Top StoriesУРЛАГ

Рэвью, “1984”: Хэтийдсэн хүлээлт, хэтрээгүй амбиц

“Бүх амьтан тэгш эрхтэй. Гахай бүр илүү тэгш эрхтэй” гэдэг афоризм манай нийгэмд түгэн дэлгэрсэн нь өдгөө пост драм хэлбэрээр тавигдаж буй “1984” романы зохиогч, Жорж Оруэлээс эхтэй.

Түүний “Амьтны ферм” зохиол манай бестселлерийн жагсаалтыг багагүй хугацаанд тэргүүлж буй.

Харин “Орфей” театр, “1984”-ийг нь жүжиг болгоно гэхэд сайн, эсвэл муу болох тухайд эргэлзээ төрөөгүй ээ. Цаг үеэ олсон сайн сонголт, зөв шийдвэр. “Гэм зэм”-ийг өмнө нь жүжиг болгосон. Үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Түүнд ажилласан найруулагч М.Батболд, зохиолч Я.Баяраа, продюсер Т.Ариунчимэг нарын хамтралаас гадна дахин Д.Ганцэцэгийг, авьяас дархалсан С.Болд-Эрдэнийг, бүр Ц.Төмөрхуяг болон Г.Равдан гуайг тоглуулахаар болсон явдал өөрөө “Итгэж болно” гэж хэлж байв.

Иймд “Орфей” театрын ажилд санаа зовоогүй.

Хүйтэн дайны дараа, “Түүх төгслөө. Одоо Америкийн либерализмаас өөр үзэл санаа дэлхийд үлдэхгүй” гэж тунхагласан сүүлийн 30 жилийн геополитикийн орчинд хамгийн их хэлмэгдсэн нь зохиолч Жорж Оруэл байж магадгүй.

Түүнийг коммунизмын аюулыг сэрэмжлүүлсэн гэж ярьж, бичдэг. Барууны ертөнц хүйтэн дайны дараа Жорж Оруэлийг сайн ашигласан. Түүнийг ер коммунизмтай холбон, хүчээр тайлбарладаг нь ганц манайд биш юм билээ.

Гэхдээ эх зохиолыг уншвал, аливаа тогтсон улс төрийн үзэл санаа, эсвэл систем рүү чиглээгүй, харин хүний мөн чанарын эмзэг шинж чанаруудыг үндэслэлтэйгээр, хуруу даран дэлгэж тавьсныг анзаарах болно. Өөрөөр хэлбэл, ямар ч нийгэм, аль ч цаг үед хүнийг дагалдаж байдаг бодох, сэтгэх эрх чөлөөг чухалчилсан.

Зохиолыг жүжгийн зохиолд буулгасан Я.Баяраа өөрийн нүүр хуудастаа, “Энэ бол өнгөрсөн, одоо, ирээдүйн тухай зохиол биш. Үүрдийн сэдэв, хүний мөн чанарын тухай. Бодох эрх чөлөөний тухай юм” гэж бичжээ. Жүжгийн зохиолч эх зохиолыг лав улс төрийн үзэл санаанаас ангидаар, нэвт шувт мэдэрчээ гэдгийг үүнээс олж харснаар олзуурхсан юм.  

Иймд итгэл төгс байх шалтгаан ер мундаагүй.

Өмнө нь Со.Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг”-ийг тавьсан шигээ, 360 градус тайзны шийдлийг М.Батболд энэ удаа дахин ашигласан байна. Театрын язгуур-амьд шинж чанарт дөрвөн талт тайз дөхөж очих боломжтой. Үзэгчидтэй ийн ойртох оролдлогыг М.Батболдтой нэг үеийн найруулагч Э.Ёндоншарав өөрөө тайзны урд хөлөө унжуулж суугаад, “буу халах” маягаар хийж байсан санагдана. Гэхдээ тэр бол уламжлалт тайзан дээр.

Дөрвөн талт тайз бодох ажлыг дөрөв дахин нэмнэ гэхэд хилсдэхгүй. Энэ шийдэлдээ М.Батболд бүдэрсэнгүй. Хэн хүний ажиглаад баймгүй арга хэрэгслүүдээр дамжуулан, жүжгийг зөвхөн хязгаарлагдмал нэг өнцгөөс үзэж буй мэт мэдрэмж төрөхөөргүй, амжилттай хийж чаджээ.

