Top StoriesСурвалжилга

Сурвалжилга: 16 танхим, 534 мянган ном, театр, студи, хүүхэд харах үйлчилгээтэй Үндэсний номын сан

Монголын үндэсний номын сан анх 1921 оны арваннэгдүгээр сарын 19-нд бага хурлын шийдвэрээр Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд 2000 номтой байгуулагдсан түүхтэй. Харин 1924 онд хуралдсан Улсын анхдугаар их хурлаас Улсын номын сан болгож байж. Ингээд 1951 онд одоогийн гурван давхар барилга ашиглалтад орж, уг байшинд 500 мянга орчим номтой үйлчилгээгээ явуулж эхэлжээ.

Тус номын сан нь цуглуулсан хэвлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний цар хүрээгээрээ хамгийн том номын сан төдийгүй Монгол үндэстний болон Төв Азийн нүүдэлчдийн бичиг соёлын өв, ховор нандин гар бичмэл, алт эрдэнэсээр урласан хосгүй үнэт ном судрыг цуглуулан хадгалснаараа гадаадын эрдэмтэд, монгол судлаачдын сонирхлыг татсан мэдээлэл судалгааны гол төв болж байна.

Эдүгээ энэхүү номын сан монгол, төвөд, манж, англи, орос, япон, солонгос, герман болон дэлхийн бусад олон хэл дээрх гурван сая гаруй эртний болон орчин үеийн ном судар, хадгаламжийн нэгжээр үйлчилж буй.

Номын фондод соёлын өвийн төвд бүртгэгдсэн бичиг үсгийн дурсгал, түүх, соёлын асар үнэт өв болох “Алтан товч”, “Эрдэнийн эрх”, 1345 онд модон бараар барласан 4 хэлний хадмал “Жамбалцанжид”, “Чингис хааны угийн бичиг”, “Ганжуур” /108 боть/, “Данжуур” /225 боть/, соёмбо үсгээр бичсэн “Итгэл”, цэвэр мөнгөн хуудсан дээр алтан үсгээр бичсэн “Сундуйн жүд”, “Жадамба”, нэрт эрдэмтэн Шагжийн 1914 онд 5х5 см хэмжээтэй цаасан дээр хялгасаар бичсэн “Ногоон дарь эхийн тууж” зэрэг ховор ном судар олон бий.

-10 жилийн өмнө шав нь тавигдсан Үндэсний номын сангийн шинэ байр үүдээ нээлээ-

Монголын үндэсний номын сангийн шинэ салбар өчигдөр үүдээ нээлээ. Энэ салбар олон улсын стандартын шаардлага хангасан, орчин үеийн дэд бүтэц, техник технологи бүхий 11 давхар, чөлөөт сонголт бүхий төрөлжсөн уншлагын 16 танхимтай. Мөн 530 хүнд нэгэн зэрэг үйлчлэх боломжтой. Үндэсний номын сангийн 103 жилийн түүхэнд 1951 онд анхны үндэсний хэмжээний номын сангийн зориулалт бүхий барилга ашиглалтад орж байсан бол үүнээс 73 жилийн дараа салбар шинэ барилгаа ашиглалтад хүлээн авч буй нь энэ юм. Шинэ байр,

  1. Онцлог хэрэгцээт иргэдийн танхим
  2. Хүүхэд саатуулах танхим
  3. Үзэсгэлэнгийн танхим
  4. Тогтмол хэвлэлийн уншлагын танхим
  5. Бие даан хөгжих танхим
  6. Юнеско уншлагын танхим
  7. Нийтийн уншлагын танхим
  8. Бүтээлч танхим
  9. Гэр бүлийн уншлагын танхим
  10. Багаар ажиллах танхим
  11. Цахим уншлагын танхим
  12. Эрдэм шинжилгээний уншлагын танхим
  13. Хүмүүн танхим /түүхийн шинжлэх ухаан, улс төрийн шинжлэх ухаан, төр, эрх зүйн шинжлэх ухаан, цэргийн шинжлэх ухаан, шашин судлал, гүн ухаан/
  14. Эрдэм танхим /социологи, эдийн засаг, соёл шинжлэх ухаан, боловсрол, сэтгэл судлал/
  15. Язгуур танхим /хэл шинжлэл, утга уран зохиол/
  16. Ертөнц танхим /байгалийн шинжлэх ухаан, техникийн шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, анагаахын шинжлэх ухаан/ зэрэг 16 танхимтай. Дээрх танхимуудад нийт 534 мянган ном хэвлэлийг стандартын дагуу шилжүүлэн байршуулжээ. Энэ хэсэгт эдгээр танхимуудын онцлог, сонин, давуу талуудыг онцлон хүргэе.

