Сурвалжилга, НийтлэлТэдний амжилтын түүх

Тэдний амжилтын түүх #1: “Anna Cashmere”, 80-аад оны төлөөлөл, шинэ шилжилтийн үе

Ямар нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, брэнд болгосон улс орон л эдийн засгийн хувьд хөгжиж, хүчирхэгждэгийг дэлхийн түүх бидэнд харуулж байна.

Үйлдвэрлэл хөгжүүлэх боломж цаг агаарын нөхцөлтэй ч холбогдох юм. Эрс тэс, зундаа 30, өвөлдөө -30 хэм давдаг хатуу ширүүн уур амьсгал дунд монголчууд амьдрах арга барилаа олсон нь нүүдлийн мал аж ахуй. Харин хэзээнээс л бүтээгдэхүүн хөгжүүлж байсангүй.

Яг л, дэлхийн хэмжээнд эргэлтэд орох ноолуурын түүхий эдийн 40 хувийг дангаар хангадаг мөртлөө 80-90 хувийг нь зүгээр л худалдчихдаг шигээ, худалдаа наймааны сэтгэлгээгээр бид зах зээлд шилжсэн мөртлөө л олон жил амьдарлаа. Нүүрс ухсан ч тэр чигт нь ачаад л, хил давуулцгаана. Гэтэл хөгжингүй орнууд биднээс түүхий эдийг хямд үнээр авч, нэмүү өртөг шингээн, бүтээгдэхүүн болгонгуутаа буцаагаад худалдчихдаг.

Гэхдээ үйлдвэрлэл хөгжүүлэхийн чухлыг ойлгосон хүн цөөнгүй. Тэд төдийгөөс өдий хүртэл хөдөлмөрлөж ирсэн. Тэдний хийсэн, бүтээсний нуруун дээр манай эдийн засаг амьтай яваа гэхэд хилс болохгүй.

Одоо харин шинэ, шилжилтийн цаг үе ирээд байна. Үүнийг “Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал, залуу бизнес эмэгтэй Г.Ариунжаргал ярьж байна.

Түүний аав, ээж зах зээлийн нийгэмд хөлөө олохоор бужигнах давлагаанд “сэлэх”-дээ олон янзын наймаа эрхэлж үзжээ. Ингээд Монгол гэдэг амин чанартай, үр хойчдоо өвлүүлэн үлдээх боломжтойг олж харснаар ноолуурын салбарт хөл тавьсан. Г.Ариунжаргалыг бага байхад аав, ээж нь хөдөө явчихдаг, гэртээ бараг л үзэгддэггүй байв. Ноолуурыг эхний шатанд боловсруулан, экспортолдог энэ бизнесийг хожим охиндоо өвлүүлэхдээ “Хүний амьдрал тэгээс эхэлдэг бол чамд 50 хувьд нь хүргэсэн бизнес өглөө” гэж хэлжээ.

Харин гадаадын их сургуульд санхүүгийн чиглэлээр дээд боловсрол эзэмшээд ирсэн Г.Ариунжаргал нэг хэсэг Монголын хөрөнгийн биржид ажиллаж, үл хөдлөхийн салбарт ч хүч үзээд байсан үе. Гэхдээ гадаад зах зээл дээр, монголчуудыг хамгийн сайн илэрхийлэх амин чанарт бизнес өөрөө ноолуур гэдгийг олж харсан.

Эхний шатанд боловсруулаад, худалддаг бизнесийг одоо Г.Ариунжаргал бүрэн утгаар үйлдвэрлэл болгохоор хичээж эхлэв. Одоо Хонг Конг, Бээжингийн долоон том их дэлгүүрт бүтээгдэхүүнээ 2,500 ам.доллараар амжилттай худалдаж буй, “Anna Cashmere” брэнд хэдийнэ хөлөө олоод байна.

Г.Ариунжаргал шинэ хандлагатай, орчин цагийн бизнес эмэгтэй мөн нь урьд өмнө уулзаж байсан хүмүүсээс илт ялгарах хандлагаас анзаарагдсан. Гадаадын түншүүдтэй уулзалт хийхэд хэлдэг үг нь анхаарал татсан. Тэд ихэвчлэн үнийг нь буулгах гэж оролддог. Ингэвэл нь “Танай улсад ноолуур бий юү. Ер нь ямаатай юу. Үгүй бол миний бизнесийг заахгүй байж болох уу. Манайх ноолуурын эх орон. Үүнийг хэрхэн хийхээ бид л хамгийн сайн мэднэ. Тэр тусмаа зөвхөн Монголдоо үйлдвэрлэнэ. Италиас ямар ч ялгаагүй технологи, тоног төхөөрөмж, түүхий эд манайд бий” гэж хэлдэг. Тэрбээр “Улмаар хоёр тал голдоо уулздаг” хэмээлээ.

