Сурвалжилга: 90 жил тасралтгүй дуугарсан таван хэлтэй агаарын цэнхэр хөлөг Монголын радио
"Монгол Улсын нийслэл Улаанбаатараас ярьж байна".
Энэ дуу хоолой өглөө бүр 06.00 цагт эх орны дөрвөн зүг, найман зовхист хүрээд, 90 дэх хавартайгаа золгож байна. Агаарын цэнхэр долгионоор дамжуулан цэрэг эрсийн халагдах мэдээ нутагт нь хүрч, хүлээж санасан сэтгэлийн үгс "Хүсэлтийн хариу"-аар дуу болон эгшиглэж, бороо орж, салхи шуурч, улирал солигдох аясыг өдөр тутам мэдээлж, монгол хүн сансарт ганцаараа биш улс даяараа нисэж, хорвоогийн сонин хачин хэдхэн секундэд малчны хотонд хүрч, хүүхэд багачууд "Үлгэрийн цаг"-аар унтаж, "Гэгээн өглөө сайн байна уу"-аар сэрдэг байсан цаг саяхан. Энэ бол радио хэвлэл мэдээллийн төв, гол хэрэгсэл байх үеийн сайхан дурсамж.
Харин нийгэм шилжиж, улс орны хөгжил дэвшил дэлхий рүү чиглэхээс өөр сонголтгүй болсон өнөө цагийн салхинд радио бүдгэрч буй. Үүнд интернетийн өндөр хурд, технологийн дэвшил, шинэчлэлийн нөлөө их. Өөрөөр хэлбэл, иргэдийн мэдээ мэдээлэл хүлээж авах суваг ганц нэгээр хязгаарлагдахаа больж, олон талт эх сурвалжаас шууд, шуурхай мэдээлэл авдаг болсон. Мэдээлэл авах суваг олон болсноор хэнд итгэх вэ гэдэг эргэлзээ үүссэн. Тиймээс сонсогч, үзэгч, уншигчаас баттай эх сурвалжаас мэдээлэл авдаг, нягталдаг байх чадварыг өнөө цаг давхар нэхэж байна.
Монголын радио 90 жилийн түүхэндээ ганхалгүй, өнөөдөрт ирлээ. Тэд ганхах учиргүй. Бид ганхуулах ч ёсгүй юм. Учир нь энэ бол улс орны аюулгүй байдалтай салшгүй холбоотой. Байгалийн гамшиг, дайн тулаан, давагдашгүй хүчин зүйл нүүрлэсэн хэцүү, бэрх цагт холбоо тогтоох хамгийн чухал хэрэгсэл бол үндэсний радио. Нөгөө талаас Монголын 90 жилийн урлаг, нийгэм, жир ардын амьдрал, улс орны түүх, өв соёл энд хадгалагдаж буй. Иймд радио бол бидний ой санамж.
Eguur агентлаг дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан Монголын радиогийн түүхт 90 жилийг тохиолдуулж, улсынхаа нийслэл төв талбайгаас анхны нэвтрүүлгээ дамжуулсан өдөр /1930.05.01/ нь сурвалжилга бэлтгэлээ.
-Найруулагч, нэвтрүүлэгч болон мэдээний алба, гурван том суваг, дөрвөн редакцтай МҮОНР-
1930-аад оны үеэс “Засгийн газрын барилга”, “Ардын цэнгэлдэх хүрээлэн”, “Ленин клуб” хэмээн нэрлэгдэж, тухайн үедээ Улаанбаатар хотын өнгө үзэмжийн илэрхийлэл, төрх болж байсан хэдэн байшингийн үүдэнд хэсэг залуус нэгэн сонин зүйлийг байрлуулахаар шамдаж, тэрхүү хачирхалтай зүйл 19:00 цагийн үед гэнэт "ярьж" эхэлснээр агаарын цэнхэр долгионыг эзэмшигч Монголын радиогийн түүхийн хуудас бичигдэж эхэлсэн түүхтэй.
Харин 1934 оны есдүгээр сарын нэгний өдөр “Анхаараарай, радио хорооноос ярьж байна” гэсэн дуу хоолой улс орон даяар цацагдсанаар Монгол Улс даяар радио өргөн нэвтрүүлэг албан ёсоор эхэлжээ.
Энэ 90 жилийн хугацаанд Монголын радио улс орныг хамарсан үйл явдлуудын оролцогч, үлгэрлэгч, манлайлагч, уриалан дуудагч болж ирсэн байдаг. Тухайлбал, Монголын радио 1935 онд анхны зайны сургалт явуулж, 1939 онд дуулалт жүжиг сонсогчдод хүргэж, 1981 онд монгол хүн анх сансарт нисэхэд сансар, дэлхий хоёрын хоорондын харилцаа холбоог иргэдэд шууд дамжуулж байсан сонирхом түүхтэй.
