БНХАУ-ын экспорт суларсан тул үйлдвэрлэлийн хэтийн төлөв тааруухан байна
Долоодугаар сард БНХАУ-ын экспорт сүүлийн гурван сард хамгийн бага хэмжээгээр өсөж, шинжээчдийн таамаглалаас муу үр дүн үзүүлэв. Энэ үр дүн зарим шинжээчдийг БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбарын хэтийн төлөвт тааруухан таамаглал дэвшүүлэхэд хүргэжээ.
Харин АНУ-аас удахгүй зарлана гэгдэж буй технологийн хоригийн өмнө микрочипийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-ын импортыг чамгүйхэн нэмэгдүүлжээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар баруунаас тогтоосон тариф болон эрэлтийн бууралтын улмаас ойрын саруудад БНХАУ-ын үйлдвэрүүдийн нөхцөл байдал хүндрэх магадлалтай юм.
Мөн дэлхийн санхүүгийн зах зээлд үүсээд буй тогтворгүй байдал, АНУ-ын эдийн засаг уналтад орно гэх айдас нэмэгдсэн нь эдийн засгийнхаа тааруухан сэргэлтийг дэмжихээр ажиллаж буй Хятад эрх баригчдад тулгарч буй шинэ сорилт болно.
БНХАУ лхагва гарагт /2024.08.07/ нийтэлсэн гаалийн мэдээллээс харвал долоодугаар сард экспорт өнгөрсөн жилийн мөн үеэс 7 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь зургаадугаар сарын 8.6 хувиас буурсан үзүүлэлт юм.
Шинжээчид долоодугаар сарын экспорт 9.7 хувиар өснө гэж тооцоолж байжээ.
“ING” фирмд Хятадын эдийн засгийн ахлах шинжээч Линн Сонг “Суурь нөлөөнөөс болж Хятадын экспортын өсөлт ойрын ирээдүйд нэг оронтой тоогоор өсөх магадлалтай. Гадаад эрэлт буурч, тариф нэмэгдэж буйгаас харахад 2024 оны хоёрдугаар хагас илүү хүнд байх болно” хэмээсэн байна.
Харин импорт 7.2 хувиар нэмэгдсэн юм. Энэ нь сүүлийн гурван сард үзэгдсэн хамгийн том өсөлт байсан бөгөөд шинжээчид импорт 3.5 хувиар өснө гэж тооцоолж байснаас хавь илүү үзүүлэлт байв.
“ANZ” фирмийн Хятадын асуудлаарх стратегич Шин Жаопэн “Ирээдүйг харвал худалдааны өсөлтийн цикл дууссан байж магадгүй. Импорт, экспорт хоёул гуравдугаар улиралд удаашрах төлөвтэй байна” хэмээжээ.
Дэлхийн хоёр дахь хамгийн том эдийн засаг болон БНХАУ цар тахлын дараа эдийн засгаа сэргээх хэд хэдэн бодлого хэрэгжүүлсэн ч тэдгээр нь хүч аваагүй.
Тус улсын эдийн засаг хоёрдугаар улиралд 4.7 хувиар өсөж, шинжээчдийн таамаглалаас доогуур үр дүн үзүүлсэн билээ.
Өнгөрсөн долоо хоногт Хятадын эрх баригчид хэрэглэгчдэд чиглэсэн дэмжлэгийн бодлого хэрэгжүүлж, 2024 оны үлдсэн хугацаанд эсрэг циклийн зохицуулга хийхээ амласан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.