УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Амарбаясгалан: Малгүй болсон иргэдэд 5-8 сая төгрөгийн хүүгүй урт хугацаат зээл олгоно

Засгийн газрын өнөөдрийн /2024.03.20/ хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээлэл өглөө.


Тэрбээр, "Нийт 35 асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн. Цаг үеийн шинжтэй хэд хэдэн асуудал хэлэлцсэн.

Улаанбаатар хотод мах нийлүүлэлттэй холбоотойгоор Ерөнхий сайд чиглэл өгч байсан. Махны экспортын зах зээл нээлттэй буюу 2023 онд 130 мянган тонн мах гарсан тоон мэдээлэл бий. 2024 онд ч экспортод ямар нэгэн хориглолт хязгаарлалт байхгүй. Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээлд махны үнэ өсөх эрсдэл үүсдэг. Үхэр, хонины мах өсдөг. Мах бэлтгэлийн компаниудтай уулзалт хийсэн. Малчдын гар дээр 50 гаруй мянган тонн мах байгаа боловч, цас зудны нөхцөл байдлаас хамааран худалдан авах нөхцөл хийгдэхгүй байна. Үнэ хямд байна гэдэг гомдол гарсан. Үйлдвэрийн аргаар нядлагдаагүй учир мах бэлтгэлийн компаниуд авдаггүй. Харин ченжүүд авч, Улаанбаатар хотын махны хэрэгцээг хангадаг. Үхрийн махыг 7000, хонины махыг 5000, ямааны махыг 3500 төгрөгөөр авч байна. Гэтэл Улаанбаатар хотод ирээд 20,000 төгрөгөөр худалдаалагддаг нь зохицуулалт хийх шаардлагатайг илтгэдэг. Улаанбаатарт 6000 тонн орчим махны нөөц байна. Зах зээлд нийлүүлэх боломжтой 2000 тонн орчим үхэр, хонины байгаа юм байна. Гурав, дөрөв ялангуяа тав, зургаадугаар сард нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газар анхаарч ажиллана.

Монгол Улсын Баялагийн сангийн тухай хуулийг өргөн барих асуудал өнөөдөр танилцуулга хийгдлээ. Ирэх долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хуулийн төслийг оруулж ирж, УИХ-д өргөн барих үүрэг чиглэлийг өгсөн. Баялагийн сангийн хуулийн төсөл дээр "Эрдэнэс Монгол" нэгдлийн захирал С.Наранцогтоор ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Хаврын чуулганаар батлуулах шийдвэрт хүрсэн.

Баялагийн сан нь дотроо гурван сантай байх зохицуулалтыг оруулсан.

  • Нэгт, Ирээдүй өв сан буюу өнөөдөр өөрийн хууль эрхзүйн орчноор зохицуулагдаж байгаа АМНАТ-аас орж ирсэн татварын 65 хувиар санхүүжиж хуримтлал үүсгэдэг. Энэ сан 2030 он хүртэл хуримтлалаа үүсгэнэ. Түүнээс хойш хуримтлагдсан хөрөнгөөрөө хөрөнгө оруулалт хийнэ.
  • Хоёрт, Хуримтлалын нэгдсэн сан. Иргэн бүр өөрийн гэсэн нэрийн данстай байх нөхцөлөөр хангагдана. Ногдол ашиг шиг олгохгүй. Орон сууцны хөтөлбөр, боловсрол, эрүүл мэндийн чиглэлд өөрөө захиран зарцуулагдана.
  • Гуравт, Тогтворжуулалтын буюу Хөгжлийн сан. Бүс нутгийн хөгжлийн бодлогыг бодлогоор хэрэгжүүлэн захиран зарцуулах. Төсвийн давсан орлого, төсвийн тэнцвэржүүлэлтийг хангахад хуримтлагддаг байсан бол энэхүү давсан орлогын 50 хувь нь Хөгжийн сангийн хөрөнгө болж, цаашдаа орон нутаг, бүс нутгийн хөгжил хэлбэрээр зарцуулагддаг болно.

Мөн ТӨК-иудын ногдол ашгийн 34 хувийг "Хуримтлалын нэгдсэн сан"-д төвлөрүүлнэ. Энэ мөнгөн дүнг "Эрдэнэс Монгол" нэгдлийн 2023 оны санхүүгийн үзүүлэлтээр аваад үзвэл 1.1 их наяд төгрөг энэ санд төвлөрөх боломжтой гэж үзэж байна.

Сар шинийн өмнө МАН, АН, ХҮН нам Баялагийн сангийн концепцоор санамж бичиг байгуулж байсан. Улстөрийн намыг төлөөлөх ажлын хэсгүүд байгуулагдсан. ХҮН нам өөрийн саналаа ирүүлсэн байна. АН өөрийн концепцоо УИХ-д өргөн барьсан. Цаашид хоёр нам бүлгийн түвшинд авч хэлэлцэнэ.

2024 он цас зудын нөхцөл байдал хүндрэл бэрхшээлийг авч ирсэн. Малжуулах хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх үү гэдэг нь Засгийн газрын тулгамдсан асуудал болоод байна.

Зургаан сая гаруй мал хорогдоод байна. Онцгой байдлын ерөнхий гаргасан мэдээллээр 20 орчим сая мал хорогдоно гэдэг мэдээлэл өгөөд байна. 20 сая гэдэг нь 20 мянган малчны 70-аас дээш хувьд нь хорогдол учирна. Зарим нь бүр малгүй болох эрсдэлтэй.

ХНХЯ-ны дэргэдэх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан 107 орчим тэрбум хөрөнгийн эх үүсвэр бий. Үүнээс малгүй болсон иргэдэд 5-8 сая төгрөгийн хүүгүй урт хугацаат зээл олгоно" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-22 20:04

Мөнгөө хүүгүй ашиглуулдаг хувийн бизнес хаа ч байхгүй! Тэгэхээр энэ мөнгийг төрөөс л олгох юм байна л даа??

Холбоотой мэдээ

Back to top button