Иений ханш ам.долларын эсрэг огцом чангарав

Сүүлийн үед иений ханш ам.долларын эсрэг суларсаар ирсэн. Даваа гарагт /2024.04.29/ иений ханш огцом унаж нэг ам.доллар 160 иентэй тэнцсэн юм.
Энэ нь 1990 оны дөрөвдүгээр сараас хойш үзэгдээгүй ханш байсан. Тодруулбал даваа гарагт нэг ам.доллар 155.01 иенээр арилжиж байснаас 160.245 болж огцом унасан юм. Үүний дараа ханш нь огцом нэмэгдэж нэг ам.доллар 154 иентэй тэнцжээ.
Хөрөнгө оруулагчид энэ явдлыг Японы төв банк иений ханшийг нэмэхээр ам.доллар их хэмжээгээр зарж, иен худалдаж авсан гэж таамаглаж буй. Одоогийн байдлаар тус улсын засгийн газар иений ханшийг нэмэх арга хэмжээ авсан эсэхээ мэдэгдээгүй байгаа.
Гэхдээ мэргэжилтнүүд 5 их наяд иентэй тэнцэх ам.доллар зарж, иен худалдан авсан гэж таамагласан юм. Үүний дараа иений ханш дахин унасан.
Тэгвэл иений ханш пүрэв гарагт /2024.05.01/ дахин нэмэгдсэнийг хөрөнгө оруулагчид Японы эрх баригчид дахин арга хэмжээ авлаа гэж үзэж буй. Тодруулбал пүрэв гарагт нэг ам.доллар 157.55 иентэй тэнцэж байснаа 153 иен болсон юм.
Энэ жил гарснаас хойш 10 орчим хувиар буурсан байгаа. Японы төв банк 2007 оноос хойш анхны удаа бодлогын хүүгээ нэмсэн ч иений ханш буурч буй. Төв банк бодлогын хүүгээ өсгөх үед тухайн улсын валютын ханш чангардаг. Гэвч хөрөнгө оруулагчид Японы төв банк ойрын хугацаанд бодлогын хүүгээ дахин нэмэхгүй гэж таамаглаж байгаа учир иенээр ам.доллар худалдан авсаар буй.
Эх сурвалж: Reuters, Kyodo
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.