Сүүлийн дөрвөн сард 1400 айлын газрыг бүрэн чөлөөлж, 220 гаруй тэрбумын нөхөн олговор олголоо
Сүүлийн дөрвөн сарын хугацаанд нийслэлийн хэмжээнд 1400 айлын газрыг бүрэн чөлөөлж, 220 гаруй тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ. Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжээд 10 гаруй жил болж байгаа. Өнгөрсөн тавдугаар сард газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэх эрх зүйн орчныг сайжруулснаар анх удаа богино хугацаанд олон айлын газрыг чөлөөлсөн болохыг Нийслэлийн Орон сууцны корпорацаас мэдээллээ.
Айлуудын газрыг үнэлэхдээ ашигласан жил, элэгдлийг тооцохгүй байгаа. Тухайлбал, 30 жилийн өмнө барьсан байшингийн үнэлгээ нь өнөөдөр шинээр барьсан байшинтай яг ижил үнээр үнэлэгдэж байгааг НОСК онцолсон. Газрыг гурван төрөлд хуваан үнэлж байгаа ба нүүрний эгнээний айлуудын нэг метр квадрат газар 380 мянган төгрөг, дунд эгнээний айлуудынхыг 240-275 мянган төгрөгөөр үнэлж байгаа бол уулын энгэр бүсийн газрын нэг метр квадрат талбай 175 мянган төгрөгөөр үнэлэгдэж байгаа аж.
2025 он гэхэд Сэлбэ дэд төвд 12 мянган айлын орон сууц бүрэн ашиглалтад орно. Гэхдээ шууд зах зээлд борлуулахгүй. Харин 32-ын тойрог, Хайлааст, Чингэлтэй, Орбит зэрэг гэр хорооллын бүсийн айлуудын газрыг үнэлж, тухайн орон сууцанд орох санал тавихаар төлөвлөж буй.
Сэлбэ дэд төвтэй холбоотой хамгийн шинэ мэдээллээс дурдахад, нийслэлийн хэмжээнд байгуулахаар төлөвлөж буй зургаан дэд төвтэй холбогдох “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 2050 оны чиг хандлага” хот байгуулалтын баримт бичгийг илүү боловсронгуй болгохоор зорьж байгааг есдүгээр сарын 18-ны Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байна.
Эх сурвалж: Bloombergtv.mn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.