Газрын ховор металл барууны сонирхлыг Монголд татах соронз болов

Товч агуулга: Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Камерон энэ сарын 25-26-нд Монгол Улсад айлчилсан. Тус айлчлалын хүрээнд хоёр улс олон салбар дээр хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх тохиролцоонд хүрэв. Мөн газрын ховор металлтай холбоотой санамж бичигт гарын үсэг зурсан нь сонирхол татна. Сүүлийн үед барууны орнуудын томоохон албан тушаалтнууд газрын ховор металлын салбар дээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэх гэж Монголд айлчлах болсон. Камероны айлчлалын нэг зорилго нь ховор металлын салбарт хамтын ажиллагааг нэмэгдүүлэх байв.
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны сайд Дэвид Камерон дөрөвдүгээр сарын 25-26-нд Монгол Улсад айлчилсан.
Тэрбээр Монголоос гадна Тажикистан, Киргизстан, Узбетикистан, Туркменистан, Казахстанд албан ёсны айлчлал хийжээ.
Дэвид Камерон нь 2005-2016 онд Их Британийн Консерватив намын дарга, 2010-2016 онд Их Британийн Ерөнхий сайдаар ажилласан туршлагатай улс төрч. Тэрбээр Дэлхийн II дайнаас хойш тус улсын анхны эвслийн засгийн газрыг удирдсан хүн юм.
2016 онд Британийн ард түмэн Европын холбооноос гарахаар саналаа өгсний дараа Камерон намын дарга болон ерөнхий сайдын албан тушаалаа хүлээлгэсэн өгсөн байдаг.

Камерон 2023 оноос хойш Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны сайдаар ажиллаж буй. Айлчлалынхаа өмнө тэр "Бид өрсөлдөөн, тэмцэлтэй ертөнцөд амьдарч байна. Их Британийн ашиг сонирхлыг хамгаалж, дэвшүүлэхийг хүсэж байвал олон улсад гараад өрсөлдөх хэрэгтэй. Төв Ази бидний өмнө тулгараад байгаа томоохон сорилтуудын голомтод байгаа учир Их Британид амин чухал. Бүс нутгийн ирээдүйн хөгжил цэцэглэлтийг урагшлуулахын тулд бид ажиллана."
Тэрбээр Монгол Улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгийн урилгаар манайд айчилсан. Камероны айлчлалын талаар Их Британийн Засгийн газрын албан ёсны сайт мэдээлэхдээ “Энэхүү айлчлал нь Монгол, Их Британийн түншлэлийн харилцааг бататгаж, хоёр орны хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх таатай боломж” гэжээ.
Мөн албан ёсны мэдэгдэлд “Хоёр өдрийн айлчлалын хүрээнд Гадаад хэргийн сайд Дэвид хоёр талын сэдвээр улс төрийн хэлэлцээ хийв. Албан ёсны хэлэлцээний үеэр талууд хоёр харилцааг цаашид бэхжүүлэх талаар санал солилцож, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлал, дижитал засаглал, геологи зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцож, Монгол багш нарт зориулсан англи хэлний сургалтыг дэмжих шинэ санаачилга гаргахаар тохиролцлоо”
“Хоёр улсын Гадаад хэргийн сайд нар “Иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааны зураглал”-д гарын үсэг зурсан нь гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг улам бэхжүүллээ. Тэрхүү баримт бичигт худалдаа, соёлын харилцаа, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, технологи, хүний эрх, эрүүл мэнд, энхийг сахиулах чиглэлээр хамтран ажиллахаар тусгасан байна” хэмээжээ.
Газрын ховор металлын санамж бичиг
Гэхдээ тус албан ёсны нийтлэлийн хамгийн сонирхолтой хэсэг нь хоёр улсын Гадаад хэргийн сайд нар “Чухал ашигт малтмалын тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан тухай байв.
Тус бичиг нь чухал ач холбогдолтой ашигт малтмалд хөрөнгө оруулах, худалдаалах, чухал ашигт малтмалын нөөцийн хайгуул, байгаль орчин, нийгэм, засаглалын дүрмийг баримтлах болон ил тод байдлыг дэмжих хамтын ажиллагааны ерөнхий зураглал юм.
Сүүлийн жилүүдэд барууны орнуудын томоохон албан тушаалтнууд Монголд газрын ховор металлын олборлолт, худалдаа дээр хамтын ажиллагаа явуулах зорилгоор айлчлах болсон.
Тухайлбал өнгөрсөн жил Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Монголд төрийн айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд цөмийн энергийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх болсон.

