Нэр бүхий эмнэлэг, төрийн өмчит ХК, аймгийн удирдлагуудыг ХОМ зөрсөн хэргээр АТГ шалгаж байна
Авлигатай тэмцэх газар хоёр долоо хоногийн өмнөөс нэр бүхий томоохон эмнэлгүүдийн удирдлагууд, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, хэлтсийн дарга нар, төрийн өмчит хувьцаат компанийн удирдах албан тушаалтнуудыг шалгах үйл ажиллагааг АТГ-аас эхлүүлээд буй. Бид тухайн шалгалтын талаар АТГ-аас тодруулахад,
"Эмнэлгийн байгууллагын удирдлагуудаас, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, хэлтсийн дарга нар, төрийн өмчит хувьцаат компанийн удирдах албан тушаалтнууд багтсан 25 хүний хөрөнгө орлогын мэдээллийг шалгаж байгаа бөгөөд захирлаас эхлэн дэд захирал, хэлтсийн дарга нарыг хамтад нь шалгаж байна. Одоогоор мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" хэмээсэн юм.
Шалгаж байгаа 25 хүний дотор төрийн өмчит хувьцаат компанийн удирдах албан тушаалтнууд буюу “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Эрчим хүчний яам, Татварын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар зэрэг байгууллагын удирдах албан тушаалтнууд багтаж байна.
Харин эмнэлгүүдийн удирдлагын хувьд, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, хоёрдугаар эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн удирдлагууд багтаж байна.
Тодруулбал Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажиллаж байсан албан тушаалтан нь хамаарал бүхий этгээдийнхээ үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжийн нэр дээр Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас олгосон тусгай зөвшөөрлийг авчээ. Мөн Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан худалдан авах үйл ажиллагаанд оролцож гэрээ байгуулсан, улмаар эмийн сан, эмийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж орлого олж байгаа, тусгай зөвшөөрөл олгоход албан тушаалын байдлаа ашиглан өөртөө давуу байдал бий болгосон, мөн эрүүл мэндийн байгууллагын удирдах албан тушаалтан “Т” нь хамаарал бүхий этгээдийн нэр дээр амины нэг орон сууц, хамтран амьдрагчийн нэр дээр амины нэг орон сууц, гурван орон сууц, өндөр үнэлгээтэй автомашин хоёрыг өмчилсөн бөгөөд эх үүсвэр нь хууль ёсны орлогоос илт давсан дүнтэй байсан аж.
Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүний орлого, хөрөнгийг хууль ёсны дагуу олсон болохоо үндэслэлтэй тайлбарлах үүрэгтэй бөгөөд зарим албан тушаалтан өөрийн өмчлөлд шинээр нэмэгдсэн үл хөдлөх хөрөнгө орон сууц, зуслангийн байшин, газар, авто тээврийн хэрэгсэл зэрэг үл хөдлөх хөрөнгийн худалдан авсан эх үүсвэрийг нотолж, тайлбарлаж чадаагүй, тухайн хөрөнгө нь мэдүүлэг гаргагчийн хууль ёсны орлогоор бий болсон болох нь тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэлээр дээрх байгууллагын удирдах албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.