Одоо бол НҮБ-аас Тогтвортой хөгжлийн зорилт дэвшүүлж, улс орнууд биелэлтийг хангахаар өөр өөрсдийн онцлогт тохируулан ажиллаж эхлээд байгаа цаг. Бидний ярьдаг зэрлэг капитализмын онол ч хуучирч, хоцрогдож байна. Өрсөлдөх биш хамтрах чухлыг улс орнууд ойлгожээ.

Ийм ч учраас үйлдвэрлэлийг кластерын зарчмаар хөгжүүлж байна. Манайд энэ ойлголт шинэ.

Кластерын зарчим гэдэг бол экосистем. Гол идей нь “Чаддаг чаддагаа хийнэ. Тэгээд хамтарна. Бүгд тогтвортой хөгжинө, тасралтгүй орлоготой байна”.

Өөрөөр хэлбэл, брэнд хөгжүүлье гэвэл заавал бүх шат дамжлагыг гүйцэтгэдэг байх албагүй. Ийм шаардлага тулдаг учраас л нэг зах зээлд ижил зардал гаргадаг, адил үйл ажиллагаатай компаниуд хэтдээ санхүүгийн хувьд хүндэрдэг. Дагалдах жижиг үйлдвэрүүд өрсөлдөөнөөс хасагдана. Өрсөлдөөн өөрөө ширэнгийн шинжтэй болно.

Харин ноолуур самнадаг нь самнаж, угаадаг нь угааж, утас болгон ээрээд цамц болгодог нь болгож, түүнийг экспортод гаргадаг нь гаргана. Ингээд хамтарч ажиллана. Үүнийг “тогтвортой” буюу Sustainable бизнесийн хэлбэр гэж үзэн, дэлхийн банк, санхүүгийн байгууллагууд ч чухам ийм бизнест хөрөнгө оруулах өндөр сонирхолтой болжээ.

Г.Ариунжаргал ноолуурын салбар дахь кластерыг туршсан нь амжилтад хүрч байна. “Anna Cashmere” илүү дизайн хаб талд нь анхаарч ажилладаг. Кластер дахь үйлдвэр, нэгжүүдтэйгээ хамтарч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ. Ингээд гадаадын зах зээлд, өндөр үнээр худалдах ажлаа гардаж хийдэг байна.

“Анх төдийлөн ойлгодоггүй байсан. “Манайх эдний гүйцэтгэгч юм уу” гэж ханддаг. Одоо харьцангуй хурдтай ойлголцдог болоод байна” гэж Г.Ариунжаргал хэллээ.

Гэхдээ амар байсангүй.

Цар тахал гарахаас өмнө Сөүлийн их дэлгүүрт бүтээгдэхүүнээ худалдах анхны гэрээгээ үзэглэснээс хойш цөөнгүй амжилтад хүрсэн. Гэхдээ ноолуураар бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ, түүнийг гадаадын тансаг зах зээлд бодит үнэ цэнээр нь худалдана гэдэг урт хугацааны процесс. Атал, ноолуурын салбарт олгодог хөнгөлөлттэй зээлийн хугацаа нэг жил. Адаглаад, худалдааны гэрээ ч нэг жилийн хугацаатай хийгдэхгүй. Ингээд хүндэрдэг. Манай арилжааны банкнуудын хүү хэд билээ. Банк бусынх бүр хэд билээ? Санхүүжилт, хөрөнгө оруулалт шаардлагатай бизнесүүд аргагүйн эрхэнд өндөр хүүтэй зээл авч, улмаар өрөөс өрийн хооронд мачийж, эцэстээ туйлдахад хүрдэг нь үнэн. Дээр нь төрийн олон янзын тусгай зөвшөөрөл, журам, шаардлагыг давах хэрэгтэй болдог.

Бизнес хийнэ, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэвэл хөрөнгө оруулалт хэрэгтэй шүү дээ. Мөнгө газраас ургахгүй. Хөрөнгө оруулалт босгох санхүүгийн оновчтой механизм хэрэгтэй. Санхүүгийн байгууллагууд ч шинэ тутам бизнес дэмжихэд чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгох учиртай. Гадаад, тэр дундаа манай урд хөрш л гэхэд ЖДҮ-ээ санхүүгийн маш ээлтэй, тогтвортой орчинд бойжуулан дэмждэг.