Хоёрт, жүжгийг минимал, тодорхой хэдэн, дараалсан үйл явдлын шугамд барьсан нь анзаарагдсан. Үзэгч уйдахгүй, үйл явдлын холбоос дунд төөрөхгүй. Хурдтай өрнөхүйц. Бүтэн романыг ийн дөрвөн талт тайзан дээр, маш тодорхой өрнөлүүдэд хураасан нь амжилт. Санааг бүрэн дүүрэн гаргахын тулд олон янз тусдаа үйл явдал, огтлолцол, гэнэтийн эргэлт бүхий үзэгдлүүдээр "зодоод" байлгүй, энгийн бөгөөд тодорхой зохиомжилсон гэсэн үг.

Гуравт, технологийн шийдлүүд ашигласан. Нэг талаас, технологи ороод ирэхээр жүжигчид ч, найруулагч ч тэр, илүү сэтгэх гэж “зовох”-гүй болчхож байгаа. “Яах вэ?” гэдэг асуулт тулгарвал технологи хариулт өгнө. Энэ нь театрын арга ажиллагааг хялбарчлах сул талтай боловчиг технологийг гаргууд эрхшээдэг болох нь өөрөө орчин цагийн, ирээдүйн шаардлага мөн. Харин технологи найруулагчийн чөлөөт сэтгэлгээний дээр гараад суучхаж болохгүй.

Нөгөө талаар, “1984”-ийг технологийн шийдэлгүйгээр үзэгчдэд ойлгуулах хялбар биш. Харин ч, илүү мөнгө хийгээд цаг зав байсан бол чинээнд нь тулгах, үзэгчдийг алмайруулах бололцоо байсан байх. Дээш, доош хөдлөөд байгаа төмөр ор, бичгийн ширээ мэтийн хэрэгслийг угтаа тайзны арын багийнхан троссоор татдаг гэж дуулсан. Түүнийг автоматжуулчихлаа гэхэд л, ер бусын абстракт ертөнцөд үзэгчдийг авчирч чадна.

Дөрөвт, олны хэсэгт оюутнуудыг ажиллуулжээ. Тэд үе үе сулдаад байгаа нь анзаарагдсан ч, чухам ингэж гэмээнэ “1984”-ийн атмосфер төсөөлөгдөнө. Мөн л дажгүй, хүчтэй бас гарцаагүй шийдэл.

Нэгтгэн дүгнэхэд, үзэгдэл бүрийн мессеж ойлгомжтой, уялдаа холбоо сайтай, хурдтай, нэг үгээр илүү ч үгүй, дутуу ч үгүй товч бөгөөд тодорхой ажилласан байна.

Харин эх зохиолыг өмнө нь уншсан хүмүүст эргэлзээ төрмөөр хэсгүүд бий. Ноён Чаррингтоныг (АЖ Г.Равдан) зохиол дахь өөр дүртэй нэгтгэчихсэн. Өнгөрсөн он цагийн тухай ой дурсамж тээж үлдсэн байж болох өвгөчүүдийн нэг юм, нэгтгэгдсэн дүр нь. Смит тэр өвгөнөөс өнгөрсний тухай яриулах гэж оролдоод бардаггүй. Өвгөн ч (буюу нийгмийн ахмад үеийн төлөөлөл) залуу насны ой дурсамжаа мартсан байдаг. Энэ их чухал мессеж. Үүнийг Ноён Чаррингтонтой нэгтгэснээр, өнгөрсний ой санамжийг чухалчилсан Оруэлийн санаа бүдгэрсэн.

Их хөндүүр л дээ, Монголын хөрсөн дээр буулгавал, “Сүхбаатарын талбай дээр өмнө нь юу байлаа?” ч юм уу, “Элэг зүрхнээс уяатай. Энхрий... тэгээд цааш юу гэдэг билээ?” гэвэл мэдэх хүнгүй нийгэм л гэсэн үг. Хүн гэдэг амьтны хувьд өнгөрсний тухай санамж хэмээгч нь оршихуйн шийдвэрлэх шинжтэй элемент гэдгийг Оруэл ингэж гаргаж тавьсан. Харин жүжигт энэ тухай хурц үзэгдэл бараг байсангүй.

