж байсан. Үүнийг хэрхэн авдаг, ямар ач холбогдолтой дата вэ?

-Хиймэл дагуул дэлхийг тойрон эргэхдээ хаана явж байна гэх сансарт байгаа байршлын мэдээллийг өгдөг богинохон хоёр мөр тоо байдаг. Үүнийг АНУ-ын NORAD гэх дэлхийн дээгүүр өнгөрч байгаа сансрын биетүүдийг бүртгэдэг Засгийн газрын агентлагаас гаргаж өгдөг. Тэндээс ойрын хоёроос гурав хоногт сансарт гарснаас хойш байршилын нарийвчлалуудыг өгч эхэлдэг.

Бид сансарт гарсан хойно нь тэр мэдээллийг шууд авах боломжгүй. Харин “Space X” компанийн зүгээс сансарт пуужин маань ийм өндөрт, ийм хазайлтаар гарсан гэх мэдээллийг өгсөн. Тухайн үед тэр мэдээллээс тооцоолон Two-Line элементээ /TLE/ гаргаж авч байсан. Одоо бол уг мэдээллийг харьцангуй өндөр нарийвчлалтайгаар NORAD агентлагаас авч байна. Энэ мэдээллээр сансрын технологийн компаниуд өөрсдийн хиймэл дагуулаа хянах болон удирдах боломжтой. Чухал суурь мэдээлэл юм.

-Сансарт хөөргөхийн өмнө ямар туршилтуудыг хийсэн бэ?

-Бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд хиймэл дагуулаа хоёр үе шаттайгаар зохион бүтээсэн. Нийт гурван төрлийн сансрын орчны тестийг Япон улсад хийсэн. Ингэхдээ, вакум орчны халуун хүйтний тест, хоёрт, чичиргээний тест, гуравт, антенуудын сансарт гараад сайн дамжуулах эсэх тест байсан.

Сансрын технологийн нэг онцлог нь туршилтын загвараасаа гадна сансарт явуулах хиймэл дагуулаа тусад нь бүтээдэг. Бид нийт хоёр хиймэл дагуул хөөргөсөн гэж байгаа боловч өнгөрсөн хугацаанд дөрвөн хиймэл дагуул бүтээсэн юм. Түүнийхээ хоёр дээр нь нарийн туршилтууд хийсэн бол нөгөө хоёр дээр нь сайжруулалт хийж, үндсэн хөөрөх загвар болгон сансарт хөөргөсөн.

Японд энэ чиглэлээр Монголоос дөрвөн инженер сурсны гурав нь доктор, нэг нь магистр байсан. Японы Кюүшүгийн технологийн институтэд анхны “Мазаалай” хиймэл дагуулыг хийхэд МУИС-иас гурван инженер очсоны хоёр нь одоо ONDO Space дээр ажиллаж байгаа. Тухайн үед Японд хиймэл дагуул хийх технологи, аргачлалыг сурсан учраас тэндээ хиймэл дагуулынхаа орчны тест туршилтуудыг хийсэн.

-Ингэснээр дэлхийн түвшинд хэр зэрэг хөл нийлж байна гэж ойлгох вэ?

-Дэлхий дээр 5G технологи нэвтэрч эхэлж байгаа. Энэ нь маш олон зүйлийг өөрчилж байна. Харин 4G нь дөрөв дэх үеийн технологи шүү дээ. Хүмүүсийн технологийн хэрэглээ үргэлж нэмэгдэж байдаг учраас 5G технологид сансрын технологи яалт ч үгүй орж ирж байгаа. Өмнө нь бид газрын гадарга дээр газрын сүлжээ үүсгэж ашигладаг байсан. Харин 5G технологи дээр хүссэн хүсээгүй сансрын технологийн хэрэгцээ орж ирэн оператор компаниуд болох ONDO, Мобиком, Unitel нэмэлтээр сансрын технологи ашиглах шаардлага үүсч байгаа. Яг үүнтэй зэрэгцэн хиймэл дагуулыг ашигласан харилцаа холбооны дэд бүтцийг бий болгохын төлөө дэлхийн маш олон компани шинэ технологийн шийдлүүд гарган ажиллаж байгаа.