-Хүүхэд саатуулах үйлчилгээ, мини театр, дуу бичлэгийн студи, онцлог хэрэгцээт иргэдэд зориулсан танхимтай Үндэсний номын сан-

Онцлог хэрэгцээт иргэдийн уншлагын танхим

Хөгжлийн бэрхшээлтэй буюу онцлог хэрэгцээт иргэдэд зориулсан уншлагын танхим, брайл сонсдог номын танхимыг шинээр нээжээ. Тодруулбал, харааны бэрхшээлтэй иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн дэйзи брайль, сонсдог номыг олон улсын стандартын дагуу боловсруулан сан хөмрөгийг баяжуулж, үйлчилгээ үзүүлж эхлээд байна. Мөн энэ танхим Монголдоо анхдагч гэдгээрээ ихээхэн ач холбогдолтой.

Хүүхэд саатуулах үйлчилгээ

Номын сангийн албан хаагчид болон номын сангийн үйлчилгээ авч буй эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан үйлчилгээг энэхүү танхимаар үзүүлнэ. Энд бага насны хүүхдээ 30 минутаас 1 цаг 30 минут үлдээгээд номын сангаар үйлчлүүлэх боломжтой. Энэ хугацаанд таны хүүхдийг номын сангийн ажилчид харах бөгөөд өрөөг насны онцлогт тохируулан тохижуулжээ.

Үзэсгэлэнгийн танхим

Монгол үндэстний бичиг үсгийн дурсгалууд, түүх соёлын эх сурвалжууд болон ном хэвлэлийг олон нийтэд сурталчлах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах үзэсгэлэнгийн танхимд төрөл бүрийн үзэсгэлэнг уламжлалт болон цахим хэлбэрээр зохион байгуулна.

Тогтмол хэвлэлийн уншлагын танхим

Тогтмол хэвлэлийн уншлагын танхимд 35,500 нэгж сонин, сэтгүүлийг чөлөөт сонголтоор уншуулна. Тогтмол хэвлэлд зориулсан хэвтээгээр нь хадгалах, сэтгүүлийг нэгжилж хадгалах стандартыг баримталж хийгдсэн тавиуруудыг байрлуулжээ. Мөн өдөр тутмын тогтмол хэвлэлийг цахим хэлбэрээр унших, техник хэрэгслүүд энд байршиж байна.

Бие даан хөгжих танхим

Бие даан хөгжих танхим нь уншигчид бие даан мэдлэг боловсролоо дээшлүүлэх, бие даалтын хичээлийг ганцаарчлан хийх зэрэг хэрэглэгчдийн цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зориулалттай.

ЮНЕСКО уншлагын танхим

Үндэсний номын сан 1968 оноос НҮБ-ын болон түүний салбар байгууллагуудын ном хэвлэл, баримт бичгүүдийг хадгалагч номын сангийн үүрэг гүйцэтгэж байна. ЮНЕСКО-гоос эрхлэн хэвлүүлсэн шинжлэх ухааны төрөл салбарын 8000 орчим ном, материалаар уншигчдад үйлчлэх юм байна.

Уншлагын их танхим

“Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага’’ MNS 5742: 2019 стандарт, “Уншигчид үйлчлэх байранд ноогдох талбай”-д заасны дагуу техник тоног төхөөрөмж болон тус танхимын нэг уншигчид 2.4 м2 талбай ноогдохоор ширээ, сандлыг байрлуулжээ.

Бүтээлч уншлагын танхим /Maker Space/

Бүх насныхан бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, санаа сэдэл олох, нэг нэгнээсээ суралцах, харилцан туршлага судлах боломж олгох чөлөөт орон зай. Энэ танхимд олон нийтэд зориулсан нийтлэг хөтөлбөр, үйл ажиллагаа явуулахаас гадна үндэсний онцлогийг шингээсэн тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Гэр бүлийн уншлагын танхим

Гэр бүлийн харилцаа, үнэ цэнийг нэмэгдүүлэх, ном, соёлоор дамжуулан хүүхдийн хүмүүжил төлөвшилд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хүүхэд эцэг эхийн хамт эрдэм номд суралцах, гэр бүл хамтдаа хөгжих бололцоог олгохоор энэхүү танхимыг байгуулсан байна. Танхим нь хүүхдийн сонирхол, нас сэтгэхүй, танин мэдэхүйд тохирсон ном, тоглоом наадгай, тавилга хэрэгсэл, тохижилт, орон зайтай.

Багаар ажиллах танхим

Багаар ажиллах 2 танхимтай. Номын сангийн үйлчилгээнд хамрагдаж буй баг, бүлэг, групп уншигчдад зориулсан чөлөөт танхим нь багаар ажиллах тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн, бие биеэсээ суралцах, асуудлыг хамтдаа шийдэх боломжийг олгоход чиглэгдсэн.