Харин одоо МҮОНР,
- Монголын радиогийн нэгдүгээр суваг
- Монголын дуу хоолой
- Р3 радио гэсэн гурван сувгаар сонсогч олонд мэдээлэл, хөтөлбөрүүдээ хүргэж байна.
Монголын радио 120 гаруй ажилтан, дөрвөн редакц, мэдээний болон найруулагч нэвтрүүлэгчдийн нэг нэг албатай. Энэ хүрээнд МҮОНР-ийн захирал Д.Бат-Оршихтой ярилцлаа.
Д.Бат-Орших: Төрөөс дахин дамжуулалтын асуудал дээр анхаараад өгвөл ямар ч үед түргэн шуурхай мэдээллийг дамжуулж, холбогдох боломжтой
-90 жилийн түүхтэй Монголын радиогийн одоогийн бүтэц, бүрэлдэхүүн, цар хүрээ аль хэр өргөн байна?
-Монгол радио улс даяар гурван том сувагтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Манайх дахин дамжуулах таван станцтай. Үүгээрээ 21 аймагт мэдээ мэдээллээ дамжуулж ажилладаг. Мөн аймаг бүрд радиогийн тусгай сурвалжлагч бий.
Бид дэлхий дахинд Орос, Англи, Япон, Хятад, Монгол хэлээр нэвтрүүлэг, мэдээ мэдээллүүдээ цацдаг. Ази, Зүүн өмнөд азид манай радиогийн нэвтрүүлгүүдийг түлхүү сонсож байна. Монгол Улсаас гадагшаа гарч байгаа цорын ганц суваг гэдгээрээ онцлог. Тиймдээ ч энэ чиглэлд Монгол орны гадаад бодлогын талаар өргөн дэлгэр нэвтрүүлэг, мэдээ мэдээллүүдийг цацаж, гаднын сонсогчдодоо хүргэж байна.
-Бүтцийн хувьд ямар, ямар чиглэлд хэдэн редакц ажиллаж байна вэ?
Одоо Монголын радио нийт 120 гаруй албан ажилтантай.
- Хурд мэдээний агентлаг
- Нийгмийн нэвтрүүлгийн редакц
- Урлаг соёлын редакц
- Цэнгээнт нэвтрүүлгийн редакц
- Хүүхэд залуучуудын редакц
- Найруулагч, нэвтрүүлэгчдийн алба гэсэн бүтэцтэйгээр ажиллаж байна. Үйл ажиллагаа явуулж, сонсогч олондоо мэдээ мэдээлэл нэвтрүүлгүүдээ түргэн шуурхай хүргэж байна.
-Үндэсний радио олон үзэгч, сонсогчтой тэр дундаа хөдөө рүү чиглэсэн сайн нэвтрүүлгүүдийг урт хугацаанд бүдэгрүүлэлгүй авч яваа. Тэрхүү нэвтрүүлгүүд харин өнгөө засаж байна уу. Цаг үе, нийгмийн шалгарлаар гэдэг ч юм уу?
-Бид 90 жилийн түүхэнд брэнд гэж хэлж болох классик нэвтрүүлгүүдтэй болсон. Эдгээр нэвтрүүлгүүдээ олон жил авч яваа. Тухайлбал намар болсныг илтгэх "Ургацын далай" нэвтрүүлгийг үзэгч, сонсогчид бүгд мэддэг. Төлийн дуу цангинуулсан "Таван эрдэнэ" нэвтрүүлэг. Энэ нэвтрүүлгийн нэрэмжит "Aлтан төлийн эзэн" шагналыг энэ жил 46 дахь удаагаа гардууллаа. Гэх мэтчилэн маш олон нэвтрүүлгүүд бий. Жишээлбэл хүүхэд, залуучууд, настнууд бүгд мэддэг "Үлгэрийн цаг" гэдэг ч юм уу. Энэ мэт олон жилийн түүхийг өгүүлэх хүүхдийн нэвтрүүлгүүд маань ч одоог хүртэл тасраагүй үзэгч, сонсогчдодоо хүрсээр байгаа.
Тиймээс бид нэвтрүүлгүүдийнхээ жанр, төрлийг сайжруулаад цаашид энэ хэвээр нь аваад явна. Мэдээж шаардлагатай гэсэн өөрчлөлт шинэчлэлийг хийж байна.
