“Эх оронч суралцагч” арга хэмжээнд 250 сурагч оролцсон байна
Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Батлан хамгаалах яам, Боловсролын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран зохион байгуулж байгаа “Эх оронч суралцагч” арга хэмжээ Баасан гаригт нээлтээ хийлээ.
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн суралцагчдад эх орны тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах, байгаль, эх дэлхий, түүх соёлоо хайрлан хамгаалах мэдлэг ойлголтыг олгох зорилготой тус арга хэмжээнд нийслэлийн есөн дүүргийн 14 сургуулийн ахлах ангийн 250 гаруй сурагч оролцож байна.
Арга хэмжээний нээлтэд Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Р.Энхболд, ЗХЖШ -ын орлогч дарга, бригадын генерал Б.Баатар, Шадар сайдын зөвлөх Г.Ганболд, Хуульзүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Нямгэрэл нар оролцож, хүүхдүүдийг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, түүхийн дурсгалт газруудаар аялахдаа олон зүйлийг сурч, мэдэж, ирээд найз нөхдөдөө хуваалцахыг захилаа.
Арга хэмжээний хүрээнд оролцогч хүүхдүүд Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, Сайханы хөтөл, Тужийн нарс, Буур хээрийн түүхийн дурсгалт газраар аялж, хилийн багана үзэх юм.
Өнөөдрийн хувьд сурагчид Дархан-Уул аймагт байрлах Зэвсэгт хүчний 330 дугаар Мотобуудлагын тусгай батальон, Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцав.
Энэ үеэр Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид автомашин техник, багаж хэрэгсэлийг дэлгэн танилцуулж, өндрөөс олсоор буух, Гал унтраах техникийн олон төрөлт спортын довтолгооны шатны төрөл болон гал унтраах байлдааны тархалтыг хийж үзүүллээ.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.