Харин бид аль түвшинд явж байна вэ гэвэл, саяны хоёр хиймэл дагуулыг өөрсдөө бүтээн хөөргөсөнөөрөө дэлхийн хөгжилтэй улсуудтай тухайн салбартаа нэг түвшинд зэрэгцэж ирж байна гэж хэлж болно.

-Өөрсдийн пуужин хөөргөгчтэй улс хэчнээн байдаг вэ?

-Ийм улс цөөхөн байдаг. ОХУ, АНУ, Энэтхэг, Япон, Солонгос, Европын холбоо зэрэг гарын 10 хуруунд багтах улсууд бий.

Харин өөрсдөө хиймэл дагуулаа хийгээд өөрсдөө хөөргөдөг том жишээ нь “Space X” байна. Бид өөрсдөө хийгээд өөрсдийнхөө үйл ажиллагаандаа ашиглаж байгаа цөөхөн улсын нэгээр тооцогдож байгаа. Ихэнх хиймэл дагуул хөөргөсөн улсууд өөр компаниар хийлгээд өөрсдөө үйл ажиллагаагаа хариуцаад явдаг харагддаг.

-ONDO хэрэглэгчдэд хиймэл дагуул хөөргөсөн нь ямар дэвшил авч ирж байгаа вэ?

-“ONDO Holding” групп компани нь “Андореан”, уул уурхайн чиглэлийн технологи хийдэг компани, “ONDO Space” болон “ONDO” оператор гэсэн гурван бүрэлдэхүүн компаниуд бий. “ONDO Space” маань үйл ажиллагаагаа зүгшрүүлсний дараагаар ONDO-гийн хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх ажил эхэлнэ.

Бидний харж байгаа гол зорилго бол сүлжээ ороогүй газраас бага хэмжээний текстэн мэдээллийг электрон төхөөрөмжөөс аваад буцаан хэрэглэгчдэд хүргэх зорилготой. Яваандаа бага хэмжээний мэдээллийг ухаалаг утсан дээрээс авч, бусад сүлжээнд түгээх боломжийг бүрдүүлнэ.

Бага хэмжээний мэдээлэл гэдэгт сэрэмжлүүлэх мэдээлэл, SOS, цаг уурын сэрэмжлүүлэг, хүмүүс хоорондоо текст бичих мэдээлэл багтаж байна. Энэ нь яг тухайн мөчдөө шууд дамжин очихгүйгээр цаг хугацааны хүлээлттэйгээр буюу нэг минутын хойно очихоор байх юм. Бид шууд хүн рүү залгаад ярихад яг тухайн мөчдөө ярьдаг шүү дээ. Ялгаа нь энэ тодорхой хугацааны дараа мэдэгдэл очно гэсэн үг. Сансрын технологи нь сансар дахь хиймэл дагуулын тооноос хамаарч тухайн мэдээлэл тодорхой хугацааны дараа хүрдэг онцлогтой.

-Технологийг ид шидтэй андуурах хэмжээнд хүрээд байна-

Гэрэл зургийг О.Улсболд

-Ярилцлагаа сансрын салбарын хөгжлийг хэрхэн хардаг тухай асуултаар үргэлжлүүлье.

-Технологи бүтээдэг хүмүүсийн зорилго нь хүн төрөлхтний амьдралыг хөнгөвчлөх байдаг. Илүү бага хугацаанд ихийг бага зардлаар бүтээх зорилго юм. Сүүлийн үед технологийн дэвшил нь шинжлэх  ухааны үсрэнгүй хөгжил, ололт амжилтуудаас хамааран эдийн засагт үзүүлэх технологийн нөлөөлөл асар их болж ирсэн. Энэ үр дүнгээрээ технологи маш хурдтай хөгжиж байгаа гэж ойлгож болно.