Үүний дараа Макроны урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Францад айлчилсан. Тус айлчлалаар Ингэхдээ “Орано” группийн ерөнхий захирал Клод Имовен, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар гарын үсэг зурсан байдаг. 1.7 тэрбум ам.доллароор үнэлэгдэх тус төслийн хүрээнд Монгол Улсаас уран олборлон Франц руу гаргах юм.
Үүнээс гадна сонирхол татах зүйл өрнөсөн нь Франц Монголд литийн орд хайх ажилд туслах болсон явдал юм. Орчин үед литиг цагаан алт гэж нэрлэх болсон. Учир нь гэвэл улс орнууд хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулах зорилт тавьж, ногоон технологи ашиглахыг эрмэлзэж буй.
Ногоон энергид шилжихийн тулд сайн чанарын зай хураагуур хэрэгтэй. Орчин үед бүтээгдсэн хамгийн сайн батарей бол литийн ионы зай хураагуур юм. Цахилгаан машин, техник технологийн эрэлт жил ирэх тусам нэмэгдэж байгаа тул литийн хэрэгцээ ч үүнтэй нэмэгдэн ихэснэ. Ийм учраас улс орнууд литийн тогтвортой эх үүсвэртэй болох хүсэлтэй байгаа юм.
Мөн наймдугаар сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Жозе В.Фернандес Улаанбаатарт айлчилж “Эрдэс баялгийн тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан билээ.
Харин аравдугаар сард Их Британийн Аж үйлдвэрийн сайд Нусрат Гани ховор элементийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилготой Монголд айлчилсан юм.
Тус айлчлалын талаар Их Британийн Засгийн газрын сайт “Энэ талаар Их Британийн Засгийн газрын вэбсайт мэдээлэхдээ “Аж үйлдвэрийн сайт Нусрат Гани Монголд түүхэн айлчлал хийж Их Британийн бизнесүүдэд чухал ашигт малтмалын нийлүүлэлт, хөрөнгө оруулалт болон худалдааг нэмэгдүүлж хоёр улсын дипломат харилцаа үүсэж хөгжсөний ойг тэмдэглэнэ” гэж мэдээлж байсан.
Газрын ховор металлын зах зээл тэлнэ
2040 он гэхэд дэлхийн зах зээлд чухал ашигт малтмалын хэрэгцээ одоо үеийнхээс дөрөв дахин ихэснэ гэсэн тооцоо бий. Мөн “Future Market Insights” сайт газрын ховор металлын зах зээл 2023 онд 5.6 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байсан бол 2033 онд гурав дахин нэмэгдэж, 14.6 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолжээ.
Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) өнгөрсөн жилийн есдүгээр сард Парис хотноо дэлхийн 40 гаруй орнуудыг оролцуулсан уулзалт хийсэн. Тус уулзалтын үеэр “IEA”-ийн дарга Фатих Бирол улс орнуудад тулгарч буй гол сорилтын нэг нь ховор металлын хангамжийг төрөлжүүлэх явдал гэсэн юм.
Яагаад төрөлжүүлэх шаардлагатай вэ гэхээр БНХАУ хамгийн чухал гэгдээд буй лити нэртэй газрын ховор металлын нөөцөөрөө зургаад, үйлдвэрлэлээрээ гуравт жагсдаг. Үүнээс гадна дэлхий дээрх литийн боловсруулалтын ихэнхийг хийдэг байна.
Бирол литийн боловсруулалтын талаар ярихдаа “Хятадын эсрэг ямар зүйл байхгүй, гэхдээ бүх өндгөө нэг сагсанд хийх нь тогтвортой сонголт биш” хэмээсэн.
БНХАУ литийн зах зээл дэх ноёрхлоо нэмэгдүүлэх зорилготой байгаа. Тус улсын эдийн засаг сүүлийн хоёр жил хэцүүхэн байдалд орсон байгаа. Ийм учраас эдийн засгийн өсөлтөө сэргээж, нэмэгдүүлэх шинэ стратеги баримталж эхэлсэн юм.
Хятадын засгийн газрын баримталж буй шинэ бодлого нь үйлдвэрлэлийн салбараа дэмжих. Гол анхаарлаа хандуулж буй үйлдвэрлэлийн салбар нь дэвшилтэт технологи болон ногоон энергийн технологи юм. Энэ хоёрыг үйлдвэрлэхэд газрын ховор металл шаардлагатай
Ийм учраас ховор металлын зах зээлд үүсгэсэн ноёрхлоо бэхжүүлэх нь БНХАУ-ын засгийн газрын эн тэргүүний ашиг сонирхлуудын нэг гэхэд болно. Харин барууны орнууд ховор металлын эх үүсвэрээ төрөлжүүлэхээр ажиллаж байна.
Эх сурвалж: gov.uk, Independent, Future Market Insights, Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Газраа ухуулаад баяжих гэнэн мөрөөдөл ямар их худ�##�ч, хулгайч нарыг төрүүлж, газар нутгаа сүйтгүүлснийг бид ханг�##�ттай харлаа, одоо зогсооё Монголчууд аа.
Монголчуудаа өөрсдөө ашиглах бүрэн чадвартай. Зээл аваад үйлдвэрээ байгуулаач. Харин нь улс төр оролцох нь тодорхой хязгаартай байх ёстой.