Соёл урлаг, соён гэгээрлийн танхим

Соёл, урлагийн холбогдолтой ном хэвлэл, хэвлэмэл бус материалууд, пянз, CD, DVD, унших, сонсох, үзэх материалуудыг ашиглахад зориулагдсан тоног төхөөрөмж бүхий уншлагын танхим. Энд бөмбөр, морин хуур, гитар, төгөлдөр хуур, пянз зэргийг байрлуулжээ. Тухайн хөгжмийн зэмсгүүд болон өрөө талбайг өөрийгөө хөгжүүлэх, сонирхож сурах, аливаа уралдаан тэмцээнд бэлдэх зорилгоор ашиглах бүрэн боломжтой аж.

Цахим уншлагын танхим

Хэвлэмэл бус материалыг ашиглах орон зайг бүрдүүлсэн орчин нөхцөл, техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан. Уншигч үйлчлүүлэгчдэд дотоод, гадаадын цахим сан хөмрөгийг ашиглах боломжийг бүрдүүлж, цахим бүтээл ашиглах сургалт явуулахын зэрэгцээ өөрийн бүтээлийг цахим орчинд зохион байгуулах, олон нийтэд хүргэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллана.

Эрдэм шинжилгээний уншлагын танхим

Эрдэм шинжилгээ судалгааны бүтээлүүдийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр унших, мэдээлэл авах боломжтой. Багш нар, судлаачид, оюутнууд хамтран багаараа ажиллах боломжийг нэвтрүүлэх зэрэг хэрэглэгчдийн эрэлт сонирхолд нийцсэн орчин үеийн хандлага бүхий бүтээлч үйлчилгээг үзүүлнэ.

Сонсдог ном, подкаст боловсруулах студи

Орчин үеийн дуу бичлэгийн студийн шаардлагатай тоног төхөөрөмж, техник, технологи, хэрэгслээр бүрэн тоноглогдсон. Хөгжим, компьютер зэрэг техник хэрэгслийг уншигч ганцаарчлан чөлөөтэй ашиглах ба дуу авиа нэвтрэхгүй тусгаарлагчтай. Уншигч ганцаарчлан үйлчилгээ авахаас гадна багаар үйлчлүүлэх боломжтой байхаар зохион байгуулна. Төрөл бүрийн номын талаар подкаст хийх, номын контентыг боловсруулахад студийг ашиглана.

Мини театр

Уншигчдын соён гэгээрэл, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, ном, соёлын чиглэлээр сургалт танин мэдэхүйн төрөл бүрийн үйл ажиллагааг явуулах мини театр нь 60 хүний суудалтай. Тав тухтай орчин, аюулгүй байдалд анхаарч, уншигчид, үзэгчид, оролцогчдын суудлын тоо, жижиг хэмжээний тайз, орон зай болон техник, тоног төхөөрөмжийг тооцож төлөвлөсөн.

Төрөлжсөн уншлагын танхим

Шинжлэх ухааны салбар бүрээр чөлөөт сонголттой номын сан хөмрөг бүхий төрөлжсөн уншлагын танхимуудаар үйлчилнэ. Үндэсний Номын Сан нь шинэ салбар номын сангаараа олон нийтийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан орчин үеийн ном хэвлэлийг бүрдүүлж, цахим номын сан, олон талт хөтөлбөр үйлчилгээгээр бүх насны уншигчдад үйлчилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд гэр бүлд чиглэсэн төрөлжсөн үйлчилгээ үзүүлж үйлчилгээнийхээ хүрээ хүртээмжийг тэлж байна.

Номын сангийн менежер С.Чулуунпүрэв: Төв байр цаашид Монгол судлалын эрдэм шинжилгээний номын сан болж, үйл ажиллагаа явуулна

-Үндэсний номын сан 3.5 сая номын сан хөмрөгтэй. Энэ байранд хэдийг нь шилжүүлж абиршуулаад байна вэ?

-Манай сан хөмрөгийн 3.5 сая номын 534,000 орчин үеийн, хэвлэмэл ном, хэвлэлийн бүтээгдэхүүн, тогтмол хэвлэлийг шинэ салбар номын сандаа байршуулаад байна. Гурван сая нь төв байрандаа үлдсэн гэсэн үг. Энэ гурван сая номын 1.5 сая нь хуучин судар ном. Тиймээс энэ хуучин судар номыг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах ёстой учраас төв байр эрдэм шинжилгээний тэр дундаа Монгол судлалын эрдэм шинжилгээний номын сан болж цаашид үйл ажиллагаа явуулна.

-Төв байр уншигчдад хэвийн үйлчилнэ гэсэн үг үү?

