Өсвөр насныхны сэтгэл рүү өнгийх цаг ирсэн
Хэнтий аймагт таван хоногийн өмнө буюу энэ сарын 19-ний өдрийн 19.00 цагийн үед 12 настай охин амиа егүүтгэсэн байдалтайгаар олдсон байна.
Бид мэргэжлийн ёс зүйн үүднээс охины тухай дэлгэрэнгүй мэдээлэл, байршил, зэргийг нууцлан сэрэмжлүүлэх үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.
-Хувийн эд зүйлээс жил хагасын хугацаанд хөтөлсөн тэмдэглэлийн дэвтрийг нь олсон-
Сургуулийн удирдлагын мэдээлж буйгаар, "охин хичээлдээ сайн, цовоо сэргэлэн, бусадтайгаа нийцтэй, хошуучлагч нэгэн байсан. Амиа хорлох тухайгаа найз нөхөд, ар гэр, багш нарын хэнд ч хэлээгүй бөгөөд энэ явдлын дараагаар хувийн эд зүйлээс жил хагасын хугацаанд хөтөлсөн тэмдэглэлийн дэвтрийг нь олсноор удаан хугацаанд гэр бүлийн байдлаас хамаарч ганцаардаж явсан тухайг нь олж мэдсэн.
Охины хойноос бид маш их харамсаж байна. Охины гэр бүлийнхэн төвөөс алслагдмал тул сургуулийн дотуур байранд суулгасан. Удахгүй охиноо авна гэж байсан юм л даа. Охинтой ойр дотно харилцаатай байсныхаа хувьд хэлэхэд, ер ийм үйлдэл хийнэ чинээ санаагүй. Тэр явдлаас нэг цагийн өмнө л таарахдаа инээж мэндлээд зөрсөн юм шүү дээ. Сая хэдэн хоног цагдаагийнхан манай байгууллага дээр шалгалт хийсэн тул бид сурагчдаа гэрт буцаагаад байсан юм. Өнөөдрөөс харин хүүхдүүдээ буцаан авч сургалтаа хэвийн үргэлжлүүлэх тал дээр ажиллаж байна. Охины дурсгалд зориулан нэг танхимаа тохижуулах төлөвлөгөөтэй байна" хэмээв.
Охиныг амиа егүүтгэсэн байдалтайгаар хамгийн түрүүнд хичээлээ давтахаар очсон найз нь олж мэдэж бусдадаа хэл хүргэж цагдаа, эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн байна.
-Хүүхдийн амиа хорлолттой холбоотой тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй-
Тухайн асуудлын талаар ЦЕГ-аас тодруулахад "Тус аймагт энэ сарын 19-ны 20.00 цагийн үед 12 настай хүүхэд дотуур байрандаа амиа алдсан тухай бүртгэгдсэн байна. Гэхдээ тухайн хэрэг хүүхдийн амиа хорлолттой холбоотой тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" хэмээсэн юм.
Охин хамгийн сүүлд цахим хаягтаа "Бүгдэд нь хайртай шүү. Хүний богинохон амьдралд биеэ хайрлая. Уучлаарай" гэх бичвэрийг нийтлэн үлдээсэн байна.
Бид өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй, амиа хорлолтын талаар хүүхдийн сэтгэл судлаач Доктрант Б.Уянгатай ярилцлаа.
-Хүүхэд хэтэрхий жаргалтай эсхүл хэт нууц байдалтайгаар бусадтай харьцаад эхэлхээрээ асууддалтай болсон байдаг-
-Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн өөрчлөлтийн талаар яриагаа эхэлье?
-Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн асуудалд олон зүйлс хамаарч байдаг. Тухайлбал дааврын өөрчлөлт, сэтгэл санааны тогтворгүй үелзэл, шинэ зүйлсийг сурах, танин мэдэх, өөрийгөө том болсон гэдгийг нотлох хүсэл хийгээд дэмжлэг тусламжийг бусдад өгөхийг эрмэлздэг. Гэтэл эцэг эхчүүдийн зүгээс том хүн болоход шилжиж буй байдлаас бус хүүхэд гэдгээр нь хүлээж авах гээд байдаг.
Харин найз нөхөд, нийгмийн хүрээнд бол том хүн ч биш, хүүхэд ч биш дунд нь оршдог. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр тухайн насныхан аль түвшинд өөрийгөө мэдэрч бусадтай яаж харьцах өнцгөө олдоггүй л гэсэн үг. Нэг хэсэг нь хүүхэд юм чинь гэх, нөгөө талд өдий том болчхоод гэдэг байдлаас ханддагт л байгаа хэрэг.
Иймд сэтгэлгээг нь задлах, илүү их ярилцдаг түвшинд байхгүй бол сэтгэлээ уудалж, доторх мэдрэмжээ хуваалцаж чадахгүй байснаараа өөрт тулгамдаж буй саад бэрхшээл, стресс бүрэн тайлж чаддаггүй.