Ой дурсамжийн тухай санааг ийн чухалчлаагүй орхисон мөртлөө секс хийхгүй удаан яваа хүний боогдмол сэтгэл зүйд маш том үзэгдлээр анхаарсан байсан. Смитийн “амьгүй” эхнэр, биеэ үнэлэгчтэй хурьцахаар пролуудын хороололд хөл тавьсан дурсамжийн тухай үзэгдэл эгээ л “Гэм зэм” дээрх Мармеладовын монологи шиг яруу байв, энд М.Батболд, Я.Баяраа нар жинхэнэ хамтарч ажилласан санагдсан.

Хоёрт, Смитийн хэл шинжлээч найзын дүр яг таг гараагүй. Зохиолдоо бол Смитийн бараг ганц найз нь, намын үзэл баримтлалд автчихсан ч сэтгэх, бодох нь сэргэг хэвээр, тийм дүр. Сэргэг сэтгэдэг учраас нам түүнийг хэзээ нэгэн цагт “ууршуулна” даа гэж Смит бодно, тэр дагуу нь болдог. Харин жүжигт хэл шинжлээчийг эгээ л анхнаасаа сөрөг дүр мэт гаргажээ. Боддог, сэтгэдэг учраас хэчнээн намд үнэнч ч гэлээ “ууршдаг” зохиол дахь үйл явдал жүжигт гарсангүй.

Гуравт гэвэл, Смитийн О’Брайнд татагддаг хэсэг нэлээд шууд тулгасан, махчилсан хэв маягтай болжээ. Угтаа Смит О’Брайнтай хэд хэдэн удаа харц тулгарахаас гадна, алсаас ажиж, “Энэ хүн арай өөр байх учиртай” хэмээн татагдсаар ирсэн байдаг. Мөн “Харанхуй үгүй газар уулзъя” гэж хэлж буйгаар нь зүүдэлдэг. Харин О’Брайн нэг өдөр Смитэд ном өгч, завсар нь гэрийн хаягаа хавчуулж дайснаар анхны уулзалт болдог шүү дээ. Харин жүжигт О’Брайн, Смит хоёр тайзны хоёр талаас нэг нэгнээ ширтэж байснаа, гэнэт Смитийн толгойд “Тэр харанхуй үгүй газар уулзъя гэж хэлж байх шиг байна” гэдэг бодол ороод ирж байгаа юм. Тэгснээ, шууд гэрийг нь олоод оччихдог. Тэд уулзах хүртэл сэтгэл зүйн нэлээд нарийн нюансууд өрнөдөг, цаг хугацаа туулдгийг хэт хялбарчилсан санагдсан.

Мөн Смитийн өдрийн тэмдэглэлийг эхний үзэгдэлд халтихан үзүүлээд өнгөрсөн, уг нь “Өдрийн тэмдэглэлээ бичээд байгаа шүү” гэдэг мессежийг хэд хэдэн удаа өгсөн бол. Гэхдээ жүжигт үйл явдлыг Смит, О’Брайн хоёр ээлжлээд тайзны араас өгүүлж буй. Ц.Төмөрхуяг текст уншихдаа гаргууд нэгэн гэдгийг “Инээмтгий хүн” жүжгээс харсан. Нэг талдаа, О’Брайн Смитийг хэрхэн олзолсон түүхээ эхнээс нь ярьж өгөөд ч байгаа юм шиг, давгүй зохиомж болсон байх магадтай.

Хамгийн том эрсдэл тамлагааны хэсэгт л үүсэж. Дэлгэцэн дээр яргаллын дүр зураг харагдаад байгаа учраас үзэгчид философийн текстүүдэд төдийлөн анхаарлаа төвлөрүүлж чадаагүй байх. Уг нь тамлагаан дээр О’Брайн буюу Ц.Төмөрхуяг хамгийн бодууштай текстүүд хэлж байна. Зохиолч Я.Баяраагийн ажиллагаа үүнээс ойлгогдох ёстой ч Ц.Төмөрхуяг үзэгчдэд текстээ хэлж, ойлгуулахаас илүү ар араас нь хурдтай уншиж, дээрээс нь дэлгэцэн дээрх дүрс үзэгчдийн анхаарлыг сарниулсаар, хамгийн гол зангилаа хэсэг бүдэг бадаг өрнөчих шиг санагдсан.