Чипний технологи, хиймэл оюун ухааны технологи, харилцаа холбооны технологиудыг бип ид шид үү эсвэл технологи уу гэдгийг ялгахад бэрх хэмжээнд хүрээд байна. Ялангуяа хиймэл оюун ухаан ашигласан өндөр тооцоолол хийдэг технологийн дэвшлүүд өдөр тутамд шинээр гарч ирсээр байна. Жишээ нь: Бид бүхний мэдэх LLM хиймэл ухааны технологи нь текстэн мэдээлэлд хүнээс илүү сайн дүгнэлт хийж, интернэтэд байгаа мэдээллийг ашиглах, хайх зэрэг бидний өөрсдөө хийдэг зүйлсийг бидний өмнөөс хийдэг болж байна. Энэ технологиуд цааш харилцаа холбоо болон эдийн засгийн салбарт орж ирж байна. Сансрын технологид ч өргөн ашиглагдах боломжтой.

-Сансар судалыг яагаад сонирхох болов. Хэр онцгой салбар гэж та хардаг вэ?

-Би МУИС-д Физик, Электроникийн чиглэлээр бакалаврын зэргээ хамгаалж байсан. Тухайн үед электроникийн мэргэжилдээ сонирхолтой, физик суурьтай хичээлүүд их үздэг байсан. Оюутан байхдаа “Робокон”, “Кансат” зэрэг маш олон технологийн тэмцээнүүдэд баг болоод их сургуулиудтай өрсөлддөг байлаа. Тухайн үеэс эхлээд шинэ зүйл хийх, бүтээх сонирхолтой болсон. Тэр үед хийж байсан зүйлсийн ихэнх нь Монголдоо шинэлэг, анхдагч байсан юм. Энэ хүсэл сонирхлынхоо дагуу гэрийн автоматжуулалтын төхөөрөмж хийдэг найзуудаараа баг болж технологийн бүтээл хийдэг болсон. Монголд өмнө нь хийгдэж байгаагүй мөн интернет хэрэглээ тухайн үед бага байсан тул бүтээгдэхүүн маань өргөн хэрэглээнд нэвтэрч чадаагүй.

Би баклаврт сурч байхдаа өндөр хөгжилтэй улсад технологийн чиглэлээр сурах боломжийг эрэлхийлдэг байсан юм. Тэр үед маань МУИС дээр сансрын технологийн хоёр профессор Японоос ирж, тэдэнтэй танилцсан. Тэднээс Японд сансрын технологийн чиглэлээр сурах боломжтой талаар мэдэж авсан. Ингээд 2015 онд Японы Засгийн газар, Кьюүшүгийн технологийн институт болон НҮБ-ын Сансрыг хариуцсан агентлаг гурвын хамтарсан тэтгэлгээр Сансрын инженерчлэл мэргэжлээр Докторын зэрэг хамгаалахаар сурч эхэлсэн юм. Японд сурах явцдаа  сансрын технологи нь бидний амьдралд ямар чухал ач холбогдолтой болох мөн сансрын технологийн эрчимтэй хөгжлийг анх олж мэдсэн. Тухайн үедээ МУИС дээр сонирхогчийн жижигхэн пуужингаар дээш хөөрч, шүхрээр буухдаа зурган мэдээлэл авч, агаарын температур, агаарын чийгшил, агаарын бохирдол зэргийг хэмжээд буудаг олон улсын Кансатын тэмцээнд бэлтгэгддэг байсан. Түүнээс хойш хиймэл дагуул гэх зүйлтэй анх Японд танилцсан юм. Яг тэр үед CubeSat-ийн технологи дэлхий даяар эд дэлгэрч эхэлсэн.

Cubesat-ийн давуу тал нь бүтээх цаг хугацаа нь том хиймэл дагуулаас бага шаардагддаг. Жишээлбэл, АНУ-ын НАСА-гаас хөөргөдөг “Landsat” төрлийн газарзүй, цаг уурын мэдээллийг гаргадаг хиймэл дагуулуудыг бүтээхэд дундажаар 7-10 жил шаардагддаг. Хэмжээ нь автобус шиг том байх жишээтэй. Харин бидний бүтээсэн CubeSat төрлийн хиймэл дагуулуудийг дундажаар хоёр жилийн хугацаанд хийдэг

-Монгол дахь салбарынхаа хөгжлийг хэрхэн хардаг вэ?

