УЛС ТӨР

Төрийн гурван өндөрлөгт ЯМАР ХҮМҮҮС зөвлөдөг вэ

Бид төрийн гурван өндөрлөгийн зөвлөхүүдийн мэдээллийг өмнөх долоо хоногт цувралаар хүргэсэн билээ. Энэ удаад бид багцлан хүргэж байна.

Ерөнхийлөгчийн зөвлөхүүд буюу “Морь унасан толгойгүй ХҮМҮҮС”

Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан:

Яруу найрагч “сэтэр”-тэй Ц.Хулан гэх эмэгтэйг, Ерөнхийлөгч Х.Баттулга Соёл, шашны бодлогын зөвлөхөөрөө сонгосон нь тухайн үедээ ёстой л чих дэлдийлгэж, нүд бүлтийлгэж байв.  Учир нь түүнд “Болор цом” наадмын хошой шагналт Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, басхүү яруу найрагч Д.Цоодолын охин гэх угтвар алдраас өөр товойгоод байх зүйл байхгүй. Монгол Ардын Намын улаан фанат байсан эмэгтэй АН-ын угшилтай Ерөнхийлөгчийн зөвлөхөөр сонгогдсон нь их л сонин. Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгатай “би, чи”-гээ үзэлцсэн, өрсөлдөгч М.Энхболдынх нь намын идэвхтэй гишүүн, М.Энхболдын нутгийн дүү. Тэрээр, УИХ-ын дарга М.Энхболд, ТЕГ-ын дарга Б.Хурц нарыг илтэд дэмждэг, ил тод түүнийгээ зарладаг байв. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа гэнэтхэн л зөвлөх болсон. Түүнийг зөвлөхөөрөө томилсон ганц шалтгаан нь “Ц.Хулан Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нутгийн ах, намын даргаа “унагаалцаж” өгсөн явдал. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга Ц.Хулан гэх зөвлөхийнхөө тухай “Ц.Хулан соёл, шашны асуудал дээр хувиараа маш их зүйл хийсэн. Уг нь МАН-ын хүн. Шашны асуудал дээр лам дээлтэй хүн тавилаа гэхэд хэцүү. Энэ тал дээр өөрийгөө зориулсан хүн тул надад түшиг тулгуур болно гэж бодож байгаа. Их ажилсаг. Намайг зүгээр суулгахгүй байх гэж дотроо айж байгаа” хэмээж байсан билээ.

Тэрээр, “Ардын эрх” сониноос ажлын гараагаа эхэлж байсан. Арав гаруй ном бичиж хэвлүүлсэн. “Ганжуур, Данжуур, Их хөлгөн” судруудыг монгол хэл, кирилл бичигт хөрвүүлэн буулгаж буй төслийн ТУЗ-ийн гишүүн. Хүүхэлдэйн театрын захирлаар ажиллаж байсан нэгэн. Түүний амьдралын товч намтрыг сөхвөл гялайж, гялтайх зүйлгүй нэг иймэрхүү.

Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга:

УИХ-ын гишүүн асан Г.Уянга Ерөнхийлөгчийн иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх. Тэрээр сэтгүүлч мэргэжил эзэмшиж 2000-аад он хүртэл сэтгүүлчээр ажиллаж байв. Сэтгүүлчээр ажиллаж байхдаа МАХН-ын дарга Н.Энхбаярыг “ниргэсэн” хэд хэдэн шуугиантай нэвтрүүлэг хийж, түүнийг шинэ цагийн дарангуйлагч хэмээн цоллож явсан нэгэн. Эрдэнэтийн Отгонбилэг, Н.Энхбаяр хоёрыг газар доор ортол муулж АН-ын сонгуулийн шторк болтлоо мандаж явсан азыг атгаж байв. Улмаар Ж.Батзандан, О.Магнай, С.Ганбаатар тэргүүтэй “поп”-уудтай нэгдэн гудамжинд гарч “поошиг” нүдэж иргэний хөдөлгөөнөөс улс төрийн замналаа эхлүүлсэн. АН-аар дамжин их хуралд тухалж амжсан ч өдгөө өөрийгөө нам бус хэмээн нэрийдэж яваа.