Жулияг илүү халуун сэтгэлтэй болгож зохиомжилсон нь таалагдсан. Гэхдээ, эхний удаа модон дунд уулзчихаад Жулия Смитээс зугтаад байна лээ. Өөртэйгөө зөрчилдөж байгаад эргэн ирсэн. Оруэлийнхээр Жулия бол “Хийвэл бүү ай, айвал бүү хий” уриатай, шийдчихсэн хүүхэн л дээ. Эргэж буцдаггүй. Смит тогтолцооны өөрчлөлт хүсэх бол Жулия зүгээр л хувь амьдралдаа боломжийн хэрээр эрх чөлөө олж авах, тэгээд өөртөө аз жаргалтай амьдрахыг чухалчилдаг. Үүгээрээ, бодож сэтгэдэг хоёр хүн аминч болоод алтруист хоёр төрөлд хуваагдаж болно гэж Оруэл хэлсэн юм шиг санагддаг. Ер нь Жулия дүрийн хувьд Смитээс илүү хүчтэй, өөрийгөө танин мэдсэн дүр шиг санагддаг, миний л сэтгэгдэл юм. Жулия дээр өөр юм хэлмээргүй байна. Д.Ганцэцэг найруулагчийн хувилбараарх Жулияг яг тэр дагуу нь амилуулжээ.

Харин Смит өөрөө бодох, эргэцүүлэх чадвараа алдчихаж байгаа тэр эргэлтийн цэг л баригдсангүй. Энэ бол хамгийн том харамсал юм уу даа. О’Брайнтай уулзах хүртлээ хэрсүү байж чадсан Смит, тэр мөчид л тэнэгэрчихдэг. “Чи амиа хорлож, нялх хүүхдийн нүүр лүү хүчил ч цацаж чадах уу?” гэж асуухад “Чадна” гэдэг. Ёс суртахууны хувьд тэгж унатлаа О’Брайнд сохроор итгэж, улмаар үүнээс хойш бодох, эргэцүүлэх чадвараа алдаж, ингэснээр бусдын адил эгнээнд шилжиж байгаа. Энэ эргэлтийн цэг буюу, “Ээ, Смит минь. Чи яагаад бодохоо больчхов оо?” гэж халагламаар тодорхой дүрсэлсэн бол зохиолын санаа илүү тод гарч ирэх байсан болов уу.

С.Болд-Эрдэнэ буюу Смит хамгийн сүүлд, бусдын адил нэгэн болж хувираад, хамаг л ой дурсамжаа мартаж орхиод, “Би Том Ахад хайртай” хэмээн хашгирч эхлэх мөчид сэтгэл их хөдөлсөн. Нэг талаас, тэмцэлд бууж өгсөн хүний дүр зураг сэтгэлд тийм хүчтэй хүрдэг юм байна. Нөгөө талаар, хүмүүс бид хайр, дурлалын шархыг аль болох түргэн мартах сан, ардаа орхих сон гэж хүсдэг. Гэтэл хайраа хүртэл мартчихсан хүн ямар харагддагийг С.Болд-Эрдэнэ гайхалтай харуулсан. Жаргалтай бөгөөд гунигтай бүхий л ой дурсамжуудыг тээх, санах чадамжтай байх нь өөрөө хүний оршихуйн маш чухал үнэт чанар юм.

Эхэнд, Жорж Оруэлийн санааг коммунист, тоталитар нийгмийн үзэл санааг шүүмжилсэн хэмээн, улс төрийн активизмын зэвсэг болгодог талаар товч дурдсан. Жүжиг үзсэн үзэгчид энэ төсөөллөөрөө, “Яг л өнөөгийн нийгмийг олж үзлээ”, эсвэл “Өнгөрсөн нийгэм ямар байсныг ойлголоо” мэтийн сэтгэгдэл хэлнэ дээ гэж санаа зовж суусан. Угтаа, үзэл санаанд сохроор итгэж, өөрөө бие даан бодох, сэтгэхээ больж, өнгөрсөн түүхээ умартвал хүн хүн биш болдгийг Оруэл “1984”-өөр дамжуулж хэлсэн. Өөрөөр хэлбэл, хүн өөрөө өөрийгөө ямар дор оруулдгийг хуруу дарам тодорхой үндэслэлүүдээр тайлбарласан.

Үүнийг зөвхөн коммунизмтай холбож ойлговол Оруэлийн үзэл санаа тэртээ дор бүдгэрэх болно. Ардчилсан нийгэмд ч хүн ийм болох бүрэн боломжтой. Хянах цагдах технологийн илүү өргөн боломж өнөөдөр бий болчихсон. Тэр ч байг, хөгжиж буй орнуудад тулгадаг барууны орнуудын үзэл суртал, “Энэ л зөв, дэлхийд хүчинтэй мэдлэг” гэж омойтдог “хагас” эрдэмтдийн хандлага, улам бүр өнгөрсөн түүх, ой дурсамж: Үндэстний бусдаас ялгарах ялгамж чанарыг “Хоцрогдол” хэмээн цоллох газар аваад удаж байна.