Жишээлбэл, 2017 оноос Монголын радио дүрстэй болох чиглэлд анхны туршилтуудаа амжилттай хийж, гадна дотны сонсогчдодоо дүрстэйгээр зарим нэвтрүүлгүүдээ хүргэж эхэлсэн. 2023 оноос залуучуудад зориулсан Р3 радио маань 17 цагийн турш дүрстэйгээр хүрдэг болсон. Бид хөтөлбөрийн бодлогод тодорхой өөрчлөлтүүдийг хийж, менежмент дээрээ анхаарч байна.
Мөн цаг үеэ дагасан өөрчлөлтүүдийг ч хийж байна. Бидэнд 2023 оноос хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа хэдэн хэдэн төсөл бий. Эдгээрээс хамгийн том нь виртуал үйлдвэрлэлийн технологийг нэвтрүүлэх ажил. Энэ хүрээнд виртуал шууд дамжуулалтыг амжилттай хэрэгжүүлж байна. Нэмээд 360 саунд технологийг нэвтрүүлсэн анхны подкастууд хийгдээд телевизийн нэгдүгээр сувгаар гардаг болсон. Мөн MNB World суваг дээр таван хэлээр подкастууд хийж байна. Одоо сонсдог ном, жүжиг хийхээр уран бүтээлчид маань ажиллаж байна.
Энэ технологиудыг нэвтрүүлэхэд төсөв, хөрөнгө, хүн хүч зэрэг тулгарах олон асуудал байгаа. Гэсэн ч бид амжилттай нэвтрүүлээд эхэлж байна. Ирэх жилүүдэд улам боловсронгуй болгоно. Тиймдээ ч дүрстэй хэлбэр дээрээ сүүлийн үед ихээхэн ач холбогдол өгч байгаа. Радио сонсох, үзэгчдийн тоо ч жилээс жилд нэмэгдсээр байна.
-Радио өөрийн гэсэн жанжин шугамтай. Хувийн буюу бие даасан хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ондоо. Гэсэн ч иргэдийн цаг үеэсээ хоцорсон, гунигтай, хуучинсаг гэж шүүмжилдэг өнцөг өөрчлөгдөхгүй хэвээр байна. Яаж ойлгогдох нь зөв бол?
-МҮОНРТ бол тусгай статустай байгууллага. Өөрийн гэсэн хуультай, хуулиар хүлээсэн үүрэгтэй. Энэ хүрээнд бид мэдээлэх, соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх гэсэн гурван том үүргээ биелүүлэхээр ажилладаг. Өөрөөр хэлбэл монгол хүнийг бэлтгэн, төлөвшүүлэхэд радиогийн үүрэг оролцоо маш чухал. Энэ утгаараа 90 жилийн хугацаанд Монголын радио дээрх бодлогоо барьж ирсэн. Учир нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний дархлаа бидэнтэй нягт холбоотой. Тиймээс бидний контентууд ийш чиглэдэг. Тухайлбал боловсрол, танин мэдэхүй, мэдээ мэдээллийн чиглэлд маш олон нэвтрүүлгүүд бэлддэг. Энэ бүгд үнэн, зөв байх хамгийн чухал.
Нөгөө талаас дэлхий ертөнц ингэж хөгжиж байхад радиог хэн сонсож байгаа юм гэдэг шүүмжлэлүүд ирдэг. Би тэдгээр хүмүүсийг заавал сонс гэж шаардахгүй. Гэхдээ сонсохгүй, үзэхгүй гэж байгаа хүмүүс магадгүй 30, 40 нас хүрээд харах өнцөг, мэдээлэл авах суваг нь өөрчлөгдөнө. Тэр цагт улс орны бодлого, цаашдын байдал зэрэг мэдээлэл, ойлголт чигийг манайхаас авах л болно.
Таны үр хүүхдэд Монгол орны ёс заншил, үүх түүхийг хэн хүргэх үү, бид л хүргэнэ. Энэ бидний үүрэг. Бид харин үүнийгээ сонирхолтой байдлаар хийж болно. Гэхдээ энтертайнмент байдалтай харьцуулж болохгүй. Агуулга хэлбэрийн зөрчил болно.
-Радио ямар ч гамшиг ослын үед тасалдалгүй дуугарч байдаг гэдгээрээ бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс ялгаатай, чухал ач холбогдолтой. Энэ чиглэлд ахиц гарах тал дээр ажиллаж байна уу?
-Одоогийн болон үе үеийн удирдлагууд энэ асуудал дээр анхаарч ажилладаг. Учир нь Монголын радио ямар ч үед тасалдалгүй дуугарч байх ёстой байгууллага. Гамшиг, үер боллоо гэхэд бид заавал цахилгаанд холбогдсон байх шаардлагагүй. Бид агаарын орон зайг ашиглаж, сонсогч олондоо маш шуурхай хүрдэг. Энэ бол хамгийн том давуу тал, онцлог.
