Байгаль орчин

Эр-Риядаас Улаанбаатар буюу СОР17 хурлаас Монголд ирэх АМБИЦ

1990 оноос хойш дэлхийн хуурай газрын 77.6 хувь нь хэт хуурайших нөхцөл рүү шилжиж, улмаар хуурайшилттай газар нутгийн хэмжээ 4.3 сая км-ээр нэмэгджээ.

Энэ нь Антрактидыг оролцуулахгүйгээр хуурайшилттай газар нутгийн хэмжээ дэлхийн хуурай газрын 40.6 хувийг эзэлж байна. Дэлхий даяар тохиож буй ган гачиг хүн төрөлхтний 1.8 тэрбумынх нь амьдрал, амьжиргаанд нөлөөлж, энэ нь жил бүр дэлхийн эдийн засагт 300 орчим тэрбум ам.долларын хохирол учруулж байгаа юм.

Иймээс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлыг зохион байгуулж, энэ хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын асуудлыг хэлэлцсээр иржээ.

СОР16 БА МОНГОЛЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭЖ БУЙ ТУРШЛАГА

2024 онд Саудын Араб улсын нийслэл Эр-Рияд хотноо болсон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 16-р хурлаар дэлхий нийтийн өмнө хамгийн том тулгамдаж буй асуудал, сорилт бол ганц, цөлжилт, газрын доройтол байв. "Our Land Our Future" уриан дор чуулж, газрын нөхөн сэргээхэд дэлхийн улс орнуудын хүчин чармайлт, арга хэмжээ, туршлагыг оролцогчид хуваалцсан юм.

СОР16 хурлын үеэр тавьсан хамгийн том зорилт бол 2030 он гэхэд дэлхий даяар доройтсон тэрбум га газрыг сэргээх байв.

Иймд Монгол Улс ч мөн "Тэрбум мод", Өнө Мөнхийн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ нь Монгол Улсын Засгийн Газар, “The Nature Conservancy” болон Монголын Байгалийн Өв Сан хамтран хэрэгжүүлж буй 198 сая ам.долларын, 15 жилийн хугацаатай санаачилга. Мөн COP15 бага хурлын үеэр 2030 он гэхэд газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авах зорилтыг баталсан. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хөгжлийн бодлогод ч 2030 он гэхэд нийт газар нутгийнхаа 30 хувийг хамгаалалтад авах зорилтыг тусгасан нь өдгөө хэрэгжээд явж буй.

Монгол Улс эрс тэс уур амьсгал болон газар зүйн байрлалаасаа шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эрчимтэй өртөж буй 10 орны нэг болоод буй. Судлаачдын судалгаанаас харвах сүүлийн 80 жилд уур амьсгалын үндсэн үзүүлэлтийн ажиглалтаар жилийн дундаж хэм 2.26 градусаар дулаарч, хур тундасны хэмжээ буурсаар байгаа нь цөлжилтөд эмзэг болж буйг харуулсан юм.

Монголын өргөн уудам газар нутгийн 76.9 хувь нь цөлжилт, газрын доройтол их бага, хэмжээгээр илэрсэн. Түүнчлэн цөлжилт эрчимтэй явагдаж байгаа бүс нутгуудад Монголын нүүдлийн мал аж ахуй зонхилсон байгаа нь харагдана. Ингэхдээ нэн ховор ан амьтан болон ургамлын зүйлээр баялаг говь нутаг илүү их өртөж байгааг СОР16 хурлын үеэр танилцуулсан.

Монголчууд бид хэдэн зууны туршид нүүдэллэн амьдарч ирсэн, нүүдлийн соёл ахуйг өнөөг хэр таслаагүй дэлхийн цөөн улс орны нэг боловч уур амьсгалын өөрчлөлт, газар ашиглалтын зохисгүй үйл ажиллагааны үр дагавар ч нэмэгдсээр байгааг харж болохоор байв. Иймээс Монгол Улс говь цөлийн бүс нутагт илрэх сөрөг нөлөөллийг бууруулах, экосистемийг хамгаалах, зэрлэг амьтан, ховор ургамлын орчныг сайжруулах зэрэг олон сорилтуудтай тулгарч буйгаа дэлхий дахинтай хуваалцаж, туршлага судлах үүд хаалгыг нээсэн юм.