Гишүүн байхдаа парламентад тохой нийлүүлэн суусан Л.Эрдэнэчимэгийнхээ Төрийн ордон дотор халамцуугаар ёс бус авирлаж буй бичлэгийг олон нийтийн сүлжээнд цацан “Ар хударгадсан” билээ. Л.Эрдэнэчимэгийн гуйлт хүсэлтээр бичлэг хийсэн, гар утас хулгайд алдагдсан гэж хэлээд улайх ч үгүй ярилцлага өгч суусан билээ. Гэвч тэрбээр тэмцэгчийн дүрээр улс төрд шургалагчийн л нэг төдий болтлоо “унажээ”. 

Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа:

АН-ын угшилтай ч, АН-аас хөөгдсөн Ерөнхийлөгчийн зөвлөх. Баянзүрх дүүргийн АН-ын даргаар ажиллаж байхдаа сахилгын шийтгэл хүртэж, 2018 оны арваннэгдүгээр сард намаасаа хөөгдсөн билээ. Тэрбээр, 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтын бэлтгэл ажлын үеэр “хорлон сүйтгэх” комбе ажиллагаа явуулж байв. Тодруулбал, тухайн үед Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс 3 өдөр дараалан өдөр, шөнөгүй ажиллаж байх үеэр Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваа Оюуны өмч, Улсын бүртгэлийн шуурхай группын ажилтнууд руу хаалга үүдийг нь эвдэн дайран орж, тог таслан, камер салгаж, бүдүүлгээр сүрдүүлэн төрийн тусгай чиг үүрэг бүхий улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын ажлыг хөндлөнгөөс хууль зөрчин саатуулж байсан юм. Эл үйлдлээрээ цагдаад шалгагдаж байсан нэг үгээр хэлэхэд “Бүтэхгүй гар”. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Х.Баттулгад хүчин зүтгэсэн энэхүү үйлдлийнхээ хариуд нилээдгүй өндөр “кок” авч ийнхүү зөвлөхөөр нь залрах болсон гэхэд хилсдэхгүй. Мөн засаг даргаар ажиллаж байхдаа гурван орлогчтой болж хэвлэлийн бай болж байсан, 2017 онд эмэгтэй хүнд гар хүрсэн гэх хэрэгт нэр холбогдож, хэл амны бай болж байсан гээд тоочоод байвал олон “факт”-тай эр. 

Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа: 

Д.Үүрийнтуяа нь Ашигт малтмалын газрын дэд дарга, дарга, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүн, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт албаны дарга, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга зэрэг төрийн болон улстөрийн албан тушаал хашиж байсан. 

Түүнийг УИХ-ын гишүүн С.Эрдэнийн бие төлөөлөгч, туслах нь байсан гэдгийг  хүмүүс андахгүй. Ер нь бол Д.Үүрийнтуяа С.Эрдэнийн “баруун гар”. Гэхдээ 2009-2012 оны хооронд. Харин үүнээс өмнө буюу 2004-2008 оны хооронд Э.Бат-Үүлийн хүн буюу бие төлөөлөгч нь байв. АН дахь “Шонхор” фракцын төлөөлөл болж явсан. 2012 онд УИХ жагсаалтаар нэр дэвшиж ч үзсэн билээ. 2017 онд Ардчилсан намын ХЭГ-ын даргаар ажиллаж байгаад Ерөнхийлөгчийн зөвлөх болсон юм.

Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал:

Т.Тэгшжаргалын хувьд нам бус боловч АН-ыг эрх барьж байх үед л Гадаад Харилцааны яаман дахь карьер нь эхэлсэн байдаг. Түүнээс хойш Гадаад хэргийн яаманд ямар л өнгөтэй өөдтэй албан тушаал байна, бүгдийг нь дамжин хашсан гэхэд болно.

Тодруулбал, тэрбээр ГХЯ-ны Европын газар, атташе, Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ, III, II нарийн бичгийн дарга, ГХЯ-ны Европ, Ойрхи дорнодын газар, II нарийн бичгийн дарга, ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газар, дэд захирал, ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газар, захирал, ГХЯ-ны Америк, Ойрхи дорнод, Африкийн газар, дэд захирал, ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газар, зөвлөхөөр тус тус ажиллаж байв.

Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Ц.Эрдэнэбат:

Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны дөрөвдүгээр сард захирамж гаргаж, Цэвээндоржийн Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхийн албан тушаалд томилж, Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудлаа хариуцуулсан. 

Түүний боловсролын байдал Улаанбаатарт Технологийн дээд сургууль, Сингапурт Мэдээллийн удирдлагын системч, АНУ-д Бизнесийн удирдлагын бакалавр, Денверийн Их сургуульд Олон улсын улс төр, эдийн засаг судлалын магистр хамгаалсан.