-Тулгарч буй бэрхшээлийн тухайд?
-Жилээс жилд 21 аймагт Монголын радиогийн сонсогдох хязгаар хумигдаж, муудаж байна. Энэ нь 1960-1970 онд бий болсон станцуудтай холбоотой. Ийм станц орон нутагт тав байгаа. Ашиглалтын хугацаа нь дуусчихсан гэж хэлж болно. Энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийгдэхгүй удаж байгаа. Бид энэ бэрхшээлээ төр, засгийн хэмжээнд гаргаж ирээд асуудлаа яриад, шийдлүүдээ эрэлхийлээд явж байна.
Гэхдээ ийм байлаа гээд зүгээр суугаагүй. Монголын радио гар утасны аппликейшнтэй болсон. Мөн давхар нүүр хуудас ч ажиллуулж байна. Ингэж дижитал хэлбэр рүү анхаарч буй нь түгээлттэй холбоотой юм. Дээр дурдсан асуудлууд улс орны аюулгүй байдалтай холбоотой учир төрөөс дэмжиж, шийдвэрлэхэд түлхэц болно гэж найдаж байна. Эхний байдлаар шийдэх шаардлагатай байгаа асуудлуудаа төрийн байгууллагуудтай хамтраад гарц гаргалгаа шийдлүүдийг нь тодорхой болгоод ажиллаж байгаа.
-Төрөөс анхаарчихвал шийдэгдэж, шинэчлэгдэх боломжтой гэсэн үг үү?
-Боломжтой л доо. Энэ нь өөрөө олон тэрбум төгрөгийн асуудал. Гэсэн ч энэ дахин дамжуулалтын асуудал дээр анхаараад өгвөл ямар ч үед түргэн шуурхай мэдээллийг дамжуулах, холбогдох боломж нь өргөн уудам нээлттэй байдаг. Ялангуяа манайх шиг өргөн уудам газар нутагтай улсад хамгийн хурдан шуурхай мэдээлэл хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол радио.
-Сонсогчдын тоо хэр олон байгааг нягталж, хянаж чаддаг уу. Тодорхой тоо хэлэх боломжтой юу?
-Сонсогчдынхоо тоог яг тодорхой гаргах, харах, хянаж байх боломж одоогоор алга байна. Сонсогчдынхоо бидэн рүү шууд холбоо тогтоож байгаа байдал дээр дүгнэлт хийж, дотооддоо тодорхой хэмжээнд тойм, барагцаалсан байдлаар хянадаг. Жишээлбэл, хөтөлбөрт өөрчлөлт орох эсвэл тогтсон нэг өдөр тодорхой цагт сонсдог байсан нэвтрүүлэг нь жаахан хөдөлсөн тохиолдолд шууд залгадаг. Энэ зүйлүүд маань өөрөө эрэлт, хэрэгцээг илэрхийлээд байгаа юм л даа. Тухайлбал энэ нэвтрүүлгийг сонсогчдын 80 орчим хувь нь сонсож байгаа юм байна гэдэг ч юм уу. Ийм багцаа авч болдог. Өөрөөр бол хөндлөнгийн ТББ-аас хийсэн олон төрлийн судалгаа бол байдаг.
-90 настай Монголын радиогийн түүхэн дуу хоолой одоо ч дуугарсан хэвээр-
Радио бол сонсох урлаг. Сонсогчдод чихээр дамжин хүрч, ойлгогдож, мэдрэгдэж байх онцлогтой. Тиймээс уран бүтээлчдээс өгүүлэхүйн болоод бичихүйн чамгүй ур шаарддаг. Сонсогчид харах боломжгүй учраас тэдэнд харсан, үзсэн юм шиг, дэргэд нь очсон юм шигээр мэдрүүлэх гэдэг өөрөө хүнд даалгавар. Үүнийг яг мэргэшсэн боловсон хүчин болоод төрмөл авьяастнуудын өнгөлсөн хоршил л гүйцэтгэж чаддаг. Энэ хоршил үндэсний радиогийн бас нэгэн нэрийн хуудас.