Гэрэл зургийг: Г.Золбоо, Баянхонгор аймаг

Иймээс манай улс Экосистемийг нөхөн сэргээх, биологийн олон янз байдлын хамгаалалд олон улсын байгууллагуудын дэмжлэг, тусламж, хамтын ажиллагаа, төрийн бодлоготой уялдсанаар тодорхой ажлуудыг үе шаттайгаар хийж, улам эрчимжүүлж эхэлсэн юм.

Тухайлбал, Говийн бүс нутаг шинээр 120 малчдын бүлэг, нөхөрлөлийг байгуулж бэлчээрийн даац ачааллыг бууруулахад малын тоо толгойг багасгах зорилт тавьж “Бэлчээрийн менежментийн 5 жилийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэн ажилласан бөгөөд үүний үр дүнгээр 2023 онд төсөлд хамрагдсан малчид малын тоогоо 23,4 хувиар бууруулсан нь төсөлд хамрагдаагүй малчидтай харьцуулахад 13,3 хувиар илүү үзүүлэлт болсон. Говийн аймгуудын малчны бүлэг тодорхой төслүүдийн хүрээнд нэгдэж бүлэг байгуулснаар сумын байгаль хамгаалагчидтай хамтран ажиллах, бэлчээрийн хилийн цэсийг тогтоох, зэрлэг ан амьтдыг хамгаалах чиглэлд худаг гаргах зэрэг ажлуудыг шаргуу хийж эхэлсэн.

Бэлчээрийн менежментийг сайжруулснаар зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөний тусгай хамгаалалтад авч, биологийн олон янз байдлыг хамгаалахад орон нутгийн бодлогуудыг чиглүүлэх болов. Ингэснээр 1.2 сая га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, говийн бүсийн 850 мянган га талбай бүхий 18 газар нутгийг шинээр баталгаажуулж байв.

Гэрэл зургийг: О.Улсболд, Баянхонгор аймаг

Заган ойн хамгаалал буюу говь цөлийн бүсэд ой үүсгэж ургадаг цор ганц мод болох заг нь эксоистемийн бас нэг амин чухал хэсэг учир тархалт нь хумигдсаар байгаа энэ үед 400 орчим га талбайд заган ойг хамгаалах ажил өрнөсөн. Монгол Улс СОР16-аас хойш улсын хэмжээнд газар нутгийг нөхөн сэргээх, газар нутгийн тогтвортой менежментийн олон төслүүд хэрэгжүүлж, цөлжилт, газрын доройтлоыг саарулахад олон туршлага нэвтрүүлсэн учир СОР17 хурлын үеэр эдгээр туршлага, ололт, алдаа оноогоо хуваалцана.

СОР17-ООС МОНГОЛД ҮЛДЭХ ХАРИУЦЛАГА, ИРЭХ АМБИЦ

Монгол Улсад зохион байгуулагдах СОР17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17-р хурлаар "Тал хээрийн төлөвлөгөө"-г бид гишүүн 190 оронд танилцуулна.

Энэ бол Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бодлогын өв болон үлдэх стратегийн баримт бичиг бөгөөд Газрын доройтлыг тэглэх зорилтоос авхуулаад хэд хэдэн чухал зорилт бий. “Тал хээрийн төлөвлөгөө” нь газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, усны аюулгүй байдал, тогтвортой дэд бүтэц, уян хатан, тогтвортой эдийн засгийн хөгжил зэрэг харилцан уялдаа бүхий сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн дэлхийн хэмжээний гурван санаачилгын хүрээнд хэрэгжинэ.

Гэрэл зургийг: О.Улсболд, Баянхонгор аймаг

Ингэхдээ,

  • БЭЛЧЭЭРИЙН ТЭРГҮҮЛЭХ САНААЧИЛГА
  • УС БА ГАЗРЫН НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН САНААЧИЛГА
  • БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЦИЙН САНААЧИЛГА-аас бүрдэж буй.