Угтаа аливаа үндэстэн өөрсдийн түүхэн хөгжлийн явцад хурааж хуримтлуулсан соёлын капиталдаа суурилбаас хамгийн сайн хөгждөг (Б.Номинчимэдээс эшлэв). Харин “Бид хэн билээ?” гэж эргэж бодох, аливаа мэдлэг мэдээлэлд оюун дүгнэлт хийж, шүүн тунгаах, нөхцөл байдлыг хүчирхэг орнуудын тулгалтаас ангидаар бие даан эргэцүүлдэг байх нь нөгөө бодох эрх чөлөө.

Жүжгийн багийг чухам үүн рүү илүү тэмүүлсэн бол гэж бодох харамсал бага зэрэг төрсөн. Гэхдээ тэд яг байх ёстой өрнөл, үзэгдлүүдийг зүй ёсоор нь, илүү дутуугүй тавьж чадсан нь цаашид хэлэх үггүй болгож байгаа юм л даа. Улстөржөөд эхэлбэл осолтой зохиол.

Дүгнэлт: Цэвэрхэн л хийжээ! Ажиллах цаг ч бага байсан уу, илүү задгай сэтгэх, яргах шийдлүүд хүлээж байсан нь үнэн. Гэхдээ дутуудаагүй, бүдрээгүй.

Уран бүтээлчид урдах ажлаа хийсэн байна. Харин үзэгч таныг дистопи хэлбэр, хийцүүдэд анхаарал хандуулахаас илүү, өнөө цагийн монгол хүний бодох, сэтгэх эрх чөлөөг илүү чухалчлаасай гэж хүсэж байна.

“Орфей” театр хэт энгийн ажилласан байж магадгүй. Илүү гайхшрам, байж ядуулам задгай тавилт, зохиолын санааг гажуудуулаагүй ч тэс өөрөөр дур мэдэн сэтгэсэн шийдлүүдийг над мэтийн зарим үзэгч “Орфей”-гээс хүлээж ч магадгүй.

Гэхдээ “давхар бодол” бодох орон зайг үзэгчдэд өөрсдөд нь олгож, зохиолыг жүжиг болгох үндсэн зорилгоо алдаа мадаг багатай биелүүлээд цэг тавьсан нь, үүнээс хэтэрч амбицлаагүй нь зөв ч байж болох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Yanjmaa
Yanjmaa
2024-03-25 08:26

Мэргэжлийн хүн шиг бичжээ. Баярл�##�аа. Үзнэ гэж бодож байгаа

Доржсүрэн
Доржсүрэн
2024-03-25 08:27

Үзэх сэтгэгдэл төрлөө. Зохиолыг багадаа уншсан.

Зочин
Зочин
2024-03-25 09:11

Гайх�##�тай, сайхан дэвшил шүү, баярл�##�аа.

Зочин
Зочин
2024-03-25 12:07

театрыг хөгжүүлж байгаа з�##�уу найруулагч нарт баярл�##�аа

Жавхаа
Жавхаа
2024-03-27 10:18

Зохиолоо сайн ойлгосон хүн бичсэн байна. O'Брайн маш чух�##� дүр дээр �##�длаа гэж бодож байна. Жүжигчнийг муулаагүй шүү. Угаасаа маш итгэл төрүүлсэн, тэс өөр хүн бх ёстой бсан юм, ийм нийгэмд Смит анхнаасаа тийм гестапо царайлсан хүнд итгэхгүй л бсан. 2 рт хамгийн чух�##� үгийг ерөөсөө олигтой гаргаж өгөөгүй. Хамгийн сүүлд Смит жулиягаас урвасан нь сайн гарч өгөөгүй, Ном дээрээ бол хархнууд яг нүүрэн дээр нь ирэхэд л Смит Жулияг өг гэж хашхирдаг. Төгсгөл нэг л болж өгсөнгүй. Номыг уншаагүй хүн ойлгохгүй л дээ угаасаа.

Зочин
Зочин
2024-04-11 10:22

Заав�##� үзээрэй гэж хэлмээр байна. Үнэхээр мундаг болсон байна лээ.

Холбоотой мэдээ

Back to top button