Манай улсад үйлдвэрлэл хөгждөггүйн шалтааныг дээрхтэй холбож тайлбарлах хүн цөөнгүй. Зовлонг нь үзсэн хүн мэднэ дээ. Г.Ариунжаргал ч үүнтэй нүүр тулсан байж таарна. Гадаадын банк, санхүүгийн байгууллага төсөл хөтөлбөртөө угтаа Г.Ариунжаргалын хөгжүүлж яваа шиг тогтвортой (Sustainable) бизнест хөрөнгө оруулах сонирхолтой, бүр төсөв тавиад орж ирнэ.

Харин асуудал нь, капиталыг зөвхөн биет байдлаар үнэлдэг хуучинсаг хандлага. Кластерын бизнесүүдэд төдийлөн том объект байхгүй, түүнийг чухалчилдаггүй талаар дээр дурдсан. Харин төсөл, хөтөлбөрүүдийг дотоодод олгох журам нь заавал үл хөдлөх хөрөнгөтэй, адаглаад үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй байхыг шаарддаг.

Зөв системд хэзээ шилжиж, хэзээ манай улс ЖДҮ эрхлэгчдэдээ ээлтэй болж, үйлдвэрлэгчдийн нуруу тэнийх билээ?

Монгол хүн авьяастай. Геополитикийн шинэ нөхцөл байдал, дэлхийн шинэ цагийн уур амьсгал дунд монголчууд өөрсдийн үнэ цэнийг дархлах бүрэн бололцоо бий гэж хардаг. Алийн болгон бид зөвхөн түүхий эд бэлтгэн нийлүүлэгч байлтай вэ.  Өнгөрсөн 30 жилд үйлдвэрлэл хөгжүүлж, бизнес хийх гэж зөндөө үзлээ, амжилт ч гарлаа. Гэхдээ зарим талаар хандлагууд ужгирч тогтсон. Одоо өөрчлөгдөх ёстой.

Хамгийн сүүлд Хонг Конгийн томоохон их дэлгүүрт “Anna Cashmere”-ийн нэг кардиган 2500 ам.доллароор худалдаалагдаж эхлэхэд Г.Ариунжаргал дотроо “Яах вэ, амжилт. Гэхдээ 5000 хүрэх ёстой. Бидний ноолуураар италичууд бүтээгдэхүүн хийгээд, 6000-аар зарж байгаа” гэж боджээ.

Г.Ариунжаргал тэрслэн зүтгэсээр гадаадын тансаг зах зээлд хөлөө олж эхэлж байна. Ийм шинэ бизнес, орчин цагийн жинхэнэ “капиталист”-уудад одоо дэмжлэг хэрэгтэй. Төрийн бодлого тодорхойлогчид ч тэрсэж эхлэх хэрэгтэй биз дээ.

Түүний хувьд бүтээсэн капитал нь кластер загварыг амжилттай туршиж, бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд 2500 ам.долларт хүргэсэн явдал. Харин шаардлагаас шалтгаалж, арга буюу барилга барьж, түүнийгээ барьцаа хөрөнгөд тооцуулахаар шийдсэн ЖДҮ эрхлэгчид Монголд олон. Гэхдээ “Anna Cashmere” шиг үнэ цэн бүтээж яваа кластер бизнест үйлдвэр, үйлдвэрийн байр хэрэггүй. Объект шаардлагагүй. Харин эргэлтийн хөрөнгө, санхүүжилт хэрэгтэй.

Г.Ариунжаргалаас “Таныг 80-аад оны төлөөлөлд тооцож болох уу?” гэвэл “Тийм” гээд инээвхийллээ. Нийгмийг үе үеэрээ нуруун дээрээ үүрдэг. Одоо бол нэг хэсэгтээ Монгол Улс 80-аад оныхны нуруун дээр хөгжинө. Араас нь залуус гарч ирнэ. 80-аад оныхонд сайнтай муутай ч бизнесийн орчин бэлтгэгдэн өвлөгджээ. Одоо 80-аад оныхон алдааг нь засаж, сайжруулна. Тэр бизнесийн орчноо дараагийн үедээ хүлээлгэн өгнө. Харин төдийгөөс өдийг хүртэл явж ирсэн ЖДҮ эрхлэгчдэд, юм хийе, зүгээр суулгүй амьдаръя, идэх хоолоо өөрийн хөдөлмөрөөр олж, улс эх орондоо нэмэр тустай байя гэж зоригсдод тулгардаг саадууд засагдах ёстой.