Монголын хөрөнгийн биржид Гадаад харилцааны референт, Сангийн яаманд Сангийн сайдын туслах, ахлах эдийн засагч, Азийн санд ахлах ажилтан, Нэгдсэн Үндэстний байгууллагад Ази, номхон далайн бүсийн нийтлэг үйлчилгээний эксперт, нийтлэг үйлчилгээний зохицуулагч, АНУ дахь “Эксперт консалтинг” компанид зөвлөх, захирал, “Орика Монгол” компанийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн.

Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхүүдийг ерөнхийд нь дүгнэвэл АН-даа юм уу, АН-ын аль нэг даргад гавьяа байгуулсан л хүмүүс байгаа юм. Ц.Хуланг МоАХ буюу Х.Баттулга Ерөнхийлөгч өөрөө томилсон бол, Д.Үүрийнтуяа, Д.Пүрэвдаваа, Т.Тэгшжаргал нарыг  АН-ын томилгоо гэж харддаг. Ямартай ч АН-ын угшилтай зөвлөхүүд дунд нийгэм цаг үедээ бужигнуулж явсан хүмүүс ч байна, нам гүмхэн амьдарч ирсэн хүмүүс ч байна. Ерөнхийлөгчийн зөвлөх болоод бүр ч сураг чимээ алдарч, морь унасан толгойгүй хүн болсон хүмүүс бий болжээ.


Ерөнхий сайдын зөвлөхүүд “ЖИНХЭНЭ БҮТЭХГҮЙ ГАРУУД”

-ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАГЧ, 15 ТЭРБУМЫН ЗАВШИГЧ, СЕЙФТЭЙ МӨНГӨНИЙ ХЭРЭГТ НЭР ХОЛБОГДОГЧ НАР ЕРӨНХИЙ САЙДАД ЗӨВЛӨЖ БАЙНА-

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эдийн засгийн зөвлөх Н.Энхбаяр аравдугаар сард үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Ингэснээр Ерөнхий сайд эдийн засгийн зөвлөхгүй ажиллаж байгаа. Түүнийг олон Ерөнхий сайдад зөвлөж байсан маш сайн хүнээ явуулсан гэдэг. Харин үлдэгдэгсэдийн хэн нь хэн бэ. Ерөнхий сайдад мэргэжлийн экспертүүд биш хаа газрын болох, бүтэхгүй нөхөд зөвлөдөг болохыг хэвлэлүүд бичих болсон юм.

Ерөнхий сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Б.Энх-Амгалан:

У.Хүрэлсүхийн дотнын найз гэгдэх Б.Энх-Амгалан Ерөнхий сайдын зөвлөхийн албанд 2017 оны арваннэгдүгээр сарын 12-нд томилогджээ. Тэрээр Монголд төдийгүй хилийн чинадын дуулианд нэр холбогдож явсан арвин их намтартай хүн. Одоогоос есөн жилийн өмнө БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суух Ерөнхий консулаар томилогдон ажиллаж байв. Тэнд ажиллах үеэрээ хятад иргэнийг хууль бусаар хилээр нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон удаатай.

2009 онд Польшийн интерполоор эрэн сурвалжлагдсан манай 69 дипломат төлөөлөгчдийн  нэрсийн жагсаалтад нэр нь цохиж явсан билээ. Тэрбээр гадаад оронд дипломат алба хашиж байхдаа тамхины наймаа хууль бусаар хийсэн байж болзошгүй учир шалгагдсан гэх мэдээлэл цацагдаад намжсан. Эл дуулианыг саяхан ГХЯ-наас зарласан. Тухайн үед дэлгэгдсэн нэрсийн жагсаалтад Энх-Амгалан биш Амгалан-Энх гэж бичээтэй байсан нь анхаарал татаад өнгөрсөн.

Мөн яг нэг жилийн өмнө ЖДҮХС-ийн зээлэнд ч нэр холбогдоод авсан “овоо гар”. Тодруулбал, тэрбээр ХХААХҮ-ийн сайдад хаяглан “Тэгшрэх гурван эрдэнэ” ХХК-иас ирүүлсэн “Титан хийц” ухаалаг тавилгын төсөлтэй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцаад салбарын яамны зүгээс бололцоотой арга хэлбэрээр дэмжих чиглэл өгсний дагуу төслийг танд хүргүүлж байна” гэсэн бичиг илгээж байсан нь ил болсон. Чухам Ерөнхий сайд хүргүүлсэн үү, сайдын нэрийг барьсан уу гэдэг нь мөн л бүрхэг замхарсан. 