-Тэгвэл стресс даамжирч өөрт тулгамдаж буй асуудлаа сөргөөр шийдэх гэж оролддог гэсэн үг үү?
-Сэтгэл зүйн дархлаа гэх зүйл хүүхэд том хүн гэлтгүй бүгдэд бий. Аливаа асуудалд хэрхэн хандаж, яаж даван туулах вэ гэдэг зүйл дээр яригдаж эхэлнэ.
Сэтгэл зүй гэдэг бол байнга өсөлт бууралтын хэлбэлзэл дунд оршиж байдаг. Хамгийн гол нь гэнэтийн гарч буй хариу урвал буюу гэнэтийн цохилтуудад хэрхэн тэнцвэртэйгээр барих вэ гэдэг чухал.
Үүнээс гадна хүн нийгмийн амьтан гэдэг утгаараа ярих, ойлгогдох, хүлээн зөвшөөрөгдөх, үнэ цэнтэй байх хэрэгцээгээ хангаж байж л урагшилдаг. Сая дурдсан хэрэгцээнүүд хангагдаж чадаагүйгээс л өөрийгөө дутуу үнэлэх, би хэрэгцээгүй юм байна гэх бодлыг удаан тээж явсаар сөрөг бодол буюу сэтгэл гутралд унагадаг. Энэ үед сэтгэл түгшүүр ихээр явагдаж хүүхэд амиа хорлох, өөртөө хор учруулах зэрэг үйлдлүүдийг хийж эхэлдэг.
-12 настай амиа хорлосон охины тухайд сэргэлэн цовоо байсан учир хэн ч сэтгэл зүйд нь юу хөвөрч байгааг анзаараагүй гэсэн?
-Сэргэлэн цовоо харагдаж байна гээд тухайн хүүхдийг сэтгэл зүйн хувьд асуудалгүй гэж дүгнэхэд эртэднэ. Хүүхэд хэтэрхий жаргалтай эсхүл хэт нууцлалын байдалтайгаар бусадтай харьцаад эхлэхээрээ асуудалтай болсон байдаг. Энэ үед хүн өөрийгөө гээж эхэлдэг. Угтаа хүний илэрхийлэмж, үйлдэл зэрэг нь тогтмол байх ёстой. Бидний нүдэнд хэвийн мэтээр харагдаж буй тэр дүр эсгэлтийн ард том асуудал нуугдаж байдаг л гэсэн үг.
Манай байгууллага дээр зөвлөгөө авахаар ирсэн эцэг эхчүүдийн зүгээс "манай хүүхэд сэтгэл зүйн хувьд хэвийн, дандаа инээдэг, жаргалтай харагддаг" гээд дагуулаад ирдэг. Гэтэл тэр жаргалтай маскны ард нуугдаж байгаа хүүхдийг дуудаж ярилцаад үзэхэд "Намайг хэн ч ойлгодоггүй, надад найз байдаггүй зүгээр л дүр эсгэж амьдардаг юм" гэдэг өгүүлэмжийг гаргаж ирдэг. Аль эсвэл дүр эсгэж байж л зүгээр хэмээн хүлээн зөвшөөрөгддөг, ингэснээрээ нөхөрсөг харилцаанд нэвтэрч чаддаг гэх мэтээр тайлбарладаг.
Гэтэл өөрийнхөө дүрээр бус өрөөлд таалагдахын тулд амьдрах замыг сонгосон хүн сэтгэл зүйн дарамтад орж өөрөө өөртэйгөө зөрчилдөж эхэлдэг. Энэ зөрчил улам хурцдаж эцэстээ тухайн хүн өөрийгөө гээдэг.
Эцэг эхчүүдийн зүгээс хүүхдийнхээ хэт баярлах, гутрах тохиолдол гарч буйг ойлгож ярилцах нь чухал. Мөн сургуулийн орчны зүгээс нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, анги удирдсан багш нар хүүхэд нэг бүрд анхаарч хоорондоо хамааралтай ажиллаж тал дээр анхаарах нь зүйтэй.
-Өсвөр насны хүүхдээ хэрхэн ойлгох талаар зөвлөгөө өгөөч, бид яг юун дээр алдаад байна?
-Эцэг эхчүүдийн зүгээс хүүхдэдээ хэрхэн хандаад байдаг вэ гэхээр "Угаасаа чиний насан дээр ийм л байдаг. Би ч гэсэн үүнийг даваад л гарсан" гэх үгс хүч өгч байна гээд хэлчихдэг. Гэтэл үнэн хэрэгтээ энэ үгс хүүхдийг улам сул дорой байна гэдгийг баталж байдаг. Бид хүүхдийнхээ онцлогийг, тулгараад буй бэрхшээлийг нь ойлгож дараагаар нь хүүхдийнхээ давуу тал дээр түшиглэн бэрхшээлийг давж гарахад нь туслах хэрэгтэй.