-Би МУИС-д Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторид магистрынхаа зэргийг хамгаалж байсан. Одоо хувийн хэвшилд технологи хөгжүүлэхээр ажиллаж байна. Японд хамт сурч байсан хоёр инженер маань МУИС-д профессороор ажиллаж байгаа. Монгол дахь сансрын технологийн хүний нөөцийг бэлтгэх зорилготойгоор хуучинаар Физик Электроникийн Сургуульд оюутнуудыг бэлтгэж байгаа. Энэ ангид өнгөрсөн жилээс эхлэн оюутнуудыг бэлтгэж байгаа.

Мөн 2015 онд МУИС болон ШУТИС гэх хоёр том их сургуулийн тэргүүлэх судалгааны 10 чиглэлд Сансрын технологийн чиглэлээр инженер бэлтгэх хөтөлбөр багтсан байдаг. Ингэхдээ Японы ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран 1000 инженер төслийг эхлүүлсэн. Тэгэхээр энэ салбарт орж буй хүүхдүүдэд маш том орон зай бий болж байгаад баяртай байгаа.

Сансрын технологи гэхээр зөвхөн хиймэл дагуул бүтээх бус хиймэл дагуулаас авсан датаг анализ хийх, сансарт ашиглаж байгаа камерын чиглэлийн судалгааг хийх гэх мэт олон чиглэлүүд байдаг.

-Монгол Улсад алсдаа агаарын бааз шаардлагатай-

Гэрэл зургийг О.Улсболд

-Пуужингаа АНУ-ын агаарын баазаас хөөргөсөн юм билээ. Улс орнууд ийм баазтай байхын давуу талыг юу гэж харж байдаг вэ?

-Монголоор пуужин гэж нэрлэдэг ч сүүлийн үед цойлуур гэж нэрлэх болсон. Сая бид хөөргөлтөө Калифорниа мужийн Лос Анжелас хотын “Vandenberg Space Force Base” Ванденберг сансрын хүчний баазаас хөөргөсөн. Бидний хөөргөсөн баазаас өөр өөр төрлийн компанn пуужингуудаа хөөргөдөг. Тухайлбал, “NASA”, “Space X”, “Rocket Lab” хөөрч байгаа харагддаг. Сансар огторгуйд өдөр тутамдаа маш олон хиймэл дагуул хөөрч байгаа. Үүнтэй холбоотойгоор пуужингийн технологийн компаниуд маш олноор гарч ирж байна.

Пуужингийн мотор буюу тийрэлтэт хөдөлгүүр гэж байдаг. Тэр нь маш өндөр түвшний технологи юм. Энэ технологийг дэлхий дээр хөгжүүлэхэд маш их цаг хугацаа шаарддаг. Пуужингийн тийрэлтэд хөдөлгүүрээр тэргүүлж байгаа нь АНУ, БНХАУ, ОХУ, Энэтхэг бий. Сүүлийн үед орж ирж байгаа тоглогч нь Солонгос байна. Япон бол HIIA гэх пуужинтай. Мөн JAXA-аас жижиг төрлийн бага оврын хиймэл дагуул хөөргөдөг шинэ пуужинг хөгжүүлж байгаа. Өмнө нь пуужингийн технологи нь хиймэл дагуулын технологитой ижилхэн зөвхөн Засгийн газруудын агентлаг нь хөгжүүлдэг технологи байсан бол одоо хувийн хэвшлийн технологи болж орж ирж байгаа.

-Манай улсад ийм баазтай болох хэрэгцээ шаардлага бий юү?