Мөн АТГ-т өгсөн ХОМ-т нь дурдагдсан “Марта Майнинг” компанийг одоо хүү Э.Энх-Амар нь Хятадын “Кэ Юан геологи” эрэл хайгуулын ХХК-тай хамтран ашигт малтмал ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нь анхаарал татдаг. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн толгойлдог Монгол цэргийн нэгдсэн холбооны үүсгэн байгуулагчаар түүний нэр улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Мөн Ерөнхий сайдтайгаа цуг Харли сонирхогчдын холбоонд багтдаг гээд бичих зүйл ихтэй хүн.

Эрүүл мэндийн зөвлөх Н.Хүрэлбаатар:

Сувилагчаас эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн сайдаар хүртэл томилогдон ажилласан хүн бол Н.Хүрэлбаатар. Тэрээр сайд байхдаа ихээхэн мөнгөний хэрэгт холбогдон нисэх онгоцны буудлаас сүр дуулиантайгаар баривчлагдаж байв. Тодруулбал, түүний хүү Энхбатын Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг, Зайсан дахь “Рапид харш” хотхоны орон сууцнаас 2011 оны хавар их хэмжээний мөнгөтэй сэйф алдагдсан байдаг. Хуулийн байгууллагынхан төмөр шүүгээг онгойлгоход дотор нь хоёр сая 245 мянган юань болон 6000 ам.доллар гарч бөөн шуугиан дэгдсэн. Тэр үед хүү Х.Энхбат нь “Аав энэ төмөр шүүгээг манайд тавьсан. Юу байгааг нь би мэдэхгүй” гэж тайлбарласнаар Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг 2013 онд Сөүлээс Чингис хаан нисэх онгоцны буудалд газардахад нь баривчилж байсан билээ.

Ийнхүү тус хэрэг шалгагдаад даруй арваад жил болсон ч хэрхэн шийдэгдсэн эсэх нь огтоос тодорхойгүй байдаг аж. Тэрчлэн тус хэрэг дахин сөхөгдөлгүй мартагдаж, тэрээр өдгөө Ерөнхий сайдад зөвлөгч хийгээд сууж буй юм.

Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл:

Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй насаараа шахуу бараг 33 жил хамтран ажиллаж байгаа нэгэн. Тэднийг итгэлт анд, сайн хамтрагчид гэж ойлгож болох юм. Тиймдээ ч улсаас олон тэрбум төгрөг шамшигдуулсан найзаасаа Ерөнхий сайд хагацаж салаагүй хамт байж л байна.

Тодруулбал, Л.Алтангэрэл ньУлсын нөөц бүрдүүлэлтийн газрын даргаар ажиллаж байхдаа улсын нөөцийн сангаас 15 тэрбум төгрөг хувьдаа завшсан гэх хэргээр шүүгдэж байсан нэгэн билээ. Л.Алтангэрэлийн эхнэр Г.Оюунчимэгийн нэр дээр байдаг “АО Жаргалант” ХХК-ийн нэрээр шатахуун нийлүүлэх гэрээг байгуулан 1.9 тэрбум төгрөг шилжүүлсэн байдаг. Тэгэхдээ зах зээлийн өндөр үнээр  шатахуун худалдан авч, зөрүү 237.400.000 төгрөгийг хувьдаа завшсан. Улмаар Эрүүгийн хуулийн 263.2-т зааснаар  буюу төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын  байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлэээр буруутгагдаж 3.6 жилийн ял сонссон. Гэвч төрийн мөнгө шамшигдуулсан ч өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан хялбархан гэгч мултарч байв. Нэр хүндээ сэргээнэ гэж “цагаатгагдах” хүслээр олон ч шүүхээр гүйж байсан юм. 

Түүний албан тушаалаа урвуулан ашиглаж шатахууны гэрээ байгуулж 1.9 тэрбум төгрөг шилжүүлэн улсад хохирол учруулж байсан “АО жаргалант” хувийн компани одоо ч түүний нэр дээр хэвээрээ байдаг аж.  Түүний нэр дээр “Харли сонирхогчдын монголын холбоо” бий. Харли сонирхогчдын холбооны Удирдах зөвлөлийн дарга нь Ерөнхий сайд. Ерөнхий сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын хобби “Харли сонирхогч” дээр огтлолцож байгаа нь сонирхолтой юм.