Тэд дэргэдүүр гол урсаж, цэцэг дэлгэрч, шувууд нисэж, салхи исгэртэл бичиж цаг хугацааг ухрааж бас хурдасгах чадалтай. Энэ бүхэн сайн нэвтрүүлэгчдийн сайхан дуу хоолойгоор одоог хүртэл сонсогчдодоо хүрч буй нь өнгөрсөн 90 жилийн түүх биднээс тийм ч алсраагүйг илтгэнэ. Энд одоо алтан үеийн сэтгэлд хоногшсон дуу хоолойны эздийн түүчээ болсон шавь нэвтрүүлэгчид ажиллаж байна. Төлөөлөл болгож МҮОНР-ийн нэвтрүүлэгч Ч.Идэрчулуун, Н.Анхболд нартай ярилцлаа.
Ч.Идэрчулуун: Өглөө бүр 06.00 цагт радиогоор сонсогч түмэнтэйгээ уулздаг аавынхаа дуу хоолойг үргэлжлүүлж байна
-Монголын радиогийн 90 жил гэхээр магадгүй аав тань бодогдож байгаа байх. Багахан түүх сөхвөл?
-Яг түүхэндээ одоогоос 93 жилийн өмнө сайд нарын захирамжаар Улаанбаатар хотод анхны радио дуугарч байсан. Тухайлбал, Амгалан, Сүхбаатарын талбай зэрэг гурван цэгт радио анхлан дуугарсан түүхтэй. Ингэхдээ тухайн үеийн ЗХУ-аас төхөөрөмж авч ирээд туршилтын журмаар Орос, Монгол, Хятад хэл дээр дугаргаж байсан гэдэг. Үүнээс долоо хоногийн дараа анх удаа наадмаар Яармагийн дэнж дээр радио дуугарч түмэн олныг сонордуулж, гайхшируулж байсан, ийм түүхтэй. Энэ жил МҮОНР үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байгаа учраас сонсогч, үзэгч, хэвлэл мэдээллийн салбарын та бүхэнд баярын мэнд хүргэж байна.
Миний аав бол жаран дамнасан төрийн дуу хоолой. Аав маань Монголын радиод ажиллаж эхэлсэн тэр цагаас хойш "Монгол Улсын нийслэл Улаанбаатараас ярьж байна" гэж өглөө бүр зургаан цагт ярьдаг байсан. Ахмад, дунд үеийнхэн маань сайн мэднэ. Түүний залгамж халаа болж миний бие ч мөн адил өглөө бүр "Монгол Улсын нийслэл Улаанбаатараас ярьж байна" гэж Г.Отгон гавьяатын хамт сонсогчидтойгоо мэндэлдэг болсон.
Аав минь Г.Отгон нэвтрүүлэгч буюу шавьтайгаа 40 гаруй жил Монгол төрийн наадмыг хөтлөн явуулж, түмэн олноо баясгаж байсан. Миний хувьд өнгөрсөн жил аавынхаа шавь МУСГЗ, Г.Отгон багштайгаа төрийн наадмаа нээсэн. Энэ хэн бүхэнд тохиогоод байхгүй ховор тохиол болов уу. Мэдээж аав минь 90 жилийн түүхт энэ их айлтай салшгүй холбоотой шүү дээ.
-Монголын радиогийн үнэ цэн, ач холбогдол хэрхэн илэрдэг вэ. Өөрөөр хэлбэл үндэсний радио яагаад зайлшгүй байх шаардлагатай юм бол, хувийн зүгээс тодорхойлвол?
-Монголын радио үүсэн байгуулагдсанаас хойших улс орны 90 жилийн бүх түүх энд хадгалаастай байдаг гээд хэлчихвэл буруудахгүй. Радиогийн алтан фонд гэж бий. Телевизэд хальс гэж байдагтай адил. Энд ховор, нандин хүмүүсийн дуу хоолой, яриа, түүх хадгалаатай байдаг. Ингээд бодохоор радио өөрөө түүх, баримт. Ийм учраас радио чухал бөгөөд үнэ цэнтэй.
Өнөөдөр хүмүүсийн сошиалаар юу харах, юуг зөв гэж итгэх, юуг даган дуурайж, хүсэх эрх нь нээлттэй. Гэхдээ бидний дараагийн үе, үр хүүхдүүд үүх түүхээ мэдэх, тусгаар тогтнолоо нандигнан хайрладаг иргэн хүн болж төлөвших учиртай. Тиймээс тэднийг өнгөрсөн түүхээ мэддэг, үндэсний онцлогоо ойлгодог, хүлээн зөвшөөрдөг болон төлөвшихөд радио чухал үүрэгтэй байж, хувь нэмрээ оруулсаар ирсэн.
Дан ганц хүүхэд гэлгүй үндэсний гэсэн, биднийг илтгэх, эргэн сануулах юм бүхэн энд бий гэдгийг бид ойлгох хэрэгтэй.