-Монгол улсад маань ирээдүйд зайлшгүй хэрэгтэй технологи мөн. Учир нь сансрын технологи нь тухайн улсын батлан хамгаалах, харилцаа холбооны өөрсдийн гэсэн системүүд, тэдгээрийн шийдлүүдийг сансарт гаргах гарц болдог. Бусад улсын хиймэл дагуул, пуужин, холбооны технологийг ашиглах тусам тухайн улсынхаа хамааралд орно. Ямар ч улсууд өөрсдийн технологийг хөгжүүлэх сонирхолтой байдаг. Монгол Улс маань мөн өөрийн гэсэн пуужинтай, өөрсдийн гэсэн сансрын баазтай болох нь үндсэн гол зорилгын нэг байх учиртай. Богино хугацаанд технологийг нь нутагшуулж аваад өөрсдийн гэсэн технологитой болох нь бидний давуу тал, салбарын хөгжлөө харуулах талбар болно.

-Хиймэл дагуул бүтээсэн зардлын тухайд хэр өртөг өндөр байдаг вэ?

-Технологи бүтээсэн зардал нь бусад байгууллагаас шууд хиймэл дагуулаа худалдан аваад хөөргөхөөс мэдээж харьцангуй бага зардалтай байдаг. CubeSat ангилалын хиймэл дагуулын технологи нь бусад төрлийн хиймэл дагуулуудаас харьцангуй бага зардалтайгаараа давуу талтай. Ийм ч учраас дэлхий даяар энэ төрлийн хиймэл дагуулууд маш хурдацтай хөгжиж байгаа.

-Түүхий эд материалд ямар нэг нөөцийн дутагдал гарсан уу?

-Ухаалаг гар утас жил ирэх тусам улам хөгжиж, шинэ функцүүдийг нэмэлтээр гаргаж байна. Шинэ технологиуд болох ухаалаг цаг, гэрийн автомат хэрэгсэл, роботууд зэрэг бидний амьдралд хурдацтай нэвтэрсээр байна. Үүний нэг гол суурь нь дэлхий даяар үүнийг хийдэг үйлдвэрлэдэг масс үйлдвэрлэлийн компаниуд олширсонтой холбоотой. Жишээ нь: Хиймэл дагуулд ашиглагдах аль нэг электроникийн чипийг олон компаниас авах боломжтой болсон.

Өөр нэг давуу тал нь Монгол Улс газарзүйн байршилын хувьд давуу талуудтай. БНХАУ үйлдвэрлэгч улс шүү дээ. Дээрээс нь бид АНУ-тай харилцаа сайтай учраас чипээ худалдаж авах зарим нэг зүйлсээ БНХАУ-д хийлгэх зэрэг нь Монгол Улсын хувьд бусад улсуудтай харьцуулахад давуу байдал юм. Адаглаад л хөрш улсаасаа тээвэрлэхэд цаг хугацааг хожиж байна. Хөршүүдтэйгээ эерэг харилцаатай байдаг нь эдийн засгийн үйлдвэрлэл хамтын ажиллагаанд давуу тал гардаг.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ганаа
Ганаа
2024-03-14 20:25

Мундаг з�##�ууд баяр хүргэе. Улам их амжилт хүсье.

Зочин
Зочин
2024-03-14 21:36

Мундаг багш даа. Улам их амжилт хүсье

unshigch
unshigch
2024-03-18 21:34

Mongoliin secience&technology, engineering hegjild alham hiij, Saihan yariltslaga boljee. amjilt hysie. Neg zyil-d sanalaa helie. LandSat geh met hiimel daguuluudtai ovor hemjee, byteesen hugatsaa geh met yzyyleltyydiig haritsuulj bolohgyi met sanagdna. 50 iad jil delhiin gadarguunii hemjilt, zuragiig ender naiivchlaltai hiiseer baigaa shyy dee. Hyalbar garaanii micro sat-iig bogino hugatsaand hiij heergej baigaa ni saihan amjilt. Gehdee ene hugatsaagaa zev haritsuualt hiivel zygeer met sanagdna.

Холбоотой мэдээ

Back to top button