Мөн Монгол Улс 2030 он гэхэд нийт газар нутгийнхаа 30 хувийг хамгаалалтад авах зорилтыг санаачилсан орны хувьд бидэнд энэ үйл хэргийг гүйцээх хариуцлага ногдож байгаа. Өөрөөр хэлбэл бид СОР17 хурлыг Монголд зохион байгуулснаараа дээрх зорилтоо нотлох, сайн менежментээр хэрэгжүүлэхийн тулд улс орнуудын хамтын ажиллагааг татан оролцуулах шаардлагатай билээ.

СОР16 хурлын үеэр дэлхий дахинд тулгамдаж буй ган, гачигийн асуудлаар олон улсын шинэ тогтолцоо бий болгох хүлээлт үүссэн. Гэвч энэ тал дээр олон улсын эрх зүйн зохицуулалтын талаар бүрэн тохиролцоонд хүрч чадаагүй. Иймээс энэ удаагийн СОР17 хурлын үеэр үргэлжлүүлэн хэлэлцэх, хүлээлт бий. Өөрөөр хэлбэл Монгол Улсад болох СОР17 хурлын үеэр толдорхой шийдлүүдийг улс орнууд гаргаж, Монгол Улс үүнд манлайлан ажиллах боломжтой.

Монгол Улсын хувьд COP16-аас гарсан хамгийн чухал үр дүнгийн нэг нь бэлчээрийн асуудлыг анх удаа UNCCD-ийн албан ёсны шийдвэрт нөлөөлөх хүчтэй байр суурийг илэрхийлсэн явдал.

Тиймээс ч уг хурлаас улс орнууд бэлчээрийг тогтвортой ашиглах, нөхөн сэргээх, хамгаалахыг дэмжсэн шийдвэр гаргасан. Иймд Монгол Улс СОР17 хурлын үеэр Бэлчээрийн тэргүүлэх санаачилга нь манай улс болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын хамтарсан манлайлал дор хэрэгжүүлэх бэлчээрийн экосистемийн хамгаалал, тогтвортой менежмент, нөхөн сэргээлтэд чиглэсэн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг эрчимжүүлэх төлийгүй газрын доройтлыг тэглэх зорилтын хэрэгжилтийг дэмжихэд чиглэх юм.

Гэрэл зургийг: О.Улсболд, Говь-Алтай аймаг

Үүнд Монгол Улсын оролцоо хамгийн өндөр.

Монгол Улс дэлхийн өмнө зөвхөн асуудлаа танилцуулах бус, бэлчээрийн менежмент, малчдын уламжлалт мэдлэг, хуурай бүсийн экосистемийг хамгаалах туршлагаа дэлхийтэй хуваалцах боломж бүрдэж буй. Бид өнөөдрийг хүртэл уур амьсгалын өөрчлөлт, зул, цөлжилт, бэлчээрийн доройтлыг улс орондоо мэдэрч, туулж яваагийн хувьд “Монгол Улс өөрөө бэлчээр, ус, газар нутгаа хэрхэн хамгаалж, дэлхийд ямар бодит туршлага үзүүлэх вэ" гэдэг хамгийн чухал юм.

Учир нь СОР16 хурлын дараа бэлчээр, малчдын өмнө тулгамдаж буй асуудлыг Монголтой нягт холбож үзэхээс аргагүй учраас СОР17 хурал манай улсад зохиогдсоноороо бид цаашид цөлжилтийн эсрэг эрчимтэй тэмцэх, энэ хүрээнд бодлогын хөтөлбөрүүдтэй болох, олон улсын өмнө үүрэг хариуцлага хүлээнэ. Түүнчлэн Евроазийн цээжин дэх цөлжилттэй тэмцэх гол бүс, бодлогын түшиц улс болж, туршлагаар манлайлах АМБИЦ ирж буй юм.

СОР16-аас гарсан бодлогын хэрэгжилт, үр дүнгүүдийг Дэлхийн 190 орчим улсын бодлого тодорхойлогчид Эр-Риядаас хойш Улаанбаатарт чуулж, хэлэлцэх гэж байна. Энэ бол Монгол Улс ойрын ирээдүйд уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нэрвэгдсэн газар нутгаа хамгаалах, нөхөн сэргээх, бэлчээрийн доройтлыг бууруулахад зоригтой амлалт өгөх цаг болсныг гэрчлэн харуулах үйл явдал юм.

Ц.ТАМИР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button