-Таны ажил хийгээд амьдрал энэ байгууллагатай салшгүй холбооотой шүү дээ. Бага насанд тань радиотой холбоотой дурсамж хэрхэн үлдсэн байна, яг одоо таны санаанд орж байгаагаар?
-Дөрөв билүү тавдугаар ангийн дурсамжаа тод санаж байна. Би 27 дугаар орос сургуульд сурдаг байлаа. Тухайн үед айл бүр шугамын радиотой байсан. Нэг өдөр хичээлээсээ тарж гэртээ очоод даалгавраа хийснийхээ дараа радиогоор үлгэрээ сонслоо. Ардын жүжигчин Гомбосүрэн гуай орой бүр 20 цаг 30 минутаас үлгэр уншдаг байлаа. Би ч байнга сонсдог. Үлгэр унших үед нь радиодоо чихээ наагаад л сонсоно. Бүр дотор нь орчихдог байв.
Нэг орой үлгэрээ сонсож байтал радиогийн давтамж нь цуурайтай ч юм шиг яваад байхаар нь үлгэр дууссаны дараа Гомбосүрэн ахаа ахиад үлгэр уншаад өгөөч ээ, ахиад гоё үлгэр уншаад өгөөч ээ гээд радио руугаа орилж байсан. Мэдээж намайг сонсохгүй л дээ.Тухайн үед хүүхэд байсан болохоор радио дотор л нэг хүн суучхаад үлгэр уншаад байна гэж боддог байсан байх. Хүүхэд байхад телевиз дотор хүмүүс орчихсон яриад байна гэж санаад л эргэж тойрч, ар өврөөр нь хардаг байсантай адилхан юм даа.
Н.Анхболд: Нэвтрүүлэгчдийн дуу хоолой бол радиогийн нэрийн хуудас
-МҮОНР-д ажиллаад удаж байна уу?
-Монголын үндэсний радио гэдэг энэ их айлтай сургуулиа төгсөөд л холбогдсон. Одоогоор арав гаруй жил нэвтрүүлэгчээр ажиллаж байна.
-Түүхт 90 жилийн 10 жилд нь радиод ажиллажээ. Энэ хугацаанд ийм учраас радио байх хэрэгтэй гэж ойлгосон зүйл нь таны хувьд юу вэ?
-МҮОНРТ бол хэвлэл мэдээллийн ууган байгууллага. Цахим орчин илүү хөгжөөд, богино долгионы радио ФМ-үүд олон болсон. Гэсэн ч Монголын радио эх орон даяар өргөн нэвтрүүлгүүдээ цацдаг учраас стратегийн чухал ач холбогдолтой гэж боддог. Монголын радио бол зогсож болохгүй хамгийн чухал мэдээ, мэдээлэл дамжуулах хэрэгсэл.
Үндэсний радио бусад ФМ, радиотой хаьдцуулахад өөрийн гэсэн хөтөлбөрийн бодлоготой. Сонсогчдын хувьд нас насны төлөөллүүд бий. Тиймээс бид бүх төрөл жанруудаар радиогийн нэвтрүүлгүүдээ бэлтгэдэг. Олон нийтийн статустай учраас нэвтрүүлгүүдийн бодлого төлөвлөлт бусад арилжааны сувгуудыг бодвол өөр. Үүнийг ойлгох хэрэгтэй.
-Радио бол дуу хоолойгоор дамжиж үзэгч түмэнд хүрдэг. Нэг талаараа сонсох урлаг шүү дээ. Тиймдээ ч радиогийн нэвтрүүлэгч, хөтлөгчдөд энэ төрлийн шалгуурыг тавьдаг байх. Таны бодлоор нэвтрүүлэгчдийн дуу хоолой үндэсний радиогийн онцлог мөн үү?
-Мэдээж үндэсний радиогийн нэвтрүүлэгчдийн дуу хоолой манай гол онцлогуудын нэг мөн. Энэ онцлог анх Монголын радио дуугарч эхэлсэн тэр цагаас л байсан. Одоо ч бий. Үндсэн сонгодог уншилт гэдэг зүйл энд явагддаг.
Нэвтрүүлэгч бэлтгэх тусгай анги гэж байхгүй учраас шавь сургалтаар эзэмшдэг. Мэдээж тухайн хүн өөрөө дур сонирхолтой, өөрийн гэсэн дуу хоолойны онцлогтой байж энэ мэргэжлийг эзэмшдэг. Тиймээс дуу хоолой гэдэг Монголын радиогийн салшгүй нэг хэсэг гэж хэлнэ.
