Бусдын хөрөнгийг зэвсгээр сүрдүүлж, шилжүүлэн авдаг бүлэг этгээдийг өнөөдөр үргэлжлүүлэн шүүнэ

“Ука” хочит Л.Алтанхуяг, “Хулнаа" хочит Б.Хулансамбуу нар бусадтай нийлж “Андын илч” ХХК-ийн монгол захирлуудыг хятад иргэдийн захиалгаар галт зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл ашиглан айлган сүрдүүлж заналхийлсэн гэх хэрэг 2023 оны гуравдугаар сард илэрсэн.
Тодруулбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Баянцогтын нүүрсний уурхайн ордыг ашигладаг “Андын илч” компанийн холбогдох албан тушаалтнуудад зэвсэглэсэн хүмүүс халдсан тухай дээрмийн хэрэгт холбоотой байж болзошгүй хүмүүсийг жилийн өмнөөс саатуулан шалгаж эхэлсэн.
Бүлэг этгээд "Андын илч" компаниас гадна иргэн О-д хутга тулган сүрдүүлж, нэр дээрх хөрөнгүүдийг захиалагч руугаа шилжүүлсэн, “Лексус-570” загварын тээврийн хэрэгслийг дээрэмдсэн хэмээн яллагдагчаар татагдсан.
“Ука” хочтой Л.Алтанхуяг Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Элит” орон сууцын хорооллын нэгэн байранд мөрийтэй тоглож байсан хүмүүсийг 2016 онд галт зэвсэг ашиглан дээрэмдсэн үйлдэлд хорих ял шийтгүүлж байсан юм. Мөн “Ай лофт” бааранд Т гэх иргэнийг хутгалж хүнд гэмтээсэн гэдэг.
Түүнтэй “Андын илч”-ийн захирлуудад халдсан бусад хүмүүс нь ч урьд нь дээрэмдэх, галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмшиж, бусдыг айлган сүрдүүлж, дарамталсан, иргэдийг зодож хүнд гэмтэл учруулсан зэрэг хэрэгт холбогдож байсан гэх мэдээлэл бий.
Эдгээр хүмүүст хамаарах хэргийг шүүх хурал өмнө нь хэд хэдэн удаа товлогдсон ч хойшилсоор өдий хүрсэн байдаг. Харин өчигдөр /2024.04.02/ товлогдсон шүүх хурал 18:00 цаг хүргээд завсарлаж, өнөөдөр 09:00 цагаас үргэлжилнэ.
Шүүх дээрх нэр бүхий хоёр иргэнээс гадна Н.Батцэнгэл, А.Бадамсэрээжид, Н.Түвшинтөгс, Э.Бошигт, М.Амартүвшин, Б.Ууганзаяа, С.Алтансүх, С.Билгүүн, Н.Алтангэрэл, П.Энхсайхан, Л.Сумъяажаргал, Н.Батдуулга, Ц.Түмэнбаатар, Д.Батмарта нарын хүмүүсийн гэм бурууг хэлэлцэнэ.
Нийслэлийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн
- 11.1-2.4-ийн зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан
- 11.6-1 бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан
- 12.1-2.2, 12.1-2.10-ын хохирогчийг тохуурхан доромжилж бүлэглэн хүчиндсэн
- 17.6-2.3-ын зохион байгуулалттай гэмт бүлэглэл бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн
- 20.3-1, 2-т заасан зохион байгуулалттай бүлэг байгуулж, түүнд элссэн
- 20.16-2.1-ийн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан хэмээн яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.
Хэргийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг доорхи холбоосоор унших боломжтой.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Царайгий нь хараад нэрий нь бүү асуу .гэдэг хэлц үг яг таарах хогнууд бна.