Ярилцах үеэр Г.Ариунжаргал “Бидэнд аль аль үеийн онцлог бас шингэжээ. Улс орон яаж олигархиждагийг ч, капиталждагийг ч үзсэн. Бас гэрэл олж харсан. Маш их процессыг туулчихлаа, манай үеийнхэн. Энэ дундаас амархан амьдрах арга олж авч бол чадна. Яагаад гэвэл бүгдээрээ системийг харлаа, үзлээ. Гэхдээ тэгэхгүй байхыг сонгомоор байна. Ирээдүйгээ ч, үр хойчоо ч бодсон, алтан дундаж давхаргаас лидер төрж болно гэдэгт итгэмээр байна.

Юу ч хийхгүй, үг зөөх маягаар маш хялбар амьдарч бол болно оо. Гэхдээ тийм сонголт хийхгүй. Учир нь дэлхий ирээдүйн монголчуудыг хүлээж байна гэж би ойлгодог. Уул уурхай, түүхий эдийн энэ их баялгийг залуус өөрсдийн чадвараар нуруун дээрээ үүрч, дэлхийд үнэлүүлэх шилжилтийн үе ирчихлээ. Тийм учраас ухармааргүй, урагшилмаар байна. Бидний дүү нар одоо гарч ирж байгаа шүү дээ. Нью-Йоркийн хөрөнгийн зах зээлд монголчууд толгой цохиж, ажиллаж байна. Тэр давтагдашгүй авьяас чадварыг бид баялагтайгаа нийлүүлж, нэгэн цул болгож, өөрсдийгөө яагаад дэлхийд үнэлүүлж болохгүй гэж” хэмээлээ.

Манай улсад үйлдвэрлэл хөгжүүлэх хэдхэн том суурь бийн нэг бол ноолуур. Анхнаасаа дотоодын биш гадаадын тансаг зах зээлийг зориод л, богино хугацаанд хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж эхлээд буй “Anna Cashmere” брэндийг бид шинэ, шилжилтийн үеийн гараан дээрх нэгэн тод жишээгээр ийнхүү сонголоо.

Цар тахлын дараа Дубайд болсон загварын шоунд, элдэв гоёл чимэггүй монгол ноолуур оролцоод шагнал хүртсэн. Энэ үед Г.Ариунжаргал “Нээрэн монгол ноолуур буй байдлаараа хүчирхэг илэрхийлэмжтэй юм байна. Бидэнд энэ шагналыг өгөхөөс гарцаагүй байжээ” гэж боджээ. Монгол ноолуурын үнэ цэнийг гадаадын зах зээлд үнэлүүлэхээр хөдөлмөрлөхөд дайчин чанар, бас шинэ, зөв хандлага хэрэгтэй байх.

“Anna Cashmere”-ийн бүтээгдэхүүн чанар болоод загварын шинэлэг шийдлээр ялгардаг. Энэ тухайд нь асуувал Г.Ариунжаргал “Ноолуурын экспорт хийдэг суурь компанийнхаа давуу талыг ашиглаж, бид түүхий эдийн тухайд чанар зааж чаддаг. Манай ноолуурыг өдөр бүр өмсөж болно. Арчилгаанд хэрэглэгчийг зовоохгүй. Загвар дээр, залуу дизайнеруудаа дэмждэг. “Ноолуураар хийнэ гэж санаа зоволгүй л зур. Эгч нь хувцас болгоно” гэдэг. Зураад өгөхөөр нь үйлдвэр дээр очоод л “За, үүнийг л юм болгохгүй бол болохгүй дээ” гээд үзэж тардаг” гээд инээлээ.

Г.Ариунжаргал кластерын чанартай бизнес, Монгол хэмээх амин чанар, шинэ этик, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн чухлыг онцлон ярьж байгаа нь ийнхүү анхаарал татсан юм. Тэр эхлүүлчихлээ. Одоо цаашилна. Дараагийн шатанд гарна. Эрх баригчид хийгээд бизнесийн салбарынханд түүний амжилтын түүхийг хуваалцахаар шийдсэн шалтгаан энэ. Бизнес, хөрөнгө оруулалтын шинэ орчныг загварчлах, үүнд өөрийн туршлага, бодол санаа, шинэлэг хараагаа хуваалцах залуу боловсон хүчний нэг Г.Ариунжаргал, “Anna Cashmere” байж болох юм.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button