МҮОНР нийгмийн нэвтрүүлгийн, урлаг соёлын, цэнгээнт нэвтрүүлгийн, хүүхэд залуучуудын гэсэн дөрвөн том редакцтай. Гадаад хэлний редакцуудын хувьд эх хэлээсээ гадна дөрвөн өөр хэл дээр дэлхий нийтэд чиглэсэн, Монголоо сурталчлан таниулсан нэвтрүүлгүүд, мэдээ мэдээллийг тогтмол гадаад урсгалаар цацдагаараа онцлог. Харин нийгмийн нэвтрүүлгийн редакц 21 аймаг 330 суманд хүрч ажиллаж, малчдын болоод орон нутгийн иргэдийн амьдралыг 90 жил уйгагүй нэвтрүүлж буй тул төлөөлөл болгон сурвалжиллаа.
-С.Булган: Биднийг Японоос 20 сая сонсогч зэрэг сонсож байсан түүх бий. Одоо манай редакцид 13 улсаас захидал тогтмол ирдэг-
"Монголын дуу хоолой" радиогийн Япон хэлний редакц 1989 оны нэгдүгээр сарын 20-нд "Радио Улаанбаатар" нэртэйгээр эхний нэвтрүүлгээ цацаж байжээ. Анх дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байсан энэ редакцад одоо хоёр хүн ажиллаж байна. Тэд анх долоо хоногт хоёр удаа 30 минутаар нэвтэрдэг байсан япон хэлний нэвтрүүлэг өдгөө өдөр бүр шинэ соргог мэдээ, мэдээлэлтэйгээр сонсогчдын сонорт хүрдэг болж.
Японы сонсогчдод зориулж улс төр, нийгэм, эдийн засаг, түүх, соёлын гээд бүх салбарт болж буй үйл явдлуудаас аль болох шинэ сонин, ач холбогдол бүхий мэдээ материалыг сонгон нийтлэл, сурвалжилга, тойм, ярилцлага тэмдэглэл гээд радиогийн бүх төрөл жанраар нэвтрүүлэг бэлтгэн хүргэдэг.
1997 онд Монголын радио NHK-тэй хамтран Монгол орноор нэртэй бүтэн есөн цагийн шууд нэвтрүүлгийг Япон даяар цацаж тус улсын 20 сая сонсогч сонссон түүхийг тэд бүтээж чадсан байна. Үүнээс хойш Монголын радиог сонсох Японы иргэдийн тоо нэмэгдэж, хүрээ тэлжээ. Үүний нэг жишээг энэ редакцад жилд дунджаар ирдэг 1000 гаруй захидлаас харж болохоор байв. Зөвхөн Япон гэлтгүй Хятад, Солонгос, Орос, Австрали, Франц, Америк, Энэтхэг, Украин, Финланд, Бразил, Испани зэрэг улсаас захидал тогтмол хүлээж авдаг байна.
Япон хэлний редакцын ахлах редактор С.Булган: Ганцхан жишээ дурдвал, 11 хүүхэд төрүүлж өсгөхийн зэрэгцээ ажиллаж хөдөлмөр эрхэлж, үр хүүхдээ боловсролтой хүмүүс болгож хүмүүжүүлсэн жирийн нэгэн монгол, эмэгтэйн тухай "Мэндсэн ээж" сурвалжилсан тэмдэглэл нэвтэрсний дараа нэгэн сонсогчоос бидэнд захиа ирсэн юм. Тэрхүү захидалд "Мэндсэн ээж"-ийн тухай нэвтрүүлэг сонсоод Монгол ээжээр бахархаж, бас өөрсдөөсөө ичлээ. Ганц хүүхдээ ажил ихтэй, завгүй гэсэн шалтгаанаар өөрсдөөсөө хөндийрүүлж байсан юм байна. Эхнэр бид хоёр ярилцаад хадмынхаасаа хүүгээ авч, өөрсдөө өсгөхөөр шийдлээ. Биднийг хүмүүжүүлж өгсөн та бүхэнд баярлалаа" хэмээн бичсэн байсан.
Энэ мэтчилэн бидэнтэй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, сэтгэл санаагаа хуваалцдаг сонсогч маш их. Түүнээс гадна интернэт, телевиз гээд бусад сувгаас олох боломжгүй мэдээллүүдийг өөрийн төрөлх хэлээрээ танай нэвтрүүлгээс л олж сонсдог гэж олон арван сонсогч бидэнд бичдэг. Энэ бүхэнд урмаар тэтгэгдэн Монгол орноо сурталчлан таниулах ажилдаа шунан дурлаж, улам ихийг илүү сонирхолтойг сонсогчдодоо хүргэхээр шамдан ажилладаг.