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах бодлогын зөвлөх А.Үйлстөгөлдөр

Хөтлөгч, уран бүтээлч нэгэн залуу өнөөдрийн Ерөнхий сайдын зөвлөхийн албыг хашдаг. Энэ хүн бол “Мөнхийн реп” хамтлаг ид мандаж явахад дуулж, FM 104 радиогийн хөтлөгчөөр ажиллаж байсан А.Үйлстөгөлдөр. Тэрээр У.Хүрэлсүхийг Шадар сайд байхад нь л зөвлөхөөр нь ажиллаж эхэлсэн. Ерөнхий сайд байхад нь ч зөвлөж явна. Тэрээр нэг л өдөр хөтлөгчийн басхүү урлагийн карьераа орхиж, улс төр лүү эргэж буцалтгүйгээр ороод явчихсан. Сайн ахаа түшсэн дуучин залууг гайхах хүн олон л гарч байв. АНУ-д суралцсан мөн хэвлэл мэдээллийн байгуулагад 12 жил ажилласан туршлагатай. МҮОНРТ, УБ радио, FM-101.7, TV-8 телевиз, FM-104.0, SEVEN телевиз зэрэг байгууллагуудад уран бүтээлч хийж байсан гээд товчхон намтартай нэгэн аж.

Гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжин

Ерөнхий сайдын гадаад бодлогын  зөвлөх 2008 оноос ГХЯ-нд ажиллаж эхэлсэн. Мөн Лондонд Элчин сайдын яаманд дипломатаар ажиллаж байсан залуу зөвлөх. Ерөнхийдөө арав гаруй жил ГХЯ-нд ажилласан богинохон намтартай нэгэн. Тэрээр Засгийн газрын референт Ганболдын Гандөл түүний төрсөн ах Ганболдын хүү бөгөөд ХОМ-т нь байдаг “Илт хан” ХХК-ийн хувьцаа эзэмшигч. Үүнээс өөрөөр онцлоод байх түүхгүй шинэ залуу аж.

Ерөнхий сайдад зөвлөгчид нэг иймэрхүү. Бүгд шахуу “Жинхэнэ бүтэхгүй гарууд”. Ерөнхий сайд дүрмийн бус хүмүүсээр өөрийн багаа бүрдүүлсэн. Нэгдүгээрт, залуу хоёрдугаарт, өөрт нь чин үнэнч ажиллана гэж бодсон хүмүүсийг тэр сонгосон болов уу гэж анзаарагддаг. 


УИХ-ын даргын зөвлөхүүд “ХОВОР ҮГТЭЙ, ХООСОН ЦЭЭЖТЭЙ”

-“НАМ СЭЛГЭГЧ”, “ХЭВЛЭЛИЙН МАГНАТ”,  “ХЭНЭГГҮЙ ГАР” УИХ-ЫН ДАРГАД ЗӨВЛӨЖ БАЙНА-

-Хуулийн бодлогын зөвлөх Ж.Сүхбаатар:

Энэ оны есдүгээр сард УИХ-ын дарга Г.Занданшатарын хуулийн бодлогын зөвлөх Ж.Сүхбаатар албан тушаал ахиж ахлах зөвлөх болсон. Тэрээр хар залуудаа буюу хорь гаруй насандаа Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргын алба хашиж, 33-тайдаа УИХ-ын гишүүнээр сонгогдоод зогсохгүй Төрийн байгуулалтын байнгын хороог даргалж явсан “ад”-тай.

Ж.Сүхбаатар гэх хүний хувьд улс төрийн хоёр том намын дунд дураараа нүүдэл сэлгэж ирсэн нэгэн. 2013 онд МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн даргад өрсөлдөн, Ж.Мөнхбатад ялагдсаныхаа дараа ихэд шаралхан, “МАН Т.Бадамжунай гэх мангасаас салаагүй цагт өөдлөхгүй” хэмээн бичиж сенсаацалж байв. Эл үйл явдлын дараа 2015 оны есдүгээр сард МАН-аас гарч, МАХН-ын Ерөнхий Нарийн Бичгийн даргаар ажиллах болсон юм. Гэвч УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшин, ялагдсаныхаа дараа тэрээр МАХН-ын гишүүнчлэлээс бас л татгалзаж, хээв нэг гарч одсон. Харин тэрбээр энэ удаа УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө МАН-ын гишүүнчлэлээ сэргээхээр бэлтгэж байгаа тухай хэвлэлүүд бичиж буй.