Мөн эцэг эхчүүдийн алдаад байгаа нэг зүйл бол та болон таны хүүхдийн үе ялгаатайг мэдрэхгүй байна. Таны хүүхдийн асуудалд хандах байдал, хүлээж авах өнцөг сошиалаас авч буй мэдээлэл зэргээрээ биднийхээс ялгаатай. Тэдний цахим сүлжээнээс үзэж, сонсож буй мэдээлэлд шүүлтүүр байхгүйгээс хүүхэд харсан мэдээллээ өөрийн өнцгөөс "Дийлэнх нь ийм юм байна, би ч гэсэн туршиж яагаад болохгүй гэж" гэсэн байр сууринаас хандчихдаг. Гэтэл мэдээлэлд хэрхэн хандах хийгээд хүүхдийнхээ сэтгэл зүйн байдал руу томчууд бид л өнгийж харах үүрэгтэй атал, энэ үүргээ биелүүлээгүйгээс л эрсдэл үүсэж байна. Иймд асуудал болгоныг шийдэх арга байдаг гэдгийг хүүхдүүддээ ойлгуулах хэрэгтэй.
-Боловсролын байгууллагын зүгээс?
-Хүүхэд ёс суртахуун, сэтгэл зүйн дархлаа зэргийг бага наснаасаа эхлэн сурдаг. Гэтэл ёс суртахууны хичээл ЕБС-д орохгүй байгаа нь асуудал. Үүнээс гадна багш нар сэтгэл зүйн боловсролын талаарх мэдлэг маш муу. Тиймээс тэдэнд зориулсан сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж, хамруулах шаардлага тулгараад байна.
-Ярилцсанд баярлалаа.
Дэлхийн улс орнуудад амиа хорлолтоос сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх утас ажиллуулдаг аж. Харин манай улсад ийм зориулалтын тусгай дугаар байхгүй ч СЭМҮТ-өөс сэтгэл зүйн зөвлөгөөг 1800-2000 дугаарын утсаар 24 цагийн турш мэргэжлийн эмч зөвлөгөө өгдөг байна. Хэрэв сэтгэл зүйн хямрал гэнэтийн цочролд ороод яахаа мэдэхгүй байгаа бол энэ утас руу холбогдож болно.
Дээрх ярилцлагад дурдсанчлан стресс сэтгэл гутралд хүргэдэг байна. Тэгвэл стресс үүсгэдэг хүчин зүйл, илрэх шинж тэмдэг мөн хэрхэн ангижрах талаарх мэдээллийг хүргэж байна.
Стресс үүсгэдэг хүчин зүйлүүд,
- Хэт ачаалалтай ажиллах
- Архи, тамхины хэрэглээ
- Зан араншны хувьд дотогшоо чиглэсэн
- Орчны дуу чимээ, тааламжгүй нөхцөл
- Харилцааны зөрчил, будилаан
- Шинэ орчин нөхцөлд нүүх, шилжих
- Гэр бүл салах
- Сургууль, ажилгүй болох
- Ойр дотны хүн нь өвдөх, салах, хагацах, эд хөрөнгөө алдах
- Хүчирхийлэлд өртөх
- Байгалийн гамшиг
- Ядуурал гэх мэт.
Стрессийн үед илрэх шинж тэмдэг,
- Толгой өвдөх
- Амьсгал бачуурах
- Зүрх дэлсэх, зүрхээр өвдөх,даралт ихсэх
- Нойр хямрах
- Хооллох болон бэлгийн дур буурах, эсвэл ичих
- Амархан ядарч тамирдах
- Сэтгэл хөдлөлийн талаас айх, ичих гэх мэт
Стрессээс ангижрах
- Стресст өртсөнөө хүлээн зөвшөөрч, ойлгох
- Сэтгэлийг тань зовоож буй асуудлаа ойр дотны хүндээ ярих, мэдрэмжээ хуваалцах
- Төвлөрч, бясалгах
- Тогтмол цагт хангалттай унтаж амрах
- Жилдээ чанартай 1-2 зорилго тавьж, түүндээ төвлөрч зорилгодоо хүрэхийн төлөө ажиллах
- Цагийн хуваарь гаргаж, ажил амьдралдаа хэрэгжүүлж сурах
- Сэтгэл зүйч сэтгэл засалчтай ярилцах шаардлагатай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөөрхий дөө
Эвий минь
хөөрхий бяцхан охин үр
Муусайн багш нарын ц�##�инг битгий нэмээрэй. Садистууд хүүхдийн сэтгэл зүйтэй харьцаж чадахгүй!
ямар өрөвдөлтэй юм бэ
Эвийдээ