-Бид энэ шинэ номын сангаа нээхтэй холбогдуулж гуравдугаар сарын 01-нээс тавдугаар сарын 01-ний хооронд төв байрныхаа уншлагыг түр зогсоосон. Учир нь 534 мянган номыг төв байрнаас нүүлгэн шилжүүлэх ажил хийгдсэн. Харин тавдугаар сарын 01-нээс төв байр хуучин журмаараа үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байна. Цаашдаа ч мөн адил үйл ажиллагаа нь тогтмол, хэвийн үргэлжилнэ.

-Энэ байр 16 уншлагын танхимтай шүү дээ. Номын сангийн онцлох өөр зүйлүүдээс дурдвал?

-Зургаан давхраас дээш шинжлэх ухаан, шинжлэх ухааны төрөлжсөн танхимууд байрлаж байгаа. Хуучин бид насны хязгаар зааж буюу хүүхдэд үйлчилдэггүй байсан. Тэгвэл энэ байр уншлагын картаа нээлгэсэн л бол хүүхдэд үйлчилнэ. Гэр бүлээрээ ирж болно. Хүүхдээ хүүхэд харах хэсэгт үлдээж болно. Мөн онцлог хэрэгцээт буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан танхимтай гэдгээрээ онцлог.

-Иргэдэд 24 цагаар үйлчлэх боломжтой юу. Энэ боломжийг хэрхэн харж байна?

-Уншигчдын эрэлт хэрэгцээ мэдээж бий. Тэд арай уртасгасан цагаар баймаар байна, өглөө эрт нээдэг баймаар байна, хоногоор уншдаг баймаар байна гэхчлэн эрэлт хэрэгцээгээ илэрхийлдэг. Манай номын сан ч энэ чиглэлд анхаарч, хэрэгжүүлж ажиллахыг эрмэлздэг. Гэхдээ энэ үйлчилгээг үзүүлэхэд хангалттай хүний нөөц шаардлагатай. Жишээ нь 24 цагаар иргэдэд үйлчлэхийн тулд нэг биш гурван номын санч шаардлагатай болно. Ямартай ч салбар шинэ номын сангаа нээлээ. Манай байгууллага нийт 112 хүнтэй.

Энэ салбар нээгдсэнээр эхний ээлжид 178 хүний орон тоотой байх ёстой болоод байна. Тиймээс шинэ бүтэц, орон тоогоо батлуулахаар Засгийн газар, яаманд саналаа өгчихсөн байгаа. Өөрөөр хэлбэл 178 хүнтэй болсноор өдөр тутмын хэвийн үйл ажиллагаагаа хоёр салбараараа дамжуулан уншигчдадаа хүргэнэ гэсэн үг. Цаашлаад уртасгасан буюу 12 болон 24 цагаар ажилладаг болохын тулд ахиад хүний нөөцөө тэлэх асуудал үүснэ. Гэсэн ч үүргийнхээ хүрээнд уншигчдынхаа эрэлт хэрэгцээнд тулгуурлаж, шийдэж л таарна. Тодорхой хугацаа хэлж мэдэхгүй байна.

-Үндэсний номын сангийн шинэ барилгын ажил 10 жил үргэлжилсэн гэж хэлж болох байх. Юу нөлөөлсөн бэ?

-Анх 2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний номын сангийн шинэ иж бүрэн барилга байгуулах тухай зарлиг гарсан. Шав нь энд тавигдсан. Түүнээс өмнө газрын асуудал нь 2, 3 жил яригдаж байж шийдэгдсэн. Газрын асуудлаас гадна төсөв хөрөнгө оруулалтын асар өндөр өртөгтэйгөөр боссон барилга. Удаан хугацаанд баригдсан. Үүнд гүйцэтгэгч компани ч нөлөөлсөн. Эдгээр хүчин зүйлүүдийн нөлөөгөөр өнөөдөр ийнхүү ашиглалтад орж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бадаг овогтой Чойдогийн Уранчимэг
Бадаг овогтой Чойдогийн Уранчимэг
5 сар 29, 2024 08:11

Хийе гэж зорьсноо хийж гүйцээсэн номын сангийн үйл ажиллагааг өргөжүүлэн сайжруулахад оролцсон бүх хүмүүст баярл�##�аа. Та бүхний хичээл зүтгэл ном, эрдэм судл�##�аар дамжин түгэн дэлгэрэх болтугай. Бүгдэд эрүүл энхийг хүсье

Зочин
Зочин
5 сар 29, 2024 08:22

Чингис музейн дарга С.Чулуун хулгайчаас болгоомжил өөр бусад ном хулгайлах гэсэн оролдлогууд гарах вий ичинхорлоо гэж сайхан хөлдүү мануухай бий дээ.
Ангайж байж хэдэн ном судар �##�дах вий

Зочин
Зочин
5 сар 29, 2024 08:23

номоо хулгайд �##�дах вий нүүж суухдаа

Зочин
Зочин
5 сар 29, 2024 08:23

номоо хулгайлуулах вий

Холбоотой мэдээ

Back to top button