УИХ-ын гишүүн байхдаа нэлээдгүй хэл амны бай болж байв. Тухайлбал 2011 онд УИХ-ын гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байхдаа  ёс зүйгүй авирлаж УИХ-ын гишүүн С.Эрдэнийн нэр хүндэд халдсаныхаа төлөө Ёс зүйн хороо, цагдаагийн хаалга татахад хүрэхдээ уучлал гуйн дуусгаж байж. Үүнээс өмнө ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоор шанаадуулж, телевизийн шууд эфирийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ О.Магнайтай бараг л зодолдох шахаж байсан гээд баялаг их намтар бий. Гэхдээ хар бараан. Харин гялайж гялтайх зүйл нь гэвэл хуулийн хүрээний мэргэжил нэгтнүүд нь түүнийг хууль талдаа “чка” нэгэн хэмээн үнэлдэг гэх юм билээ. 

Эдийн засгийн зөвлөх С.Баярмөнх: 

“Сэрүүлэг”-гийн хэмээн олонд танигдсан С.Баярмөнх УИХ-ын даргын Эдийн засгийн зөвлөх хийж байна. Тэрээр УИХ-ын дарга Г.Занданшатартай Баянхонгорын угшил нэгтэй. 1989 оноос “Улаан од” сонины нийгэм улс төрийн хэлтэст сурвалжлагчаар ажлын гараагаа эхэлж байсан. Монголын сонины холбооны ерөнхийлөгч, Гадаад хэргийн яамны Дипломат байгууллага үйлчилгээ аж ахуйн газрын дарга, Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч тэргүүлэгч зэрэг алба хашиж байжээ. УИХ-ын гишүүнд нэр дэвшиж байсан.

Түүний үүсгэн байгуулсан “Сэрүүлэг” сонин хэвлэлийн түүхэнд олон захиалагчтай, хамгийн анх хонжвор зарласан, хамгийн дуулиант мэдээллүүдийг нийтэлсэн гэгддэг. Улмаар телевизийн салбарт хөл тавьж ТВ8-ийг үүсгэн байгуулалцаж байсан аж. Мөн 2000-аад оны эхээр барилгын салбарт ч хөл дүрж үзсэн гээд намтар арвинтай. 

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах бодлогын зөвлөх Д.Бадамдаш:

УИХ-ын дарга хоёр ч сэтгүүлч зөвлөхтэйн нэг нь Д.Бадамдаш юм. Д.Бадамдашыг “Ийгл ньюс” агентлагийн захирал байсан гэдгээр нь хүмүүс андахгүй. Түүнийг товойлгох хоёр зүйл бий. Нэг нь “Ийгл” телевизийн захирал, нөгөө нь Монголын медиа корпорацийн гүйцэтгэх захирал. Тэрбээр 2015 онд Монголын телевизүүдийн холбооны Удирдах зөвлөлийн даргаар сонгогдож байлаа. Намтрын хувьд нэг иймэрхүү богино. Харин УИХ-ын зөвлөх болоод ч намтар зузаарч гавихгүй нь бололтой. Учир нь энд тэндэхийн үйл ажиллагаанд УИХ-ын даргын дайсан захидал, мэндчилгээг уншиж танилцуулахаас өөрийг хийсэнгүй гэх. Ерөнхийдөө хөшигний ард нуугдмал мэт байдаг, үүрэг рольгүй нэгэн хэмээгдэж байгаа юм.

Улс төрийн бодлогын зөвлөх З.Төмөртөөмөө:

СУИС-ийг менежерийн чиглэлээр дүүргэсэн. Эл зөвлөх нь Г.Занданшатарын Баянхонгор дахь тойргийн асуудлыг бүрэн хариуцдаг. Мөн УИХ-ын даргын ахуйн аахар шаахар асуудлын зохицуулалтын ард дандаа З.Төмөртөөмөө байдаг гэдэг. Тэрээр УИХ-ын даргыг ЗГХЭГ-ын дарга байхад нь л зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн НАМЗХ-ны Пи ар хорооны дарга байж. Улс төрийн карьерийн хувьд ийм.