-Б.Лхагвасүрэн: Зөвхөн манай редакцаас 13 гавьяат, хоёр төрийн соёрхолт төрсөн байна-
Нийгмийн нэвтрүүлгийн редакцын ахлах редактор Б.Лхагвасүрэн "Бид өнөөдөр нийгмийн нэвтрүүлгийн редакц нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа ч үндсэн чиглэл маань хөдөө рүү чиглэдэг. Анхнаасаа ийм байж ирсэн. Манай редакц хөдөөд юу өрнөж, юу өөрчлөгдөн шинэчлэгдэж байна. Тэнд дутагдаж буй зүйл нь юу байна, түүний талаар мэргэжилтнүүд юу хэлэв гэдгийг бид дамжуулж, архивлаж, хадгалж авч үлдэх үүрэгтэй. Сэтгүүлчид маань хөдөө явж малчдын хотноос, тариалангийн талбайгаас нэвтрүүлгүүдээ бэлтгэх гол зорилгыг тээж ажилладаг.
Манай радио Монголын зохиолчдын бага хороо. Учир нь маш олон яруу найрагч, "Болор цом"-ын эзэд энд ажилладаг. Мөн ажиллаж байсан түүхтэй. Жишээлбэл, зөвхөн манай редакцаас л гэхэд хоёр төрийн соёрхолт, 13 гавьяат төрсөн байна. Ингээд харахаар аргагүй жинхэнэ бичгийн хүмүүс ажилладаг онцлогтой газар гэдэг нь ойлгогдох байх.
Бид өмнө нь 18, 19 хүний өргөн бүрэлдэхүүнтэй ажилладаг байсан бол одоо долуулаа ажиллаж байна. Гэсэн ч бид хийдэг нэвтрүүлгүүдээ хийж, хөтөлбөрийнхөө дагуу ажилласан хэвээрээ. Юу ч өөрчлөгдөөгүй" гэлээ.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Радиогийн хананд "Сонсоно гэдэг хүндлэл" гэх үгийг томоор өлгөсөн нь нүдэнд тусна. Чанга дуу хөгжим цуурайтаж, олон хүн ийш тийш алхаж, гүйж, хөл хөдөлгөөн болж байдаг телевизтэй харьцуулшгүй чимээгүй, тайван газар. Хүмүүс нь тогтож харж, анхаарч сонсдог онцлогтой. Энэ онцлог тэдний аливаа зүйлийн хэлбэрийг биш агуулгыг хүргэдэгтэй холбоотой байх.
Зүйрлэвээс бурхан номын аль эсвэл бясалгалын газар шиг тайвныг олж өөрийгөө сонсож болмоор ийм л газар. Энэ нам гүмээс радиогийн 90 жилийн түүх бичигджээ. Тэд энэ цэнхэр байшингаас эх орон хийгээд энэ дэлхийнхээ өнцөг булан бүр рүү чимээлж, чиглэн хүрч чаддаг. Цаашид ч олон зуун жил Монголын радиогийн түүх үргэлжилж, өрнөн дэлгэрнэ байх аа. Ийнхүү эрхэс тэнгэрийн агаар дахь тоосгүй цэнхэр хөлөг Монголын радио 90 нас хүрлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан бичжээ. Радио хайрлам газар билээ, баярл�##�аа.
Айлуудад одоо радио гэж байхгүй болоод удаж байна. Радио гэдэг чинь түүх болоод өнгөрсөн шүү дээ. Одоо айлуудад радио тавьж өгөх үү?
70-аад онд хүүхэд байхдаа орой бүр радиогийн үлгэрийн цагийг шимтэн сонсдог байж билээ. Маш сайн магадлан дуулаад, маргаашийн үлгэрийг сонсоорой гэж дуу�####�г байсан.
Радио айлуудад байдаггүй. Телевизээр ч нийтэд хэрэгтэй мэдээлэл байдаггүй шүү дээ.
ХУУЧНААСАА САЛЖ ЧАДДАГГҮЙ ! БИ -ГЭЭР ӨВЧИЛСӨН ХЭДЭН ХӨГШИН ХӨВӨӨ ГЭР БҮЛИЙН , ДАРГА ТОЙРСОН ЛУЙВАРЧДЫН ҮҮР УУРХАЙ БОЛСОНДОО ! АЛТАН ФОНДООР Л АМИА ЗАЛГУУЛЖ ЯВАА УЛСТӨРЖСӨН НЭГ НАМЫН ХАРЬЯА РАДИО
Иймэрхүү хүмүүст сонсох заяа дутна, аргагүй.
Монголын радио ард түмэнд шаардлагатай чух�##� асуудлуудыг ярьдаггүй. Сонсдог хүмүүс цөөхөн байхаа.