УИХ-ын даргыг ЗГХЭГ-ын дарга байхад халдашгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан  З.Төмөртөөмөө БНСУ-д нэгэн “факт”-д нэр холбогдож байлаа. Тодруулбал, Сөүл хотын Чуннам дүүргийн Цагдаагийн газарт шөнөжин агсам тавиад, өглөөний 7:00 цагт саатуулагдлаа гэсэн мэдээлэл тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр дуулиантай гэгч нь цацагдсан. Гэтэл “андуурагдсан сугалаа” болж энэ талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар тайлбар хийж, залруулж байв. “З.Төмөртөөмөө баригдаж эрүүлжүүлэгдээгүй.  Харин Монголоос очсон хүмүүс баригдсаныг суллуулж авсан” гэх үйлдлээсээ үүдэж ийнхүү хэвлэлийн бай болсон “харамсалтай ч гэх үү, хөгжилтэй ч гэх үү” түүхтэй хүн.

Нийгмийн бодлогын зөвлөх,  доктор, профессор Д.Бадарч:

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нийгмийн бодлогын зөвлөхөөрөө Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Д.Бадарчийг ажиллуулж буй. Дээрх дөрвөн хоосон цээжнээс тэр өөр, УИХ-ын даргын зөвлөхийн нэрийг өөд татах ганц хүн гэхэд болно. Түүнийг “ШУТИС-ийн Бадарч”, “ЮНЕСКО-гийн Бадарч” гэдэг нэрээр нь хүмүүс андахгүй.

Анх МУИС-ийн харьяанд Политехникийн дээд сургууль гэж байхад багшилж, дараа нь КТМС-ийг байгуулж, Техникийн Их Сургууль, ШУТИС болоход нь ректороор ажиллаж байж. Түүнчлэн НҮБ, түүний системийн байгууллагуудад D-1 зэрэглэлийн өндөр албан тушаалд томилогдсон анхны монгол хүн нь болсон байна. Тэрбээр ЮНЕСКО-д 15 жил ажилласан. Энэ хугацаанд ОХУ-ын Москва хот дахь ЮНЕСКО-гийн бүсийн төвийн захирал, Армен, Азербайжан, Беларусь, Молдав, ОХУ-д ЮНЕСКО-гоос суугаа төлөөлөгч, ЮНЕСКО-гийн Мэдээллийн технологийн боловсролын олон улсын хүрээлэнгийн захирлын албыг 11 жил хашиж, Парис, Ташкентад дөрвөн жил төлөөлөгчөөр ажиллажээ. Мөн АНУ-ын Юта мужийн их сургуулийн хүндэт профессор бөгөөд Японы Тохокугийн их сургууль, АНУ-ын Өмнөд Дакотын уул уурхайн их сургууль, Германы Дармштадтын их сургуулиудад зочин профессороор уригдан ажиллаж байжээ. Хоёр сарын өмнө буюу 2019 оны аравдугаар сарын 04-нд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын зөвлөмжийн дагуу “Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” хөтөлбөрийн үндэсний хороо байгуулагдахад тус хорооны тэргүүнээр сонгогдсон ажээ.

УИХ-ын дарга голдуу залуу зөвлөгчтэй аж. Энэ утгаараа түүний залуу зөвлөгчид нь улс төрд хөлөө, байр сууриа, карьериа гээд аль алиныг нь ч олоогүй яваа. Харин ахимаг настнууд нь улс төрийн хаалга онгойлгож орсон ч тогтож суугаагүй хүмүүс байх аж. Яг шударгаар хэлэхэд УИХ-ын даргад ганц тулхтай, тулгууртай нь “ЮНЕСКО-гийн Бадарч”. Бусад нь “ХООСОН ЦЭЭЖ”. Үүнээс харахад Г.Занданшатар дарга зөвлөгч нараа чухам ямар шалгуураар харж авсан эргэлзээ төрүүлж байна. Хоёр нь нутгийн сайн дүү нар. Нутгийн сайн дүү нар гээд улс төрийн холын аянд зөвлөгч байж, дөрөө харших нь юу л бол. Ямартай ч намтар нимгэнтэй хүмүүс түүнд зөвлөж байна.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
сонгогч
сонгогч
2019-12-10 08:58

УИХ -дарга нь арай гайгүй цагаан мөртэй зөвлөхүүдтэй юм байна

Холбоотой мэдээ

Back to top button